Бушуу туулай борвиндоо баастай


"Дуу аялж, салхи татуулсан хэдэн
залуус МАН-ыг шинэчилнэ гэвэл нар баруунаас гарна" гэж МАН-ын гишүүн, улс төр
судлаач Б.Батсайхан хэлжээ. Яг үнэн. Энэ
хэдэн залуус байтугай нь намын шинэчлэл яриад бараагүй юм. Энэ намыг шинэчлэх
гэж өчнөөн жигүүр, хөдөлгөөн байгуулсан. Үнэнээсээ шинэчлэлийг хүссэн нь байсан
л байх. Тэдний зорилго дээр шинэчлэгчдийн удирдлагууд нь албан тушаал, эрх мэдэлд
очоод л нөгөө шинэчлэлийн талаарх мөрөөдөл нь талаар болдог байсан. Одоо МАН-д болоод
байгаа үйл явц, залуусынх нь шинэчлэх тухай яриа ч энэ л замаар явж гацах вий.
Морин дэл дээгүүр сэлэм эргүүлээд
хуучин үе рүүгээ хий хоосон нулимаад шинэчлэл хийдэггүй юм. МАН шинэчлэгдэх ёстой
нь үнэн. Гэхдээ одоогийн залуусын яриад байгаа шиг шинэчлэгдэнэ гэж байхгүй. МАН-ын
залуус эхлээд албан тушаалын амбицаа дарчих. Зүрх сэтгэлдээ жаахан ч гэсэн Монголоо
бод. Үнэн нүүр царай чинь нэг бүлэглэлийн гар хөл болсон хэдэн залуус хий хөөрчихсөн
юугаа шинэчлэхээ ч мэдэхгүй яваад байгаагаас чинь харагдаж байна. Хуучин хэдээ
авч хаяад өөрсдөө оронд нь заларчихвал энэ нам шинэчлэгдээд дараагийн сонгуульд
ялна гэвэл ёстой үлгэр.
Залуусын намаа шинэчлэх тайлбар нь
"Та нар идэж ханасан бол бидний ашиг хүртэх цаг болсон" гэж хэлээд байгаатай адил
сонсогдоод байна. Зүгээр л нэг хийрхэл. Мөнгөний зах амссан сахал нь ургаж гүйцээгүй
багацуул ямар ч учир шалтгааны дараалалгүй шууд л "бууж өгөхийг" ах нараасаа шаардаад
байхаар тэд яаж та нарыг хүлээн зөвшөөрөх юм. Тэд та нарыг хүлээн зөвшөөрөөгүй
байхад Монголын ард түмэн хүлээж авах уу. Намын шинэчлэлийн тухай хийрхлийнхээ
оронд сайн сөрөг хүчин байхыг шаардаад суувал үнэнд ойр.
АН-ын хувьд ч өвөртөө МАХН-ын хэдийг
хийчихээд сөрөг хүчингүй мэт дураар авирлаж, өмнөх үеэ огт байхгүй мэт, Монголын
түүх ардчилалтай чацуу мэт авирлаж, бааварлаж байгаа. Яахав Ардын намынхныг бодвол
бас ч гэж юм хийгээд байгааг нь бол үгүйсгэхгүй. Гэхдээ л цөөнхийн зовлонг мэдэх
хэрнээ олонхийн дээрэнгүй авирыг сурчихаад зарим зүйлд чихгүй мэт өөрсдийнхөөрөө
зүтгэж байна. Үүнд нь хяналт тавь л даа. Э.Бат-Үүл хотод овоо өнгө нэмж байгааг
мэдэвч, мөрөөдлөө биелүүлэхийн тулд ард түмнээсээ асуулгүй Сүхбаатарын талбайн
нэрийг өөрчилснийг эсэргүүцэж дуугар л даа. Д.Сүхбаатар танай нам байтугай Монголын
түүхэнд хамаатай хүн биз дээ. Энэ талаар Сүхбаатар аймгийн уугуул гэсэндээ Р.Буд, амьдаагаараа Ж.Сүхбаатар
гишүүн л дуугарсан. Харин та хэд намдаа тийм л их хайртай бол МАН-ыг үүсгэн байгуулагчдын
нэг энэ хүнийг үгүйсгэж байгаа эрх баригчдын эсрэг ганц үг дуугарахгүй яасан юм.
МАН шинэлэгдэх хэрэгтэй. Зүгээр ч
нэг шинэчлэгдэх биш, цоо шинэ нам бий болох ёстой. Энэ чигээрээ явбал Монголыг хөгжүүлэх биш сүйрүүлнэ
гэдгийг өнгөрсөн цаг хугацаа хэлээд өглөө. Намын шинэчлэл гэж хөгшнийг залуугаар,
хуучныг шинээр солихыг хэлэхгүй, үзэл баримтлал, дүрэм, онолынхоо хувьд, ажлын
арга барил, зохион байгуулалт, сэтгэхүйгээ ч өөрчлөх цаг болж. Зүүний үзэл баримтлалаа
дагадаг юм байгаа биз. Тэгвэл Социал демократ нам бол л доо. Монголд угаас АН,
МАН-аас өөр том нам байхгүй. АН-ын хувьд
ч өнөөдөр иргэдээс авч байгаа нэмэх оноондоо ташуураад байх хэрэггүй. Өнөөдөр АН
хийж байгаа ажлаа сайн сайхан боллоо гэж хөөрцөглөхийн оронд хийж чадахгүй байгаа,
хийх ёстой ажлаа ярилцах цаг болсон. Үүн дээр сөрөг хүчинтэйгээ хамтарч ажиллах
зүйлс ч бий. Улс орноо хөгжүүлэхийн тулд томоохон шинэчлэл хийнэ гэвэл сөрөг хүчинтэйгээ
ярихаас өөр гарцгүй. Тэд ч бас ард түмнээс сонгогдсон төлөөлөл.
МАН-ын удирдлагууд нь найр наадам,
бөх, морь, сур, аймаг, сумын ой, амралт гээд алга болчихсон хойгуур намын байрны
нэг хэсэг нь тоггүй болсон гэнэ. Энэ бол танай намын дотоод асуудал. Тийм л их намдаа
хайртай юм бол мөнгөө нийлүүлээд төлчих л дөө. Энэ бол намын удирдлагаа шүүмжлэх
нэг их том шалтгаан биш. Чаддаг юм бол татан буулгаад буурин дээр нь шинэ нам байгуулчих.
Үнэхээр ингэж чадаад, үзэл баримтлалаа ямар байхыг тодорхой болгож, шинэ намын
дүрэмтэй, Монголын төлөө юу хийж чадахаа тодорхойлчих юм бол намын ах нар чинь
байтугай ард түмэн та нарыг хүлээн зөвшөөрнө. Шинэчлэлийн өргөөндөө намын гишүүдийнхээ
саналыг авч байгаа гэсэн. Намын удирдлагыг өөрчилье гэхээсээ намын дүрэм, механизмаа өөрчилье гэсэн санал
давуу байна гэнэ лээ. Үүнийг бас бодолцох л хэрэгтэй.
Үнэн хэрэгтээ шинэчлэл ярьсан хэдэн
залууст намаа мэдээд өглөө гэхэд та нар дараа үеийн тэд нар л болж хувирна. Яаран
сандран Бага хурлаа хуралдуулахыг шаардах нь ямар зорилго агуулна вэ. Өөрийгөө
өөрчлөөгүй байж бүхэл бүтэн 90 жилийн түүхтэй нам өөрчлөнө гэдэг юу л бол. Бага
хурал хуралдлаа гээд хуучин бүлэглэлүүдийн гар хөл болсон хүмүүс л байгаа. Тэд
фракц бүлэглэлийн удирдагчдаа л үйлчлэхээс та нарыг дагаад намирчихна гэж байхгүй. Тиймээс Их, Бага хурал хуралдаад ашиг авчрахгүй.
Яахав хэдэн хүн өөрчлөгдөнө л биз. Чанарын ялгаагүй ийм шинэчлэл гэж байх уу. Дарга
удирдлагаа сольсноор МАН шинэчлэгддэг бол өдийд ёстой энхийн цагаан тагтаа болчихсон
байхгүй юу. Тэглээ гээд МАН шинэчлэгдэх үү.
Мэдээж дараалан сонгуульд ялагдал авчирсан намын дарга өөрчлөгдөх нь дамжиггүй.
Намын удирдлагын түвшний хүмүүс, Удирдах зөвлөл солигдлоо гээд шинэчлэл мөн үү. Ингэж яаран хуралдуулж хэдэн хүн солиод
бушуу туулай борвиндоо баастай л үлдэнэ. Энэ олон удаагийн сонгуульд түүхэндээ
байхгүй ялагдал авчирсан хүмүүс та нарыг хашгирсан хашгираагүй солигдоно, муулсан
муулаагүй өөрчлөгдөнө. Та нартай, та наргүй болох л ёстой үйл явц. Тэгээд ч энэ хэдэн залуус энэ том
намын бүх залуусыг төлөөлж чадаж байна уу гэдэг бас өөр зүйл. Бусад нь яагаад дуугарахгүй
байна. МАН хэдэн жил албан тушаал, эрх мэдэлд ханаж, авлига хээл хахуулийн амтанд
орж ард түмнээсээ дэндүү холдсон. Сүүлдээ заалны, цаасны улс төр хийж, нийгмээсээ
тасарсан л даа. Намын байран дахь улс төрөөсөө хальж нийгэм рүүгээ хар л даа.
Ялж, ялагдана гэдэг бол хаана ч байдаг л үзэгдэл. Ялагдал гэдгийг үхэл гэж хараад
байх нь зөв үү.
МАН-ын өнөөдрийн дүр зураг бол хаашаа нүүхээ мэдэхгүй, гэрийнхээ
унь, туурга, багана, шалыг би, чи авна гэж хэрэлдэж байгаагаас өөрцгүй харагдаж
байна. МАН-ынхныг буурин дээрээ гэрээ хувааж
авах гэж булаацалдах зуур чинь АН гэдэг шинэ үеийн дарангуйлагч гарч ирэх гээд
л байна. Нэг нам дангаараа ийм их эрх мэдэлтэй байна гэдэг тийм сайн зүйл биш.
Үнэхээр шинэ юм хүсээд байгаа бол хуучин
гэрээ булаацалдаж байхын оронд өвлийг давахааргүй
хуучин муу гэрээ буулгаад цэмцийсэн сайхан
цагаан гэрээ бариад ав л даа. Өөрчлөх, шинэчлэх буруу биш ч арга барил нь буруу
байна.