Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Гадаад улсаас ирж буй зорчигчдын анхааралд DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан Хонконг гаднаас ирж буй иргэдийг ажиглах байранд 3 хоног тусгаарлахаар болжээ DNN.mn АТГ: Төрийн албан хаагчийн ёс зүйд хамаарах 9 гомдол, мэдээллийг шалгав DNN.mn Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой мэдээлэл өгөх утасны дугаарууд DNN.mn ОХУ цөмийн зэвсгийн байгууламжуудын үзлэгийг түр зогсоосноо мэдэгджээ DNN.mn Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах инженерийн дэд бүтцийн ажлыг баасан гаригт эхлүүлнэ DNN.mn Замын төлбөр хураах цэгүүдийг цахимжуулснаар одоогийн орлого 30 хувиар нэмэгдэх боломжтой DNN.mn Монгол Улсад долдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд гадаадын 121.741 жуулчин иржээ DNN.mn Энхтайваны гүүрний зүүн талаас Махатма Гандийн гудамж хүртэлх замыг 2 хоног хаана DNN.mn Гадаад улсаас ирж буй зорчигчдын анхааралд DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан Хонконг гаднаас ирж буй иргэдийг ажиглах байранд 3 хоног тусгаарлахаар болжээ DNN.mn АТГ: Төрийн албан хаагчийн ёс зүйд хамаарах 9 гомдол, мэдээллийг шалгав DNN.mn Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой мэдээлэл өгөх утасны дугаарууд DNN.mn ОХУ цөмийн зэвсгийн байгууламжуудын үзлэгийг түр зогсоосноо мэдэгджээ DNN.mn Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах инженерийн дэд бүтцийн ажлыг баасан гаригт эхлүүлнэ DNN.mn Замын төлбөр хураах цэгүүдийг цахимжуулснаар одоогийн орлого 30 хувиар нэмэгдэх боломжтой DNN.mn Монгол Улсад долдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд гадаадын 121.741 жуулчин иржээ DNN.mn Энхтайваны гүүрний зүүн талаас Махатма Гандийн гудамж хүртэлх замыг 2 хоног хаана DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.10.14 09:10

С.Содбаатар: Хойд солонгосчууд одоо ч гэсэн ээжийг “Өмөни Цэрмаа” гэдгээр нь мэддэг

О.Цэрмаа, охин С.Оюунцэцэг БНАСАУ-ын Ерөнхийлөгч Ким Ир Сений хамт. 1989.01.16

Монгол Улс БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой өнөө жил тохиож байгаа билээ. Үүнтэй холбоо­той­гоор "Кимжөнирхва" нийгэм­лэг "Мөнхийн цэцэг" амьд цэц­гийн үзэсгэлэнг зохион байгуул­лаа. Үзэсгэлэнгийн үеэр тус нийгэмлэгийн тэргүүн С.Содбаатартай ярилцсан юм.

-Таныг ээжийнхээ дурсгалд зориулж энэхүү үзэсгэлэнг санаачилсан гэдэг. Ээжийнхээ тухай яриач?

-Миний ээж эгэл ардаас гарал­тай тогооч хүн байсан. Бурхны оронд залраад гурван жил болж байна. Насаараа хүний төлөө зүтгэсэн хүн дээ. 1950-иад онд БНАСАУ дайны хөлд нэрвэгдэж, тухайн орны нийгмийн байдал хүнд нөхцөлтэй тулгарсан. Энэ үед манай хоёр улс хамтын хэлэлцээр байгуулж дайнд эцэг, эхээ алдсан бүтэн өнчин хүүхдүүдийг Монголд авчирсан гэсэн. Тэр хүүхдүүдийг өсгөж, өндийлгөх ажилд ээж гол үүрэг гүйцэтгэсэн.

-Өмнө нь ЭМЯ-д ажилладаг байсан гэлүү?

-Тийм. Дайны хөлд эцэг, эхээ алдсан тэр жаахан амьтдыг хоол­лож ундлах ахлах тогоочийн ажилд томилогдож л дээ. Уг нь Эрүүл мэндийн яамны тогооч хийж бай­гаад дарга нарынхаа тушаалаар энэ ажилд хуваарилагдсан байдаг.

-Тухайн үед хичнээн хүүхэд ирж байсан юм бол?

-1953 онд юм байна. 2-5 насны эрэгтэй, эмэгтэй нийт 200 хүүхэд ирсэн. Одоо  Зайсанд хуучны хоёр шар байшин байдаг ш дээ. Тэнд хүлээж авч байсан. Монголын талаас, багш сурган хүмүүжүүлэгч, тогооч гээд арваад ажилтан ажил­даг байсныг би санадаг. Бас БНАСАУ-ын талаас хоёр орчуу­лагч эмэгтэй, 10 гаруй хүн хамт ирж байсан.

-Та тэр үед хэдэн настай бай­сан юм бэ?

-Бараг тав, зургаан настай байсан байх. Ямар ч байсан тухайн үед болсон зүйлийг сайн санадаг юм. Ээж зөвхөн хоол хийж өгөөд зогсохгүй бүхий л ажилд тусална. Тэр олон хүүхдүүдийн хувцсыг угаана. Гар нүүрийг нь угааж өгч, үсийг нь самнана. Өвдсөн үед нь хүртэл хажууд шөнөжин сахина. Бараг бид нараас илүү анхаарал тавьдаг байсан.

-Дайны хүнд хэцүү, хоол унд олдохгүй өлмөн зөлмөн байд­лаас дахиад тэс өөр уур амьс­галд дасан зохицоно гэдэг балчир хүүхдүүдийн хувьд амаргүй бай­сан байх даа?

-Энэ тухайн ээж дурсаж ярьдаг байсан. Тэр айхтар дайн дажинтай орноос ирсэн болохоор эхний хэдэн сар үнэхээр хүнд байсан гэсэн. Их дуу чимээтэй машин тэрэг явахаар айгаад орон доогуур ор­чих­но. Аав, ээжээсээ хагацсан нялх амьтад чинь шөнө болгон хар дарна, халуурна, унтахгүй уйлаг­на­на, орондоо шээнэ гээд янз бүрийн л юм болдог байсан гэдэг. Ихэнх хүүхдүүд манай хоолонд дасахгүй хордлого өгнө. Мах идэж чадахгүй гүйлгэнэ.  Уур амьсгал таарахгүй ханиад хүрнэ, хатгаа авна гээд ер нь их эмзэг байсан гэдэг. Бас биеэр нь яр шарх туур­чих­сан нэлээд удаан эмчилсэн юм билээ.

-Ихэвчлэн ямар хоол идэх үү?

-Тос, өөх багатай будаатай хуурга, будаатай цай, сүүтэй будаа их амтархаж иднэ. Тэгээд нэг их удаагүй ээжийн хоолонд дассан байгаа юм. Манай ээж чинь хачин сайхан хоол хийнэ. Өөрөө хийсэн хоол шигээ хүнийг татах увидастай, буянтай хүн байсан юм. 

-Таны хувьд бага нас чинь тэр хүүхдүүдтэй их холбоотой биз. Хэрхэн найзалдаг байв?

-Тэгэлгүй яахав. Туул голын эргээр хамт зугаална. Голд сэлнэ. Тэр хүүхдүүдийн усан гахай нь надад гоё санагддаг байлаа. Бүр крантнаас ус дүүргэж байгаад л тоглоно. Ямар сайндаа усан гахай­гаар нь тоглохын тулд солонгос хүүхдүүдийн байрладаг дотуур байранд хааяа хонож ээждээ заг­нуулдаг байсан.

-Яаж хэл, амаа ойлголцдог байсан юм бэ?

-Зургаа, долоотой болоод ирэ­хэд нь тэдэнд зориулсан тусдаа сургууль хүртэл байгуулсан. Мон­гол хэл заана. Тэдний насанд сургуульд ямар хичээл заадаг, тэр бүх хичээлийг орно. Нэг ёсондоо солонгос хүүхдүүд манай школоор сурч, амьдарч байсан байхгүй юу. Тийм болохоор ойлголцоно. Байн­га хамт тоглоод солонгосоор ойр зуурын юм ярьдаг болчихсон юм. Эдгээр хүүхдүүдэд зориулсан зуслан хүртэл Жигжидэд гарч байсан ш дээ.

-Тэгээд хэзээ нутаг буцсан юм бэ?

-1952 онд ирээд 1959 оны намар нутаг буцсан. БНАСАУ  улс төрийн байдал намжиж нутаг буца­хаар болсон юм. Тэднийг хүүхдийн зохиолч П.Хорлоо гуай, сургуу­лийн захирал Долгормаа, ээж гурав хүргэж өгч байсан. Долоон жил хамт байсан хүүхдүүд чинь бүр элэг нэгтээ болчихдог юм билээ. Салах гэж бөөн уйлаан болж байс­ныг санадаг. Солонгос хүүхдүүд ээжийг Цэрмаа Өмөни гэж дууддаг байсан. Бүгд л миний төрсөн ээж гэцгээнэ.

-Одоо тэр хүүхдүүдтэй холбоотой байдаг уу?

-Үгүй. Гэхдээ ээж гурван ч удаа БНАСАУ очиж байсан. 30 жилийн дараа буюу 1989 онд тус улсад Ким Ир Сен Ерөнхийлөгчийн урилгаар очиж байсан. Ким Ир Сен Ерөнхий­лөгч ээжтэй бараг 40 минут ярил­цаж "Дайны хүнд жилүүдэд манай улсын өнчин өрөөсөн хүүхдүүдийг эхийн хайраар асарч хүмүүжүүл­сэн танд Солонгосын ард түмний өмнөөс талархал илэрхийлье " гэж хэлсэн гэсэн. Түүхэндээ БНАСАУ ерөнхийлөгч Ким Ир Сен гадны ямар ч албан тушаалтан байсан тэгж удаан хүлээж аваагүй гэдэг юм билээ. Ээжийг бүр хамгийн сайн найз гэж хэлсэн байсан. Тэгээд ээжтэй тухайн үед манайд ирж байсан 10 гаруй хүүхэдтэй уул­зуул­сан гэсэн. Бүгд л сайхан мэр­гэ­жилтэй, сайхан залуус болчих­сон ээжийг хараад уйлж, тэвэрч байсан гэж дүү маань хэлдэг. Манай Оюунцэцэг дүү хамт явсан байхгүй. Тухайн улсын улс төрийн дэглэмтэй холбоотой байх. Бидэнд тэр үеийн хүүхдүүдээс чинь тэнд тэд байгаа гэж хэлэхээс биш нүүр тулж уулзуулдаггүй. Саяхан Ким Нам гээд 60 гаруй настай эмэгтэй байдаг гэж дуулсан. Улс төрийн салбарт нэлээд том албан тушаал хашдаг хүн бий гэнэ лээ. Нөхөр нь бас том улс төрч байдаг гэж дуул­сан. Бусдыг нь бол мэдэхгүй. Ямар­тай ч ээжийн минь буян заяагаар олон хүүхдүүд сайхан амьдарч байгаа гэдэгт ямагт итгэлтэй бай­даг.

-Ээжийнхээ дурсгалыг яагаад заавал энэ улаан цэцгээр илэрхийлэх болсон юм бол. Ямар учир утгатай цэцэг вэ?

-Энэ цэцгийг хайтан буюу мөн­хийн цэцэг гэж нэрлэдэг. Мөнхийн амьдрал гэсэн утгатай. Үнэхээр сонин түүхтэй. Өөд болсноос нь хойш ээжийнхээ төлөө ямар нэг зүйл хиймээр санагдаад болдоггүй. Тэгсэн нэг өдөр энэ цэцгийг зүүдлээд. Ээж бид хоёр БНАСАУ-ын Ерөнхийлөгчөөр Ким Чен Ир байх үед очиж байсан. Тэгэхэд мөнхийн цэцэг Ерөнхийлөгчийн ордны хаа сайгүй тавьсан харагд­сан. Ээж хараад "Яасан гоё цэцэг вэ. Манайд ургах болов уу" гэж байсан юм. Тэр зүүдэнд орсон хэрэг л дээ. Мөнхийн цэцгийг Со­лон­госын ард түмэн их дээдэлдэг.

-Төрийн тэргүүнтэй нь хол­боотой гэж сонссон юм байна?

-Японы эрдэмтэн энэ цэцгийн үрийг анх удаа хоёр өөр үрнээс гаргаж авсан гэсэн. Тэгээд Ким Чен Ир Ерөнхийлөгчид бараалхахдаа бэлэглэж байсан юм байна. Тэр явдлыг бэлгэшээж бүхий л улс төрийн арга хэмжээ, тэмдэглэлт баярт мөнхийн цэцгийг хүндэтгэн залдаг түүхтэй болсон гэсэн. Тий­мээс ээжийнхээ хүслийг биелүүлж энэ цэцгийн үрийг авах саналаа одоогийн Ким Чен Ун Ерөнхий­лөгчид захиагаар бичсэн юм. Энэ саналыг минь их сайхан хүлээн авч "Цэрмаа Өмөнигийн хүүд үрсэлгээ явуул" гээд бараг 2000 үр өнгөрсөн жил илгээсэн. Хойд солонгосчууд одоо ч гэсэн ээжийг минь "Цэрмаа Өмөни" гэдгээр нь мэддэг юм билээ.

-Ээжийн тань хоолыг идэхээр Цэдэнбал дарга өөрийн биеэр ирдэг байсан гэсэн яриа бий?

-Миний ээж үнэхээр сайхан хоол хийнэ. Зөвхөн монгол гэлтгүй орос, унгар хоол хийдэг байсан. Ээжийг 15 настай байхад Сүхбаа­тар жанжны гэргий Янжмаа гуай анх Хөвсгөлөөс хотод авчраад тогоочийн мэргэжилтэй болгосон юм билээ. Сайд нарын эмнэлэгт тогоочоор ажиллаж байхад Цэдэн­бал дарга ээжийн хоолыг идэх гээд эмнэлэгт очдог байсан гэсэн. Тухайн үеийнхээ төр нийгмийн томчуудын хоолыг ээж л хийдэг байсан.  Ямар сайндаа аав намын үүрийн дарга ажилтай мөртлөө ар гэрийн бүх л ажлыг зохицуулдаг байсан.

Д.ДАВААСҮРЭН

Онцлох нийтлэлүүд