М.Одгэрэл: Дэлхийн 12 удаагийн аварга Зоя Голубева надад хожигдчихоод хоол ч идээгүй


Манай улсад эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах даамын тэмцээн болж байгаа билээ. Тус тэмцээнийг Латвийн даамчин Зоя Голубева оноогоороо илт давуу тэргүүлж байсан. Тэрээр даамын дэлхийн 12 удаагийн аварга юм. Харин өнгөрсөн ням гаригт манай тамирчин М.Одгэрэл Зоя Голубеватай тоглож хожсоноор түүнийг шоконд оруулжээ. Энэ талаар дэд мастер М.Одгэрэлтэй цөөн хором ярилцлаа.
-Дэлхийн даамын 12 удаагийн аваргыг
хожлоо. Хэр догдолж байна?
-Үнэхээр баяртай байна. Догдлоод
хэлэх үг олдохгүй байна. Зоя Голубева чинь дэлхийн даамын 12 удаагийн аварга. Мундаг
тамирчин шүү дээ.
-Хожно гэдэгтээ итгэлтэй байсан
уу?
-Үгүй. Мэдээж тийм мундаг тамирчинг
хожно гэдэг амаргүй. Хожигдсон ч харамсахааргүй тоглох болно гэж бодож байлаа.
-Ямар тактикаар буулгаж авав аа.
Зоя Голубевагийн тоглолтыг өмнө нь судлах ч юм уу, анзаарч байсан уу?
-Тоглолтыг нь нэлээд ажигласан. Хар,
цагаан өрөгт хэрхэн нүүдэллэдэг болох гээд л. Түүнийг хожих үед тоглолт эхлээд цаг
болсон байсан. Дэлхийн аварга маань надаас хамаагүй илт давуу илүүрхэж байлаа. Миний
хувьд нэлээд хүнд байрлалтай болсон. Өрсөлдөгч 58 минуттай, би 36 минуттай байсан.
Гэтэл надад боломж гарч даам гарчихсан. Миний хувьд төвөө хамгаалж, хоёр талдаа
анхаарч тоглосон.
-Тэгээд яасан бол?
-Зоя Голубева царай нь хувисхийгээд
тоглолтыг орхиод танхимаас шууд гараад явчихсан. Нэлээд удсан. Тэгээд орж ирээд
тоглолтоо үргэлжлүүлсэн. Гэхдээ би түүнийг хожиж чадсан.
-Өрсөлдөгч чухам ямар алдаа гаргасан
юм бол оо. Дэлхийн шилдэг тамирчин хэр баргийн сиймхий алдахгүй болов уу?
-Намайг шахаж тоглох гэж байгаад
алдаа гаргасан байх. Би ч гэсэн итгээгүй. Надад хожигдсондоо маш их бухимдсан
харагдсан.
-Шоконд ороод, түргэн тусламж
хүртэл дуудсан гэсэн. Үнэн үү?
-Түргэн дуудаагүй. Танхимаас гараад
толгойгоо бариад суугаад байсан гэсэн. Эмч
дуудах уу гэж байгаад больсон юм билээ. Ямар ч байсан нэлээд удаж байж тоглолтоо
үргэлжлүүлсэн. Өдөр нь хоолондоо орж ирээгүй. Тоглолтоос хойш ерөөсөө харагдаагүй.
Өчигдөр 2012 оны Ази тивийн аварга, их мастер М.Нямжаргалтай их нухацтай тоглож
харагдсан.
-Дэлхийн аварга өөрөөс тань бараг
30 насаар эгч байх аа?
-Тийм. Зоя Голубева 46 настай гэж
сонссон.
-Яг Зоя Голубеваг хожих үед юу
бодогдож байв?
-Их гайхсан. Өөртөө итгээгүй. Дэлхийн
нэг, хоёр биш бүр 12 удаагийн аваргыг ингээд хожчихож байгаа юм байх даа гэж бодогдсон.
Багш нар хүртэл баяр хүргэе. Мундаг байна гээд гар бариад, үнссэн. Орой нь гэртээ
харьсан чинь аав, ээж гэрийнхэн бүгд л хөөрцгөөгөөд намайг тэвэрч аваад л баяр хүргэе.
"Сайн байна, сайхан тоглолоо" гэцгээсэн.
-Зоя Голубева тэмцээнийг тэргүүлж
байгаа шүү дээ. Түүнийг хожсоноор таны оноо хэр урагшлах бол?
-Нэлээд ахих болов уу гэж найдаж байна.
Миний хувьд хойгуур байрт яваа. Тэмцээн эхэлснээс хойш дөрвөн тэнцэл, нэг хожилтой
болсон. Гэхдээ сая ОХУ-ын Тамара гээд тамирчинд ялагдаад гарч ирлээ.
-Дэлхийн аваргыг хожиж байгаа
юм чинь манай тамирчдад боломж ойрхон байна гэж хэлж болох уу?
-Миний бодлоор бүгд л орон орноос
ирсэн шилдэг даамчид. Тийм болохоор бүгдээрээ маш хүчтэй өрсөлдөгчид. Гэхдээ надад
арай туршлага дутаад байх шиг санагдсан. Энэ удаагийн тэмцээнээс олон зүйлийг сурлаа.
Тиймээс хойтон заавал дэлхийн аварга болно гэж бодож байгаа.
-Өөрийн тань хувьд хэзээнээс даамаар
хичээллэсэн бэ?
-10 настай байхад аав, ээж хоёр даам,
шатар зааж өгч байсан. түүнээс хойш тасралтгүй хичээллэж байна.
-Одоо хэдэн настай юм бэ. Аль сургуулийн
сурагч вэ?
-Би 15 настай. "Шавь" цогцолбор сургуульд
сурдаг.
-Өмнө нь даамаар ямар ямар амжилт
үзүүлж байв?
-Өсвөрийн Азийн аваргад хоёр удаа
оролцож байсан. Өнгөрсөн тавдугаар сард Узебекстанд
болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, хүрэл медаль хүртсэн. Мөн өнгөрсөн
онд Малайзад зохион байгуулагдсан Азийн аварга шалгаруулах тэмцээнээс бас хоёр
хүрэл, нэг мөнгөн медаль хүртэж байсан.
Д.ДАВААСҮРЭН