Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Гадаад улсаас ирж буй зорчигчдын анхааралд DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан Хонконг гаднаас ирж буй иргэдийг ажиглах байранд 3 хоног тусгаарлахаар болжээ DNN.mn АТГ: Төрийн албан хаагчийн ёс зүйд хамаарах 9 гомдол, мэдээллийг шалгав DNN.mn Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой мэдээлэл өгөх утасны дугаарууд DNN.mn ОХУ цөмийн зэвсгийн байгууламжуудын үзлэгийг түр зогсоосноо мэдэгджээ DNN.mn Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах инженерийн дэд бүтцийн ажлыг баасан гаригт эхлүүлнэ DNN.mn Замын төлбөр хураах цэгүүдийг цахимжуулснаар одоогийн орлого 30 хувиар нэмэгдэх боломжтой DNN.mn Монгол Улсад долдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд гадаадын 121.741 жуулчин иржээ DNN.mn Энхтайваны гүүрний зүүн талаас Махатма Гандийн гудамж хүртэлх замыг 2 хоног хаана DNN.mn Гадаад улсаас ирж буй зорчигчдын анхааралд DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан Хонконг гаднаас ирж буй иргэдийг ажиглах байранд 3 хоног тусгаарлахаар болжээ DNN.mn АТГ: Төрийн албан хаагчийн ёс зүйд хамаарах 9 гомдол, мэдээллийг шалгав DNN.mn Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой мэдээлэл өгөх утасны дугаарууд DNN.mn ОХУ цөмийн зэвсгийн байгууламжуудын үзлэгийг түр зогсоосноо мэдэгджээ DNN.mn Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах инженерийн дэд бүтцийн ажлыг баасан гаригт эхлүүлнэ DNN.mn Замын төлбөр хураах цэгүүдийг цахимжуулснаар одоогийн орлого 30 хувиар нэмэгдэх боломжтой DNN.mn Монгол Улсад долдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд гадаадын 121.741 жуулчин иржээ DNN.mn Энхтайваны гүүрний зүүн талаас Махатма Гандийн гудамж хүртэлх замыг 2 хоног хаана DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.10.18 08:10

Ч.Цэвээнпүрэв: Нас явсан ч хүчтэй байгаа шүү гэдгээ харуулна

Мэргэжлийн боксын дэлхийн олон удаагийн аварга, "WBFoun­dations", "WB Union", "WBF-Inter­national" зэрэг тэмцээний алтан бүст гавьяат тамирчин Ч.Цэвээнпүрэвтэй ярилцлаа.

-Эх орондоо хэзээ ирэв. Цааш­даа Монголдоо амьдар­на гэж сонссон?

-Өнгөрсөн зургадугаар сард ирсэн. Одоо дахиж харийн орныг зорихгүй гэсэн бодолтой байна. Хийхээр олон ч ажил төлөвлөөд байна. Гадны улс орнуудад ажил­лаж амьдарч байгаа монголчуудаа нэгтгэж "Шинэ үеийн Монголын мэргэжлийн боксын холбоо"-гоо өргөжүүлэхээр зэхэж байгаа.

-Та Оросын боксчинг халз тулаанд дууджээ. Хэр нэр хүнд­тэй тамирчин юм бол?

-Тийм. Клычков Владимир Сергеевич гээд 63.5 кг жинд ту­лалддаг 22 настай тамир­чинтай халз тулалдахаар болсон. Орост төдийгүй жиндээ дэлхийд таниг­даад байгаа ирээдүй­тэй боксчин.

-Өөрөөс тань 30 орчим насаар дүү юм байна шүү дээ. Ялна гэдэгтээ итгэлтэй байна уу?

-Энэ тэмцээнд зөвхөн Орос гэлт­гүй Тувагийн боксчид орно. Гэхдээ тулааны үеэр дөрвөн монгол залуу рингэн дээр тулалдана. Миний хувьд нас явсан ч хүчтэй байгаа шүү гэдгээ харуулахыг хүсч байна. Залуу тамирчин учраас хурд хүчтэй л байх нь тодорхой. Гэхдээ ялаг­дана гэсэн бодолтой бол юу гэж тулаанд дуудах вэ. Тийм биз дээ.

-Тулаан ирэх сард болно. Бэлтгэлээ хангачихсан уу?

-Одоо тулалдах л үлдээд байна.

-Боксчид бясалгалаар хичээл­­лэдэг гэж дуулсан?

-Тулаанд хүч, хурд мэдээж чухал. Гэхдээ сэтгэл зүйн бэлтгэл хамгаас чухал. Бие махбодио бясалгаж, биеийнхээ хүчийг тэнц­вэржүүлж цохилт ирэхэд гал мэт дүрэлзэж, усны урсгал мэт тасаршгүй довтолж байх ёстой. Тий­мээс би уулын орой дээр гарч хүчилтөрөгчөөр биеэ их цэнэг­лэдэг.

-Богд ууланд уу. Өглөө хэдэн цагийн үед гүйдэг вэ?

-Өглөө 05.00 цагт гэрээсээ гараад Богд уул руу гүйдэг. Таван км гүйнэ. Одоо гүйхэд утаатай болчихсон байна лээ.

-Та сүүлийн хэдэн жил Анг­лид амьдарсан байх аа. Хичнээн жил болоод ирэв ээ?

-Монголдоо ирж, буцсан нүүд­лийн байдлаар бараг 18 жил гадаа­дад амьдарчээ. Анх дэлхийд танигд­сан мундаг боксчин болно гээд 2000 онд Тайландад жил гаруй бэлтгэл хийсэн. Тэгээд 2000 оны үед Англид гэр бүлийнхэн­тэйгээ очиж амьдарсан. Мэргэж­лийн боксоор дэлхийд цуутай тамирчин болж, од болно гэсэн хүсэл эрмэлзлээр ёс, заншлыг нь ч мэдэхгүй харийн нутагт очиж бай­сан. Нэг их удалгүй Их Британийн аварга шалгаруулах тэмцээнд орж ялалт байгуулж, овоо урам зориг орсон.

-Тэнд ажил хийж байсан биз дээ. Эсвэл тулааны бооцоо тийм өндөр юм уу?

-Гэрээний дагуу тодорхой хэм­жээний бооцоо авна. Гэхдээ тухайн үед амьдралд хүрэл­цдэггүй бай­лаа. Тэгээд ч тулаан ойр ойрхон болоод байхгүй. Намайг тулаанд дуудвал л тоглоно. Тэгэхгүй бол бэлтгэлээ хийгээд л хүлээнэ. Тэр үед том охиноо цэцэрлэгт өгчихсөн, гэр бүлээ тэжээх зайлшгүй шаард­лагаар нэг хэсэг дэлгүүрт ачигч хийсэн. Гэтэл мэргэжил нэгтэй англи найз маань  хамгаалалтын компанидаа ажил­лах санал тавь­сан. Ингээд л урт хар пальто, бөөрөнхий хар нүдний шил зүүгээд том биетэй өнөөх найзынхаа ха­жууд байнга дагаж явдаг боллоо. Үсээ тослоод хойш нь самначих­наа, бас. Хүмүүс хараад л Жетли, Жаки Чан Англид ирчихэж гээд андуурах тохиолдол их гардаг байсан.

-Эхнэр тань тэр үед юу хий­дэг байсан бэ?

-Миний эхнэрийг Мандахсүрэн гэдэг. Хоолны газар тогооч хийдэг байсан юм.

-Хамгаалалтын албандаа хэр удаан ажиллав?

-Нэлээд удаан ажилласан шүү. Боксоороо ч хотынхондоо таниг­даад ирсэн. Тэгээд л гудам­жаар зүгээр явуулахаа байсан.

-Яагаад?

-"Чи чинь өнөө зодолддог залуу билүү. Тийм мундаг юм бол нэг зодолдчихъё" гэх тохиолдол их гарна. Арван дөрөв тавтай хөвгүүд ирээд л шөргөөцөлдөнө. Би шууд л цэцэрлэгт хүрээлэнд ороод бээлий өгөөд өмс гэдэг.

-Бээлий өмс гэдэг нь яаж байгаа юм?

-Би мэргэжлийн бокчин учраас энгийн иргэдийг гэмтээх аюултай. Надад гудамжинд хүн зодох ч эрх байхгүй. Хэрвээ хүн зодчих юм бол хуулийн дагуу ял эдэлнэ. Тиймээс бээлий өгдөг. Нөгөөдүүл чинь их сагсуурна. Өөдөөс дайраад ирэхээр нь харж байгаад эрүүнд нь ганц л цохино. Цохиулангуутаа айгаад босоод гүйгээд явчихдаг.

-Дахиад өдөхгүй юу?

-Зарим нь айсандаа эргэж харах ч үгүй гүйнэ. Харин зарим нь бүр томчуудаа дагуулаад хүрээд ирнэ шүү дээ. Намайг зодуулах гээд. Тэр болгонд их найрсгаар үзнэ дээ. Дараа бүр таньдаг бол­чихсон, шавь ормоор байна, яаж тулалддагийг заагаад өгөөч гээд ирнэ. Хөгтэй явдал их гарна. Одоо харин энэ царайг чинь хүмүүс таньдаг болчихоод байгаа юм.

-2008-2009 оны хоо­ронд англичууд таныг их шахдаг, дарамт­тай амьдардаг байсан гэж сонссон. Юунаас болоод тэгсэн юм бэ?

-Намайг хоёр жил шахуу тэм­цээнд оруулаагүй. Яагаад англи­чууд надад дургүй болсон гэдэг их сонин. Өөрийнхөө жинд би хэнд ч ялагдахгүй зартай аварга болсон байсан. Нэг удаа Их Брита­нийн Ливерпүүл хотын тамир­чинтай тулалдсан. Эхний таван үе тасралтгүй нүдээд, сүүлийн үед буулгаж авсан. Нөгөө тамирчин бүр сульдчихсан аргагүй бууж өгсөн юм. Тэгээд би жиндээ дэл­хийн  1200 тамирчнаас дөрөвт орж байсан. Харин өнөөх залуу тулал­дахын өмнө Их Британийн шилдэг залуу тамирч­наар шалгарчихаад байсныг дараа нь мэдсэн. Тэр тулаанаас хойш на­майг хавчиж эхэлсэн. Тухайн улс орны оршин суугчдад хэдийнэ танигдсан, хүндэлдэг боксчин байлаа гээд нутгийн бөхийг нь зодчихоор хэн дуртай байхав дээ. Бүр тэмцээн болохгүй байна гээд оруулахгүй байсан. Хүмүүсийн яриа сонсохоор "Одоо Цэвээнээг ялах тамирчин байхгүй. Тиймээс хэн түүнтэй тулалддаг юм" гэж ярьдаг. Гэхдээ хавчиж байгаа байдлаа их эелдэг гаргана. "Хүлээж бай", "Тэмцээн болохоор оруулна" гээд л. Нэг өдөр ингэж хүний нутагт гадуурхагдаж байхаар эх орондоо буцъя гэж бодсон. Тэгж байтал юмнаас унаад хөлөө бэртээчихсэн.

-2009 онд бэртэл авсан билүү?

-Тийм. Зүүн хөлийн шагай цуур­чихсан. Монголдоо ирээд гэмтлийн эмнэлэгт хагалгаанд ороод гурван сар таягтай явсан. Тэр хугацаанд сэтгэл санаа үнэхээр хүнд байсан.

-Дахиад ринг дээр гарч тулал­дахгүй нь гэж бодогдож байв уу?

-Тэгсэн. Шууд л ахиад хэзээ ч тулалдахгүй юм байх даа гэж бодоод сэтгэлээр унасан. Итгэж өгөхгүй байсан. Харин манай эмч нар үнэхээр мундаг, алтан гартай хүмүүс байсан учраас би зургаан сарын дараа л тулааны талбар дээрээ гарсан. Ирландын боксчин­той тулалдсан. Надаас намхан, бондгор залуу. Тэр тулаанд хөлөн­дөө төмөр хамгаалалттай тулал­даад ялж байлаа.

-Ингэхэд та мэргэжлийн боксын хичнээн тулаан хийсэн бэ?

-Нийтдээ 43 тулаан хийсэн. Одоо 44 дэх тулаанаа хийх гэж байна.

-Хэдэн удаа ялав?

-37 удаа ялсан. Дэлхийн авар­гын дөрөв, тав дахь бүсийг авах гээд тулалдсан боловч ялагдаж байсан. Гэхдээ ямар ч байсан зорьсондоо хүрнэ гэж итгэж байгаа шүү. Хүмүүс намайг хараад "Энэ жижигхэн хүний хаана нь цохих юм бэ. Тулалдахгүй" гэж омогдох үе бий. Би энэ байдлыг ашиглан тулааныг гартаа авдаг. Яагаад гэвэл өрсөлдөгч басамж­лахдаа хяналт нь суларсан байдаг.

-Мэргэжлийн боксыг эрсдэл­тэй спорт гэдэг. Тулааны үед хүнд бэртэл авах энүүхэнд биз?

-Мэргэжлийн бокс гэдэг бол хамгийн ширүүн спорт. Тоглолтын өмнө хоёр тамирчин "үхсэн ч харам­сахгүй" гэсэн гэрээнд гарын үсэг зурдаг. Ринг дээр амиа алдсан хүн олон байдаг. Үхэхээс наагуур бэртэл авах тохиолдол ч олон. Би ч гэсэн таван ч тамирчинг хүнд бэртээж байсан. Тэдний гурав нь  дахиж ринг дээр гараагүй.

-Юу болсон юм бэ?

-Би ихэнхдээ өрсөлдөгчөө эхний зургаан үед л унагаана гэсэн зорилготой тоглодог. Өнгөрсөн жил  Францын 25 настай боксчинтой тулалдсан юм. Тав­дугаар үед толгойд нь маш хүчтэй цохисон. Нөгөө залуу ч уначихлаа. Тэгсэн уначихаад босоод ирдэг байгаа. Тэмцээн ч дуусч ялалт минийх болсон. Би ч очоод нөгөө залуу­тайгаа гар барилаа. Гэтэл намайг танихгүй болчихсон байсан.

-Ой санамжаа алдсан хэрэг үү?

-Тийм. Би анхандаа юу болоод байгааг нь ойлгохгүй гайхсан. Гэтэл намайг үнэхээр танихгүй, мэлэр­чихсэн. Тэмцээн эхлэхэд зүгээр гар бариад "Тантай уулзсандаа баяр­тай байна" гэж хэлж байсан хүн шүү дээ. Тэр өдрөөс хойш өнөөх залуу ахиж ринг дээр гараагүй.

-Та тийм залуу хүний амьд­ралыг юу ч биш болгож ху­вир­гасандаа гэмшиж явдаг уу?

-Тэр ч гэсэн намайг тийм болгох байсныг үгүйсгэхгүй. Хэн чадалтай нь өрсөнө. Энэ бол цэвэр мэргэжлийн бокс. Гэхдээ хүн л юм хойно, тухайн үед их өрөвдсөн. Залуухан, цаа­шид өчнөөн гэрэлт ирээдүй түүнийг хүлээж байсан шүү дээ. Би дараа нь эмнэлэгт байхад нь очиж эргээд, гар бариад, тэвэрсэн. 

-Пан Азийн аварга Д.Лхагваа таныг боксын замд анх хөтөлсөн гэдэг?

-Бид ёстой зүү орох зайгүй андууд. 1999 оны үед боксын арваад залуучууд  Солонгост хамт бэлтгэл хийж бай­гаад Пан Азийн аварга Д.Лхагваа бид хоёр нутагтаа эргэж ирсэн. Нөгөө хэд маань амьдралын эрхээр тэндээ ажил хийгээд хоцорсон. Одоо ч ажлаа хийж байгаа сураг­тай. Англи явахын өмнө Лхагваа­тайгаа хамт бэлтгэл хийдэг. Бэлтгэл хийхдээ Лхагваа шиг таван литр орчим хөлс гаргадаг хүн байхгүй шүү дээ. Би дөрвөн литр орчим хөлс гаргана. Хоёулаа ринг дээр бэлтгэл хийж байгаад асгарсан хөлсөн дээрээ халтирч унаад, нэг нэгний­гээ шоолоод мөлхөж байсан үе бий. Лхагваа маань надад асар их тэвчээр, хүсэл тэмүүллийг бадрааж өгсөн. Энэ л хүчээр би өдий зэрэг­тэй алдар нэртэй болсон. Найздаа маш их баярлаж явдаг шүү.

Д.ДАВААСҮРЭН

Онцлох нийтлэлүүд