Мөнгөнморьт сумын Өндөр эрэг гэх газарт “МИ-8” онгоц осолджээ


-"А ЖЕТ АВИЭЙШН"
КОМПАНИЙН ОНГОЦЫГ ДОЛООН ИРГЭН ХӨЛСӨЛЖ ЯВЖЭЭ-
Төв аймгийн Мөнгөнморьт сум, Багануур
дүүргийн заагт орших нутагт "Ми-8" онгоц осолдсон гэх мэдээлэл бидэнд ирсэн юм.
"А Жет Авиэйшн" ХХК-ийн эзэмшлийн нисдэг тэрэгний нисэх хугацаа дууссан
байсан гэх мэдээлэл ч ирсэн юм. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга Б.Дуламдоржоос
тодруулав. Тэрээр "Хувийн компанийн "МИ-8" онгоц ослын буулт хийсэн гэх мэдээлэл бидэнд ирээд
байна. "МИ-8" нисдэг тэрэг нислэг үйлдэж байгаад өчигдөр 12:45 цагийн орчимд
ослын буулт хийн газардсан гэсэн. Онгоцонд арав орчим зорчигч явсан бөгөөд бэртэл
гэмтэл авсан хүн байхгүй гэж бидэнд мэдэгдээд байна. Төв аймгийн Мөнгөнморьт сумын
нутаг Өндөр эрэг гэдэг газарт ослын буулт хийсэн гэсэн" хэмээн мэдээлэл өгөв.
Харин Монголын иргэний агаарын тээврийн компанийн мэргэжилтнүүдийн баг хотоос
Мөнгөнморьт сум руу буюу онгоц ослын буулт хийсэн гэгдээд байгаа Өндөр эрэг гэх газар руу хөдөлжээ. Нийслэлийн
Налайх дүүрэг, Багануур болон Төв аймгийн Мөнгөнморьтын нутаг дэвсгэр болох "Цонжин
болдог" цогцолборын ойролцоо хувийн эзэмшлийн жижиг авиа компани хэд хэд байдаг
аж. Эдгээр газруудад агаарын хөлгөөр аяллын журмаар нислэг үйлдэх сонирхолтой
хүмүүст үйлчилдэг бөгөөд хөөрөх болон газардах үедээ МИАТ-т станцаар дамжуулан
мэдэгддэг байна. Иймээс онгоц ослын буулт хийх болсон тухай МИАТ-т мэдэгдсэн аж.
"А Жет Авиэйшн" ХХК-ийн менежер
Б.Цогоогоос осол болсон талаар асуухад "Осол болсон зүйл огт байхгүй. Харин теникийн
саатал гарч онгоц ослын буулт хийсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа
шиг нисдэг тэрэг унасан зүйл байхгүй" гэв.
А.ГАНСҮХ: ОНГОЦ ГАЗАРДАХ ҮЕДЭЭ НАЛЖ УНАСАН БАЙНА
Харин Зам тээврийн сайд А.Гансүх өөрийн
цахим хуудаснаа ослын талаар "А-жет компани өөрийн өмчлөлийн нисдэг тэргээр нислэг
хийсэн байна. Газардах үедээ налж унасан байна. Онгоцонд зорчиж явсан долоон хүн
гэмтэл аваагүй. "А-жет" компанийн нисдэг тэргийг загасчид хөлсөлж явсан байна. Буух
үедээ алдаа гарсан бололтой. Зорчигчид буюу загасчид цаашаа явган явжээ. "А-жет"
компанийн нисдэг тэрэг нислэгийн шаардлага хангасан, зөвшөөрөлтэй. Актлагдсан
гэдэг ташаа мэдээлэл, нисдэг тэрэгтэй холбоотой ослыг газар дээр нь шалгаж байна.
Шалтгааныг тогтоосны дараа албан ёсоор мэдэгдэнэ" хэмээн бичсэн байв. Өөр нэг
албаны эх сурвалжаас авсан мэдээллээр Багануур дүүргийн онцгой байдлын хэлтсийнхэн
осол болсон гэх газар дээр очсон бөгөөд онгоц буух гэж байгаад унасан гэнэ. "А
jet aviation" гэсэн бичигтэй "Ju 5588" дугаартай цагаан өнгийн нисдэг тэрэг байсан.
Буух үед нь хүчтэй салхитай байсан учир сэнс нь газар хүрч унасан байна лээ" гэв.
"А Жет Авиэйшн" ХХК-ийн хувьд
иргэдэд онгоцоор үйлчилдэг авиа компани юм байна. Жил гаруйн өмнө Төв аймгийн Баянчандмань
суманд авто осол гарах үед осолд орсон жолоочийн ар гэрийнхний хүсэлтийн дагуу үйлчилж
байсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан билээ.
Д.ДАВААСҮРЭН