Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Гадаад улсаас ирж буй зорчигчдын анхааралд DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан Хонконг гаднаас ирж буй иргэдийг ажиглах байранд 3 хоног тусгаарлахаар болжээ DNN.mn АТГ: Төрийн албан хаагчийн ёс зүйд хамаарах 9 гомдол, мэдээллийг шалгав DNN.mn Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой мэдээлэл өгөх утасны дугаарууд DNN.mn ОХУ цөмийн зэвсгийн байгууламжуудын үзлэгийг түр зогсоосноо мэдэгджээ DNN.mn Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах инженерийн дэд бүтцийн ажлыг баасан гаригт эхлүүлнэ DNN.mn Замын төлбөр хураах цэгүүдийг цахимжуулснаар одоогийн орлого 30 хувиар нэмэгдэх боломжтой DNN.mn Монгол Улсад долдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд гадаадын 121.741 жуулчин иржээ DNN.mn Энхтайваны гүүрний зүүн талаас Махатма Гандийн гудамж хүртэлх замыг 2 хоног хаана DNN.mn Гадаад улсаас ирж буй зорчигчдын анхааралд DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан Хонконг гаднаас ирж буй иргэдийг ажиглах байранд 3 хоног тусгаарлахаар болжээ DNN.mn АТГ: Төрийн албан хаагчийн ёс зүйд хамаарах 9 гомдол, мэдээллийг шалгав DNN.mn Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой мэдээлэл өгөх утасны дугаарууд DNN.mn ОХУ цөмийн зэвсгийн байгууламжуудын үзлэгийг түр зогсоосноо мэдэгджээ DNN.mn Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах инженерийн дэд бүтцийн ажлыг баасан гаригт эхлүүлнэ DNN.mn Замын төлбөр хураах цэгүүдийг цахимжуулснаар одоогийн орлого 30 хувиар нэмэгдэх боломжтой DNN.mn Монгол Улсад долдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд гадаадын 121.741 жуулчин иржээ DNN.mn Энхтайваны гүүрний зүүн талаас Махатма Гандийн гудамж хүртэлх замыг 2 хоног хаана DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2013.10.27 01:10

Д.Өлзий-Орших: Цаг нь болохоор гитараа орхиод тайзнаас чимээгүй холдоно

Гитарчин, ая зо­хиогч Д.Өлзий-Орших буюу Өөжгийтэй ярилц­­лаа. Тэрээр ирэх сарын 1, 2-нд "Best of Өөжгий"  тоглолтоо хийх гэж байгаа юм. Ингээд түүний ярицла­гыг хүргэе.

-Тоглолт болоход хэд­хэн хоног үлдлээ. Бэлтгэл хангагдчихсан уу?

-Хамтлаг, дуучидтай­гаа бэлтгэл хийгээд зав­гүй л байна. Хамаг сэтгэл санаа зөвхөн тоглолт руу явчихсан. Долоо хоно­гийн даваа гаригаас эх­лээд хамтлаг, дуучидтай­гаа хуваарь гаргачихсан үзээд л байна. Мэдээж энэ тоглолт маань миний мөрөөдлийн нэг хэсэг учраас их ач холбогдол өгч, багагүй сандарч байна.

-Таны тоглолтод хич­нээн уран бүтээл­чид оролцох вэ. Зөвхөн  тоглолтод зориулж нэ­лээд хэдэн шинэ уран бүтээл хийж байгаа гэж сонссон?

-Өөрийг тань ирэхээс өмнө поп дива, МУГЖ Ж.Алтанцэцэгийн шинэ дуун дээр ажиллаж бай­лаа. Поп дивагийн маань шинэ цомогт багтах, мөн миний тоглолт дээр дуу­лагдах дуу юм. Хэд хэдэн хуучны сайхан дууг гитар дээр хөрвүүлж тоглоно. Ер нь "Best of Өөжгий" тоглолт манай рок, попын сор болсон олон сайхан уран бүтээлчид оролцо­но.

-Таныг номер нэг ги­тар­­чин гэдэг. Тэгэхээр рок попын "акул"-даа орох байх. Ер нь "акул" гэгддэг уран бүтээлч­дийн тоглолт хэр зард­лаар босдог юм бэ. Таныг тоглолтоо хий­хийн тулд байраа барь­цаалсан гэсэн яриа бай­на лээ?

-Ёстой тийм юм байх­гүй шүү. Би тэгж барьцаа­лаад байх хөрөнгөтэй ч хүн биш. Яахав Монгол­доо нэр хүндтэй гэгддэг  хамтлаг, дуучдын тоглолт хамгийн ихдээ 50 сая төг­рөгт босдог гэдэг л юм. Миний хувьд 1990 оноос хойш Монголын рок попын ихэнх уран бүтээл­чидтэй хамтарч ажилла­сан. Тиймээс энэ урла­гийн олон сайхан нөх­дийнхөө буянаар болчих байх.

Миний хувьд өөртөө тийм үнэлгээ өгөх утгагүй. Харин би хамгийн шил­дэг гитарчин гэвэл  гитар­чин Дэмчигдоржийн Гал­сан­бат гэж хэлж чадна. Харамсалтай өнөөдөр энэ эрхэм бидний дунд амьд сэрүүн байхгүй хэдий ч ард түмэн надтай санал нийлэх байх. Да­раа нь "Харанга" хамт­лагийн гитарчин Ц.Энхман­лай байна.

-"Соёмбо" хамтла­гаас анх гараагаа эхэлж байсан байх аа. Та чинь "Никитон", "Харанга" гээд жинхэнэ амьд хөгж­мийн анхдагчууд­тай нэг тайзан дээр гарч явсан хүн шүү дээ?

-Үнэхээр л өнгөрсөн 20 жилийн хугацаанд Мон­голын рок попын амьд домгуудтай хамт нэгэн тайз­наа тоглож, рок попын ертөнцөд амьдра­лаа холбосон. Учрах ёс­той хүмүүс учирч, уулзах ёстой хүмүүс уулзана гэдэг шиг Өөжгий гитар­тай учрах ёстой болоод л өнөөг хүртэл гитараас салаагүй байх. Уг нь би гитарчин болно гэж бод­дог­гүй байсан. Арван жилээ 24 дүгээр сур­гуульд дүүргэсэн юм. Зур­га­­ду­гаар анги төгстөлөө хичээлдээ бусдаасаа та­сар­хай онц сурдаг бай­лаа. Гэхдээ тооны хи­чээлд тийм ч дуртай бай­гаагүй. Геометрийн хи­чээлд нөхцөлгүй дуртай. Бас уран зохиол түүхийн хичээлд сонир­холтой. Ямар сайндаа ээж на­майг МУИС-ийн түүх юм уу,  хуулийн ангид ор гээд конкурстсан чинь үсэр­чих­сэн. Тэр үед чинь хэр­вээ элсэлтийн шалгалтад уна­сан л бол дараа жи­лийн шалгал­тыг хүлээ­хээс өөр аргагүй. Тэгээд л энэ хугацаанд хийх юм олдохгүй "Соёмбо" хамт­лагт гитарчинаар ороод л юун сурах манатай, өн­гөр­­сөн. "Соёл-Эрдэнэ" хамтлагийн гитарчин Д.Гал­­санбат надад гита­рыг мэргэжлийн түвшинд яаж сура­х­ыг зааж өгсөн. Гитараа бариад л "Ха­ранга", "Соёл-Эрдэнэ", "Өргөө", "Никитон", "Хурд" зэрэг хамтлагууд хаана л явна би тэнд л явна. Тийм л хоббитой байлаа ш дээ. -Эцэг, эхээ танилцуулахгүй юу. Гитарчин Өөжгий л гэхээс аав, ээжийг тань тэр болгон мэдэхгүй юм байна?

-Миний аав насаараа цэргийн байгууллагад ажилласан. Аав маань бурхан болоод нэлээд хэдэн жил болж байна. Харин ээж худал­дааны байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Одоо миний хүүг өсгөж байгаа буянтай хүн бий. Би хүү, охин хоёртой. Эхнэр маань бүжигчин бүсгүй.

-Тэр үед гитар моодонд ороод яалт ч үгүй гитарчин болов уу. Өөр хүчин үйл нөлөөлсөн үү?

-Угаасаа ганц тоглодог нь гитар. Намайг арван жилийн сурагч бай­хад гитаргүй, хамтлаггүй орц гэж байхгүй. Манайх 40 мянгатын байранд амьдардаг байсан юм. Болсон болоогүй бүгд л банзан гитар балбана. Би тэдний л нэг. Гитар бол хамгийн амархан хөг­жим. Гитар тоглолоо гээд хажуу айл хана нүдэхгүй, хаана ч аваад явахад авсаархан.

-Яагаад заавал орцонд гитар тоглодог байсан юм?

-Орцонд орон зай ихтэй. Гитар тоглоод дуулахад цуурайтаад  их гоё сонсогддог байсан байхгүй юу.  Галсанбат, Энхманлай, Батчулуун ах нарыг чинь жинхэнэ  шүтнэ. Тэдний дууг дуулна. Дуурайж хувцаслана шүү дээ.

-Хаянхярваа гуайд зэмлүү­лээд тайзнаас хөөгдөж байсан гэдэг юм билээ. Тэр хэдэн онд юм бэ. Тухайн юу болсон юм?

-1984 онд "Солонго" хамтлагт байхад Батболд багш бидэнд хамтлаг чухам ямар байх ёстойг их зааж, зөвлөгөө өгдөг байсан. 1987 онд байх аа нийслэлийн аварга хамт­лаг шалгаруудах тэмцээн болсон юм.  Тэмцээн болохыг сонсоод хөгжим сонирхдог гэсэн баахан хүүхдүүд нийлээд хамтлаг бай­гуул­лаад авлаа. "Номин" хамтлагийн дуучин Раваа агсан бөмбөрчнөөр, дуучин нь "Элькондор"-ын Цогоо, манай Томоо гээд найз, би басс гитарчин гээд бараг долоо, наймуу­лаа хөлбөмбөгийн баг аятай  хамт­лаг байгуулаад өнөөх тэмцээнд орчихсон. Тухайн үед  тайзан дээр "The Beatles" хамтлагийн "Let it be" гээд дуулсан. Дараа нь "Сэтгэмж" гэж дуугаа дууллаа. Тэгсэн шүүг­чээр сууж байсан Хаянхярваа гуай "Одоо болно. Та нар ор" гээд хөөгдөөд тайзнаас бууж байсан.

-Юунаас болоод загнуулсан юм бэ?

-Яахав тэр үеийн хамтлагууд нэгэн жигд ёслолын хувцастай тайзан дээр гардаг байсан юм. Гэтэл бид нар  ноосон цамц, жин­сэн өмдтэй тайзан дээр гарчихгүй юу. Уг нь ижилсээд их дэгжин, ганган харагдаж байгаа нь тэр. Тэгсэн хөрөнгөтний хоригдлуудын хувцас өмссөн нөхдүүд гээд загнуулдаг байгаа.

-МУГЖ Сарантуяагийн "Хай­рын бурхан" дууны ая таных. Одоо ч хүмүүс амандаа аялсан хэвээрээ. Энэ дуу хэрхэн төрсөн юм бэ?

-1996 онд. Нэг өдөр Ү.Хүрэл­баа­тар найрагч надад нэг шүлэг өгөөд энэнд сайхан ая хийчих гээд. Тэгээд нөгөө шүлэг миний халаас, гэрт нэлээд олон хонолоо. Тэгсэн дуу­чин МУГЖ Сарантуяа Сингапур явж шинэ цомгоо бичүүлэх гэж байгаа гэдгээ хүнээр хэлүүлсэн байсан. Нэг хэсэг манайхан чинь CD-гээ Сингапурт бичүүлдэг мод дэлгэр­чих­сэн байлаа ш дээ. Тэгээд би шөнөжин суугаад ая бичлээ. Бич­сэн аяа өөрийнхөө муу жижиг магнитфондоо бичээд сонссон чинь тийм ч муугүй шүү. Тэгэхээр нь гитараа үүрээд Сараагийнх руу гараад шидчихлээ. Ирээд Сараад сонсгосон чинь таалагдсан. "Хай­рын бурхан" ингэж л төрсөн. Клип­ний эхэнд бид хоёр "За гоё болж" гээд гарцгаадаг хэсэг байдаг ш дээ. Тэр чинь Сараагийн гэрт байхгүй юу. Гэхдээ клип нь дуунаасаа жилийн дараа цацагдсан санагдаж байна.

-Тэр жил "Пентатоник" наад­маас шагнал авсан  байх аа?

-Олонд хүрсэн их сайхан уран бүтээл болсон. "Хайрын бурхан" дуугаараа Сараа шилдэг дуучин, би шилдэг ая зохиогч шагнал авч байсан.

-Ер нь таны дуунууд тухайн дуучиндаа их тохирсон санагд­даг. МУГЖ Ариунаа дуулдаг "Чи минь", "Номин талст" хамтла­гийн "Дурлаж бичсэн шүлэг" зэрэг сайхан дуунууд бий. Гэх­дээ таныг ийм ая байна гээд бариад явдаггүй, уран бүтээл­чид таныг зорьдог гэдэг?

-Ер нь бол уран бүтээлийг цаг, минут тутамд үйлдвэрлэнэ гэж байхгүй. Би үүнийг анхаарч ажил­ла­даг. Миний энэ дууг дуулаад өгөөч гэж гуйж байсан тохиолдол ховор. Манай урлагийн хамт олон ихэнхдээ найзад нь ийм шүлэг байна, тийм санаа байна гээд ирдэг. Тухайн хамтлаг, дуучинд ямар байвал тохирох бол гэж их бодож байгаад уран бүтээл төрдөг. Уран бүтээлчид нь зориулж, сэтгэл гаргаж хийсэн бүтээл л олонд их хүрдэг юм шиг санагддаг. Гэхдээ зарим дуу үнэндээ зовж төрөх тохиолдол бий.

-Жишээлбэл?

-МУГЖ Т.Ариунаагийн дуулдаг "Харуусал харамсал" дуунд ая хийх гэж зовсон. Би өөрөө тийм өөдрөг, гуниг гутрах ер нь дургүй хүн. Гэтэл тэр дуу их гунигтай дуу. Би бүр хүчээр янз бүрийн юм бодож гуниж байж ая хийсэн. Тухайн үед юу бодсон юм бүү мэд, шөнөжин л гунигтай байдалтай байхыг хичээж билээ (инээв). Миний дуунууд гэгээлэг, хайр дурлалын сэдэвтэй байдаг шүү. Тэгэхгүй бол хар бараан нийгэмд  уран бүтээлчид нь хүртэл болохгүй, бүтэхгүй байна гээд байвал ард түмэнд уйтгартай байх болно ш дээ. Анх дуу зохиоход хамгийн их түлхэц болсон нь манай "Хөх тэнгэр" хамтлаг байлаа. Хөгж­мийн зохиолч "Хоовон" Энхбаяр, "Сахал" Пүүжээ ах, "Никитон"-ы Баачка. Мөн "Титэм" хамтлагийн Оогий, Тайвнаа хоёр. Энэ удаа­гийн тоглолтод "Титэм", "Хөх тэнгэр" хамтлаг тоглоно.

-Таны үед дуунд хориг тавь­даг байв уу. Тухайн үед улс төрийн сэдэвтэй дуу дуулахгүй гэдэг ч юм уу?

-1989 оноос хойш дуунд айхтар хориг тавихаа больсон. Уран бүтээ­лийн хориг тавих нь нэг бодлын зөв, нөгөө талаасаа буруу байсан гэж боддог. Хориг тавьснаар ая ерөө­сөө давхцаж байгаагүй. Харин өнөөдөр нэг нэгнээсээ хуулж хуул­даг болж. Тухайн үед дууны үгт хувьсгал хийсэн хамтлаг бол "Хонх" хамтлаг.  "Би ажилгүй хүн", "Хонхны дуу биднийг сэрээнэ", "Рашаантын 18" гээд тухайн нийгэмд хэзээ ч дуулагдаж байгаагүй тэр нийгмийн эмзэг сэдвийг хөндөн өөрөөр хэл­бэл "Хонхны дуу"-гаараа хувьсгал хийж чадсан. Тэдний гаргасан замаар бүх хамтлагууд явж эхэл­сэн. Харин өнөөдөр монголын рок попд жаахан ч гэсэн цензур бай­маар санагддаг. Тэгж байж л 1990 оных шиг дахин давтагдашгүй, чанартай уран бүтээл төрнө. Харин чадалтай уран бүтээлчдийг урлаг, цаг хугацаа өөрөө шалгуур болж өгдөг. "Харанга", "Никитон", "Хурд", Т.Ариунаа, Сарантуяа, Наран гээд монголын рок попын ертөнцөд хаад, хатад шиг явж ирсэн хүмүүс байна ш дээ. Гэтэл адилхан урлагт хөл тавьчихаад замаасаа сураггүй алга болсон нөхдүүд ч байна.

-Та 2003 оноос урла­гаас хөндийрсөн. Тайзаа орхихоор шийдэж байсан юм уу?

-Миний үндсэн ажил гитар тоглох. Гитараа ямар үед би орхих вэ гэхээр магадгүй цаг үе надад тэртэй тэргүй одоо чиний үе дуусч гээд хэлээд өгнө. Тэр үед л би гитараа орхиод, тайзнаас чимээгүй холдоно. Тэрнээс би ямар бөх биш одоо Өөжгий зодог тайллаа гэлтэй биш. 2003 онд хэсэгтээ уран бүтээл хийгээгүй нь үнэн. Уран бүтээл хийх ямар ч урамгүй болсон.

-Яагаад?

-Нэг хэсэг рок поп уруудаж, нийтийн дуу гээч том төрөл хүч түрж орж ирсэн. Хүмүүс рок поп, амьд хөгжмийг сонсохоо больсон. Одоо харин огт өөр. Сая гаруй хүнтэй нийслэлийн хөгжилд рок, поп хөгжим заавал байх ёстой юм болов уу. Манай рок попынхон ч уран бүтээл эрчимтэй хийж байна. Би ч гэсэн энэ давалгаанаас хоц­рох­гүйг хичээж хэд хэдэн дуу бич­лээ. Ерөнхийдөө шинэ залуу хамт­лаг дуучид надад маш их санал тавьдаг. Тэр бүр зав чөлөө олддог­гүй. Одоо харин энэ тал дээр ан­хаарч ажиллана гэж бодож байгаа. Саяхан би "Номин талст"-ын "15 жил" гээд том төсөл дээр ажилла­лаа. Шинэ СD үнэхээр гоё болсон гэж бодож байна. Удахгүй цомгийн нээлт хийх байх. Хэд хэдэн шинэ дуу багтсан. МУГЖ Ж.Алтанцэцэ­гийн шинэ цомог дээр ажиллаж байна. Бас "Гурван охин" хамтлаг­тай хамтарч ажиллаж байна. Тайз­ны арын эгнээний ажил бол маш чухал. Продюсер гэдэг бол өнөө­дөр маш эрэлттэй болоод байна. Тэгэхээр 20 жилийнхээ үр дүнг одоо л гаргах хэрэгтэй биз дээ.

-Уран бүтээлээс хэсэг хөн­дий­рөхдөө юу хийж байсан юм?

-Бааранд тоглож байсан. "Ники­тон", "Шар айраг"-тайгаа хамт бааранд л тоглож байлаа. Угаасаа найз нөхөддөө туслаад бизнес хөөе гэвч надад тийм авьяас байх­гүй юм байх биш.

-Бааранд тоглоод хэдэн төг­рөг авах уу?

-Ямар ч байсан бинзен, там­хины мөнгөө болгоод л байдаг байсан.

-Таныг сүүлд 36 мянган ам.дол­лароор гэдэсгүй их үнэтэй гитар авсан гэж дуулсан. Энэ үнэн үү?

-Худлаа. Надад тийм үнэтэй гитар авдаг хөрөнгө ч байхгүй. Яахав арваад гитар бол бий. Хамгийн үнэтэй гитар дунджаар 3200 ам.доллар л байдаг ш дээ.

-Танд нэг алдартай ногоон гитар байдаг байх аа. Ногоон өнгөтэй?

-Тэр ногоон гитар надад гом­дож, уур нь хүрдэг байх. Энэ олон жил барилаа гэж. Дээрээс нь хачин ногоон өнгөөр будаад гээд. Тэрийг анх гоё санагдаад фосфортдог ногоон өнгөөр будчихсан юм. Тай­зан дээр цагаан гэрэл тусахаар ногоон будаг нь гэрэлтээд янзтай харагдана.  

-Дуучин Сэрчмааг Өвөрмон­гол нөхөртэй нь таныг танил­цуул­сан гэдэг. Үнэн юм уу?

-Уг нь Сэрчмаа намайг 2009 онд Өвөрмонголд болсон тоглол­тынхоо гитарчнаар аваачсан юм. Тэгэхэд нөхөртэйгөө намайг танил­цуул­сан. Тэгсэн харин би айл гэр болгоод эргээд салгасан буруутан болчихсон л байна лээ.

Д.ДАВААСҮРЭН

Онцлох нийтлэлүүд