Хонгор нутгийн хоёр сум хөгжлөөрөө аймгийн төвөөсөө дутахааргүй болно


Хэзээ ажиллаж байсан нь үл мэдэгдэх эвдэрхий
уурын зуух, балгас болсон соёлын төв, сургууль. Хүн амьдардаг үгүй нь мэдэгдэхгүй
хуучны барилгууд. Сумын төв гэхээр л ийм
дүр зураг толгойд өөрийн эрхгүй бууна. Монголын 21 аймгийн 360 гаруй сумын алинд
нь ч очсон иймэрхүү өнгө төрх угтдаг гээд хэлчихвэл нэг их буруутахгүй байх. Харин
Баянхонгор аймгийн Баянлиг сумаар ороход дээрх бодлууд тархинаас ул мөргүй арчигдах
нь тэр. Шөнийн 03.00 цагийн орчимд тус сумын нутаг дэвсгэрт бидний хэдэн нөхөд
дөрөө мулталлаа. Хаана юу байгаа нь мэдэгдэхгүй сумын төвийн амьдралыг олж харах
нь битгий хэл хажуугаар нь олохгүй зөрөөд явсан тохиолдол олонтаа. Тэгвэл энд арай
өөр. Төвийн зам дагуу гэрэлтэх цэлийсэн гэрэл сумын төвийг бага ч гэсэн гэрэлтүүлнэ.
Цөлжсөн
газраар олон зуун километр давхиж яваад Баянлиг суманд ирэхэд бараг л аймгийн
төвөрхүү том сууринд ирсэн юм шиг санагдсан. Тус суманд бүтээн байгуулалтын ажил
ид өрнөж байна. Энэ жилээс "Шинэ сум төсөл" хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд эхний ээлжинд
Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан хоёр сумыг сонгож хөгжлийн цоо шинэ түвшинд
хүргэхээр зорьсон аж. Өнгөрсөн тавдугаар сараас эхлэн албан ёсоор бүтээн байгуулалтын
ажлыг эхэлжээ. Баянлиг сумаас мянгат малчин олон төрж гарсан. Мал ихтэй , тэр дундаа
тэмээ ихтэй сум гэдгээрээ алдартай. Тэгвэл уг сумын урдхан хоёр, гурван давхар нийтдээ
зургаан барилга сүндэрлэжээ. Энэхүү барилгын ажлыг "Их модун", "Ти ти энд би" компаниуд
хамтарч гүйцэтгэж байгаа аж. Захиргаа, 20 ортой эмнэлэг, 640 гаруй хүүхдийн багтаамжтай
сургууль, 180 хүүхдийн цэцэрлэг, 150 хүүхдийн дотуур байр, соёлын төв гээд цогц
бүтээн байгуулалтыг бий болгожээ. Одоогоор бүтээн байгуулалтын ажил 80 хувьтай явж
байгаа бөгөөд он гаргахаас өмнө дуусгахаар шамдаж байгаа гэнэ. Барилгыг зөвхөн Канад
модоор, Канад технологийн дагуу барьж байгаа аж. Харин барилгад хэрэг болох төмөр
арматурыг Дарханаас авчирч байгаа юм байна. Цаг, хугацаа, эдийн засгийн хэмнэлтийг
бодож өөрсдөө цементээ зуурч, элстэй холиод эргэн тойрон дахь явган хүний зам болон
авто зам тавьжээ. Замаа дагаад бүрэн гэрэлтүүлэг хийсэн харагдсан.
Канад нь манай оронтой уур амьсгалын хувьд төстэй
учраас иргэдэд ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй гэнэ. Учир нь иргэдийн дунд мод амархан
галд шатдаг, салхи их сийгдэг гэх яриа бий. Тэгвэл "Их модун" компанийн захирал
Б.Цогтсэргэлэн үүнийг үгүйсгэж байна. Тэрээр "Энэхүү Канад мод нь галд тэсвэртэй,
дулаанаа удаан хадгалах давуу талтай. Хавартаа элсээр шуурч угалз босдог энэ нутагт
ч хамгийн тохиромжтой, найдвартай барилгын материал юм" гэв. Аймгийн төвөөс хамгийн
алслагдсан энэ сум урагшаа 200 километр дахиад Шивээ хиагтын боомттой хиллэх хэдий
ч Барилгын модоо Канадаас оруулж ирэхдээ Хятадаар дамжуулж авчирдаг юм байна. Ингэхдээ
Хятадад үйлдвэрийн дамжлагаар оруулж Монгол руу гаргадаг гэнэ. Уг нь бүтээн байгуулалт
оноос өмнө дуусах төлөвлөгөөтэй байсан ч хилээр модоо авчрах гэж хоног алддаг байна.
Тиймээс өөрсдөө үйлдвэртэй болоод Канадаас шууд модоо авчирвал цаг хугацаа, эдийн
засгийн хувьд ч асар их хэмнэлт хийж болохыг инженерүүд ярьж байна лээ. Өглөөний
жихүүн жавар хацар хайрч, амнаас гарах уур агаарт тэр дороо сарних үеэр ч тэндхийн
ажилчид ажралгүй ажлаа хийж байгааг харахад иргэн хүний хувьд бахадмаар. Учир нь
ажилчдын нэлээд хувь нь орон нутгийн иргэд гэсэн. Ажлын тохилог байр, эрүүл мэндийн
найдвартай орчин, үр хүүхдийнхээ сурч боловсрох таатай орчинг бий болгохын тулд
эцэг, эхчүүд гар бие оролцож байгаа аж. Зургаан барилгыг тойроод хүүхдийн тоглоомын
талбай, бялдаржуулах дасгалын талбай, хөлбөмбөгийн талбай байгуулжээ. Биднийг очих
үеэр сурагчдын дунд хөл бөмбөгийн тэмцээн болж байсан бөгөөд шинэхэн зүлэгжүүлсэн
талбайд наймдугаар ангийн сурагчид хөлбөмбөг тоглож, зурагтаар л харж байсан хөлбөмбөгийн
талбай нь суманд нь бий болсонд баяртай байгаагаа ам уралдан ярив. Тэд хөлбөмбөгт
дуртай хэдий ч элсэн бужигнуулан бөмбөг өшиглөхөөс хэтэрдэггүй гэнэ. Мөн сүүлийн
үеийн спорт төв шинэ барилгуудын яг гол хэсэгт баригдаж байна лээ. Хараахан барилгын
гадна ажил дуусаагүй харагдсан. Харин бүх цахилгаан, уурын зуух, халуун хүйтэн усны
системээ холбочихсон бэлэн болгочихсон байсан. Цэвэр усны нөөц сумын төвд ойрхон
байхгүй учраас хайгуул хийж байж 800 метрийн холоос усаа татаж байгаа юм билээ.
Баянлиг сумаас 300 гаруй километр зайтай Бууцагаан
сум мөн "Шинэ сум төсөл"-д хамрагдсан. Баянлиг сумыг бодвол барилгын ажил арай
хожуу эхэлжээ. Гэхдээ ирэх оны гуравдугаар сар гэхэд бүтээн байгуулалтын ажил дуусна
гэсэн. Барилгын зураг төсөл яг ижилхэн. Эмнэлгийн орны тоо, сургуулийн багтаамж
гээд. Яагаад гэхээр Бууцагаан сум, Баянлиг сум тус тус 3500 орчим хүн амтай аж.
Малчид болоод сумын төвдөө амьдардаг айл өрхийн тоо ч ойролцоо гэсэн. Бууцагаан сумын хувьд баруун бүсийн дамжин өнгөрөх
өртөө гэгддэг болохоор цаашдаа сумынхаа хөгжлийг
аймгийн түвшин, түүнээс ч илүү гаргахаар Засаг дарга Ч.Энхдалай нэлээд ажил хийж
байгаа бололтой. Нутгийн иргэд ч хичээл зүтгэлтэй гэдэг нь харагдаж байсан. Сумандаа
талхны цехтэй. Өдөртөө 150 ширхэг талх, 100 гаруй нарийн боов үйлдвэрлэж гаргаад
сумынхаа хэрэгцээг хангачихдаг гэсэн. Түүнчлэн оёдлын цехтэй. Наанадаж захаас бэлэн
дээл аваад байхгүй хямд төсөр дээл тэндээсээ худалдаад авчихна. Тус сумын иргэн
Б.Цолмон гуай насаараа гагнуур хийсэн бөгөөд шинэ бүтээн байгуулалтын ажилд цалин
хөлс авахгүйгээр тусалж байгаа юм билээ. Бүр нутгийн ахмадуудаа уриалаад хавар мод
тарихаар төлөвлөсөн байна лээ. Б.Цолмон гуай "Сумын хөгжилд төр засгаас анхаарч
том бүтээн байгуулалт бий болгож байна. Нутгийн иргэд бид үнэхээр нар гарч байна.
Хэзээ биелэхгүй гэж бодож байсан паартай байшин, паалантай жорлонтой болж болох
ойрхон байна. Тиймээс бид ч гэсэн хүний өгсөн юмыг алгаа тосоод зүгээр авч суухаар
хуруу нэмэрлэх юмсан гэж хичээж байна" хэмээн их сэтгэл хангалуун ярьж байсан.
Үнэхээр ч бидний мэдэх сумын амьдрал орчин цагийн
төрхөндөө орж эхэлжээ. Гэхдээ дээрх хоёр сумыг нийтдээ 20 тэрбум төгрөгөөр ийн шинэ
сум болгож байгаа. Гэтэл нийслэлд хэдэн тэрбумаар ганцхан барилга бариад зогсч байна.
Хөдөөд хотоос ялгагдах нь ард түмэн нь амар амгалан, замын түгжрэл, элдэв стресс
гэж алга. Гагцхүү тэд хотын хөгжил дэвшил рүү тэмүүлж байсан бол одоо хаяанд ирлээ.
Хоёр сумын хэмжээнд 50 гаруй айл Канад модоор хувийн хаус бариулах хүсэлтээ өгөөд
байгаа гэсэн. Тэднийг ипотекийн зээлд хамруулах бодолтой байгаа бөгөөд урьдчилгаа
15 сая төгрөг өгөөд хотынхноос дутахааргүй тансаг харштай болчихно. Малчдын хувьд
хоёр давхрынхаа цонхон дээрээс хээрт бэлчээрлэх
малаа дурандаад суух цаг ойрхон байна. Засгийн газрын зүгээс ирэх оны төсөвт "Шинэ
сум төсөл"-ийн хүрээнд арваад суманд мөн ийм бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн
байна.
Д.ДАВААСҮРЭН