Гоё хаалганд их мөнгө зардаг засаг ноёд


Саяхан хөдөөгүүр ажлаар нэлээд
хэд хоног явлаа. Олон ч газраар орлоо. Хараад байх нь ээ аймаг гэлтгүй сумд
хүртэл ороход угтдаг, явахад үддэг хаалгатай болжээ. Буянт-Ухаагаас нийслэл рүү
ороход "Тавтай морилно уу" гэсэн хаалга угтдаг шүү дээ. Харин хотоос гарахад
нөгөө талд нь "Аян замдаа сайн яваарай" гэсэн бичигтэй байдаг. Яг үүнтэй
адилхан хаалга Баянхонгор, Дорноговь гээд бараг бүх аймагт харагддаг. Тэгвэл одоо
бүр сум болгон ийм хаалгатай болох сурагтай. Аймаг, сумдын Засаг даргын албан
тушаалд дэвшсэн хүн бүр энэ хаалгыг л бүрэн эрхийнхээ хугацаанд барих
төлөвлөгөөтэй гарч ирдэг гээд дүгнэчихмээр олон хаалга энд тэндгүй байна. Уг нь
засаг дарга нар ажиллаж байгаа газрынхаа хөгжлийн төлөө олон гоё амлалтыг нутаг
усныхандаа өгч байж дарга болдог. Сум, аймгийн чигийн заасан самбар бол өөр хэрэг л дээ. Алсын замд
гарсан хүмүүс төөрөхгүйн тулд ийм самбаруудаар явах замаа баримжаалдаг. Харин
хаалга бол самбараас өөр. Ядаж л хэдэн саяар яригдах хөрөнгө хэрэгтэй. Загвар
хийц, энэ тэрийг нь харахад тийм ч хялбархан босчих эд биш нь бараа сүрнээс нь
тодорхой харагддаг. Хаалга барих мөнгөнийхөө хэсэгхэнээр самбар босгоод
ихэнхээр нь нөгөө барина, босгоно гэж амласан бүтээн байгуулалтаа хиймээр
санагдах юм.
Тэгж тэгж эцэст нь
дөрвөн жилийн дараа эрхээ өгөх болохоороо бүтээн байгуулалт гээд нөгөө сүрлэг
том гоё хаалгаа яриад сууж байвал ёстой нөгөө онигоо гэдэг нь болох байх. Нутгийнхан
нь лав их мөнгө зарж хийсэн гоё хаалгыг нь өөрсдөдөө хэрэгтэй юм гэж харахгүй.
Орон нутагт үүнтэй
холбоотой нэг явган шог гарсан байна лээ. Аль ч юм бэ нэг сумын Засаг дарга
хотоос очсон нэг танилтайгаа ярьж байна гэнэ. "Суманд өөрсдөө захиран зарцуул
гээд 500 гаруй сая төгрөг өгчихлөө. Найз энэ их мөнгөөр юу хийх ээ
мэддэггүй, юу хийх үү саналаа хэлээч хө"
гэж. Тэгсэн нөгөө танил нь мод тарьж, жимс жимсгэнэ ургуулж түүгээрээ
бүтээгдэхүүн хийж орон нутгийнхаа хэрэгцээг хангахыг зөвлөжээ. Цаашлаад бусад
орон нутаг руу импортолж болохыг ч хэлээд өгч. Харин өнөөх Засаг дарга бодож
бодож байснаа "Мод тарилаа гэхэд хэр хугацааны дараа жимс ургах уу" гэж л дээ. Дор
хаяж тав зургаан жилийн дараа тарьсан модныхоо үр шимийг хүртэх тухай өнөөх
танил нь хэлж. Тэгсэн харин нөгөө Засаг дарга "За болъё доо. Жимс нь ургах
гэсээр байтал миний бүрэн эрхийн хугацаа дуусчих юм байна. Тэгсэн дор сумын төв
рүү орж ирэхэд угтдаг хаалга барьсан нь дээр" хэмээн ярьжээ. Уг нь танил нь
чамгүй боловсролтой, гадаад дотоодод галуу шувууны мах идсэн сэхээтэн хүн
юмсанж. Ямартай ч нөгөө сумын Засаг дарга зүтгэсэнээрээ хаалгаа барьсан гэсэн.
Д.Даваасүрэн