А.Дөлгөөн: Урлагийн томчуудтай өрсөлдөж, нэр хүндтэй шагналын эзэн болно гэж төсөөлөө ч үгүй


"UBS MUSIC VIDEO AWARDS" наадмын "Шилдэг имиж бүрдүүлэлттэй
кпип"-ээр рэппер А.Дөлгөөний "20 нас"
дуу шалгарсан байна. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Юуны өмнө баяр хүргэе. "20 нас" дуу таны анхны бие даасан уран бүтээл байх аа?
-Баярлалаа. Тийм ээ. Миний анхны бие даасан уран бүтээл.
Анхны дуугаараа ийм нэр хүндтэй шагналыг хүртсэндээ баяртай байна.
-Таны өрсөлдсөн "Шилдэг имиж бүрдүүлэлттэй клип" гэсэн
төрөлд "Киви" хамтлагийн дуучин Уука зэрэг нэлээд чадвартай дуучид өрсөлдсөн.
Өөрийгөө шилдгээр шалгарна гэдэгт хэр итгэлтэй байв?
-Үнэхээр өөрийгөө энэ номинацийн эзэн болно гэдэгт итгээгүй.
"Киви" хамтлагийн Уука эгч, дуучин Цэлмүүн эгч гээд ямар ч байсан тав,
зургаан мундаг уран бүтээлч байсан. Харин намайг бодвол өөрийн гэсэн хийсэн
бүтээсэн зүйлтэй, хэдийнэ олны танил болсон ах, эгч нартайгаа өрсөлдөж, нэр
дэвшсэндээ баярлаж байсан. Гэтэл "20 нас" Дөлгөөн гээд миний нэрийг тайзан
дээрээс дуудахад үнэхээр чихэндээ итгээгүй шүү.
-Өөрийнхөө нэрийг сонсоод хэр их догдлов?
-Үгээр хэлэхийн аргагүй сандарсан. Би ёслолоос бага зэрэг
хоцорч очсон юм. Тэгээд арай гэж яарч, сандарч байж суудалдаа суутал тайзан
дээрээс миний нэрийг дууддаг байгаа. Нэрээ сонсоод шууд тайз руу эргээд
гарсан. Үнэхээр төсөөлөө ч үгүй байсан хүн чинь шагнал авахаар сэтгэл хөдлөл
дээд цэгтээ хүрч их сандардаг юм билээ.
-Дандаа л хит дуунуудтай өрсөлдөж гарч ирсэн байна. Тэгэхээр
клипний чинь имиж юугаараа давуу болсон
юм бол оо. Клипнийхээ имижийг өөрөө гаргасан гэж сонссон?
-Би нэг ийм дуу хиймээр байна гэсэн санаагаа продюсертоо
хэлсэн. Бас хувцаслалт, клипний хэв маяг ийм байвал зүгээр гэж. Миний бодлоор
хувцаслалт, үсний засалт зэрэг нь арай содон байсан юм болов уу. Дал, наяад оны
хип, хоп стилийг тусгаж өгөхийг хичээж, тухайн үед моодонд орж байсан мөрөвчтэй
жийнсэн өмд зэргээр гангарсан. Тэгэхээр сүүлийн үеийн клипнүүдээс арай өөр
санаа харагдсан нь хүмүүст хүрсэн байх. Ямартай ч миний клипт хамтран ажилласан
бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна.
-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна. Продюсероор тань
хэн хамтарч ажиллаж байгаа вэ?
-"Pro sounds"-ын ая зохиогч "Ocean Grey" студийн Ариука ах
миний продюсер. Ерөнхийдөө намайг уран бүтээлийн талаас чиглүүлж өгч байгаа гол
хүн.
-Ихэнх рэппер дууныхаа үгийг өөрөө бичдэг. Харин өөрийн тань
дууны үгийг Цэцэ буюу Цэцэнбилэгтэй
бичиж байгаа гэсэн?
-Ер нь өөрөө дууныхаа үгийг бичихийг хичээж байна.
Гэхдээ эх орноосоо хол Солонгост олон жил амьдарсан болохоор зарим санаагаа
үгээр бүрэн илэрхийлж чадахгүй хүндрэл гардаг. Тийм болохоор Цэцэ ах надад
дуугаа хэрхэн дуулах, хүн сонсоход яаж наалдацтай болох тал дээр зөвлөгөө
өгдөг. Дууны үг дээр нэлээд сайн зөвлөгөө өгч байгаа шүү. Яваандаа дажгүй болох
байлгүй.
-Эмэгтэй рэпперчин гэдэг утгаараа таны уран бүтээлээс
гэгээлэг зүйл цацарч байх шиг. Тэрнээс рэпперүүдийн дуу ихэвчлэн нийгмийг
шүүмжилсэн хандлагатай санагддаг?
-Сайн мэдэхгүй юм. Тухайн хүний сэтгэлгээ, нийгмийг үзэх
чиг хандлагаас шалтгаалах байх. Магадгүй би ч гэсэн цаашдаа тийм уран бүтээл
хийхийг үгүйсгэхгүй. Гэхдээ миний анхны уран бүтээл үнэхээр цоглог хэмнэлтэй л
дээ. Ер нь миний зан чанартай их холбоотой. Өөрийнхөөрөө чөлөөтэй байхыг
илүүд үздэг. Гаднах төрх, байдал ч нэг тийм эршүүд хандлагатай, бас бүдүүн,
баргил маягийн хоолойтой болохоор хүмүүст өвөрмөц сонсогдож их хүрдэг юм шиг
байгаа юм.
-Та энэ жилийн "Univers Best Songs" наадамд гуравдугаар
байрт орсон. Ер нь энэ наадмаас хойш өөрийг тань хүмүүс таньдаг болсон уу?
-Тийм. Энэ наадамд орсон минь үнэхээр зөв шийдвэр байсан.
Тэмцээнд орохын тулд гэр бүлээ орхиод Монголд ирсэн. Солонгост 12 дугаар ангиа
төгсөөд их, дээд сургуульд оролгүйгээр хамаг зүйлээ орхиод ирсэн. Олон
авьяастай, чадвартай хүүхдүүдтэй өрсөлдөнө гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг
байлаа. Гуравдугаар байрт орсондоо баяртай байгаа шүү.
-Уг нь үзэгчид өөрийг тань түрүүлнэ гэж нэлээд итгэлтэй,
дэмжиж байсан гэсэн?
-Надад түрүүлчих юмсан гэсэн бодол байсан уу гэвэл байсан.
Мэдээж ямар ч хүн тэмцээнд орохдоо түрүүлэх л гэж ордог биз дээ. Гэхдээ гуравдугаар байрын шагнал ч миний
хувьд том шагнал. Энэ удаагийн наадамд түрүүлсэн Эрдэнэцэцэг үнэхээр гоё
дуулдаг охин. Харин миний дуулж байгаа байдал нь үзэгчдийг илүү татсан юм шиг
байна лээ. Тэмцээний дараахан нэг эмээ таараад "Чи нөгөө үглэдэг охин мөн үү.
Ёстой гоё дуулсан шүү" гэж хэлсэн ш дээ.
-Эхний шалгаруулалтад арай өөр дуу дуулаад хасагдах дөхсөн.
Яагаад гэнэт үглэхээр шийдсэн юм бэ?
-Эхний шалгаруулалтад хөгжимгүй дуулдаг даа. Тийм болохоор
үглэснээс сонсоход уянгалаг дуу дуулсан нь дээр гэж бодсон юм. Тэгсэн
шалгаруулалтын үеэр сандраад тааруухан дуулчихсан. Тэгсэн намайг хангалтгүй
байна гэдэг байгаа. Тэгэхээр нь арай өөр авьяасаа харуулъя гэж бодоод
үглэчихсэн.
-Тийм үү. Тэр дуугаа өмнө нь бэлдэж байсан хэрэг үү?
-Үгүй ээ. Тухайн үед дуулсан дууг өмнө нь зөндөө сонсдог
байсан. Тэгээд цээжилчихсэн байсан. Бүр амнаас гардаггүй дуу байдаг даа.
Шүүгчдийн өмнө сандарсан үед гэнэт л тэр дуу аманд ороод ирсэн /инээв/. Тэгсэн
харин шүүгчид "wow" гээд л гоё хүлээж авсан.
-Тэмцээнд оролцсоноосоо хойш "Гурван охин" хамтлагтай
хамтарч дуулсан харагдсан. Сүүлийн үед өөртөө чинь хамтарч дуулах сонирхолтой
хамтлаг, дуучид их байгаа гэж сонссон?
-"Гурван охин" хамтлагийн эгч нартай хамт "Аморе" гээд дууг
дуулсан. Саяхан "TV5 Cluod"-ын рекламны
дууг дуулсан. Хүмүүст нэлээд хүрсэн юм шиг билээ. Тэгээд амжилтаа ахиулах
бодолтойгоор анх удаа бие дааж "20 нас" дуугаа гаргаад клипжүүлсэн нь сая нэр
хүндтэй шагналыг надад авчирлаа. Ийм нэр хүндтэй шагналыг цаашдаа дахин олон
сайн уран бүтээл хийгээрэй гэсэн асар том хариуцлага дагаж ирлээ гэж би ойлгож
байгаа. Хамтарч ажиллах санал тавьсан уран бүтээлчид бий. Дандаа миний хүндэлж
явдаг хүмүүс. Даанч продюсерынхоо зөвлөснөөр өөрийн гэсэн ганц хоёр дуутай
болчихоод хүмүүстэй хамтарч ажиллах нь зөв санагдаад байгаа. Тэрнээс биш дуучин
Б.Амархүү, рэппер Цэцэ ах, Rokit Bay гээд олон хүнтэй хамтарч дуулах бодол
байна. Саяхан "Code 26" хамтлагийнхан тоглолтон дээр дуулж өгөөч ээ гэсэн
хүсэлт тавьсан.
-Одоо ямар уран бүтээл хийж байна?
-Шинэ жилийн дуу гаргахаар завгүй гүйж байгаа. Оноос өмнө
бэлэн болох байх. Ёстой гоё дуу гаргана гэдгээ та бүхэндээ амлая. Мөн ирэх
зунаас цомог гаргах бодолтой байна.
-Дуулахаас өөр хобби бий юу. Хараад байхад их шивээстэй юм
аа?
-Би шивээс хийх дуртай. Энэ чиглэлээрээ бага, сага сурсан.
Миний зүүн гар дээрх бадамлянхуа цэцэгний шивээс байна. Хүнээр хийлгэсэн л
дээ. Зөвхөн усан дээр ургадаг гэхээр нь гоё санагдаад хийлгэсэн юм. Тэгээд
бас микрофон, од гээд янз бүрийн л шивээс хийлгэсэн. Хэрэв мөрөөдөлтэй бол биелнэ гэсэн бичиг
хүртэл байгаа. Янз бүрийн шивээс хийлгэсэн болохоор хайнга харагддаг байх.
Ер нь бол би зурах их дуртай шүү.
-Таныг солонгос эцэгтэй, монгол эхтэй гэсэн яриа бий. Гэр
бүлээ танилцуулахгүй юу?
-Харин хүмүүс тэгж яриад байна лээ. Уг нь би цэвэр монгол
цустай охин ш дээ. Би 1991 оны гуравдугаар сарын 18-нд төрсөн. Миний аав монгол
хүн. Намайг бага байхад аав маань өвчний улмаас бурхан болсон. Тэгээд ээж
маань амьдралын эрхээр ганц охиноо тэжээхийн тулд Солонгос руу ажил хийхээр
явсан гэсэн. Харин тэнд очоод ээж сайн хүнтэй учирч одоо бид хэд сайхан амьдарч
явна.
Тухайн үед би есөн настай байсан учраас их тод санадаг. Хэдий
хойд эцэг ч гэсэн намайг аав маань өдий зэрэгтэй хүн болгож өсгөсөн. Би та
нарынхаа итгэлийг алдахгүй нэртэй дуучин болох болно гэж хэлмээр байна.
-Гэрийнхэн чинь хэр дэмжиж байна. Монголд хамт амьдарч
байна уу?
-Би нэг дүүтэй. Манай гурав Солонгост амьдардаг. Би энд
хамаатныдаа байгаа. Ээж өөрөө дуучин болно гэж мөрөөддөг байсан болохоор тэр
хүслээ надаар биелүүлэхийг хүсдэг юм шиг билээ. Их дэмжинэ. Харин аав болохоор
урлагийн замаар явна гэдэг хэцүү гээд дурамжхан байсан. Харин одоо бол
бүгдээрээ их дэмжиж байгаа.
-Гэрийнхнийгээ санаж байна уу?
-Саналгүй яахав. Дүүгээ их санаж байна. Заримдаа кино үзэж
байгаад дүүгээ бодохоор тэвчихгүй уйлчихдаг.
-Солонгост олон жил болсон мөртлөө тэндхийн хамтлаг дуучдыг
сонсдоггүй юм шиг санагдлаа. Яагаад тэр вэ?
-Миний сонирхдоггүй стиль. Солонгос охид, хөвгүүдийн
хамтлагийг сонсохыг ч хүсдэггүй, сонсож ч байгаагүй. Харин манай охид солонгос
хамтлаг гээд хуйлардагт нь их гайхсан шүү. Зурагтаар тэдний дуу явж байхад би
харахыг ч хүсдэггүй. Яагаад ч юм би тийм хөгжмийн төрөл биш арай өөр, барууны
хөгжимд илүү дуртай. Цаашдаа Нигер рэпперүүдийн хэв маягаар үглэнэ гэж бодож
байгаа.
-Солонгост хэр олон найзтай байв?
-Солонгост олон жил амьдарсан ч гэсэн тоотой ганц, нэг сайн
найзтай байсан. Солонгос хүүхдүүдтэй
тийм ч нээлттэй найзлаад байхгүй. Үзэл бодол, сонирхол таарахгүй таарамж
муутай байх үе гарна. Харин Зулаа гээд
монгол охинтой их найз. Арваад жил найзалсан. Хамтдаа чөлөөт цагаараа кино үзэх
дуртай. Залуучуудын л адил сахилгагүйтэж караокед дуулж цагийг өнгөрөөнө дөө.
Монгол хүүхдүүд солонгос хүүхдүүд шиг эмзэг, турьхан биш. Бодож санаж байгаа
зүйлээ шууд хэлж, илэрхийлдэг санагдсан.
-Эх орондоо ирээд олон найзтай болсон биз дээ?
-Тэгэлгүй яахав. Монголдоо ирсэн чинь үеийнхнийгээ танихгүй
ч гэсэн их дотно санагдсан. Энд ирээд зөндөө найзуудтай болсон. Охидын "Honey
moon" хамтлагийн дуучин Золоотой сайн найз болсон. Адилхан хүсэл сонирхолтой
болохоор их сайхан санагддаг. Бас эмч мэргэжлээр сурдаг Урнаа гэдэг найзтай
болсон. Бүгд надтай адилхан өөрийнхөөрөө илүү, дутуу зангүй болохоор санаа нийлдэг. Мөн модель Ээгий гээд залуу байна.
-Цаашдаа эх орондоо амьдарна гэж бодож байгаа юу?
-Би Солонгос иргэншилтэй. Монголд байх визний эрх гурван
жилийн хугацаатай. Ер нь нэгмөсөн эх орондоо ирэх бодолтой байгаа.
-Найз залуутай юу?
-Одоохондоо найз залуу байхгүй. Завгүй ч байна. Тийм бодол ч
алга.
Д.ДАВААСҮРЭН