Өөрөөсөө гэрэлтдэг мөсөн хотхонд багачуудын хөл тасарсангүй


Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр
"Москва" хорооллын баруун талд мөсөн хотхон баригджээ. Өвлийн улиралд хүүхэд багачууд
тоглоомын талбай гэхээсээ илүүтэйгээр мөсөн дээр гулгах, цасаар өвгөн хийж тоглох
дуртай байдаг. Харин манайд ийм боломж хомс. Хаа нэгтээ байгууллагуудын үүдэнд
харах зориулттай хэдэн мөсөн дүрс хийдэг. Түүнийг нь хүүхдүүд шохоорхож, нүд
унагана. Харж хэд тойрохоос өөр яах ч билээ. Тэгвэл дээрх мөсөн хотхонд хүүхдийн
хөл тасрахгүй байгаа аж.
Өнгөрсөн пүрэв гаригт албан ёсоор
нээлтээ хийсэн энэхүү мөсөн хотхоныг "Талх чихэр" компани өөрсдийн санхүүжилтээр
барьсан юм байна. Төв зам дагуу буюу хүмүүсийн сайн мэдэхээр "Хаан хүнс" компанийн
хажуу талд юм. Мөсөн хотхоны үүдээр ороход хүүхэлдэйн кинон дээр гардаг шиг үлгэрийн
ордон руу орох мэт хаалга угтах аж. Цаашлаад хөтөлгөө цаа буга, цан чарга хөлөглөөстэй
харагдана. Хүүхдийн кино, үлгэр, зохиолд гардаг шидэт сахиусан тэнгэр байдаг.
Тэгвэл энд сахиусан тэнгэрийн далавчийг жижиг том хоёрыг урлажээ.
Зөвхөн далавч урласан учир нь гэвэл хүүхдүүд урд нь очоод зогсохоор өөрсдөө сахиусан
тэнгэр мэт харагдах зориулалттай ажээ. Бага насны хүүхдүүдэд тохирохоор сахиусан
тэнгэр ч тэнд байна. Сахиусан тэнгэрүүдийн цаахна өөд өөдөөсөө харсан хоёр гулсуур
хийжээ. Ингэхдээ нэг нь арай өндөр, нөгөөх нь арай бага гулсуур байх. Тав, зургадугаар
ангийн хүүхдүүд арай учир мэдэх болохоор эгц уруу гулсах, том гулсуур дээр чөлөөтэй
тоглож болно.
Харин бага балчир дүү нар нь тэдний
хөлд гишгэгдэх гээд тааваараа гулгаж ч чадахгүй гэдгийг бодолцож бяцхан гулсуур
хүртэл хийсэн юм билээ. Том гулсуурт сургуулийн насны хөвгүүд их харагдсан.
12-15 настай болов уу гэмээр гурван хөвгүүн гулсуур руу нэг нэгнийгээ түлхэн инээлдэж,
цуварч гулсах мөртлөө гулсуурын төгсгөлд тосч зогсох үеийнхээ охидын үс, хувцаснаас
нь чангаана. Харин наад жижиг гулсуур дээр дөрөв, таван настай гэмээр жаалууд гулсах
бөгөөд ээж, аав нь гарнаас хөтөлж, байнга дагах аж. Мөсөн охид урлахдаа орос маягийн
алчуур, хувцастай хийжээ. Хэдий тунгалаг, цаана байгаа зүйл нь харагдах юм шиг
боловч яг хүүхдүүд зургаа авахуулахаар ард зогсоход зөвхөн царай нь л харагдана.
Аав, ээж, ах эгч нар нь хүүхдийнхээ зургийг утсаар дарж, найзуудаараа яваа нь нэгнийхээ
зургийг дарж хөгжилдөцгөөх аж. Талбайг хүрээлсэн хашаа нь хүртэл мөс. Мөн л дотроосоо
тунгалагтаж гэрэлтэнэ. Харин талбайн голд бялууны дүрстэй мөсөн баримал байх бөгөөд
ногоон өнгийн гэрэл цацарна. Гадаа оройн 19.00 цаг өнгөрч, жихүүн салхи хацар зүсч,
амнаас уур савсаж байсан ч хүүхдүүд хүйтнийг үл ажирч хөгжил хөөр болно. Бүр хүрэмнийхээ
энгэрийг задгайлчихсан гүйлдэх хүүхдүүд харагдав. Нэг тоглоомоос нөгөө рүү шилжихдээ
тэдний нүд улам сэргэж, гэрэлтэнэ. Эцэг, эхчүүд ч гэсэн гэрийнх нь ойр хүүхдүүд
тоглох боломжтой газар нээгдсэнд сэтгэл хангалуун байгаагаа ярьж байлаа. Энэхүү
мөсөн хотхоныг 58 сая төгрөгөөр барьсан гэсэн. Хотхоны ерөнхий зургийг "Талх чихэр"
компани гаргасан бол барих ажлыг нь Соёлын тэргүүний ажилтан уран сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнэ
хариуцаж гүйцэтгэжээ. Мөсөн хотхоны барималуудыг нийт 14 хүн урласан гэнэ. Уран
барималч Ц.Мөнх-Эрдэнэ өөрийн "Dazzler design" ХХК-ийнхаа хиймэл нуурнаас зөөжээ.
Өөрөөр хэлбэл хиймэл тогтмол усанд мөсөө хөлдөөж авчирвал баримал барихад тохиромжтой
гэнэ. Хэрвээ баримал хийх явцдаа мөсөө жаахан ч гэсэн цуулчихвал цаашдаа ашиглах
ямар ч боломжгүй болдог талаар уран сийлбэрч тайлбарлаж байсан. Ан цав гарсан тохиолдолд
хэдий баримал барьж болох ч гарын ая даалгүй бутраад уначихдаг байна. Мөсөн хотхоныг
хийхэд 120 орчим тонн мөс орсон бөгөөд 16 хоногийн дотор барьж дуусгажээ. Хамгийн
гол нь мөсөн хотхоны баримал бүр өөрөөсөө гэрэлтэх бөгөөд ийм дизайнтай хийхийн
тулд 530 метр лед гэрэл орсон юм байна. Зөвхөн өдрийн цагаар гэлтгүй оройн цагаар
тоглох нөхцлийг бүрдүүлж өгснөөрөө их онцлогтой юм билээ. Нийслэлд байгаа хүүхэд
тоглочих газрууд нь хотын төвд байдаг. Тэгвэл энд хотын захын хүүхдүүд ирээд тоглох
боломжтой аж. Орой 21 цагийн орчимд мөсөн хотхоны хүүхэд багачууд цөөрөх бус харин
ч нэмэгдэж байлаа. Гэхдээ ихэвчлэн эцэг, эхтэйгээ явж харагдсан. Мөсөн хотхон ямар
ч үнэ төлбөргүй. Он Гаргаад цагаан сарын уур амьсгалыг тусгаж өөр барималууд барих
аж. Үүнээс гадна "Скай" их дэлгүүрийн өмнөх талбайд бас нэгэн мөсөн хотхон баригдаж
байна лээ. Өмнөхийг бодвол арай талбай жижиг, бас барималууд нь гэрэлтдэггүй. Гэхдээ
тэнд багачуудын сайн мэдэх Шрек, Цасан гоо ба долоон одой зэрэг үлгэрийн баатруудыг
урлаж байна. Хэмжээний хувьд зарим баатрууд нь том хүнээс ч өндөр юм билээ. Хэзээ
ашиглалтад орох нь тодорхойгүй байна. "Скай"
дэлгүүрийнхэн хөрөнгө зарж босгож байгаа гэнэ. Энэ жилийн хувьд хүүхэд багачуудын
хувьд тоглох мөсөн барималтай талбай нэлээд хэд хэдэн газар нээгдэх бололтой. Маргааш
гэхэд л төв талбай дээр хоёр том мөсөн гулгуур ашиглалтад орох юм байна.
Д.ДАВААСҮРЭН