Ш. Доржсүрэн: Шаардлагатай бол дуучин Д.Болд биш би хариуцлага хүлээх болно


Соёлын тэргүүний ажилтан,
DOZ энтертайнментийн захирал Ш.Доржсүрэнтэй ярилцлаа.
-Танай энтертайментын "Кино шиг амьдрал" кино үзэгчдийн
хүртээл болоход бэлэн болсон гэлээ. Хэзээ нээлтээ хийх гэж байна?
-Манай энтертайментын уран бүтээлчид "Кино шиг амьдрал" гээд
шинэ уран бүтээл дээр ажиллаад бэлэн боллоо. Продюсероор нь манай эхнэр Соёлын
тэргүүний ажилтан А.Мөнгөнзул ажилласан. Одоо зөвхөн үзэгчдэд хүргэх л үлдээд
байна. Шинэ уран бүтээлийн нээлт өнөөдөр "Тэнгис" кино театрт 16 цагаас болно.
"Кино шиг амьдрал" хэмээх киног үзэгчид та бүхэн үзэхэд ямар ч байсан
уйдахааргүй, сонирхолтой уран бүтээл болсон гэж хэлмээр байна. Түүнчлэн он
гарахаас өмнө эцэг эхгүй асрамжийн хүүхдүүдэд киногоо үнэгүй үзүүлэх бодолтой
байгаа.
-Кино зургаа Вьетнамд авсан гэж сонссон. Зураг авалтыг хэр хугацаанд хийсэн бэ?
-Тийм ээ. Киноны үйл явдлын 90 хувь нь ерөнхийдөө Вьетнамд
өрнөдөг. Харин үлдсэн хувь нь Монголд өрнөнө. Бид наадам дамнуулж зураг
авалтаа хийсэн. Зургадугаар сард Вьетнам явж зураг авалтаа хийгээд бараг
долдугаар сар гаргаад ирсэн байх аа.
-Өмнө нь DOZ-ынхон гадны хэд хэдэн орнуудад киноныхоо зураг авалтыг хийж байсан.
Харин энэ удаа Вьетнамыг сонгох болсон шалтгаан юу юм бол?
-Киноны үйл явц ихэнхдээ зүүдний ертөнцөд үргэлжилдэг.
Тиймээс ой ширэнгэ, далай тэнгис, олон гүнзгий агуй гээд сайхан байгаль
бидэнд хэрэгтэй болсон. Вьетнам бол энэ бүхнийг цогцлоосон сайхан газар нутагтай
байсан учраас зураг авалтаа тэнд хийсэн нь дээр юм байна гэж бид ярилцсан.
Тэгээд ч кинонд Шаолины үе, Шанхай зэргийг тусгахад Вьетнам хамгийн тохиромжтой
санагдсан.
-Киноны гол санааг онцлохгүй юу. Тулаантай гэхээр хүмүүс
зодоонтой кино гэж ойлгоод байгаа юм шиг санагдсан?
-Бид эмэгтэйчүүдийн нийгэм дэх амьдралын хүнд хэцүү байдал
болон хар тамхи зэрэг өнөөгийн нийгмийн хар барааныг тусгасан олон уран бүтээл
хийсэн. Харин энэ удаа арай хөнгөн сэдвийг сонгох нь зүйтэй гэж бодсон. Тэр
утгаараа энэ удаагийн кино тулааны урлагтай мөртлөө, инээдмийн, энимейшн
төрлийн уран бүтээл болсон. Ерөөсөө л үзэгчдийн оюуныг амрааж, амьдралын гэрэл
гэгээтэй зүйлийг харуулахыг зорьсон. Гэхдээ цаад санаа нь залуусын хайр
дурлалын талаарх ойлголтыг тодруулах зорилготой гэх үү дээ. Орчин үеийн залуус
хайр дурлалд хөнгөн, хуумгай хандаад байна уу гэсэн бодол төрдөг. Хүний сэтгэл
рүү өнгийж харж байгаа юм биш. Хайр дурлал гэдэг мөнгө, эсвэл гоо сайхан юм уу
зэрэг олон асуултаас аль болох зөв хувилбарыг нь энэхүү киногоороо дамжуулж
харуулахыг хичээлээ. Ингэхдээ хүний
амьдралын бартаатай замд хайр, дурлал тулах таяг нь байх ёстой гэдэг санааг
гаргахыг илүү хүссэн.
-Гол дүрээ хэрхэн сонгож авсан бэ?
-Киноны гол дүрийн тухайд нэлээд ярилцаж байж сонгосон. Гол
дүрийг залуу жүжигчин Р.Батхишиг, "Хэцүү анги" киноны Сувдын дүрд тоглож байсан
Э.Уянга болон Э.Чинзориг нар бүтээсэн. Анх эмэгтэй гол дүрдээ "Орхигдос"
кинонд тоглож байсан охиныг тоглуулахаар олж уулзсан. Гэвч хүний нутагт олон
хоног амьдарч зураг авалтад орно гэж бодохоор арай нас бага санагдсан. Жаахан
охин хүний нутагт гэрээсээ олон хоног хол байна гэдэг хүнд шүү дээ. Манай
залуус маань үнэхээр чадварлаг байсан.
-Тулаантай хэсэг багагүй гардаг гэсэн. Мэргэжлийн хүмүүсээс
тусламж авсан уу?
-Гол дүрийн жүжигчин Р.Батхишиг олон жил тулааны урлагаар
хичээллэсэн болохоор зураг авалтын үеэр бидэнд
үнэхээр асуудал байгаагүй. Хашир өөрөө ерөнхийдөө санаачлаад явчихсан.
Гэхдээ зураг авалтаа эхлэхээс өмнө Спортын төв ордонд 10 гаруй хоног бэлтгэл
хийгээд явсан. Зураг авалтын үеэр хий цохиж нэгнийгээ гэмтээх зэрэг бага сага
асуудал гарч байсныг эс тооцвол бусад зүйлд мэргэжлийн хүмүүсээс тусламж
авах шаардлага байгаагүй.
-Хоёр продакшнтай хамтарч ажилласан гэсэн. Тэндхийн кино
урлагийн хөгжил хэр санагдав?
-Социалист тогтолцоотой ч гэсэн Вьетнам улсын кино урлаг
бидний төсөөлж байгаагаас огт өөр юм билээ. Зарим зүйл дээр санаа зовох үе
байсан. Яагаад гэхээр кино урлагийн дэлхийн томоохон наадмаас олон шагнал хүртэж
байсан Дуг гэх найруулагчтай бид
хамтарч ажилласан. Тэдний техникийн үзүүлэлт, ажиллаж байгаа барил үнэхээр
өндөр зэрэглэлийнх санагдсан. Гэхдээ тийм том уран бүтээлчидтэй хамтран
ажиллана гэдэг тэр болгон олдоод байхгүй боломж болов уу. Тиймээс Дуг найруулагчтай
дахин хамтарч ажиллахаар яриад ирсэн. Мөн дууны хоёр найруулагч, туслахууд
нь вьетнам уран бүтээлчид байсан. Бусад нь манай уран бүтээлчид.
-Зураг авалтын үеэр хүндрэлтэй зүйл хэр тохиолдов. Вьетнам
маш халуун орон шүү дээ?
-Цаг агаарын нөхцөл байдал үнэндээ бүгчим, анх хүн тэвчихийн
аргагүй мэт санагдаж байсан. Дээр үед манай улс Вьетнамд тусламж хүргэж,
хонь, морь мал өгч байсан гэдэг. Тухайн үед Монголоос аваачсан хонь тэндхийн
халууныг дийлэхгүй үхэж байсан гэсэн яриа хүртэл бий. Манай кино группынхан ч
гэсэн эхлээд нэлээд хэцүү байсан. Жүжигчид маань зураг авалтын үеэр хөдөлгөөн
хийж чадахгүй гэнэт зогсчихно. Яагаад зогсчихвоо гэхээр "Дооёо ахаа шөрмөс
татчихлаа" гэх тохиолдол их гарсан. Халуун болохоор уран бүтээлчид нэлээд жин
хаяж, гар хөлийнх нь шөрмөс татах, булчин зангирах зэрэг асуудал багагүй
гарсан шүү.
-Хоол унд таарахгүй хэцүү байв уу. Ер нь вьетнамчууд
ямархуу амьдралтай юм байна. Бид машин засварчдаар л Вьетнамыг төсөөлдөг
шүү дээ?
-Бид Вьетнамыг хөгжил буурай орон гэж төсөөлж байсан. Яг
очоод харсан чинь маш хурдацтай хөгжиж байгааг мэдэрсэн. Үнэнийг хэлэхэд
жаахан атаархсан. Манай улс ч гэсэн ингэж хөгжиж яагаад болохгүй гэж өөрийн
эрхгүй бодогдсон. 80 гаруй сая хүн амтай. Юмны үнэ хямдхан. Францын колончлолд
олон жил байсан учраас хоол хүнс нь Европ маягийн чанартай хүнс хэрэглэдэг.
Тийм болохоор бидэнд хоол таарахгүй гэсэн зовлон байгаагүй. Өглөө болгон шинэ
хүнс хэрэглэнэ. Дугуй мотоцикль бол иргэдийнх нь өргөн хэрэглээний унаа. Ерөнхийдөө
чанга орилж хашгирсан хүмүүс юм билээ.
Харин гадны орноос хүн ирвэл хуурч, мэхлэх муу талтай санагдсан. Гэхдээ биднийг
монголчууд гэхээр маш сайхан угтаж байсан шүү.
-Гэр бүлээрээ уран бүтээл хийгээд явахаар хэр хүнд байдаг вэ.
Зураг авалт гээд олон хоногоор хоёулаа эзгүй байхаар ...?
-Тэгэлгүй яахав. Ямар сайндаа одоо болтол охиныхоо гацуур
модыг засч өгч амжаагүй байна. Охин маань "Аав хэзээ ёолкоо засах юм бэ" гээд л
асуух болсон. Тэднийх ёолкоо зассан байна лээ, эднийх ч ёолкоо зассан байна
гээд л хөөрхий их шаналгаж байгаа. Зулаа бид хоёр уран бүтээл гээд завгүй явдаг
болохоор аав, ээж нар маань л ар гэрийг минь төвхнүүлж байна даа.
-Яагаад заавал гадагшаа явж кино хийдэг юм бэ?
-Гадаад руу өндөр зардал гарган байж кино хийгээд байна
гэхээр гадаадад амьдарч байгаа иргэдийн амьдралыг гаргаж байж л эх орныхоо
сайн сайхныг илүү мэдрэх юм болов уу гэж боддог. Тэгээд ч гадны уран бүтээлчидтэй
хамтарч ажиллаж байж бид уран бүтээлийн хувьд дэвшинэ. Уран бүтээл чанаржина
шүү дээ. Тэгэхгүй энүүхэндээ эргэлдээд байвал үзэгчдэд хүртэл уйтгартай
санагдах байх.
-Эргээд зардлаа нөхөж чаддаг уу?
-Зардлын хувьд мэдээж өндөр гарна. Солонгост хийсэн
"Дүүлэн нис" кинонд гэхэд л Итали, Солонгос, Монголын уран бүтээлчдийн баг
гээд нэлээдгүй зардал гарсан. Гайхуулж байгаа юм биш. Манай энтертайменттай
хамтарч ажилладаг олон газар байна. Аль болох бүтэхээрээ тусалж ажилладаг.
Бидний хувьд үзэгчдээ гэсэн хүсэл эрмэлзэлтэй байж уран бүтээл хийдэг болохоор
үзэгчдэд хүрдэг. Ашиг орлого олох үе байлгүй яахав. Ний нуугүй хэлэхэд
заримдаа гаргасан зардлаа нөхөх бус шатах тохиолдол бий. Гэхдээ
гол нь үзэгчдэдээ чанартай уран бүтээл хүргэх нь бидний зорилго.
-Саяхан "UBS Music Awards" наадмаас дуучин Д.Болдын "Би
дурламаар байна" дуу шагнал хүртсэн. Харамсалтай нь хулгайн бүтээл гэгдэх боллоо.
Энэ дууны клипийн найруулагчаар та ажилласан байх аа?
-Тийм. Дуучин Д.Болд надад нэг дуу авчрахаар нь сонсож
үзлээ. Үнэхээр хүчтэй дуу санагдсан. Тэгээд Тансаг, Баатар гээд хоёр уран
бүтээлчтэй хамтраад бид гурав клип хийж өгсөн. Клипний санаа бол Доржсүрэн
миний санаа. Харин клипний төгсгөлд гардаг шил, хана цуурдаг хэсэг гардаг.
Үүнийг нь өөр бүтээлээс ингэж болох юм байна гэж санаа авсан. Тэрнээс хүний уран бүтээлийг хуулсан юм биш.
-Дуучин Д.Болд цахим хуудсандаа хүртэл тайлбар хийхдээ
"Хулгайн бүтээл гэвэл найруулга хийсэн DOZ-ынхонтой хариуцлага тооцох хэрэгтэй"
гэсэн байсан. Тэгэхээр та хариуцлага хүлээхэд бэлэн байгаа гэсэн үг үү?
-Үнэн зөв байх ёстой. Би үзэгчдийг хуурахыг хүсдэггүй. Харин
ч чанартай уран бүтээл хийх ёстой гэж бодож явдаг. Алдаа оноо гаргасан бол
унасан газраа хэвтээд байх биш. Босоод алдаагаа засаад цааш явах ёстой. Үнэхээр
хариуцлага хүлээх ёстой юм бол би бүрэн хүлээх болно. Дуучин Д.Болдод ямар ч
буруу байхгүй. Гэхдээ манайхан нэг юманд хэт туйлшрах юм. Сарын өмнө нь л
дуучин Д.Болд шиг сайн дуучин байхгүй
гэж байсан. Харин өнөөдөр тэрнийг газар дор ортол муулж байна. Тиймээс би
танай сониноор дамжуулж дуучин Д.Болдоос уучлалт гуйя.
Д.ДАВААСҮРЭН