Огцруулах гэж оролдох нь хүртэл шоу байх юм даа


МАН Шинэчлэлийн Засгийн газрын хоёр сайдыг огцруулах
санал гаргаж. Ч.Улаан, Н.Батбаяр хоёрыг хэд хэдэн үндэслэл хэлж огцруулахыг шаарджээ.
Төсвийн тодотголыг ирэх оны төсөвтэй хамт хийхдээ эдийн засгийн байдалд үнэлэлт
дүгнэлт хийгээгүй, төсвөөс гадуурх санхүүжилт буюу Чингэс бондыг цагаа олоогүй
гаргасан, үүнийг улсын төсвөөс гадуур зарцуулж байгаа, төсөв боловсруулахдаа Төсвийн
хүрээний мэдэгдэлд үндэслээгүй, улсын төсвийг оновчтой бүрдүүлээгүйгээс болж
1,5 тэрбумаар төсөв танагдсан гэх зэрэг үндэслэлээр огцрох шаардлагатай гэж үзсэн
байна.
Байнгын хороод хоёр сайдыг огцруулах
шаардлагагүй гэж үзсэн бол чуулганы хуралдаанаар өчигдөр хэлэлцэх ёстой байлаа.
Харин МАН-ынхан завсарлага авсан юм. Өмнө нь ингэж хойшлуулдаг байсан. МАН хоёр
сайдыг огцруулах шалтаг нь няцаагдаад ирэхээр үндэслэл муутайхан
саналаасаа ичсэн үү, олон ааштай авгай шиг гэнэт л ингэж завсарлага авчихлаа.
АН-ын бүлгийн даргын хэлснээр бол даваа гариг гэхэд хуралдаа
орох шийдээ гаргахгүй бол олонхиороо шийдвэрээ гаргана гэнэ лээ. Шударга ёс эвсэл, АН хоёр жимбийтэл ирцээ бүрдүүлж суусан нь хоёр сайдыг огцруулахгүйгээр шийдсэн
нь илт байна лээ. Гэхдээ энэ огцруулах
үйл ажиллагаа оноо авах гэсэн ядарсан арга болоод л өнгөрөх нь дамжиггүй. Сөрөг хүчин байж сөрөг хүчний улс төрөө хийж
чадахгүй юм, мэдэх ч үгүй юм. Зүгээр улс төр хийнэ гэдэг нь болж байна. Зохиомол
шоу болоод л өнгөрнө биз. Ийм шоунд ард түмэн итгэх үү. Жүжиг тавиад л оноо авна,
ард түмэн сөрөг хүчин ажиллаж байна, эрх баригчид муу байна гэж итгэнэ хэмээн
басамжилж байгаатай адил харагдаад байна. МАН-ынхны гаргасан огцруулах санал жүжиг гэдэг нь тэр олон сайд нараас сонголтоо
яаж хийж байгаагаас нь харагдаж байна. Тэд
амьдралаас тасарч улс төрөө твийтр, нүүр ном, сайт уншаад л огцруулах сайдынхаа
сонголтыг хийчих шиг болов. Сошиал ертөнцөөр зарим нэгэн хүн эрх барьж байгаа сайд
дарга нарыг шүүмжилж л байдаг. Тэдний шүүмжлэлд хамгийн их өртсөн нь магадгүй тэд
байх. Гал асаадаг гэж доог тохуу хийсэн нь байж л байдаг. Гэхдээ
дооглож байгаа хүн тийм олон биш л дээ. Сошиал ертөнц тэр чигээрээ Монголын
ард түмнийг төлөөлчихнө гэж байхгүй. Ард
түмэн мөнгө авчрахад дургүй байдаггүй. Ард
түмэн маргаашийн өөхийг биш өнөөдрийн уушгийг илүүд үздэг нь амьдралын практикаас
харагддаг. Энийг мэдэхгүй МАН-ынхан гал түлж
тахилга ёс үйлдээд, тойрч гүйгээд л хэдэн
төгрөг улсдаа аваад ирсэн Н.Батбаярыг огцруулах гэнэ. Яахав гадныхан манайд мөнгө
өгч байгаа нь сайд Н.Батбаярын сайных ч гэж юу байхав. Монголын сайных. МАН-ын энэ байгаа
оноогүй огцруулах санал өөрсдөө Засгийн газарт хамтран орох сонирхлоос л үүдэлтэй.
Ер нь МАН хамгийн олон санал хүчнүүд нийлж засаг байгуулах ёстой гэсэн байр суурьтай
байгаа. Тиймээс ч Засгийн газрыг ганхуулж байгаад АН-тай хамтарч засаг барих сонирхолтой. Үүнийгээ
хэрэгжүүлэхийн тулд хаа хамаагүй Ч.Улаан, Н.Батбаяр хоёрыг онилсон нь энэ. Тэднийг
ингэж огцрууллаа гээд юу өөрчлөгдөх юм. Тасалдсан гээд байгаа төсөв сайжрах уу.
Энэ бол зүгээр нэг улс төрийн ээлжит тоглолт. Гэтэл Ч.Улааныг яасан гэж огцруулдаг
юм. Бүр нарийн яривал өмнөх Засгийн газар буюу одоогийн МАН Оюу толгой, Таван толгойгоос
урьдчилаад мөнгө авчихсан биз дээ. Хүний хөгжлийн мөнгө нэрээр халамж болгоод л
үр ашиггүй тараачихсан. МАН өөрөө сонгуульд ялах гэж л ийм алхам хийсэн. Чалкогоос
авсан мөнгөнийхөө өрөнд их хэмжээний нүүрс
зах зээлийн үнээс хямд өгсөн буруутан хэн билээ. Нарийн яривал төсөв тасарсан чинь
энэ засгийн гэхээсээ илүүтэй өмнөх Засгийн газрын балаг шүү. Тиймээс Ч.Улаанд ганцааранд нь ял үүрүүлээд яах
билээ. Ч.Улаан энэ салбарыг хэдэнтээ толгойлж байсан хүний хувьд хэдэн тоо бодохтойгоо.
Дээр нь
уул уурхай нь зогсоход л Ч.Улааны
хариуцдаг мөнгө дуусдаг юм байгаа биз дээ. Тэрийг л төсөв хомсдоно гэдэг.
Ч.Улаан өөрийнхөө халаасанд улсын мөнгийг нуучихсан биш. Төсвийн мөнгө ард түмэнд ямар хамаа байв гэж.
Хэдэн даргын цалин хасагдаа л биз. Эмч багш, цагдаагийн хуваарьт цалин, тэтгэврийнхний
хэдэн төгрөг цаг хугацаандаа бууж л байвал бусад нь ард түмэнд падлий ч байхгүй. Тэгэхээр ард түмэнд хэрэггүй жүжиг тавиад байх шаардлага алга. Одоо ард түмэн энэ хуурамч жүжгийг сайн мэддэг болсон. Үеийн
үед л иймэрхүү жүжиг тавьсаар байхаар чинь өрнөл төгсгөлийг нь ч андахаа байлаа.
Басч болдоггүй юм, ард түмнийг. Хэн нэгнийг
огцруулах гэж байгаа бол жинхэнэ буруутныг нь огцруул л даа. Энэ засгийг өөгүй цэвэр гэж хэлэх гээгүй байна.
Эдийн засаг хүндрэхэд хамгийн их нөлөөтэй хүн бол Д.Ганхуяг сайд. Уул уурхайг
түшиглэсэн эдийн засагтай хэрнээ яг тэр салбарынхаа удирдлагаар Д.Ганхуягийг
аваачаад тавьчихдаг нь сонин юм шүү.
Эдийн засгийн хямрал, төсвийн хүнд
байдал, хөрөнгө оруулагчдын нүүр буруулсан гол буруутан нь энэ хүн. Халгиж цалгисан их төсөв, боломжийн
сайхан цалин аваад ажиллаж байсан олон хүнийг
ажилгүй, амьдралгүй болгож хоолноос нь салгачихсан энэ хүнээ огцруулаач. Энэ хүн "Рио Тинтотой ясаа цайтал үзнэ" гэж ард
түмэнд таалагдах гэж популизм хийсний гор
өнөөдөр гарч байгаа. Д.Ганхуяг сайдыг огцруулъя гэж санал гаргасан бол ойлгож болох
байлаа. Бүр эртнээс л Оюу толгойтой ясаа цайтал үзнэ гээд байсныг нь хэн ч мэднэ дээ. Оюу толгой, Д.Ганхуяг сайд хоёрын яс цайхаас өмнө
ард түмний яс цайчих биз. Оюу толгой яахав байдгаараа байна.
Д.Ганхуяг сайд яахав нэг их эх оронч
царайлаад мөнгө, албан тушаалтайгаа байж
байна. Гэтэл Оюу толгойд ажиллаж байсан тэр олон хүнийг цалингүй, ажлын байргүй, амьдралгүй болгосон бурууг нь
яагаад хэлэхгүй байгаа юм. Түүний балгаар олон хүний яс нь, үс нь
цайж эхэлж байна. Ард түмний амьдралд, тэр байтугай улсынхаа эдийн засгийг
баллаад хаячихаж байгаа сайдаа огцруулах
тухай ярихгүй хэрнээ өөр хүн огцруулах ямар хэрэгтэй юм. Хий хоосон улс төржилт,
эх орончдын хуурамч дүртэй ийм хүмүүсийн популизмаас
уул уурхай, үйлдвэр, ашигт малтмалаа ашиглах Монгол
Улс хохирч байгаа. Ард түмэн хохирлоо.
Оюу толгойг хориглосон. Тэр Оюу толгойг орлох юу байгаа юм. Дэлхийд тэргүүлэх
том орд одоо Эрдэнэтээс дор болж. МАН-ынхан хүнээ олж огцруулах санал хэлбэл ард
түмэн байтугай цаад УИХ чинь дэмжээд өөрсдөө огцруулчихна шүү дээ.
Хөрөнгө оруулагчдын хувьд Засгийн
газар ямар бодлого барих нь анхаарлыг татаж байдаг. Тэр байтугай хөрөнгө оруулалт
хийх сонирхолтой салбарыг хэн удирдаж, ямар бодлого барих нь анхаарлын төвд нь байдаг.
Монголыг сонирхсон хөрөнгө оруулагчид уул уурхай, ашигт малтмалыг л сонирхож байгаа.
Гэтэл яг эсэргүү юм яриад байсан нөхрийг салбарын сайдаар тавьчихаад л тэднийг үргээж ард түмнийхээ ясыг цайлгах дээрээ
тулчихаад одоо шал өөр салбарын нөхдөд бурууг тохоод "огцор" гээд сууж байдаг.
Тэгэхээр хоёр сайдыг огцруулах гэсэн оролдлого
чинь зүгээр л нэг шоу гэж ойлгогдоод байгаа
юм.