Цаасан сонин цаг хугацааны шалгуурыг нэгэнт давжээ


Телевиз үүсэхэд кино театрт хэн ч
очихоо байна гэж ярьцгааж байсан гэдэг. Цаг хугацаа өнгөрч телевиз улам нимгэн,
улам олон суваг гардаг болсон ч театр моодноос гарах нь бүү хэл үнэ цэнэ нь нэмэгдсэн.
Театрт очиж үзэж байж л жинхэнэ юм үзсэн болдог. Залуус хайртай бүсгүйгээ театрт
урьж, театрт гарах шинэ киног үзэгчид тэсэн ядан хүлээдэг хэвээрээ. Сонин яг үүнтэй
адил юм. Цахим ертөнц хөгжиж, мэдээллийн хурд ихэссэн ч цагаан цаасан дээр хараар
бичсэн баримт үлддэг сонин хэмээх мэдээллийн
талхны үнэ цэнэ алдагдахгүй л байна. Үй олон сайтууд мэндэлсэн ч, сошиал ертөнц
хүмүүсийн амьдралын хэв маягийн нэг болсон ч
үнэн бодитой гэж итгэдэг, олон жилийн дараа он цагийн үйл явдлын гол баримт болж үлддэг зүйл
бол сонин юм. Насаараа сонины хайчилбар хийдэг нэг ахмадтай уулзаж байлаа. "Сонин
уншаагүй нэг ч өдөр байхгүй. Тэр тусмаа танай сониныг өдөр алгасалгүй уншиж, өөрт
хэрэгтэй мэдээллийг хайчилбар хийж хадгалдаг. Эргээд харахад тэр үеийн бүхий л
түүх дурайтал байж байдаг. Тэр чигээрээ баримт
юм шүү дээ" гэж билээ.
Сонин
захиалж уншдаг хүмүүс ч цаасан сониноо барьж, харж уншихгүй бол цахим хэлбэрээр
уншихаар уншсан болохгүй юм гэж хэлдэг. Хэдхэн минутын өмнө байж байснаа алга болчихдог,
үг үсэг утга санааг нь өөрчилж орхидог, хэн нэгнийг гүтгээд биччихлээ гэхэд устгачихаж
болдог учраас цахим мэдээллийн хэрэгслээс илүүтэй цаасан сонины мэдээллийг уншигчид бодит үнэн гэж уншдаг, итгэдэг.
Технологи хамгийн их хөгжсөн, технологийн
хөгжлийн гол автор нь болсон улс орнуудад
ч цаасан сонин байсаар л байна. Айлууд шуудангийн хайрцагтаа өглөө бүр шинэ сониноо
хүлээн авч амтархан уншсаар байгаа. Энэ бол соёлт хүн төрөлхтний салшгүй нэг хэв
маяг болоод тогтчихож. Хэдхэн сарын өмнө АНУ-ын тэрбумтан, amazon.com сайтыг үндэслэгч Жефри П.Безос "Вашигтон пост" сониныг 250 сая ам.доллараар худалдаж авсан бол
Жон Хенрид Нью-Йорк таймс" сонины "Бостон глоб"-ыг 70 сая ам.доллараар худалдаж
авчээ. Хэдхэн сарын өмнө шүү. Дээрх тэрбумтнууд цаасан сонин дэлхийн зах зээлээс шахагдах байсан бол юу гэж
ийм их мөнгөө зарлагадах билээ. Туршлагатай бизнесмэнүүд зах зээл, ирээдүйг нь
судалж байж л ашигтай бизнест хөрөнгө оруулах нь дамжиггүй. Дэлхийн чиг
хандлагад мэдээллийн хэрэгслээс цаасан сонин шахагдах нь байтугай харин ч бодит
мэдээлэл гэдэгт илүү их итгэж захиалагчийнх нь тоо огтхон ч буурахгүй байгаа
нь нотолгоо юм.
Зарим зүйл он цагийн эрхэнд улам төгөлдөржин,
өмнөх үетэйгээ хамт үлдэх нь бий. Компьютер байхгүй байх үед бичгийн машин байсан
ч одоо бичгийн машин тогшоод суух хүн олдохгүй. Харин цаг үе улирах тусам үнэ цэнээ
алддаггүй юм гэж бас байна. Түүний нэг нь яах аргагүй сонин. Зарим нэг тогтсон уламжлалууд
бий. Жишээ нь хамрын тамхи хэрэглэдэг хүмүүс гялгар уутанд хийгээд авч явж болно.
Гэтэл заавал хөөргөнд хийдэг. Тэгж байж л утга төгөлдөр болдог. Хүмүүс бие биедээ
бэлэг өгөхдөө мөн баглаа боодлыг нь чухалчилдаг. Түүн лугаа цаасан сонин илүү утга
төгөлдөр гарт баригддаг бодит үнэн шигээ мэдээлэл нь үнэн гэдэгт уншигчид илүү их
итгэдэг. Цахим мэдээлэл алга болох өөрчлөх боломжтой бол цаасан дээр үлдсэн мэдээлэл
баримт болон үлддэг. Үүгээрээ мэдээллийг
үнэнээс гуйвуулах боломж багасч байгаа юм.
Цаасан сонин 16, 17-р зууны үед үүсэж
байсан гэдэг юм билээ. Тэр цагаас хойш цаасан сонин үнэ цэнээ алдсангүй. Мэдээллийн
хурд ихэслээ ч бодит үнэн эсэхийн хэмжүүр нь сонин өөрөө болчихдог юм байна. Телевиз
гэхэд л сониноос түрүүлж мэдээлэгдэх хэрнээ тухайн цаг үедээ гараад л өнгөрчихдөг
учраас сонин шиг дахин унших боломж байхгүй.
Тиймээс цаасан сонины эрэлт байсаар
байгаа бөгөөд үүнийг дагаад нийлүүлэлт ч байсаар байна.
Сүүлийн үед сайтууд олноор гарч ирэхэд сонин үгүй болно, орон зай нь хумигдана гэж ярьцгааж байсан. Гэтэл бодит амьдрал дээр
тэгсэнгүй. Өдөр тутам гардаг "Өдрийн сонин" гэхэд л захиалагч нь олон байгаа нь
үүнийг баталж буй юм. Сонин ямар нэг байдлаар уншигчдын гарт хугацаанаасаа хоцорч
очих юм бол манайхны утас зогсоо зайгүй хангинадаг. Уншигчид нэгэнт өглөө бүр цай
уухтай адил, өглөө бүр ургах нарнаар сониноо уншаад уламжлал болсны шинж энэ. Тиймээс
"Өдрийн сонин" өглөө бүрийн мандах нарнаар тантай хамт, захиалагчтайгаа хамт олон
оныг үдлээ. Ирэх он жилүүдэд ч илүү олон сонирхолтой мэдээ мэдээлэл, нийтлэл сурвалжлагуудаараа
та бүхний оюуны цангааг тайлсаар байх болно. Олон жил шилдэг хэвлэл мэдээллийн
байгууллагаар тодорч байгаа нь ч сонины эрэлт хэрэгцээ буурах нь байтугай нэмэгдэж
байгааг илтгэж байна. Дэлхийн хэвлэл мэдээллийн
байгууллагын томоохон хурал цуглаан дээр ч энэ талаар сүүлийн үед их ярьцгаах
болсон байна лээ. Хүмүүс нүдэнд харагдаж гарт баригддаг зүйлд илүү их итгэл үнэмшилтэй
ханддаг нь харагдаж байна. Цаасан сонин цаг
хугацааны шалгуурыг нэгэнт давжээ.
Хэвлэл, тэр дундаа сонины сонгууль
бол захиалга байдаг. Хамгийн олон захиалагчтай нь сонгуульд яллаа гэсэн үг.
"Өдрийн сонин"-ы хувьд олон жил уншигчдын олонхийн санал авч тэргүүлсээр ирсэн.
Сэтгүүл зүйн боловсон хүчнүүд тэр дундаа хэвлэл мэдээллийн олон байгууллагын удирдлагууд
энэ сониноос бэлтгэгдэн гарсан байдаг. Эндээс харахад "Өдрийн сонин" сэтгүүл зүйн
бүхэл бүтэн том сургууль гэдэг нь эргэлзээгүй.
Хэвлэл мэдээлэл гэдэг өөрийн гэсэн дүрэм жаягтай, зах зээлийнхээ
жамаар хөгжиж байгаа. Дүрэм журмаараа үнэн, бодит мэдээллийг хүргэх нь хэвлэлийнхэн бидний үүрэг
билээ.