Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Даваа гаригаас нийтийн тээврийн автобусыг нэгдүгээр эгнээгээр явуулах ажлыг эрчимжүүлнэ DNN.mn Япон улсын засгийн газар шашны байгууллагуудын хандивын асуудлыг зохицуулах хуулийн төсөл санаачилжээ DNN.mn Монголын 103 шилдэг сурагч эх орноо төлөөлөн олон улсын математикийн олимпиадад оролцоно DNN.mn Хүний нөөцийн ажилтнуудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ DNN.mn 61 жил ханилсан хос "Очир-Эрдэнэ"-ийн хуримаа хийжээ DNN.mn Монгол орны нийт нутгийн 60 орчим хувьд зудын "их эрсдэлтэй" гарчээ DNN.mn Нийслэлийн 2023 оны төсвийг баталлаа DNN.mn Орхон аймагт шилжин очсон иргэдийн дийлэнх нь Улаанбаатар, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийнх байна DNN.mn Жилд дунджаар 4,500 орчим хүн архины шууд болон шууд бус хамаарлаар нас барж байна DNN.mn Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна DNN.mn Даваа гаригаас нийтийн тээврийн автобусыг нэгдүгээр эгнээгээр явуулах ажлыг эрчимжүүлнэ DNN.mn Япон улсын засгийн газар шашны байгууллагуудын хандивын асуудлыг зохицуулах хуулийн төсөл санаачилжээ DNN.mn Монголын 103 шилдэг сурагч эх орноо төлөөлөн олон улсын математикийн олимпиадад оролцоно DNN.mn Хүний нөөцийн ажилтнуудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ DNN.mn 61 жил ханилсан хос "Очир-Эрдэнэ"-ийн хуримаа хийжээ DNN.mn Монгол орны нийт нутгийн 60 орчим хувьд зудын "их эрсдэлтэй" гарчээ DNN.mn Нийслэлийн 2023 оны төсвийг баталлаа DNN.mn Орхон аймагт шилжин очсон иргэдийн дийлэнх нь Улаанбаатар, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийнх байна DNN.mn Жилд дунджаар 4,500 орчим хүн архины шууд болон шууд бус хамаарлаар нас барж байна DNN.mn Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2014.01.12 01:01

Шекспир бол он жилүүд биш бүхий л цаг хугацаа

Сүүлийн 400 гаруй жилийн хугацаанд дэлхийн өнцөг булан бүрт тасралтгүй тоглогдож, үзэгчдийн хүртээл болж байсан бүтээл бол Уиллиам Шекспирийн жүжгүүд. Шекспирийн сонгодог бүтээлийг тоглож байж дэлхийн театрууд академик нэр зүүдэг гэлцдэг. Бас түүний бүтээлүүд жижигхэн хот, тосгоны театр клубуудэд ч тавигдаж байдаг, алдартай нэртэй жүжигчдээс эхлээд оюутнууд хүртэл тоглож байдаг хамгийн хүртээмжтэй зохиол бүтээл байдаг билээ. Урлагийн сургуулийн оюутан биш атлаа би хүртэл гадаадын уран зохиолын хичээл дээрээ Шекс­пирийн "Отелло"-гийн Дездемоны дүрийг бүтээхийн тулд Дуурийн театраас Х.Уртнасан гуайн өмсдөг байсан гэх хүрэн хилэн даашинзыг гуйж аваад сүлбээрдэж байгаад өмссөн олон жилийн өмнөх явдлаа санахад хөгжилтэй гэмээр. Уил­лиам Шекспирийг тойрсон том судлал хэдийнэ бий болжээ. Энэ судлал уран бүтээл хийгээд хувийн амьдрал гэсэн хоёр чиглэлээр хөгжсөн байдаг. Гэхдээ түүний уран бүтээлүүд нарийвчлан суд­лагдахын хэрээр хувийн амьдрал нь нууцлаг байдаг хэмээдэг юм.

Сүмийн бичиг баримтад тэмдэг­лэгдэн үлдсэнээс харахад Уил­лиам Шекспирийг 1564 оны дө­рөвдүгээр сарын 26-нд сүмд адис­ласан байдаг ажээ. Тиймээс тухайн үеийн уламжлалаас тооцоолоод нэрт зохиолчийн  төрсөн өдөр нь үүнээс гурав хоногийн өмнө буюу 23-нд гэгддэг юм. Бас түүнийг энэ ертөнцөд ирсэн өдрөө хор­воогоос буцсан алдартан ч гэдэг. Бас үхсэн өдөр, төрсөн өдрийг нь зориуд нэг өдөр болгосон ч хэмээдэг. Тэрбээр 1616 оны дөрөвдүгээр сарын 23-нд насан эцэслэсэн байдаг юм.

Хийсэн бүтээснээрээ дэлхийн түүхэнд бат нот үлдэж хоцорсон энэ хүний мэндэлсний 450 жилийн ой өнөө жил тохиож байна.

Шекспирийн төрсөн хот гэд­гээрээ мөнхөрч үлдсэн Стрэтфорд Лондонгоос баруунтайд байх зээл наймаа төвлөрсөн жижиг хот байжээ. Арьс ширний худалдаачин Жон Шекспир багахан шиг газрын өв залгамжлагч Мэри Арден нарын гэр бүлд Уиллиам Шекспир мэндэлжээ. Тэр дээрээ хоёр эгчтэй, дороо гурван дүүтэй  байж. Түүнийг төрж байх үед аавынх нь худалдаа наймаа цэцэглэж, олз омогтой байсан гэдэг. Гэхдээ аугаа зохиолчийг зургаан нас хүрэх үеэс тэдний орлого муудаж, тааруу найруухан амьдрах болжээ. Тухайн үеийн энгийн ардын хүүх­дүүд суралцдаг байсан үнэ төлбөргүй "Хааны шинэ сургууль"-д орж, уншиж бичихийг заалгасан байх гэж судлаачид таамагладаг бөгөөд хувийн багш авч чаддаггүй байсан нь зохиолчийн бичих авьяасыг өдөөж сэрээж өгсөн гэцгээдэг юм. Нэгэнт гайхалтай бүтээлүүд туурвисан хүний түүхийг сэргээж босгоход юу ч гэж тайл­барлаж болох байх л даа. Хэрэв боломжтой айлд өсч хүмүүжсэн бол өндөр боловсрол олгосных л гэж тайлах байсан биз гэж бодогдмоор.

Залуу Шекспир 18 насандаа Энне Хэйтвэй хэмээх өөрөөсөө найман насаар эгчмэд бүсгүйтэй гэрлэсэн ажээ. Бүсгүй жирэмсэн болсон учраас гэрлэхээс өөр арга байгаагүй аж. Тэд 1582 оны арваннэгдүгээр сард гэрлэж дараа жилийн тавдугаар сард охин нь төржээ. Үүнээс хоёр жилийн дараа хоёр ихэр хүүхэдтэй болсон ч нэг хүү нь 11 насандаа тодорхойгүй шалтгааны улмаас нас барсан байдаг юм. Энэ цагаас хойш Шекспирийн амьдралын гээгдсэн хэдэн жил эхэлдэг. Өөрөөр хэлбэл түүний тухай ямар ч мэдээлэл байдаггүй.

Түүнийг нэг хэсэг газрын эзнээсээ зугтаж амьдрахаас аргагүйд хүрсэн эсвэл бөглүү газар очиж туслах багшаар ажилласан гэцгээх нь бий ч хамгийн магад­лалтай нь Лондонгийн театрт морь маллагчаар ажиллаж байсан хэмээдэг. Бас түүний намтарт театрын туслах ажилтан, тайзан дээр үгээ мартсан жүжигчинд хажуугаас үгийг нь сануулан хэлдэг ажилтай байсан талаар бичсэн байдаг.

1592 оны түүхэн бичиг ба­римтаас харахад аугаа Уиллиам Шекспир театрт зохиол бичиж, жүжиг тоглоод цалин авдаг болгочихсон байсан нь батлагддаг ажээ.

1597 он гэхэд Уиллиам Шекспирийн 37 жүжгийн 15 нь хэдийнэ бичигдсэн байв. 33 настай идэр эр Лондонгоос мо­риор дөрвөн өдрийн турш явж байж хүрдэг төрөлх хот Стрэт­фордынхоо хамгийн сайхан байшингуудын нэгийг худалдан авсан байсан гэхээр цалин цуух нь боломжийн байжээ гэмээр. Гэхдээ тэр голдуу нийслэлдээ амьдарч бүтээлээ туурвиж байсан бөгөөд театр хаагддаг Лантены 40 хоногт төрөлх хотдоо очдог байсан ажээ. Арванзургадугаар зуунд театрын жүжигчин, уран бүтээлчдийг нийгмийн дээд давхаргынхан гэж үздэггүй ч язгууртан дээдэстэй найз нөхдийн харилцаатай байх нь элбэг байв. Шекспирийн уран бүтээлд ч язгууртан нөхдөдөө зориулсан шүлгүүд байдаг. 1599 онд Уиллиам Шекспир бизнесийн түншүүдтэйгээ хамтран өөрийн гэсэн театр байгуулснаа "Бөмбөрцөг" гэж нэрлэжээ.

Түүний анхны уран бүтээл тэр үеийнхээ хэв шинжийг агуулсан гэнэн хэв маягтай инээдмийн болоод түүхэн бүтээлүүд байсан гэгддэг. 1590-ээд онд бичигдсэн бүтээлүүд дунд Английн хаадын тухай цуврал жүжгүүд, "Ромео Жульетта" жүжиг нь байдаг. Удалгүй тэр өөрийн өнгө аясаа харуулсан бүтээлүүд туурвих болсон бөгөөд уран бүтээлийн хоёр дахь үе буюу алдарт эмгэнэлт жүжгүүдээ 1608 он гэхэд бичсэн байв.

Түүний "Гамлет", "Лир ван", "Отелло", "Махбет" гээд тус бүртээ түүх дагуулсан алдарт бүтээлүүд чухам энэ үед бичигджээ. Ид үедээ бичигдсэн бүтээлүүд нь хүний ёс суртахуун, урвалт, хар санаа өш хонзонг багтаасан гэгддэг бол сүүлдээ эмгэнэлт инээдмийн жүжгийн зохиолуудыг туурвисан байдаг. Гэхдээ амьд сэрүүн ахуйд нь хүн төрөлхтөн гайхалтай бүтээлүүдийг нь мэдэрч мэдээд шагшиж байсан гэвэл үгүй. Түүнийг насан эцэслэснээс 150 жилийн дараагаас Шекспирийн зохио­луудыг утга зохиол шүүмжлэгч нар сонирхож эхэлсэн бөгөөд сүүлд 19 дүгээр зуунд л театрууд бүтээлийг нь тайзнаа амьдруулах болсон юм. Үүнийг дагаад Шекспир судлал ч хөгжиж тэртээ он жилүүдэд улирч үлдсэн түүхийг сэргээх гэж оролдох болсон билээ. Энэхүү аугаа уран бүтээлчийг хэн байсныг нээх гэж оролдохоос гадна тэрхүү гайхалтай бүтээл дээр буусан санаа, философийг судалж эхэлсэн юм. Тэр ч байтугай бүх зохиолоо өөрөө бичсэн үү гэдгийг нь Стрэтфордын сургуулийн дүрмийн хичээл энэ тэртэй нь харьцуулан байж судалсан ажээ. Ямартай ч тэрбээр бүх зохиолоо өөрөө бичжээ гэдгийг нь баталж. Шекспирийн Оксфордын нийгэмлэг 1957 онд байгуулагдсан бөгөөд энэ газарт түүний уран бүтээлтэй холбогдолтой бүхий л судалгааг хийж, элдэв таамаг сэжигт эцсийн хариуг нь гаргаж байдаг юм.

Бас Шекспирийн театр ч хүмүүсийг татах нэгэн газар болсоор ирлээ. 17 дугаар зуунд гэхэд л Шекспирийн жүжиг, шүлгийн жинхэнэ зохиогч хэн бэ гэсэн томоохон хэлэлцүүлэг өрнөж байсан болохоор арга ч үгүй биз дээ. Одоогоос дөрвөн зуу гаруй жилийн хугацаанд уран бүтээлээрээ амьдарч, сүүлийн нэг зуун жилийн турш эмгэнэлт бүтээлийн хаан, тайзны уран бүтээлийн гайхамшиг болсон гэгдэж буй энэ хүний түүх намтар тийм ч тодорхойгүй. Гэр бүлийн амьдрал нь тунгалаг тодорхойгүй, амаргүй хувь тавиланг туулж ирсэн болов уу гэж таамаглагддаг.

Өөрөөсөө эгч бүсгүйтэй учирч тэр нь жирэмсэн болсон учраас яалт ч үгүй гэрлэсэн азгүй хувь тавиланг туулсан гэдэг бол бас залуу эрд хайртай байсан гэх  явган яриа ч бий. Гэхдээ гэрлэсэн эмэгтэйд зориулан бичсэн "Харанхуйн эмэгтэй" сонет нь түүнийг эсрэг хүйстнээ сонирхдог нэгэн байсныг баталдаг гэдэг билээ.

Уиллиам Шекспирийг хүүхэд байхад нь шахам төрсөн охин Сюзанна эмчтэй, ихрийн өрөөсөн  Жудиф нь дарс нэрэгчтэй гэрлэсэн байдаг. Түүний бага хүргэн Томас  гэр бүлээсээ гадуур хүүхэдтэй болсон нь Шекспирийн гэр бүлийг гутамшигт оруулсан юм. Хүргэнийх нь хүүхдийг гаргасан хүүхэн төрөх үедээ нас барснаар хэрэг илэрч, сүмээс дарс нэрэгч эрийг олон нийтийн өмнө нүглээ наминчлах шийтгэл оноожээ. Харин энэ хэрэг илэрсний дараа буюу насан эцэслэхээсээ сар орчмын өмнө Уиллиам Шекспир гэрээслэлээ өөрчилсөн байна. Түүний сүүлийн хүсэлтээр ихэнх өв хөрөнгийг том охин нь залгамжлан авах болсон бөгөөд түүний үр удмаас төрсөн хүүд дамжуулан өгөх үүргийг хүлээжээ.  Бага охин нь гурван хүүхэдтэй байсан бөгөөд хэн ч гэрлэж амжилгүй нас барсан бол том охин нь ганц охинтой байжээ.

Өв залгамжлагчийг төрүүлэх ёстой Элизабет хүүхэд гаргалгүй явсаар 1670 онд нас барснаар Уиллиам Шекспирийн үр удам тасарчээ. Түүний өв хөрөнгийн гуравны нэгийг авсан эхнэрийн талаар мэдээлэл хомс. Хэдийгээр үр хүүхдийн хувьд тийм байсан хэдий ч түүний оюун ухаанаасаа ургуулан байж төрүүлсэн уран бүтээл нь дахиад хэдэн зуунаар дуурсч орших нь тодорхой. Түүний бүтээл үйл явдлын өрнөл, дүрийн онцлог, жанрын хувьд бусдаас яахын аргагүй ялгардаг. "Ромео Жульетта" бичигдэхээс өмнө хайр дурлалын сэдэв эмгэнэлтэйгээр төгсдөггүй байсан гэлцдэг. Бас түүний бүтээл дараа дараагийн олон гайхалтай зохиолын сэдэв, шүншиг болсон хэмээдэг юм.

Судлаачдын гаргасан нэгэн сонирхолтой тоогоор Шекспирийн бүтээлтэй холбоотой төрсөн 20 мянган дууны бүтээл байдаг гэнэ. Бас өч төчнөөн зураачийн бүтээл энэхүү англи эрийн уран бүтээлээс сэдэвлэгдсэн байна. Түүнчлэн өнөөдрийн англи хэл мөн л Шекспирийн бүтээлтэй холбогдож стандартад орж, дүрэм,бичлэгийн хувьд сайжирсан юм байна. Бас "Отелло", "Венецийн худалдаачин" гэх зэрэг зохиолууд дээр хэрэглэгддэг олон үг өнөөдрийн хэлц үг болж үлдсэн байдаг байна.

"Шекспир бол он жилүүд биш юм. Тэр бол бүх цаг хугацаа" гэж түүнийг тодорхойлон хэлсэн нэгэн үг байдаг. Үнэхээр л тэр цаг хугацаагаар мөнхөд зорчиж, бүтээл туурвилаараа ертөнцөд шинээр мэндэлж байгаа хүмүүстэй уулзсаар л байна. Хэдийгээр түүний дүр төрхийг үлдээж хоцорсон ганц ч хөрөг зураг байдаггүй , 18 дугаар зуунд түүнийг төсөөлөн зурсан зургаар мөнхөрч үлдсэн ч тэр ямар төрхтэй байсан нь хүмүүст сонин биш байна. Харин үргэлж шинээр уншигдаж, танигдаж байдаг бүтээлүүд нь байнгад хүмүүсийн анхаарлыг татсаар байна, тэгсээр ч байх болно.

Э.ЭНЭРЭЛ

Онцлох нийтлэлүүд