Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Даваа гаригаас нийтийн тээврийн автобусыг нэгдүгээр эгнээгээр явуулах ажлыг эрчимжүүлнэ DNN.mn Япон улсын засгийн газар шашны байгууллагуудын хандивын асуудлыг зохицуулах хуулийн төсөл санаачилжээ DNN.mn Монголын 103 шилдэг сурагч эх орноо төлөөлөн олон улсын математикийн олимпиадад оролцоно DNN.mn Хүний нөөцийн ажилтнуудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ DNN.mn 61 жил ханилсан хос "Очир-Эрдэнэ"-ийн хуримаа хийжээ DNN.mn Монгол орны нийт нутгийн 60 орчим хувьд зудын "их эрсдэлтэй" гарчээ DNN.mn Нийслэлийн 2023 оны төсвийг баталлаа DNN.mn Орхон аймагт шилжин очсон иргэдийн дийлэнх нь Улаанбаатар, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийнх байна DNN.mn Жилд дунджаар 4,500 орчим хүн архины шууд болон шууд бус хамаарлаар нас барж байна DNN.mn Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна DNN.mn Даваа гаригаас нийтийн тээврийн автобусыг нэгдүгээр эгнээгээр явуулах ажлыг эрчимжүүлнэ DNN.mn Япон улсын засгийн газар шашны байгууллагуудын хандивын асуудлыг зохицуулах хуулийн төсөл санаачилжээ DNN.mn Монголын 103 шилдэг сурагч эх орноо төлөөлөн олон улсын математикийн олимпиадад оролцоно DNN.mn Хүний нөөцийн ажилтнуудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ DNN.mn 61 жил ханилсан хос "Очир-Эрдэнэ"-ийн хуримаа хийжээ DNN.mn Монгол орны нийт нутгийн 60 орчим хувьд зудын "их эрсдэлтэй" гарчээ DNN.mn Нийслэлийн 2023 оны төсвийг баталлаа DNN.mn Орхон аймагт шилжин очсон иргэдийн дийлэнх нь Улаанбаатар, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийнх байна DNN.mn Жилд дунджаар 4,500 орчим хүн архины шууд болон шууд бус хамаарлаар нас барж байна DNN.mn Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2014.01.18 01:01

Монцгор төртэй байснаас монжсон иргэдтэй байсан нь дээр

Ерөнхийлөгчийн гаргасан "Том төрөөс ухаалаг төр рүү" гэдэг санаачилгыг чухам дээр дооргүй л ярьцгааж байна. Сөрөг хүчин хүртэл үүнийг дэмжиж, урьд өмнө өөрсдөд нь падгүй байж байгаад чухам одоогийн төрд л хамаа­тай юм шигээр ярьцгааж байна аа. Гэхдээ энэ тэр нь хамаагүй, хамгийн чухал нь данхайсан толгойтой, цүр­дий­сэн гэдэстэй төртэй байс­наас иргэд нь гэдэс дүүрэн, халаас бүтэн байхыг хаа хаанаа мэдсэн нь сайн юм. Төр нь монцойчихсон, иргэд нь мөр унжгар явснаас хон­жоо монжоо нь иргэддээ ирдэг байх нь хэрэгтэй юм аа. Төр бизнест нь оролцоод байдаггүй, ашиг сонирхлын зөрчилтэй биш бас өөрсөд­тэй нь өрсөлдөөд байдаггүй байгаасай гэж бизнесийнхэн хүсч байгаа. Тэгээд ч төр гэдэг зангараг ханхлуулж сүрдэм сонстдог ч тэнд эзэн байдаг­гүй билээ. Төрд очсон өмч бүр үнэгүйдэж тэндээс алдагдал л хүлээж байдаг нь үнэн. Төрийн өмчийн нэр дээрх байгууллагын тоо урьдын адил их сонстсоор. Одоо эднийг эхнээс нь хувьчилж, төрийн мэдлээс гаргах нь том төр данхайж бус харин зөв менежмент хийж ухаалаг шийдвэр гаргадаг болоход хүрнэ. Тухайлбал МИАТ, Эрдэнэт, Монросцветмет, Оюутолгойн төрийн мэдлийн хувийг, улсын эмнэлэг, сур­гуу­лиуд, МОНЦАМЭ, МҮОНРТ, Монгол шуудан, цахилгаан станцууд, Хөтөл, Шивээ овоо, Багануур хувьцаат компани, Монголын Цахилгаан холбоо компани, Дарханы төмөр­лөгийн үйлдвэр гээд төрийн нэр дээр буй олон газрууд бий. Яагаад эднийг хувьчлах ёстой вэ.

МИАТ компанийг төрийн өмчийн гэдгээр нь үндэсний агаарын тээвэрлэгч статустай болгосон. Гэхдээ энэ статус компанийн өмнөх тодотголыг нэмэгдүүлсэн болохоос биш зорчигчдын халаасан дахийг хэмнэхэд ширхэг ч тусаа өгөө­гүй. Тэр ч байтугай агаарын тээвэрт чөлөөт өрсөлдөөнийг бий болгоно гэсэн төрийн бодлогын баримт бичигтэйгээ зөрчилдөхөд хүргэсэн. Төр агаарын нислэгийн чиглэлийг нэмэгдүүлэх, аюулгүй байд­лыг шинэ түвшинд гаргах, замын зардлыг багасгах ямар ч бодлогыг хийхгүй харин өөрийн мэдлийн компаниа аргацааж авч явах боломж бололцоогоо нэгдүгээрт тавиад байхаар ямар юмных нь ухаалаг төр болж чадах вэ дээ. Гэтэл чөлөөт өрсөлдөөн бодит амьдрал дээр яаж тус­га­лаа олж байдгийг сүүлийн хэдэн жилийн дотор иргэд харж байна. МИАТ ашиггүй гээд хаячихсан, үүнийг нь дагаад тав тухтай, аюулгүй байдлын асуудал бүр хаягд­чихсан орон нутгийн нислэг бас ч гэж сайжраад байгааг бид харж байна. "Изинис", "Аэро Монголия", "Хүннү эйр" гээд хувийн компаниуд энэ салбарт орж ирснээр дааж давамгүй байсан үнэ өртөг бас ч гэж боломжийн болоод байгаа. Одоо гадаадын ашиг­тай нислэгүүд нь төрийн ком­па­нидаа үлджээ. Үндэсний гэдгээрээ томордог ч ижил төрлийн бусад авиа ком­па­ниу­дынхаа аманд ороод л нислэгийн тоо нь улам цөө­рөөд л байдаг. Өөр сонголт­гүй зорчигчид нь харийн ком­па­ниудын аманд багтсан үнээр өртөг өндөртэй нислэ­гээр явсаар удлаа. Гарах гарц нь хойно байгаагаа сэгсрүү­лээд нисэхээс өөр яах билээ дээ. Сэтгэл дутдаг, эзэнгүй байдаг төрийн компанийн жишгээр МИАТ ч бас алдаг­дал­тай ажилладаг. Дөрвөн онгоцтой төрийн компанид 780 хүн ажилладаг бол 3-5 онгоцтой хувийн компаниу­дад 200-230 хүн ажилладаг гэх юм билээ. Бас том ялгаа байгаа биз. Төрийн мэдлийн компанид бол хэнбугай ч ингэж ханддаг. Ямар өөрөөс нь мөнгө гарах юм биш шир­хэг хадаасыг хоёр хүн дамж­лаад явах боломжийг хайж байдаг. Харин хэмнэлт ашиг харж байдаг хувийн секторт шуудайтай хадаасыг нэг хүн үүрэх үүргийг өгдөг. МИАТ-ийн удирдлагуудын идсэн уусан хэргийг бид залхатлаа л сонслоо. Төрийн нэрийн дор эрх мэдэлтэй хэдэн хүмүүст идэж уух эрхийг нь өгөхийн оронд Монгол Улсын төрөөс МИАТ-ийг шугамаа булаалга­даг­гүй харин ч тэр "Korean air", "Air china", "Aeroflot"-той өрсөлдөх үүрэг өгөх байсан юм. Энэ бол ухаалаг төрийн хийх ажил байв. БНСУ-ын төрөөс хэцүү бэрх цагт "Daewoo"-г яаж дэмжиж бас дэмнүүлж, "Samsung"-т дэл­хийн хэмжээний компани болох үүрэг өгч байсныг жишээ болгож ярьдаг. МИАТ компаниас хөрөнгө мөнгө шамшигдуулсан хэрэгт бурууд­сан хүмүүсийг шоронд олон жилээр хорих тухай ярихаас илүүтэй алдсанаа тэднээр төлүүлж, тултал нь ажиллуулах тухай шийдвэр гаргавал ухаалаг шийдэл болох байсан биз. Тэгж яривал цөөхөн монголчууд дунд боловсролтой чадалтай хүмүүс цөөн. Тэр дундаа нисэхийн салбарт ажилладаг мэргэшсэн толгойнууд хуруу дарам цөөхөн. Тиймээс тэднийг унасан салбарыг босгож, МИАТ-ийг дэлхийн хэмжээний авиа компани болгож нүглээ наминчлах боломжийг өгвөл хэн хэнд нь хэрэгтэй байсан байж болох юм. Шийтгэлийг хорьж биш харин ухаан хүчийг нь шав­хан авдаг хувилбарыг ма­найх ер боддоггүй, шоронж­сон тогтолцоогоо л өөгшүү­лэ­хийг хичээдэг. Хадгаламж зээлийн хоршооны хэргийг манайхан одоо ч ярьсаар. Хоршооны эзэд нь "Бид мөн­гөө босгох аргаа мэдэж бай­на. Хүмүүсийг хохиролгүй болгож чадна. Битгий хориоч" хэмээцгээж бүр хохирсон хүмүүс ч "Эднийг хориулал­гүй байж л бид мөнгөө авч чадна" гэж байсан ч хуулийн­хаа дагуу гээд аваачаад л хийсэн. Тэгээд хохирогчид олж долоосон юм ч байхгүй, хадгалуулсан мөнгө нь өнөөх бизнесмэнүүдийн хуруу хум­саа хугалан байж цуглуулсан хамаг хөрөнгийн хамт Шүү­хийн шийдвэр гүйцэтгэх газ­рынх­ны гараар ороод л дуус­сан. Хуулиа дагаж мөрдөх ёстой ч төр ухаалаг байсан бол аль ч талдаа ашиггүй ийм алхмыг хийх хэрэггүй байв.

Үлгэр домог мэт үргэл­жилж байж арайхийн батал­сан Оюутолгойн гэрээн дээр ч ярих асуудал бий. Страте­гийн ордын нөөцөд батлагд­сан болохоор төр тодорхой хувийг нь авна гэдгээрээ л зүтгэчихсэн. Төр хамтрагч болоод эхлэхээр хөрөнгө оруулж таарна. Бас хариуц­ла­гаа ч хамтдаа үүрэх бол­чих­но. Хөрөнгө оруулах мөнгө­гүй болохоороо зээл авна. Гэтэл төр бүх төрлийн татвараа аваад явчихсан бол үүнээсээ хамаагүй дээр байх байсан гэж учир мэдэх хүмүүс ярьдаг. Тэгэхээр төрийн мэдлийн хувь дээрээ ч бид бодолцмоор байгаа юм. Төрд өмч авах биш харин өмчгүй болгоод ухаалаг зохицуулалт хийх боломжийг л эрэлхийл­мээр. Чөлөөт зах зээлийг мөрдлөг болгодог олон улсын жишиг ингэж л явдаг.

Төрийн мэдэлд байдаг МОНЦАМЭ агентлаг, олон нийтийн тодотголтой МҮОНРТ-ийн талаар ч ярил­гүй өнгөрч боломгүй. 1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар төр мэдэлдээ хэвлэл мэдээл­лийн хэрэгсэлгүй болохоор болж, улмаар ОНРТ-ийн хууль батлагдаж төрийн мэд­лийн радио, телевиз байхгүй болж байв. Үүнийг төр биш олон түмэн маань л мэдээл­лийн хүчирхэг хэрэгсэлтэй болсон гэж байгаа амьдрал дээрээ худлаа. Мөнгө нь төрийнх, томилгоо нь улс­төрийнх, байшин барилга нь ч төрийнх. Тэгэхээр төрийн бус олон нийтийнх гэсэн жүжигт хэн хэн маань ч итгэх­гүй. Ядаж гаргаж буй контент нь олон нийтийн хэрэгцээг хангадаг ч биш. Энэ салбарт чөлөөт өрсөлдөөн байхгүй болохоор бас л эрүүл биш.

Цахилгаан, дулааны стан­цуу­дын хувьд үнийг нь чөлөөлж, хараат бус болгож байж л бид эрчим хүчээ бор­луу­лах талаар бодож эхлэх байх. Түүнээс хараат байд­лаа­раа бол юун гадагшаа гаргах, бусдын аяыг хардгаа­раа л байна. Шуудангийн байгууллагыг хувьчилдаггүй юм аа гэхэд үйл ажиллагааг хувьд шилжүүлэх тухай бид бодох л хэрэгтэй болж байна. Төр баялгийг үйлдвэрлэнэ гэж хэзээ ч байхгүй. Төр үйл ажил­лагаа явуулаад ашиг олно гэж ч байхгүй. Харин баялаг үйлдвэрлэх боломж, ашиг олдог чиг замыг нь аж ахуйн нэгжүүд, иргэддээ л нээж өгмөөр. Хорин жилийн өмнө ярьж байснаа одоо давтаж, дороо эргэл­дэх эргүү төлөг шиг байгаа ч дахиад хорин жил эргэлдэх­гүйн тулд одоо эхэлмээр бай­на. Төр мэдэлдээ өмчтэй бай­гаад үржүүлж нэмэгдүүлээд иргэддээ өгнө гэж үгүй. Харин төрд эзэн байдаггүй учраас хэн эрх мэдэлтэй байна, хэн зувчуулах боломжтой байна тэр хүний хуруун салаагаар л гарна. Магад тэгээд нэг нам нь ялахаар нөгөөхөө барив­чилж, нөгөө нь дараагийнхаа гэх мэтээр явж өгнө. Дуусаш­гүй өс хонзон. Төр өмчтэй байх нь ийм хэргүүд гарахын үндэс болчихдог. Тиймээс хэн яаж мөнгөтэй хөрөнгөтэй болс­ныг олж тогтоож судал­даг, буруутгах гэж оролддог тогтолцоогоо ерөөсөө төр нь хөрөнгөтэй байдаггүй тогтол­цоогоор халмаар байна. Төр хөрөнгө нэмэх гэж ухаан, цаг зарахын оронд хүмүүсээ яаж хөрөнгөтэй мөнгөтэй байлгах вэ гэдэгт л анхаарвал таарна. Угаасаа төрийн хөрөнгө иргэнд ирж наалддаггүй юм. Баян төртэй байснаас баяж­сан иргэдтэй болж, монцгор төртэй байснаас монжсон ардтай байсан нь дээр хойно.

Онцлох нийтлэлүүд