Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn "Өдрийн сонин"-ы цахим хувилбарыг нэг өдрөөр захиалж уншаарай DNN.mn Дэлхийн шатрын олимпиадын аварга Б.Мөнгөнзулын багш Н.Баттулга: Шавь маань 17 насандаа дэлхийн олимпиадын аварга болж шатарчиддаа “Монгол хүн чадна” гэдгийг үлгэрлэж, зориг өглөө DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn "Өдрийн сонин"-ы цахим хувилбарыг нэг өдрөөр захиалж уншаарай DNN.mn Дэлхийн шатрын олимпиадын аварга Б.Мөнгөнзулын багш Н.Баттулга: Шавь маань 17 насандаа дэлхийн олимпиадын аварга болж шатарчиддаа “Монгол хүн чадна” гэдгийг үлгэрлэж, зориг өглөө DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2014.01.22 09:01

Б.Санжаа: Том Санжаа, Зундуй бид гурав барилдах эрхээ зэрэг хасуулж байлаа

Олон улсын хэмжээний мас­тер, цэргийн заан, хүндэт засуул Балдангийн Санжаатай ярилцлаа. Тэрээр чөлөөт бө­хийн анхны шигшээ багийн та­мирчин бөгөөд 1964 онд Японы Токио хотод болсон зуны XVIII олимпийн наадамд анх оролцож байсан тамирчны нэг юм. Түүнийг бөх сонирхогчид "жижиг" Санжаа гэдгээр нь мэдэх биз ээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

 

-Та Булган аймгийн Сайхан сумын уугуул. Танай нутгаас спортын мөн ч олон анхдагч төрөн гарчээ?


-Хүн гэдэг дэгэн, догонтой амьд­ралыг туулж элээдэг жамтай. Би хааяа боддог юм. Хүмүүний амьд­ралыг олж төрнө гэдэг хэцүү. Мон­гол хүн болж төрнө гэдэг хувь заяа. Тэр дундаа Булган айм­гийн Сай­хан суманд төрсөн маань миний хувьд их аз шүү. Манай сумаас спор­тын олон ч тө­рөлд алдар нэртэй, анхдагчууд төрөн гарсан. Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуу байх үеийн Шагдарын Намхай аваргаас эх­лээд олимпийн аварга Найдангийн Түвшин­баяр хүртэл олон сай­хан хүчтэнийг энд дурсвал барагдахгүй. Миний хувьд бас л нэг анхдагч гэгдэж нутаг усныхандаа хүндлүүлж, ийм сайхан нутаг усаа­раа овоглож явна. Цэргийн заан гэх цолыг анх удаа хүртэж байлаа.


-Цэргийн заан цолыг хэдэн онд хүртсэн бэ. Өмнө нь цэргийн цол олгодоггүй байсан юм уу?


-1961 онд Бүх ард түмний анх­дугаар спартакиадын "Алдар" спорт хорооны аварга шал­гаруулах үндэсний бөхийн барил­даанд хоёрдугаар байрт орж ардын цэргийн заан цолыг хүртсэн. Өмнө нь цэргийн барилдаанд болдог байсан ч 1961 онд албан ёсоор олгож эхэлсний анхны цэргийн заан нь би.


-Аав, ээжийнхээ талаар хууч­лахгүй юу. Таны өвөөг нэлээд бийлэгжүү хүн байсан гэж нутгийнхан ярих?


-Ээж маань айлын ганц охин. Би айлын ганц охины газар дээрх ганц хүү. Эрх гэж жигтэйхэн. Манай өвгөн эцэг нутаг усандаа адуу ихтэйгээрээ алдартай "Хаван" Балдан гэдэг хүн байсан. "Хаван" гэдэг нь олон янзын алба хашдаг гэдгээр нь цол шиг байгаа юм. Тэр үеийн Ханд ван гэж гадаад явдлын сайдын шадар туслах байсан гэсэн. Одоогоор тамгын газрын дарга хавьцаа юм уу даа. Өвөө маань өөрөө төрийн алба хашдаг байсан болоод ч тэр үү "Төр түмэн нүдтэй шүү. Төрдөө л үнэн ч яваа­рай" гэдэг зүйлийг их захидаг байсан. Ямар сайндаа чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд барилдах үед өвөөгийн бие нь муу болохоор барилдахгүй гэтэл "Чи спорт хорооноосоо цалин авдаг биз дээ. Хэрвээ тийм бол чи байгууллагын ажил цалгардуулах ёсгүй, барилд" гээд явуулж байсан. Тэр тэмцээнд ороод түрүүлээд ирэхэд өвөө минь бурхан болсон байсан. Тэрнээс хойш цэргийн ангийн дарга хүртэл цэргүүдийг "Санжаа тийм хэцүү үед амжилт гаргаж чадсан" гэж үлгэр дуурай­лал болгож ярьдаг байсан гэдэг. Ер нь төрд үнэнч байх, сайн муу ч гэсэн үгийг сонсож байх хэрэгтэй гэсэн үзэл надад шингэсэн байдаг. Уг нь би багадаа адууны аль хөнгөн хөлтэй, хурдан, тарган гэсэн морьд шилж унаж, саахалтын хүүхдүүдтэй эр бяраа үзэлцэж, ноцолдохоос өөр ажилгүй хүн байв. Айлын эрх хүүхэд болоод ч тэр үү намайг хэн ч загнахгүй. Сумын төвийн дэлгүүрт сард таван шил архи ирэхэд би гурвыг нь аваад үлдсэн хоёрыг нь манайхаас мал арай цөөнтэй айлын хүү авч байх жишээтэй. Одоо бодоход их л дураараа лүд байж дээ.


-Сургуульд явдаггүй байсан хэрэг үү?


-Хөрөнгөтний хүүхэд гээд сур­гуульд авдаггүй, нэг ёсондоо гадуур­хагддаг байсан юм байлгүй. Ер нь миний амьдралд унаж, сэхэх олон сонин тохиол учирсан. Би гэдэг чинь аймаг хэсч, наргиж наадам­лахаас өөр хийх ажилгүй хүн. Яахав олон малтай болохоор малчидтай. Адуу маланд ямар явах биш. Гэтэл малчдыг нэгдэлд эл­сүүлэхийн тулд адуунд ноос, сүү давхар тушаах төлөвлөгөө өгчих­дөг байгаа. Манайх долоон зуун адуутай. Адуунаас ямар ноос, сүү гарах биш. Хэрвээ төлөвлөгөө биелүүлэхгүй бол шоронд хийнэ гээд дээрээс айлгачихна. Айлаас нэг азарга адуугаар 100 килограмм ноос сольж аваад ноосоо тушаа­чихлаа. Сүүгээ болохоор хэдэн тэмээгээ хөтлөөд айлаас гуйгаад нөгөө баян айл чинь гуйлгачин болчих нь тэр. За тэгээд төд удалгүй нэгдэлд элслээ. Нэгдэлд элсээд арван тав, зургаан настай байхдаа аварга адуучин цол хүртэж, тухайн үедээ миний тухай сайшаасан мэдээлэл дов, толгод бүрийн сам­барт хадаатай байдагсан. Сур­гуульд 70 гаруй настай хүмүүс хичээл заана. Адуучин Санжаа гээд л хичээл заана. Аминдаа үлгэр дуурайлал болгож байсан байл­гүй. Тэгээд нэгдлийн товчооны гишүүнд долоон хүнийг сонгох боллоо. Мэддэг, мэддэггүй нь хамаагүй миний нэрийг оруулаад, би тов­чооны гишүүн болчихдог юм бай­на. Миний ч бие хаа задарч, овоо барилдаж ноцолдоод ирсэн чинь нутгийн хөгшчүүл бөх болох шинж­тэй гээд нутаг усаараа шуугиад ирлээ. Тэгэхээр нь залуу хүн хойно цэрэгт явж, бөх болохоор шийдээд өргөдлөө өгөөд тэнцчихсэн. 


-Таныг С.Цэрэн аваргатай онжав хэрнээ аваргаас нэр хүндтэй байсан гэдэг юм билээ?


-Тийм. Анх цэргийн ангид ирэ­хэд халзан толгойтой шовхолзсон залуу "Тэр залууг авна" гээд над руу заадаг байгаа. Ёндон генерал. Яг тэр үед манай ангид Цэрэн аварга цуг алба хаахаар ирсэн байсан юм. Тухайн үед Цэрэн аваргаас илүү харагдаж л дээ. Манай хэдэн барилддаг нөхдүүд тэрнээс хойш намайг "Санжаа Ёндон генералын нүдэнд Цэрэн аваргаас илүү  туссан хүн дээ" гэж цаашлуулдаг юм. Ингээд цэр­гийнхэн дундаа гайгүй барилддаг гээд цэргийн бөх болчихов оо. Дарга нар түлээ хагалахаас өөр битгий ажил хий гэнэ. Би гэдэг хүн чинь дархлагд­чихсан жагсаалд зогсохгүй, хээрийн сургуульд га­рах­гүй, буудлага хийхгүй. Ганц хийдэг ажил нь түлээ хагалж, гурван километрээс цагаан хэрэг­лэл, гурил үүрч ирэх л ажилтай боллоо. Бүр уйдсан хүн.


-Таныг цэрэгт ид мандаж байх үеийн бөхчүүд гэж хэн хэн байв?


-Түвдэн, Цэвээнравдан, Бат­суурь зэрэг олон сайхан аварга байсан. Нас дөнгөж дөч шүргэж яваа. Харин миний үеийнхэн гэх юм бол  Дамдин, Бээжин, Цэрэн, Зун­дуй аварга, Эрдэнэ-Очир, Сосор­барам арслан, том Санжаа гээд шижигнэсэн олон бөх бий.  Тэгээд хааяа барилдаан болохоор авар­гууд намайг ам авчихаад, эсвэл нэгнийхээ аманд өгчихөөд бол­доггүй. Нэг удаа Нүхтийн аманд барилдаан болдог юм байна. Хя­тадын батлан хамгаалахын сайд ирээд, тэрэнд зориулсан барил­даанд барилдлаа. Үзүүр, түрүүнд  Бадамсэрээжид арслан­тай тунаад давсан. Тэр цагаас хойш манай "Алдар" спорт хорооны Цэрэн аварга, Эрдэнэ-Очир арс­лан, том Санжаа, Зундуй бид нарыг улсын цолтой бөхийг өвдөг шороодуулдаг гээд "Таван халуун" хочтой болсон.


-Нэг хэсэг үндэсний бөхөө орхиж, чөлөөт рүү урвасан гэдэг. Яагаад?


-Барилдаж байгаад хөлөө бэр­тээчихсэн. За одоо үндэсний бө­хөөр барилдахаас өнгөрлөө гээд чөлөөт рүү орсон хэрэг л дээ. 1962 онд чөлөөт бөх Монголд дэлгэрч байх үед. Тэгээд нэгэнт өвдгөндөө бэр­тэлтэй үндэсний бөхөөр одоохон­доо барилдахад хүндрэлтэй юм чинь гээд чөлөө­төөр барилдахаар шийдсэн. Залуу хүн болохоор их дуртай байж  л дээ, чөлөөт бөхөд. Ингээд анх Монгол Казахстаны хамтарсан чөлөөт бөхийн уулзалт барилдаан болж Казакын Сэсээр­тэй барил­даад түрүүлсэн.


-Та олимпод оролцсон монголын анхны тамирчдын нэг. Чөлөөтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөн л оролцсон анхдагчдын нэг. Энэ тухайгаа дурсахгүй юу?


-1964 онд Токиод болсон зуны XVIII олимпод чөлөөт бөхийн анхны шигшээ багийн тамирчнаар оролцож байсан. 1966 онд Амери­кийн Толидо хотод болсон Дэлхийн аварга шал­гаруулах чөлөөт бөхийн тэмцээнд надаас гадна Мөөеө аварга, Ө.Эрдэнэ-Очир арслан нарын  тамирчидтай оролцож багаараа наймдугаар байрт шал­гар­сан юм. Нисэхэд биднийг он­гоцоос буух улаан хивс дэвсчихсэн, хоёр талаар нь бөөн хүн жагсаад зогс­чихсон, бас сур­гуулийн хүүх­дүүдийг жагсаагаад нижигнэтэл алга ташиж угтаж авч байлаа. Сайхан дурсамж шүү. Бид хэд чинь хаан аятай л хөөрчихсөн алхаж байлаа ш дээ. Нисэхээс шууд Төрийн ордонд ороход мөн л улаан хивсэн дээгүүр алхаж орж байсан нь одоо ч мартагддаггүй юм. "Од" болоод удаагүй байхад дахиад л фактлаад барилдах эрхээ хасуулчихсан.


-Юунаас болоод тэр вэ. Үндэсний бөхөөр барилдахыг  хүртэл  хориглосон уу?


-Олон улсын тэмцээнд Унгарын бөхийг ерөөсөө дийлдэггүй. Жин их хасчихсан цус амтагтаад барил­даж чаддаггүй. Тэгсэн төрийн алба хашдаг, аминдаа намайг дэмждэг хүн ирээд "Яахаараа чи Унгарын бөхийг дийлдэггүй юм" гэхээр нь "Өөрөө барилдаж чадахгүй байж" гэж хэлээд шанаадчихсан. Гэтэл төрийн хүнийг гадаадын хү­мүү­сийн хажууд доромж үзлээ, нам, засгаа үл хүндэтгэсэн нэрээр барилдах эрхээ гурван жилээр хасуулаад, мастераа хасуулаад, Зоргол хайрханы уурхайд малтаг­чингаар цөлөгддөг байгаа. Үзэл суртал тийм хүчтэй байж. За ингээд юу ч байхгүй боллоо. Хү­мүүжүүлэх санаатай хэдэн нөхцөл тавьсан. Зоргол хайрхан явалгүй гүрийгээд гэр бүлээ тэжээхийн тулд Төмөр замд ачигч хийж, банз зөөж буулгадаг ажилтай боллоо. 


Миний дүү Иргэний хам­гаала­хын хурандаа Жанчив Орост сурч байсан юм. Эхнэр нь хоёр хүүхэд­тэйгээ, эмээ хоёр дүүтэй, би эхнэр хүүхэдтэйгээ гурван гэр хэрнээ нэг ч төгрөгийн орлогогүй болчихлоо. Бороо орвол ус дээрээс тусна. Салхи гарвал хаяагаар шороо орно. Амьдрал хэцүүдлээ. Амьдрал хүнд хэцүү байх үед өнөө сайхан олон найз ёстой нүүрээ буруулж, урдаас ирж яваад намайг харан­гуутаа зүгээ буруулдаг болчихсон.


-Хаана амьдардаг байсан бэ?


-Гандангийн дэнжид. Гандан­гийн баруун үзүүрт "Алтангэрэл" гээд дэлгүүрийн хажуугийн гу­дамжинд гурван гэрээр амьдардаг байсан. Одоо ч тэр дэлгүүр байдаг юм билээ. Тэгээд нэг өдөр жаахан халамцуухан модны хоёр өөд харихаар өгсч явтал Улсын их хурлын нэг дептатут нөхөр таараад "Санжаа чи ингэж явах хүн биш. Монголын ард түмнийг нэгэн үе бадрааж явсан, ядаж сайхан шавь нар бэлтгэ" гэж захилаа. Би ч хэдэн өдөр нээрэн ч тийм юм уу гэж бодлоо. Тэгсэн кино найруулагч Бунтар гэдэг хүн таарлаа. Намайг "Чи кинонд тоглох уу" гэдэг байгаа. Би ямар хийх ажилтай тэгье л гэлээ. "Би спорт хорооноос чинь чөлөө аваад өгөх үү" гэхээр нь ямар хорооноосоо хөөгдсөн гэлтэй биш "Найз нь амралтаа авчихсан бай­гаа ш дээ" гээд залчихсан. Мар­гааш нь кинонд тоглохоор Налайх гараад давхилаа. Киноны зураг авалтын үеэр бороо орвол амар­чихна. Тэртэй тэргүй гэрээгээр кинонд тоглох ажлаа л хийж байгаа хойно. Ямар бороо орлоо гээд мөнгө, төгрөг хасагдах юм биш.


-Ямар кинонд дүр бүтээсэн юм бэ?


-"Төгсгөл" гэдэг киноны туслах дүрд тоглосон. Кино ч дууслаа. Би 600 төгрөгийн цалин аваад жиг­тэйхэн баярлаад хот руу таксид­чихсан. Налайхаас Гандан хүрэхэд 60, 70 төгрөг л гарсан санагдаж байна. Гэртээ ирээд мөнгөтэй болсон дээрээ нутаг руугаа гэр бүлийнхнийгээ аваад явахаар шийдлээ. Хүзүүнд пайз зүүгээгүй цагт барилдаж л таараа гэж бодоод Булганы наадамд явлаа. Ардын хянан шалгах хорооноос аймагт үүрэг өгсөн юмсанж. Өглөө наадам нээлтээ хийлээ. Гэнэт дуу өсгөгчөөр "Анхаараарай, ан­хаараа­­рай. Хоёр Санжаа, Т.Зундуй нарыг наадамд битгий зодог­луулаарай. Хэрвээ барилдах юм бол ба­рил­дахыг зөв­шөөр­сөн хүнтэй нь хатуу хариуц­лага тооцно" гэдэг байгаа. Нийгэм­лэгийн дарга, аймгийн дарга нар "Хүүе болохгүй нь барилдаж" гээд сүйд.


-Нөгөө хоёр бөхийг яагаад барилдуулахгүй гэсэн юм бол оо?


-Манай том Санжаа тэмцээн дээр өөрийнхөө барилдааныг дуусгаад бусад тамирчдаа барил­даж дуусаагүй байхад орхиод гарчихсан чинь барилдах эрхийг нь хасчихгүй юу. Т.Зундуй боло­хоор жингээ хас гэхэд нь "Би өөрийн­хөө жинг яаж хасахаа мэднэ" гэж хэлээд буруудчихсан хэрэг.  Яльгүй л шалтаг. Ингээд гурвуулаа барилдах эрхээ гурван жилээр хасуул­чихсан байсан юм билээ. Ингээд "Ядаж хоёр барилдаж хоёр давъя л даа" гэж байж гурав даваад тавын да­ваа­наас дээш гарч болохгүй гээд оюутан хүүхдэд албаар унаж өгч байсан даа.

 

 Үргэлжлэл бий...

Д.Даваасүрэн

Онцлох нийтлэлүүд