Б.Санжаа: Цэрэн аварга миний зааж өгсөн “салтаадах” мэхээр улсын наадамд түрүүлж билээ


Түрүүч нь ¹ 016 (4656) дугаарт
Олон улсын хэмжээний мастер,
цэргийн заан, хүндэт засуул Балдангийн Санжаатай хийсэн ярилцлагын үргэлжлэлийг
хүргэж байна. Түүнийг бөх сонирхогчид "жижиг" Санжаа хэмээдэг билээ.
-Барилдах эрхийг тань хязгаарласан
ч гэсэн Булганы наадам шиг нууцаар өөр барилдаанд зодоглов уу . Эсвэл яг гурван
жил болж эрхээ сэргээлгэсэн хэрэг үү?
-Өөр наадамд барилдаагүй. Их хөгтэй.
Булганы наадмаас ирээд өнөөх банз, хус мод буулгах ажлаа өдөр, шөнөгүй л хийсэн.
Нэг өдөр ажиллаад 73 төгрөг авдаг байсан болохоор үүнээс сайхан ажил гэж юу байхав.
Харин намайг тийм ажил хийж байгааг Намын төв хорооны биеийн тамирын хорооны хэлтсээс
тандаж байсныг сүүлд мэдсэн. Эрхээ хасуулаад жил ч болоогүй байхад дээрх хорооноос
дасгалжуулагчаар ажилд авсан юм. Би ч урамшаад нэлээд идэвхтэй бэлтгэл сургуулилт
хийж хоёр, гурван жил дараалан чөлөөт, самбоор амжилттай барилдчихлаа. Зүтгэсний
хүчинд барилдах эрхээ нэг юм сэргээсэн. Манай
том Санжаа, Зундуй хоёр хашир ч гэсэн тэр жил барилдах эрхтэй болж билээ.
-Цэргийн цолтой бөхчүүд дундаас
улсын наадамд тань шиг олон удаа тавын даваанд үлдсэн хүн байхгүй гэж бөхчүүд ярьдаг.
Бие жижиг хэрнээ хүчтэй байжээ?
-Гурван наадмаар тавын даваанд үлдэж,
унасан юм. Анх цэрэгт байхдаа улсын наадамд
барилдаад дөрөв давчихдаг юм байна. Тавын даваанд Түвдэн аваргатай зодоглож хөлд
нь ороодохлоо. Дахиад нэг гүйтэл даруулчихсан. Яахав их яарсан хэрэг. Урд шөнө
нь эргүүл хийгээд хоночихсон нойр дутууг хэлэх үү, ээж хөдөөнөөс ирчихсэн уулзахын
түүс болж байсныг хэлэх үү, бушуухан шиг л наадам дуусаасай гэж яарч байсан. Одоо
бодоход аргагүй л хүүхэд байж дээ. Дараа жил нь тавын даваанд Дамдиндоржийг өмсөж
эрчиндээ сэнжигний барьцтай гараа газар хүргэчихсэн. Тэрний дараа жил дахиад
л тавын даваанд үлдлээ. Батсуурь аваргатай барилдаад давхиж очоод дархан мэхэнд
нь орчихсон. Аварга "хохь" чинь гэж хэлээд миний толгойг илэхэд нь "Давдаг нь тэндээ
л биз. Хүний тэргүүнд хүрээд байхдаа яадаг юм" гэж амандаа бувтнатал сонсчихоод
"Ах нь чиний даваа ханасан байгааг анзаарсан" гэдэг байгаа. Уг нь Батсуурь аваргатай
барилдахын өмнөх даваанд Баянмөнх аваргыг өвдөг шороодуулсан юм. Баянмөнх дөнгөж
барилдаж эхэлж байсан үе л дээ. Хойтон жил нь дөрвийн даваанд Дэмүүл арслантай
барилдаж унасан. Дэмүүл арслан надаас гурван насаар ах. Надад буугаад өгчих гэхээр
нь "Надад цаана нь гурван жилийн барилдаан байна" гэж бодоод унаад өгчихсөн. Дамдин аваргын бяр харьж байсан үе юм уу даа.
-Дамдин, Бээжин зэрэг аваргуудтай
нэг дэвжээнд зодоглож явсны хувьд хэр ойр дотно нөхөрлөж байв?
-Өө их сайхан найзууд. Дамдин аварга
зүлэг ногоон дэвжээнээ гарлаа, давлаа л гэдэг байсан үе шүү дээ. Аваргын нэг онцлог
бол ганцаараа туухай, штангтай нь бэлтгэл хийнэ. Харин биднийг дасгалжуулагч төмөр
өргүүлэхгүй.
-Яагаад?
-Төмөр өргөх юм бол булчин хатуурчихна.
Булчин хатуурвал амархан цуцдаг болчихдог гээд хориглоно. Бид багшийн хэлсний дагуу
л бэлтгэл хийнэ. Дамдин болохоор циркт өнөөх төмрөө байнга нүднэ ш дээ. Тонн гаран
төмөр өргөж байсан түүх бий. Дамдингийн өөдөөс гүйж очоод тулахад өөрөө л хойшоо
үсэрнэ үү гэхээс хашир газраас хөдлөхгүй ш дээ. Тийм учраас их гаргууд хүчтэй байсан.
Тэгээд ч жигтэйхэн дайчин хүн. Нэг удаа бэлтгэл хийхдээ 32 килограммын туухай өргөж
байгаад дөрвөн үүдэн шүдээ мулт цохьчихсон. Эмнэлэгт очиж үзүүл гээд байхад ер
хүний үг авахгүй. Бэлтгэл цалгардана гээд яваагүй. Тийм л бүдүүн тоймын эр байлаа.
Улсын наадам дөхөөд ирэхлээр жингээ хасна гээд л уул руу түнтийтэл гүйгээд явчихдаг
хүн байсан. Тийм бүдүүн хадуун хэрнээ мань мэтийг нэг тэгээдхээч гэвэл за л гэнэ.
Их цайлган сэтгэлтэй хүн байж дээ. Дамдин хойно циркт ажиллаж байгаад ирэхэд нь
би вокзал дээр тосч авч байсан юм. Манай хүн жаахан халамцуу. Тухайн үед би чөлөөтийн
дасгалжуулагч байлаа. Тэгээд нэг жинд хүн дутаад байна гээд жинг нь асуутал
100 кг-тай гэлээ. Тэгснээ "Би ямар жинд барилдах юм" гэхээр нь 90 килограмм гэтэл "асуудалгүй" гээд зөвшөөрсөн.
Жингээ хасах гэж хоёр өвдгөө улаан нялга болтол бэлтгэл хийгээд жиндээ гуравдугаар
байрт орсон. Хүн хөлдөө оруулахгүй гэж өвдөглөж унасаар байгаад шалбарчихгүй юу. Дамдин аваргыг гаднаас харсан хүн ёрын амьтан
байх гэж харахаар. Гэтэл угтаа их зөөлөн хүн.
-Бээжин аварга ямар барилдаантай
бөх байв?
-Бээжин аварга бол их хурц барилдаантай.
Хоёр мөрөн дээрээс хүчтэй татаж хутгаад тонгорчихдог. Урт гартай. Дөрвөн мөчний
барилдаантай. Гар, хөлөндөө хүчтэй гэсэн үг. Хөлөөрөө хүн суйлаад л хаячихна. Нэлээд
хойно аварга болсон доо, хөөрхий. Аягүй бол одоо хүмүүс итгэхгүй Санжаа ах худлаа
залаад гэж магадгүй. Үнэндээ Бээжинг мөн л Дамдины замаар чөлөөтөд оруулж, нэгэн
үе хоёулаа миний шавь явлаа.
-Бөхчүүдээс бас Ж.Мөнхбат аварга
та хоёрыг их ойр дотно явсан гэдэг. Таныг барилдаж байх үед Мөнхбат аварга хаана явав?
-Мөөеөгийн төрсөн ах нь манай ротын
дарга байсан. Цэрэгт байхад тожгор бор банди цэргийн анги дээр их ирнэ. Ах нь
"За Санжаа дүүг минь бөх болгоорой" гэж захилаа. Бид хоёр ангийн хашаанд их ноцолдоно.
Надаас хамаагүй дүү л дээ. Мөнгө хэрэгтэй болоод бид хоёр спортын ордонд болж байсан
барилдаанд яваад орчихлоо. Мөөеө Батсуурь аваргыг заагаад "Чи наад хөгшин аваргаа
хаячих. Тэгвэл би бусдыг нь хаячихна" гэлээ. Батсуурь аварга энэ яриаг сонссон аятай
Мөөеөөг амлачихсан. Харин би Пүрэвтэй барилдлаа. Пүрэвийг өмнө давдаг байсан болохоор
айсангүй. Даанч уначихсан. Эргээд харсан Мөөеө бас өвдөг шороодож харагдсан. Бай
ч үгүй, банзанд ч үгүй гарсан юм даа. Бид хоёрын хөг их. Мөнхбатад анх би мэх заадаг
байсан бол манай хүн дорохноо тодроод гараад ирсэн. Өөрөө давахаа байчихсан. Мөөеөгийн
дархан мэх хутгана. Нэг удаа би хутгах мэхнийх нь эсрэг мэх заалгаад техникумын
барилдаанд давсан. Мөнхбат айхтар тооцоотой барилддаг. Би улсын арслан Чойжоод
30 гаруй унаад, гурав давсан юм. Дахиад давахаа байчихсан. Тэгсэн намайг, тэнгэргүй,
тэнэгийнх чинь гээд загнаж билээ. Одоогийн бөхчүүдийг бодвол тухайн үеийн бөхчүүд
нэг нэгэндээ их зөвлөнө, тусална. Мөөеө надад барьц чинь удаан байна шүү гээд л
зөвлөдөг байсан.
-Мөнхбат, Баянмөнх хоёр аварга нэгэн үе "үнээ саалгадаггүй хоёр" хоч авч ёстой
л нүд хужирласан барилдаан гаргадаг байсан гэдэг. Энэ нь Мөнхбат аваргын зодог,
шуудагтай бас холбоотой гэж сонссон. Энэ талаар та ямар нэг юм мэдэх үү?
-Энэ ийм учиртай юм. Би 1974 онд барилдахаа
болиод засуул болсон. Тэр үед улсын засуул
Гончиг гэж хүн байсан. Үнэхээр дэг жаягтай. Гончиг гуай Мөөеөг задрах болоогүй
гэж нэлээд бэлтгэл хийлгэдэг байсан. Нэг удаа "Одоо чи Баянмөнхийг давна. Гэхдээ
наад зодог, шуудгаа соль" гэхэд нь Мөөеө "Хоёр жил өвдөг шороодоогүй зодгоо солихгүй"
гэсэн юм билээ. Аварга хоёр жил улсын наадамд түрүүлсэн байж л дээ. Мөөеө ясны сэргэлэн
хүн болоод ч тэр үү наадам дөхөх үеэр зүүдэлж. Зодгоо тасадчихаад хүний зодог авч
барилдаад түрүүлж байна гэж зүүдэлсэн гэсэн. Маргааш нь Гончиг гуайн яриа санаанд
нь буугаад наадмаар Эрдэнэ-Очирын зодгийг гуйж өмсч барилдаад түрүүлсэн гэдэг.
Тэр дор нь хадаг яндар болж Эрдэнэ-Очирын зодгийг гуйж авч байсан юм. Зодгийг нь
авахдаа Мөөеө "За чи миний арслан цолыг аваарай" гэж ерөөж байсан гэсэн. Эрдэнэ-Очир
ч тэр жилээ арслан цолоо авсан түүхтэй. Тэгэхээр засуул гэдэг бөх судлаач хүнийг
хэлж таарна. Ялангуяа Гончиг гуай их нарийн хардаг. Бие засаад ирэхэд заавал гар
хөлөө угаа гэж загнана. Ариун байж энэ сайхан бөхчүүдийн малгайд хүрнэ гэдэг байсан.
-Бяр, чадалтай, амжилтад хүрэхэд
ойрхон байж яагаад дэвжээгээ орхив оо. Бас засуул хий гэж хэн нэгэн ятгасан юм уу?
-Миний амьдралын бас л нэг огцом шийдвэр.
Улсын наадмаар тавын даваанаас дээш гарахгүй болохоор нь бөхөө орхисон. Хөлний
бэртэл нөлөөлдөг ч байсан юм уу, ийм жин багатай хүн чөлөөт, самбо гээд олон сайхан
амжилт гаргачихсан хойно гэж бодсон ч юм уу. Намайг барилдаж байх үед уртын дуучин
Мягмар, Лонцойдорж хоёр засуул байлаа. Одоо бурхан болчихсон. Тэр хоёр байхгүй үед
Санжаа засуул хий гээд гаргачихна. Анх уяагүй хүн бөхийн цол дуудна гэж нохойн
баас шиг л юм болно. Яваандаа зүгшрээд ирсэн. Ер нь би гэдэг хүн аливаа юманд их
хурдан дасдаг юм шиг байгаа юм. 20 гаруй жил засуул хийлээ дээ. Ер нь анх 1952 онд
барилдаж эхэлсэн гээд бодоход 63 жил бөхийн дэвжээнээс холдсонгүй. Цэцэд бас олон
жил ажиллалаа. Ажилласан жилээрээ Мижиддорж арслан надтай ойролцоо байх шүү.
-Саяхны улсын наадамд тав давчихаад
зургаагийн даваанд барилдахаар гарч буй бөхийнхөө учраа бөхийг засуул нь мэдээгүй
байсан гэж нэгэн бөх ярьж байсан. Үүнийг засуул хүн мэдэхгүй байх тохиолдол бий
юу?
-Цэц бол хэн нь давж, унав гэдгийг
л харж байх хэрэгтэй. Шударга байх ёстой. Харин засуул "Цаад хүний чинь нүдний хараа
доогуур байна. Хөлд чинь гүйх гээд байна шүү" гэх мэтийн барилдах бөхийг нь шинжиж
хэлж өгдөг. Бөхийн засуул бөх болгоныг харж шинжиж анализ хийж байдаг. Их л хариуцлагагүй
хүн байна даа. Маш хариуцлагагүй, тэр өндөр даваанд шүү дээ.
-Таныг барилдаад зогсохгүй олон
ч аваргын зодог, шуудгийг урласан гэсэн. Хэн хэний зодог шуудаг оёж байсан бэ?
-Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр аварга,
Д.Сумьяабазар гээд олон л бөхийн зодгийг оёсон. Манай үеийнхэн болох Бээжин, Дамдин
аварга, Зундуй, Эрдэнэ-Очир арслан гээд олон бий л дээ. Саяхан Бадамсэрээжид арслан
зодог оёулсан. Энэ жил арслан 90 нас хүрч байна. Биднийг цэрэгт байхад арслангийн
40 насны ой болоод цэргүүдийг бүгдийг нь зодог шуудагтай болгох тушаал гарч, хэдэн
нөхдүүд цэргүүдийн зодгийг урласан. Тухайн үед яахав дээ даавуу актлаад оёж байсан.
Одоо бөхчүүд цэргийн нимгэхэн шар гэвэл андахгүй. 1996 оноос хойш бараг зодог шуудаг
хийсэнгүй. Манай том хүү Нямдорж л сүүлийн үеийн энэ хэдэн бөхчүүдийн зодог, шуудаг
оёж байгаа.
-Бөхчүүд зодгоо оёулахдаа өөрсдийнхөө
барилдаанд тааруулна ч гэх юм уу, янз бүрийн захиалга өгдөг үү?
-Ер нь сүүлийн үед энэ хүмүүсийн
зан суртахуун гээч юм жигтэйхэн өөр болсон байна. Цэргийн шарын суга хэсэг нь их
нарийн. Тийм байх тусмаа гар тасадчих гээд барилдахад хэцүү. Өрсөлдөгч барьц авахад
хэцүү гэсэн үг. Тэгвэл одооны залуучууд зодогны
суга хэсгийг ховхолзуулж хийлгэх гэнэ.
-Тэгвэл барьц авахуулах гээд эрсдэлтэй
биш үү?
-Харин ингэх нь л дээ. Өрсөлдөгч
бөх нь ховхолзсон хэсгээс нь барьц авах гээд шунаад ороод ирэхлээр нь хөлд нь сууна
гэсэн бодолтой байхгүй юу. Уг нь сүрхий барилддаг хүн бол нэг хуруу ч орохооргүй
жимбийлгэж оёорой гэдэг. Тийм бөх ч бий. Хуучны бөхчүүдийн шуудаг их доор байсан.
Кинон дээр гараад байдаг даа. Цоодол арслан Лувсанжамц гуай хоёр барилдаж байгаад шуудагдаадахсан чинь
тасарчихаж. Лувсанжамц гуай "нөгөөдөхөө" дарж доош суучихаад дахиж барилдахгүй
гээд тахимаа өгч байсан гэдэг яриа бий. Харин одоо дээшээ бараг дөрвөн хуруу өндөр
болсон. Шуудагдуулахдаа сайн бөх илүү өндөр хийгээд өгөөч гэх жишээтэй. Одоо яалтай
ч билээ.
-Таны шавь нар гэж ямар хүмүүс
байна вэ?
-Чөлөөт бөхөөр хоёр ч гавьяат байна.
Увс аймгийн Тэс сумын харьяат улсын начин Артаг, Баянхонгорын Богдын Цэдэндамбаагийн
Нацагдорж гэж хоёр гавьяат шавь байна. Нацагдорж 55-60 хүртлээ дэлхийн аваргыг
гурван удаа хүртсэн хүн. Үндэсний бөхөөр гэвэл С.Цэрэн аварга. Бас л зааж, зөвлөж
дасгалжуулж байсан үе бий. Цэрэнд "салтаа" гэдэг мэх зааж билээ. Хоёр гар нь их
урт. Татаад л салтаадахад болмоор санагдаад болдоггүй. Хоёулахнаа Залаатын аманд
бэлтгэл хийлээ. Энэ тухайгаа "дүүгүүр" Сэрээнэн, Мөөеө, "Таван халуун"-ы бөхчүүддээ
ч хэлсэнгүй. Сүүлдээ Цэрэн маань хурууны үзүүр хүрлээ л бол салтаадчихдаг болчихсон.
"Салтаадах" мэхээрээ улсын наадамд ес давж түрүүлсэн удаатай. Долгорсүрэн заан,
Түвшин заан гээд олон сайхан багш, шавийн барилдлагатай явсан бөхчүүд байгаа.
-Одоо танай удамд барилддаг хүн
бий юу?
-Би долоон хүүхэдтэй. Таван охин,
хоёр хүүтэй. Хоёр хүү бага нь. Хүүгийн нэг
хүү бяртай, чимээтэй болохоор харагдаад байгаа юм. Одооны хүүхдүүд овоо задраад
ирэхээр бэлтгэл таслаад ирэхгүй эсвэл бие нь олигтой хөгжихгүй байх янзтай. Ямар
сайндаа Баянмөнх аварга "Энэ хүүхдүүд бидний үеийнх шиг бэлтгэл хийвэл долоо хоног
халуурч хэвтэнэ дээ" гэж хошигносон удаатай. Аварга дасгалжуулагч хийж байгаа болохоор
эрх биш анзаарч байгаа биз.
Д.ДАВААСҮРЭН