Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Ихэнх нутгаар үргэлжилсэн усархаг бороо орно DNN.mn ​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn "Өдрийн сонин"-ы аппликэйшн шинэчлэгдлээ DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Ихэнх нутгаар үргэлжилсэн усархаг бороо орно DNN.mn ​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn "Өдрийн сонин"-ы аппликэйшн шинэчлэгдлээ DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2014.01.25 01:01

Сар шинээр хүний алга дээш харуулахад бэлэгний их бага нь ялгаагүй

Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны өндөр настан Найдангийн Жар­гал сар шинэдээ бэлдээд тун ч завгүй сууна. До­лоовор хуруундаа ху­руувч зүүчихээд, тоо­ноор тусах нарны гэрэлд утас зүүгээ төвөггүйхэн сүв­лэж өрхөө шинэ бүрээ­сээр өнгөлж байгаа нь энэ. Харин хоёр зээ нь гэрийн хоймор дахь ширээнээ дэвтэр, номоо дэлгэчихсэн гэрийн даал­гавраа хийж суугаа харагдана. Тэд IV  сургуу­лийн тав, долдугаар ангийн сурагчид. Ээж нь ажилдаа явсан гэнэ. Өдрийн уртыг Жаргал хоёр зээтэйгээ өнгөрүүл­дэг аж. Модон морь жил гарвал 73 нас хүрэх юм байна. Тэрээр Увс айм­гийн Малчин сумын уугуул ажээ. Жаргал охин Ган­чимэг, түүний хүүхдүүд болох Баасанхүү, Энх­баяр нартайгаа амьдар­даг юм байна. Зээ нарынх нь эцэг дөрвөн жилийн өмнө өөд бол­жээ. Хоёр зээ сургуульд явахын зэрэгцээ ус авч, түлээ дөхүүлж эмээдээ тус хүргэнэ. Эмээ нь харин ээжийг нь эзгүй хойгуур энэ хоёрынхоо хичээл номыг хийлгэж, сургуульд нь хүргэж, хув­цас хунарыг нь зэхдэг ажилтай. Ойрдоо Жар­гал зав муутай байгаа болохоор хоёр зээгээ сургуулиас авч амжихгүй байгаа тухайгаа ярив. 

Жаргал өрх оёнгоо галдаа хаа нэг нүүрс хийх. Ойрдоо гадаа ду­лаа­хан байгаа болохоор өдөртөө нэг л хувин нүүрс хийдэг гэнэ. Мон­гол гэр амархан хөрөх гээд байдаг болохоор ойр ойрхон галаа манаж байхгүй бол хэмээн даруу­хан инээмсэглэнэ. Өнөөдөр өрхөө оёод дуус­чихвал өнөөдрийн ажил ард гарч байгаа нь тэр гэнэ.

Харин ирэх хагас сайн өдөр буюу бямба гаригт охиноо амрахаар буузаа хийх тов гаргажээ. Багавтар үхрийн нэг гуяны махаар бууз хийхээр тооцоолсноо ч ярив.  Ойрдоо дулаахан хонож байгаа болохоор бууз хөлддөг болов уу хэмээн санаа зовнингуй ярингаа зээ хүү Энхбаяртаа хандаж зурагтаар цаг агаар хэдэн хэм хүйтэн гэж байгааг сайн нягталж харж өгөөрэй гэж үүрэг өгөөд авав. Тавгийн идээ засахад орох ёотон, үрэл, цагаан самар зэргийг дэлгүүрээс аль хэдийнэ аваад авдартаа хий­чихсэн байна. Хөгшчүүл ихэвчлэн сар шинээр цагаан идээгээр тавгаа засдаг уламжлалыг Жаргал гуай одоо ч дагаж мөрддөг хэ­вээрээ аж. Ганц саалийн үнээтэй. Үнээгээ Ногоон толгойд айлд зохих хөлсийг нь өгч маллуулдаг байна. Үнээгээ зундаа өөрөө сааж, сүүг нь борлуулж өвөлдөө хэрэглэх ааруул, шар тосоо бэлдээд авчихна. Тэгж дарсан цагаан идээгээ ёстой л цагаан сараар гаргаж хэдэн хүүхдүүддээ өгдөг байна.

Энэ жил мөн л худалдааны ааруул авч таваг засахгүй өөрийнхөө бэлтгэсэн цагаан идээгээ хэрэглэх аж. Жаргал эмээ "За тэгээд цагаан сараар зөвхөн идээ будаа гэлтгүй өмсч зүүхээс эхлээд өнгөтэй өөдтэй байж тэр жилдээ элбэг, хангалуун орно шүү дээ" гээд авдраасаа хэдэн баадантай дээл гаргаж ирлээ. Өнгөрсөн жил тэрээр хар ногоон үйтэн хуаран дээл өмсчээ. Мөн хурган дээл, том алтлаг шар цэцгэн хээтэй тэрлэг гээд хэд хэдэн дээл байна.

Өөрөө урласан гэнэ. Жил болгон л шинэ дээл өмсөхийг боддог тухайгаа ярингаа "Дээлээ өмсчихье. Настай хүн зураг дээр намбагүй харагдана" гээд том алтан шаргал хээтэй цэнхэр дээлээ өмсчихөв. Тэрээр энэ жил өнгөрсөн жилийн сараар өмссөн хар ногоон үйтэн хуаран дээлээ өмсье гэж бодож байсан юм байна. Харин охин нь ээждээ заавал шинэ дээл өмсүүлнэ гээд хөх өнгийн үйтэн хуараар дээл оёулахаар бэр рүүгээ аваад явсан гэнэ. Жаргал гуай өөрөө дээл оёж, үйл мэтгэхээ болиод удсан болохоор хүүгийнх нь эхнэр сүүлийн үед дээл оёж өгдөг болжээ. Харин энэ жил дахиад дээл хийлгэнэ гэхээс санаа нь зовоод хуучнаа өмсье гэж байсан аж.

 Тэрээр "Хотын бид яах вэ хүүхдүүдийн зав зайгаар ажлаа амжуулж, тэднийхээ дөхүүлж өгсөн идээ, будаагаар болоод л явчихна. Хөдөө байсан бол долоохон хоноод шинэлэх гэж байхад юун ингэж суух. Малын хашаа, хороогоо цэвэрлэхээс эхлээд ажил ид ундарч байгаа. Одоо ч мөнгө төгрөг нь бэлэн л бол амар болж дээ" хэмээн хөдөө байсан үеэ дурсав. Жаргал гуай арваад жилийн өмнө ханиа өөд болоход хот газар бараадсан нь энэ. Төрсөн ах, эгч хоёр нь хотын захад амьдардаг бөгөөд шинийн нэгэнд хамгийн түрүүнд очиж золгодог байна. Мөн талийгаа­чийнхаа эгч дээр одоо ч шинийн нэгэндээ багтаж золгодог гэнэ.  Жаргал эмээ өөрөө дөрвөн хүү, нэг охинтой. Ханьтайгаа мал маллаж, нөхөр нь хааяа хөдөө орон нутагт тээвэрт явдаг байж. Ханийгаа эзгүй хойгуур таван хүүхдээ асрахаас гадна цагаан сар дөхөөд ирэхээр ганцаараа л бүх ажлаа амжуулна. Өвлийн хүйтэнд голоос мөс зөөж гэсгээж хувцас хунараа угаахаас гадна хоол ундаа бэлдэнэ. Тухайн үед шинэ жилийн баяртай хамт цагаан сар хийдэг байсан бо­лохоор их л нүсэр тэмдэглэдэг байж л дээ. Орж, гарах хүний тоо тоймгүй их. Харин хотынхон цагаан сараар хамар хашааныхандаа ч ордоггүйг анх гайхаж байснаа дурсав. Тэрээр "Хотод ирээд арваад жил боллоо. Одоо миний хүүхдүүд түмний үрсийн адил сайхан л амьдарч байна. Хоёр идэхгүй, хоосон хо­нохгүй болж л байна" гэж ирээд их л сэтгэл хан­галуун ярилаа. Том хүү Ганхуяг барилгын компанид менежер, удаах хүү Гансүх "Хурд" компанид жолооч, Ганбат IV ца­хилгаан стан­цад жолооч, Ган­зориг Шведэд гэр бүлтэйгээ ажиллаж амьдарч бай­гаа бол Гантулга хүү нь одоогоор ажилгүй, ээжийнхээ тэтгэврийн мөнгийг зээлүүлж аваад наймаа хийхээр явсан гэнэ. Таван хүү нь бүгд л гэр бүлтэй. Жаргал эмээ арваад ач, зээтэй.

Тэрээр "Жилдээ ганц удаа сар шинээр л хүүхдүүд гэр бүлээрээ золгохоор ирж, бид нар халуун ам бүлээрээ цугларна. Энэ гэрийг чинь өргөөд тавьчих шахна шүү дээ. Хүүхдүүд ирэхээр гэр орон дүүрч, гэгээ татаад сэтгэл он­гойгоод сайхан байдаг юм" хэмээн их л догдлонгуй ярина. Ганц охин Ганчимэг нь саяхан "Өгөөж"-ийн хэвийн боовны үйлдвэрт ажилд оржээ. Охиныхоо цалинг буухаар тавгийн идээгээ, хүний гар цайлгах бэлэг сэлтээ бэлдэх гэнэ. Харин Ганбат хүү нь сар шинийн баярын ширээнд тавих ууц авч өгчээ. 250 орчим мянган төгрөгөөр авсан бололтой. Жаргал гуай Ганбат хүүгээ "Манай гэр бүлийн холыг ойртуулж, хоёрыг нийлүүлдэг ганц шүү дээ. Түлээ нүүрс, мод дөхүүлнэ" хэмээн магтах. Ер нь жил бүрийн цагаан сараар хүүх­дүүд нь бэлэг, сэлтийг нь бэлтээд өгөх боловч аль болох тэтгэврийн хэдээрээ өөрөө болгох санаатай. Цагаан сараар хөгшнийд төрөл, төрөгсөд, ах дүү хамаатан садан, үр хүүхэд, ач зээ гээд 50 гаруй хүн ирж золголт хийдэг аж. Хөгшин нялх гэлтгүй хүн болгоны алгыг дээш харуулж, цайлгаад гаргахыг хүснэ. Төрсөн хүүхдүүддээ дараа нь ядаж өмсчихөөр өмд, цамц тусгайлан авдаг байна. Ер нь тэгээд ч сар шинээр орж ирсэн зочдын алга дээш харуулахад бэлэгний том жижиг нь ялгаагүй гэж үздэгээ Жаргал гуай ярьж байна. Зарим нэг хүүхэддээ авсан бэлгээ хүртэл харуулав. Зээ Энхбаяр нүдээрээ инээж ирээд л зурагт үзэнгээ "Манай эмээ дандаа гоё бэлэг өгдөг" гээд хэлээд авав. Харин эмээ нь "Хичээлээ хийгээд дуус­чихсан юм уу. Дандаа хүүхэл­дэйн кино үзнэ энэ моньд. Их сэргэлэн. Тэр харахгүй юу нү­дээрээ инээ­гээд" гээд зээгийнхээ толгойг илж, үнсэв. Одоо 100 гаруй мянган төгрөгөөр бэлэг бэлд­чихвэл бол­чихно гэнэ.

Уг нь Жаргал гуай сарын 180  мянган төгрөгийн тэтгэврээс өөр орлогогүй. Гэсэн ч жилдээ ганц хийдэг цагаан сараа аль болох сайхан тэмдэглэх гээд тэтгэв­рийнхээ зээлийг олон сараар нь зээлчихдэг гэнэ. Энэ жилийн хувьд тэтгэврээ зээлэх боломжгүй бай­гаа аж. Өнгөрсөн долдугаар сард зүрхний хагалгаанд орохдоо тэт­гэврийнхээ долоон сарын мөнгийг зээлчихжээ. Арай гэж саяхан хуга­цаа нь дуусч тэтгэвэртэй золготол хүү нь наймаа хийнэ гээд аваад яв­чихсан. Наадам хүртэл тэтгэвэргүй болсон болохоор тэтгэвэр нэмэг­дэх сургийг чих тавин чагнаж байгаа гэсэн. Тэгвэл нэмэгдэж орсон зөрүү мөнгөөр нь үлдсэн бэлгээ бэлдээд, охиныхоо цалинг  хашааныхаа түрээсэнд өгчих санаатай аж. Учир нь тэднийх Дөлгөөн нуурын ардхан талд сарын 25 мянган төгрөгийн үнэтэй түрээсийн хашаанд амь­дар­даг юм байна. Түрээслэгчид нь залуу хосууд байдаг бөгөөд түүнийг ээж, эмээ шигээ л хүндэлж орж гардаг гэнэ.

Шинийн таван өнгөртөл тэд­нийд хөл тасрахгүй. Хажуугийн айлаа танихгүй мөртлөө "Та нар хөгшин настай хүнээ хүндэлж золгоно гэдгийг мэддэггүй улс уу" гээд загнаж байгаад цай уулгадаг байна. Хорооныхоо таньж мэдэх ганц нэг хөгшинг бас цай уулгана. Цагаан сар дөхөөд ирэхээр хороо­ныхоо хөгш­чүүдийг цуглуулж, цайлдаг байна. Энэ цугларалтыг Жаргал гуай харин ч нэг хүлээдэг.  Тэрнээс бусад өдрүүдэд гэр өрхийн эм­нэлэг, зээ нарынхаа сургууль хооронд өнжинө. Тэрээр өрхөө өнгөлж дуус­чихаад авдар­наасаа хурган дотор­той дээлээ гаргаж салхи үзүүлж, тоосыг нь гөвчихөөд утаа шингэчихнэ гээд далд хийчихэв. Тэр зуур хажуу айлын хүн буузаа хийнэ гээд элдүүр, гурилын гам­панзыг нь аваад гарах нь харагд­лаа. Айл болгон болж бүтэхээрээ ингэж л сар шинэдээ бэлдэж байна.

Д.ДАВААСҮРЭН

Б.ОЮУН-ЭРДЭНЭ    

Онцлох нийтлэлүүд