Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn "Өдрийн сонин"-ы цахим хувилбарыг нэг өдрөөр захиалж уншаарай DNN.mn Дэлхийн шатрын олимпиадын аварга Б.Мөнгөнзулын багш Н.Баттулга: Шавь маань 17 насандаа дэлхийн олимпиадын аварга болж шатарчиддаа “Монгол хүн чадна” гэдгийг үлгэрлэж, зориг өглөө DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn "Өдрийн сонин"-ы цахим хувилбарыг нэг өдрөөр захиалж уншаарай DNN.mn Дэлхийн шатрын олимпиадын аварга Б.Мөнгөнзулын багш Н.Баттулга: Шавь маань 17 насандаа дэлхийн олимпиадын аварга болж шатарчиддаа “Монгол хүн чадна” гэдгийг үлгэрлэж, зориг өглөө DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2014.02.06 09:02

О.Хангай: Том цолтой бөхчүүдтэй шийдэмгий, дайрч барилдъя л гэж бодсон

Аймгийн арслан О.Хангайтай ярилцлаа. Тэрээр ялгуусан хэ­мээх модон морин жи­лийн сар шинийн барил­даанд үзүүрлэсэн билээ.

-Сар шинийн барил­даанд аймгийн цолтой бөхчүүд өнгөлсөн то­хиолдол цөөхөн байдаг. Таны хувьд өнөө жил үнэхээр сайхан барил­даан гаргаж үзүүр­лэлээ, баяр хүргэе?

-Баярлалаа. Аймгийн арслан цол хүртсэнээс хойш анх удаа том барил­даанд зодоглож үзүүр­лэлээ. Үнэхээр сэтгэл хангалуун байна.

-Бэлтгэл сайн хан­гасан харагдсан. Яаж бэлтгэл хийв?

-"Ховд дэвжээ"-ний­хэн­тэйгээ хотод бэлтгэл хийсэн. Хөдөө гарч бэлт­гэл хийж амжсангүй. Заа­ландаа л бэлтгэлээ хан­гасан. Бага наадам гэдэг утгаараа их ач холбогдол өгч өдөр тутмын бэлт­гэлийг бодвол арай ша­хуу бэлтгэл хийсэн. Тэр­нийхээ үр дүнг ч хүртлээ.

-Таныг богинохон ху­га­цаанд өндөр амжилт гаргаж байгаа бөх гэх юм. Хичнээн жил бө­хийн спортоор хичээл­лэж байна вэ?

-Би бөхөд хожуу орсон. Энэ жил 25 насны жил орж байна. Нас ч бага байна. Барилдаад гурван жил болж байна. Төгсөх ангийн оюутан байхдаа ер нь бөхөөр явъя гэж шийдсэн. 2010 онд су­мын­хаа наадамд барил­даж цолоо ахиу­лаад да­раа жил нь Ховд аймгийн наадамд айм­гийн арслан Батсайхан­тай үзүүр түрүүнд үлдэж аймгийн заан бол­сон. Өн­гөр­сөн жил айм­гийн­хаа наадмын түрүүг авч арслан цол хүртсэн.

-Яагаад гэнэт бөх болъё гэж бодов. Ямар мэргэжлээр сурч бай­сан бэ?

-Хөдөө аж ахуйн их сургуулийн газар зохион байгуулалтын инжене­рийн ангийг төгссөн. Их сонин, гэнэтийн тохиолд­лоор гэх үү дээ. Төгсөх курст байхдаа сумынхаа наадамд зодоглосон чинь шөвгийн дөрөвт тунаж үлдсэн. Тухайн үед би зуныхаа амралтаар очсон байсан юм. Шөв­гийн дөрөвт үлдсэн тухай­гаа гэрийнхэндээ хэлтэл аавын төрсөн дүү болох Алтанбагана ах их л сүр­тэй хүлээж авсан. "Миний дүү чинь сайн бөх болж магадгүй хүн байна" гэж ирээд л. Тэгснээ намайг бөхөд хэр сонирхолтойг лавлаж асуулаа. Мэдээж сумын наадмын шөвгийн дөрөвт үлдсэн хүн чинь өөрийгөө ирээдүйтэй л гэж бодно шүү дээ. Ах шууд зодог шуудаг авч өгөөд "Сайн бөх болоо­рой" гэж захисан. Ингэж л бөх болох гараа маань тавигд­сан. Аав, ээжийн маань удамд байсан сай­хан бөх­чүүдийн буян гэж бодож явдаг.

-Аав, ээжийгээ та­нил­цуулахгүй юу. Одоо хамт амьдарч байна уу?

-Миний аав Оргих гээд улсын тэргүүний тариа­ланч хүн бий. Ээжийг Баярлах гэдэг. Нярав мэр­гэжилтэй. Аав Говь-Алтай аймгийн уугуул. Ээж Хов­дын Буянт сумынх. Эцэг, эх маань өвөөтэй хамт Буянт сумандаа амьдарч байгаа. Харин би хотод дүү­тэйгээ болон найз охин­тойгоо хамт амьдардаг.

-Эхээс хэдүүлээ юм бэ?

-Эхээс дөрвүүлээ. Гур­ван эмэгтэй дүүтэй. Айлын ганц хүү.  -Эцэг, эхийн тань нэр их өвөр­мөц юм. Таны нэрийг бас их утга учиртай өгсөн гэж дуулсан?

-Аав, ээж хоёрын нэр хоёулаа үйл үг байгаа биз. Хүмүүс хоорон­доо их зохилдлогоотой өвөрмөц нэр гэж ярьдаг. Харин миний нэр бяр тэнхээтэй мундаг зохиолын баатрын нэр юм билээ. Намайг төрөх үед аав "Газар шороо" рома­ныг уншсан гэсэн. Романд Хангай Базар гээд эгэлгүй хүчтэй хүний тухай өгүүлдэг нь санаанд нь буугаад надад Хангай гэдэг нэрийг хайрласан юм билээ. Ихэд бэлгэ­шээж өгсөн нэр дээ. 

-Ээжийн тань тал бөхийн удам­тай гэж сонссон?

-Тийм ээ. Ээжийн маань удамд улсын арслан Ван­чин­хүү гэж мундаг бөх байсан. Биеэр жижиг хэр­нээ их уран барил­даантай. Бас айм­гийн арслан Магван, айм­гийн начин Дамдин­сүрэн, аймгийн заан Даваасүрэн гээд сай­хан бөх ах нар бий. Ийм сайхан бөхчүү­дийн удам гэг­дэж яваа­даа үнэ­хээр бахарх­даг.

-Хүүхэд байх­­даа хэр но­цолд­дог байв?

-Нэг их барил­даж байгаагүй. Ер нь би дуу цөөтэй, хөдөл­гөөн багатай хүүхэд байсан. Одоо ч бараг тийм дээ. Багадаа аавыгаа дагаад тариа, ногоо тарих ажилд нь тусалж хар бор ажил хийж сурсан. Хичээл амрахаар өвөөгийнд очно. Айлын ганц хүү болоод ч тэр үү өвөө намайг их эрхлүүлнэ. Ийм сайхан том барилдаанд үзүүрлэсэнд өвөө маань их баярласан байна лээ. Утсаар ярьж баяр хүргэсэн.

-Гэрийнхэнтэйгээ золгож амжсан уу?

-Хараахан амжаагүй л байна. Өнөөдөр нутаг руугаа мордох санаатай. Аав, ээж, өвөөтэйгөө очиж золгож үнсүүлчихээд уул усандаа мөргөөд ирнэ дээ.

-Сар шинийн барилдаанд үзүүр­лэхэд гэрийнхэн тань зураг­таар үзэж ёстой л суудал дээрээ тогтохгүй хүүгээ дэмжиж байсан байх даа?

-Барилдаан дуусангуут аав, ээж рүүгээ залгатал ерөөсөө утас нь яриад завгүй гээд болдоггүй. Нэлээд удаж байж холбогдсон. Ах дүү хамаатан садан, найз нөхөд нь "Хүү чинь үзүүрлэчихлээ баяр хүргэе" гээд зогсоо зайгүй залгасан гэсэн. Тэр хэд маань зурагтаар миний барилдааны даваа бүрийг тэсч ядан догдолж үзсэн байна лээ. 

-Улсын том цолтой бөхчүүд­тэй их зоригтой барилдсан. Ер нь үзүүр, түрүүнд үлдэхэд юу бодог­дож байх юм?

-Мөнхбаатар арсланг өвдөг шороодуулаад шөвгийн дөрөвт үлдсэндээ үнэхээр их баярласан. Би ийм том барилдаанд шөвгөр­чихлөө шүү дээ гэж бодсон. Ер нь барилдаан бүр миний хувьд хүнд санагдсан. Учраа бөхчүүд  ч гэсэн бяртай, барилдаан сайтай боло­хоор надад зоригтой дайрч барил­дахаас өөр зам байгаагүй. Нэгийн даваанд гэхэд л аймгийн арслан  Ганболдтой барилдсан. Аймгийн арслангуудаас бас л барилдаа­наараа тодордог бөх. Ганболдыг хийлж хаяад хоёрын даваанд хурц арслан Ш.Мөнгөн­баа­тарыг тонго­ро­ход нь араар нь мордоод өвдөг шороо­дуулчихлаа. Удаах даваанд Т.Баа­сан­хүү начинд амлууллаа. Амлуулсан учраас зоригтой барил­дана л гэж бод­сон. Харин  дөр­вийн даваанд улсын арслан Д.Азжаргалтай оноолт таарсан. Тавын да­ваанд улсын арслан Х.Мөнх­баатар,  зургаагийн даваанд улсын заан Ч.Сан­жаа­дамба­тай барилдахдаа нэгэнт өндөр даваанд хүртэл барилдсан хойно дайрч барил­да­хаар шийд­сэн. Гэхдээ Ч.Санжаа­дам­ба заантай барил­дах­даа жаахан бэргэж байсан. Энэ барилдаанд ихэнх бөх сонир­хогчид түүнийг түрүүлэх байх гэж таамаглаж бай­сан шүү дээ. Бэлт­гэл ч сайн байгаа нь мэдэгдсэн. Харин хий гарч өөрийнх нь мэхэнд тохоод өвдөг шороодуулсан. Мөнх­бат аварга­тай бол удаан барилдаж болохгүй гэж бодсон. Том цолтой бөхчүүдтэй залуу бөхчүүд удаан барилдах юм бол цуцдаг. Тиймээс дайрч барил­дах нь зөв байсан.

-Гарьд Д.Рагчаатай барилда­хын өмнө Батзориг заан өөрт чинь их л дотночилж үг хэлж харагдсан. Тэгж барилд гэж зааварласан уу, даваа чинь хана­сан байна гэж хэлэв үү?

-"Шууд дайрч санасан мэхээ хий" гэж захисан. Гарьд Д.Рагчаа­тай барилдахад үнэхээр цуцсан байсан болохоор хүнд барилдаан болсон. Хий гарвал дөрөөлөөд мэх гаргая л гэж бодсон. Даанч гарьд үнэхээр бяртай, сайн барилдаан­тай юм билээ. Гэхдээ миний хувьд үзүүр, түрүүнд үлдэж, тэр өндөр цолтой ах нарыг өвдөг шороо­дуулна гэдэг том амжилт шүү дээ. Маргааш нь өөрийгөө зурагтаар харсан чинь үзүүрлэчихээд их л догдолж хөөр­сөн харагдсан (инээв).

-Гарын багш тань Ц.Мягмар­сүрэн заан. Барилдааны үеэр тэг, ингэ гэж зөвлөж байв уу?

-Багш өөрөө хөлийн цэцээр ажилласан болохоор надад зааж, зөвлөх эрх байхгүй. Хэлээгүй л болохоос биш дотроо ингээсэй, тэгээсэй гэж бодож л байсан байх. Үзүүрлэхэд "Сайн барилдлаа" гэж их урам өгсөн. 2010 оны өвөл Ц.Мягмарсүрэн заантай багш шавийн барилдлагатай болж бай­лаа. Тэрнээс хойш багшаасаа барилдахаас гадна амьдралын туршлага хүртэл хуримтлуулж явна даа. Энэ дашрамд хэлэхэд намайг дэмжиж, надад тусалдаг багшдаа болон "Ховд аймгийн хөгжлийн төлөө сан"-гийн тэргүүн Ширнэн­бандийн Адьшаа ахдаа талархаж явдгаа хэлмээр байна. Адьшаа ах бөхийн спортыг их сонирхоно, сайн ч мэднэ. Бас "Автобус нэг" компа­нийн хамт олон, "Аврагч" спорт хороо, "Ховд бөх"-ийн дэвжээ­нийхэн­дээ бүгдэд баярлаж явдгаа илэр­хийлье. 

-Та сугадаж тонгорох мэхийг тун их гаргууд хийж байсан. Багш тань зааж өгсөн үү?

-Тухайн үеийн барилдаанаас хамаарч шууд гаргасан хэрэг. Яг ийм мэх барилдахдаа гаргана гэдэг хэцүү шүү дээ. Ер нь хутгах, тон­горох мэхэнд овоо гаршаад байгаа. 

-Одоо биеийн өндөр, жин хэд­тэй байна?

-Өндөр 186 см. Жин 100 кило­­грамм хавьцаа хэлбэлзэж байгаа. Сая цагаан сараар бууз их идээд жаахан жин нэмсэн байх аа (инээв).

-Улсын наадамд зодоглож үзсэн үү?

-Энэ жилийн наадмаар л зодог­лож үзнэ дээ.

-Сүүлийн хэд хэдэн барил­даанд өнгөтэй барилдаж улсын цолонд ойрхон бөхөөр нэрлэг­дээд байгаа байх аа?

-Саяхан "Талх чихэр"-ийн барил­­дааны түрүүг хүртсэн. Энэ оны анхны барилдаан. Оны өмнө "ТВ-9" телевизийн арван жилийн ойн барилдаанд "Улсын цолонд ойрхон бөх"-ийн шагналыг авсан. Сая сар шинийн барилдаанд "Улсын цолонд ойрхон бөх"-ийн шагналыг дахиад авсан. Бас "цахиур хагалах бөх"-ийн шагналыг авсан. Түмэн олныхоо энэ их итгэлийг алдахгүй, цаашид олон сайхан барилдаан харуулахыг хичээнэ ээ.

Д.ДАВААСҮРЭН

Онцлох нийтлэлүүд