Арга барилаа өөрчлөхгүй бол вирус хүртэл хувьсан өөрчлөгддөг болчихож


Сүхбаатар аймагт хотоос 20 цагдаагийн алба хаагч болон нэг пургон
машиныг нэмэлт хүч болгон өгөв. Учир нь постод ажиллаж буй цагдаа нар ээлжгүйгээр
бараг 10 хоног гараад байгаа. Ингэхдээ 24 цаг ажилладаг байна. Шүлхий өвчний вирус
ямар нүдэнд үзэгдэж, гарт баригдах биш халдварыг нь газар авахуулахгүйн тулд постоор
орж гарч буй машин тэрэг, хүн амьтанд цурам хийлгүй хяналт тавьж ажиллахаас өөр
замгүй. Тэгэхгүй бол зарим "но"-той жолооч нар зугтах тохиолдол гаргадаг юм байна.
Постын ажилчид хасах 30 хэмийн хүйтэнтэй
байсан ч ариутгалаа хийж, дамжин өнгөрөх машинуудын цонхоор бээлийн дотроо бээрсэн
болов уу гэмээр арай ядаж спирттэй хөвөн өгч байгаа харагдсан. Дайны хажуугаар
дажин гэгчээр хөл хорио тогтоосон сумдад гэмт хэрэг гарах нь ихэсчээ. Хот хүрээ
явж наймаа, панз хийдэг, хөлсөөр ачаа бараа зөөдөг нэг нь хөл хорионд орчихоороо
архидан согтуурч зодоон цохион хөөцөлдөх болж. Тиймээс цагдаагийнхан ийн хүч нэмжээ.
Мал эмнэлгийн ажилтнууд айлуудын малаас шинжилгээ авч, эхний ээлжинд үхрийг нь
вакцинжуулж байгаа аж. Ингээд зогсохгүй хашаа хороо, өтөг бууцанд нь ариутгалын
шингэн цацдаг юм байна. Ариутгалын шингэн цацах зориулалттай АРС машин гол ажлыг
нугалах боловч нэлээд ярвигтай гар ажиллагаа их шаардах юм.
Ариутгалын шингэнээ хийгээд цацахын хооронд гуурсных нь үзүүр
хөлдчихлөө. Тиймээс хлорын уусмалаа заавал бүлээн усаар найруулах хэрэг гарав.
Сумдад ямар халуун, хүйтэн ус гэсэн ойлголт байхгүй хойно голомтод ажиллаж байгаа
мэргэжилтнүүд бүгд гэртээ гал түлж ус халааж авчрахаар болов. Ингээд гэрийн зүг
гүйсэн ажилчид 25 литрийн шар саваар бүлээн ус авчирч машин руугаа хийв. Мөн зарим
постын гарам дээр тавих эсгий хэрэгтэй гээд онцгой байдлын нэг албан хаагч гэрийнхээ
туургыг хуу татаж ирээд дэвссэн байна. Түүнчлэн хорио цээрийн бүст амьдарч буй
иргэд өвдвөл асуудал үүснэ. Яагаад гэвэл тоотой хэдэн түргэний машин нь айлуудаар
вакцин хийгээд хаагуур ч явж байх юм билээ. Эм тариаг нь дөхүүлж өгөөд гарлаа гэж
бодоход халдвар тархах магадлалтай. Шүлхий шүлсээр дамждаг заваан өвчин учраас
газрын хөрснөөс машины дугуйгаар эрүүл бүст
тархах өндөр магадлалтай. Тиймээс газар авахуулахгүйн тулд машины дөрвөн дугуйг
ариутгаж байгаа хэрэг. Гэхдээ энэ шүлхийтэй
тэмцэж байгаа тийм ч найдвартай арга биш бололтой. Нэлээн хэдэн жилийн өмнө эхээс
төрсөн хүүхэд сар гаруй хугацааны дараа нүднийх нь харц тогтож аав, ээжийгээ муухан
таньж инээхчээ аяддаг байсан. Харин өнөөдөр төрсөн хүүхэд долоо ч хонолгүй толгойгоо
дааж, бараг л ярих нь холгүй болчихсон үе. Яг үүнтэй адил шүлхийний вирус хүртэл
илүү дархлаажиж хэр баргийн вакцинд дарагдахааргүй болсон учраас гадны вакцин үйлдвэрлэгчид
хүртэл энэ тал дээр ихэд анхаарч байгаа тухай Мал эмнэлэг үржлийн төвийн дэд дарга
Болортуяа ярьж байлаа. Тэрээр ажлаа аваад ердөө хоёрхон хонож байгаа хэдий ч өмнөх
жилүүдэд гарсан шүлхийтэй тэмцэж байсан туршлагатай нэгэн гэнэ. Үүнтэй Сүхбаатар
аймгийн Засаг дарга Ж.Батсуурь хүртэл санал
нэг байгаа аж. Сүхбаатарт 2006, 2010 онд гээд хэд хэдэн удаа шүлхий гэгч өвчин гарч
байсан. Өөрөөр хэлбэл шүлхий гарлаа л гэвэл хэрхэн дарж авахаа мэддэг, туршлагатай хүмүүс. Гэтэл өнөөдөр голомтод байгаа
шүлхийгээ бүрэн дарж чадахгүй эрүүл сумдадаа халдааж байх жишээтэй. Тэгэхээр шүлхий
өвчнийг мэддэг хэрнээ улиг болсон арга барилаар
ажиллаад байна. Шүлхий зөвхөн Монголд гардаг, тэгээд айхтар халдварт өвчин бол биш.
Одоогийн байдлаар ОХУ-д Сибирийн Забаикалск муж болон Хятадын
муж улс Түвдэд шүлхий өвчин дэгдчихсэн байна. Дээрх улсуудад нэгдүгээр сарын эхэн
үеэс эхлэн шүлхий өвчний голомт бүртгэгдэж эхэлжээ. Түвдийн Сигазэ мужид гэхэд
одоогийн байдлаар 50 гаруй бод мал шүлхийгээр өвчилсөн нь тогтоогдоод байгаа аж. Харин ОХУ-д одоогийн байдлаар хэдэн мал өвчилсөн
нь тодорхойгүй байна. Сибирийн Забаикалск муж нь Монгол Хятадын хилтэй хамгийн
ойр хиллэдэг билээ. Харин Умард Солонгост гахайны фирмд шүлхий өвчин тархаад байна.
Тус улсад шүлхий өвчин анх нэгдүгээр сарын 8-нд Пхеньян хотын гахайны фирмд бүртгэгджээ.
Нийтдээ 3280 гаруй гахай шүлхийгээр өвчлөөд байгаагаас 369 гахай өвчнөөсөө болж үхсэн бол 2911 гахайг
зориуд устгалд оруулжээ. Одоогоор нийт
17 гахайны фирмд өвчний голомт илэрсэн байх жишээтэй. Бүгд л шүлхийтэй тэмцэхдээ
вакциныг ашиглаж байна. Гэхдээ ганц нэг оронд шүлхийтэй малаа эдгээж махыг нь ашигладаг
гэх. Манайд ариутгаад хүнсэндээ хэрэглэх боломжгүй. Тийм орчин бүрдээгүй. Бараг
устгахаасаа илүү зардал гарах юм гэнэ.
Үнэндээ манайх ч гэсэн шүлхий илэрлээ гэхэд голомтоор нь устгаж
аюулгүй болгох хэрэгтэй. Эрүүл хэсгээ халдвар
авахуулахгүйн тулд вакцинаар бөмбөгдөх ёстой гэх үү дээ. Гэтэл тэр вакцин нь
манайд нөөцгүй байж таардаг. Тэгээд ч шүлхийний эсрэг вакциныг урд, хойд хөрш зэрэг
цөөхөн хэдэн оронд үйлдвэрлэдэг юм байна. Захиалгын дагуу үйлдвэрлэдэг болохоор
их хэмжээгээр бэлэн байдаггүй гэнэ. Тиймээс энэ удаа түргэн авч яаралтай вакцин
авахаар Орос руу мэдэгдсэн боловч заасан хугацаанд хүссэн хэмжээгээр үйлдвэрлэх
боломжгүй гэсэн хариуг өгчээ. Тиймээс Хятадаас тал вакциныг нь авахаар болсон
аж. Тодруулбал, 1.5 сая тун буюу 951 сая төгрөгийн вакцин Оросоос ирэх бөгөөд энэ
сарын 28-нд Монголд буух юм байна. Харин 500 мянган тун буюу 700 орчим сая төгрөгийн
вакцин Хятадаас өнөөдөр орж ирэх байна. Эхний ээлжинд голомтын бүс болох Сүхбаатар,
Дорноговь, Хэнтийд вакциныг тараах байна. Говьсүмбэр аймгийн хувьд одоохондоо
шүлхий илрээгүй ч хил залгаа голомтын бүсээс
орж ирэх магадлалыг бодолцож хяналтын пост ажиллуулж өндөржүүлсэн бэлэн байдалд
гарчээ. Хэрвээ төв зам дагуу байрлах энэ жижигхэн аймагт шүлхий тархвал нийслэл
рүү дорхноо орж ирнэ. За тэгээд малын түүхий эд, махаа гадагшаа гаргадаг манайх
шиг жижигхэн зах зээлтэй орон шүлхийтэй гэдгийг мэдвэл харилцагч орнууд шууд нүүрээ
буруулна. Энэ эрсдэл л шүлхийтэй тэмцэхэд төр их хөрөнгө хаяад байгаа шалтгаан гэнэ.
Үнэндээ шүлхий намжихаар малчдын үхсэн малын тоогоор нөхөн олговор олгох юм гэсэн.
Бүр 90 хувиар бодож олгох юм билээ. Үүнийг сонсоон хаврын хавсаргад хамгийн түрүүн
сэнсрэх болов уу гэсэн малаа зориуд шүлхий тусгая гэсэн ухааны юм ярьж байгаа малчид
ч мэр сэр таарсан. Нэг талаараа мал төрийн хамгаалалтад байх ёстой гэх боловч хувь
малчны өмч шүү дээ. Нөхөн олговор өгч байгаа нь малчдын толгойг илэхтэй адил мэт.
Яагаад малчид хэдэн төгрөг гаргаад жилдээ нэг, хоёр удаа малдаа вакцин хийлгэж болохгүй
гэж. Хэрвээ вакцин хийлгээгүйгээс болж элдэв өвчин гарвал хариуцлага тооцдог тогтолцоо
байсан ч буруудахгүй талаар ярих хүн олон байна. Ер нь тэгээд гурав, дөрвөн жилийн
давтамжтай гараад байхад урьдаас бэлтгэж болохыг мэргэшсэн хүмүүс хэлсэн. Тэрнээс
голомтод ажиллаж буй иргэдийн хувьд үнэхээр чадах чинээгээрээ ажиллаж байгаа нь
илт. Шүлхийтэй үхрийг зориуд нядалж гэдсийг нь хагалаад булахдаа хлорын шохой ашиглаж
байсан. Гурав дөрвөн метрийн гүнд хөлдүү газар ухахад том машин ашиглах аж. Устгалын
хэсэгт ажиллаж буй хүмүүс байнга химийн бодисоор амьсаглаж байгаа учраас дотор эрхтэнгүй
болдог юм байна. Шүлхий дээр ажиллаж байсан цөөнгүй эмч нар ийм шалтгаанаар амиа
алдсан гэсэн мэдээлэл ч байдаг юм билээ.
Ямартай ч хорио тогтоосон 30 хоногийн дотор шүлхийг дарж авахгүй бол цаашид
төлөвлөж байгаагаас ч зардал их гарах төлөвтэй байна.
Д.ДАВААСҮРЭН