Хүн тэжээвэл толгой цустана


Монголчууд "Хүн тэжээвэл
толгой цустана, мал тэжээвэл ам тосдоно" гэж
хэлэх нь бий. Олон жилийн амьдралын бодит үнэнээс урган гарсан үг байх
л даа. Магадгүй та бүхний хувийн амьдралд
ч иймэрхүү зүйл тохиолдсон байхыг үгүйсгэхгүй.
Хэдэн жилийн өмнө ийм нэг хэрэг гарч байсан даа. Залуу сайхан гэр бүл зах дээр
наймаа эрхлэн амьдрал нь овоо сайхан болоод ирэх үед тэдний ойр зуур ажлыг хийлцэж,
гэр орноор нь орж гарч, тэжээлгэж тэтгүүлж явсан залуу гэртээ хадгалдаг мөнгө төгрөг
хамаг юмыг нь мэдэж аваад эзгүйд нь гэрт нь ирж
хоёр охиных нь нэгнийх нь амь насыг
бүрэлгэж, нөгөө охин нь хүнд гэмтсэн ч азаар амьд үлдсэн байдаг. Гэрийн эзэн тэр үед "Хүн тэжээвэл толгой цустана
гэж үнэн юм байна" гээд уйлж байсныг санаж байна. Мөн үүнтэй утга дүйх "Тэжээсэн
бяруу тэрэг эвдэнэ" гэж үг бий. Бяруу гэхээс илүү хүнийг л хэлээд байгаа хэрэг л
дээ. Гэхдээ дээрх жишээний тухай ярих гэсэнгүй. Арай өөр, төрийн халамж, тэжээврүүдийг
бий болгоод байгаа талаар дурдах гээд үгийн тайлбар хэлчихлээ.
Манайхан сайн төр, сайн нам болох гээд нийгмийн халамжийг тараах
аж. Аль ч нам засгийн эрх барилаа гэсэн, ямар ч үзэл баримтлалтай байсан ялгаа
алга. МАН угаас зүүний үзэл баримтлалтай, нийгмийн халамж руу анхаарал хандуулдаг.
Харин одоо эрх барьж байгаа АН барууны чигийн
нам. Гэвч МАН-аасаа ялгарах юм алга. МАН-ыг эрх барьж байх үед хүний хөгжил сангийн
мөнгө гээд л иргэн бүрт сар бүр 21 мянгыг өгч, шинээр гэрлэгсдэд 500 мянган төгрөг,
шинээр төрсөн иргэнд 100 мянган төгрөг, Таван толгойн хувьцааны мөнгө гэж бэлэн
мөнгө тарааж байсан. Энэ засагт оюутнууд хүртэл сар бүр 70 мянган төгрөг авч байна. Хичээл сурлага, амьдралд хэрэгтэй гэхээс
илүүтэй шоудаж зугаацдаг л мөнгө болсон байна
лээ, тэр нь. Дээр нь нийтийн унаанд үнэгүй
зорчино. Зарим нь төрөөс төлбөрөө даалгана. Тэгсэн атлаа тэмцлийн манлайд оюутнууд
л жагсаж харагддаг. Төрийн албанд ажиллаж байгаа нөхдүүдийн цалинг байсхийгээд л
нэмж, олон жил ажилласан хүмүүст бас л шагнал хэмээх нэлээдгүй хэмжээний мөнгө
олгодог. Энэ их зах замбараагүй халамжаас хүүхдийн мөнгө, ахмад настан, хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийг харж үзэх бол хүн ёсны хэрэг л дээ. Бусад халамжийн тухайд илүүц юм. Харамсалтай нь
саяхан хүртэл МАН өнөөх л халамж, цалин нэмэх талаарх эдийн засгийн үндэслэлгүй,
улс төржсөн популист мэдэгдэл хийж байна лээ. Мөн мөрөөрөө малаа маллаад ашиг шимээ
олоод амьдарч байхад нь малчдыг халамжлах
санал санаачилга нэмэгдээд эхлэв.
МАН-ыг эрх барьж байх үед
ажилгүй залуус сар бүр 21 мянгаараа архи авч л уугаад л гар хумхин суухтай
зөндөө л таарч байлаа. Бүр цалингаа хүлээж
байгаа юм шиг хоног тоолоод сууна. Ажил хөдөлмөр хийх насан дээр нь төр зүгээр л
архины мөнгө өгөөд бэлэнчлэх сэтгэлгээнд сургаж, амьдралын ямар ч идэвхгүй болгочихдог.
Ингэж бэлэн мөнгө тараахаас гадна бензиний үнийг төрөөс зориудаар
барих, түлээ нүүрсийг нь хямдаар эсвэл үнэгүй
тараах, гурилын үнэ, өргөн хэрэглээний бусад бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах
нь ч өөрөө халамжийн нэг хэлбэр. Хуучин төлөвлөгөөт эдийн засгийн үеэс нээх ялгараад
байх зүйл алга. Угтаа бол зах зээлийнхээ жамаар өрсөлдөөний зарчмаар л явах ёстой
юм. Одоо ингэж халамжаар бөмбөгдөхөө болих хэрэгтэй юм. Хүн угаас өөрөө өөрийгөө
гэр бүлээ, үр хүүхдээ тэжээхэд программчлагчдсан байдаг. Энэ нь хүн төрөлхтөний
жам ёсны л хууль. Олонхи эрүүл саруул хүмүүс
ингэж л амьдардаг. Тэгэхийн тулд л амьдралын тэмцэл өрнүүлдэг. Гэтэл зүгээр байхад
нь бэлэн мөнгө, халамж өгөөд эхлэхээр амьдралын төлөөх тэмцлээс нь салгаад хаячихаж
байгаа юм. Бэлэн юм аваад сурчихаар түүнийгээ л нэхээд сууна уу гэхээс больё гэж
бодох нь үгүй. Улам л ихийг нэхнэ. Зүгээр
тэжээлгэсэн хүн улцаганасан, нялцаганасан, гомдсон, тунирхсан, бусдад илүү өглөө, надад өгсөнгүй, эсвэл бага өглөө гээд л гомдоллож эхэлдэг.
Тунирхал, гомдол нь өширхөл болж, үзэн яддаг. Үүнээсээ болж халамж өгсөн хүнээ алах
талахдаа тулж дахин уулзахгүй болтлоо тангараг тасарч, эсэргүүцэн тэмцэж эхэлдэг.
Амьдралын төлөөх биш, бэлэн юм авах л тэмцэл болж хувирдаг. Өнөөх хүн тэжээвэл толгой
цустана гэгч болно. Жагсана, тэмцэнэ, босно. Ажил хийе гэж тэмцэж байгаа хэрэг биш
шүү. Авъя, нэмүүлье л гэдэг.
Ард түмнийг мөхөөе гэвэл өөрсдөөр нь ажил хийлгэхгүй бөөцийлж эхлэхэд
л болдог. Энэ нь тухайн ард түмнийг устгадаг. Бидний нүдэн дээр дэлхийгээр нэг ийм
жишээ байна. Канад улс нийгмийн халамжийг уугуул иргэд буюу улаан арьстнуудад хамгийн
ихээр зориулдаг. Тэндэхийн хамгийн муу амьдардаг, мөхөж буй үндэстэн нь уугуул иргэд
болсон. Ажил хийхгүй байсан ч улсаас халамж өгдөг болохоор түүгээрээ амь зогоож,
архи уугаад л байж байдаг. Австралийн аброгеничүүдийн
эмгэнэлт түүх ч халамжийн бодлого, архидалт, хоорондын дайн тулаанаасаа болсон байдаг. Амьтан хүртэл амьдрахын тулд тэмцдэг.
Гэтэл хүнийг амьтнаас дор болгож ямар ч зорилгогүй,
бүтээлч сэтгэлгээгүй болгож орхидог зүйл бол халамж. Халамж авдаг хүмүүс хуримтлал
бий болгодоггүй. Тэртэй тэргүй мөнгө ороод л ирэх юм чинь гэсэн сэтгэлгээтэй болчихсон байдаг. Нэгэнт улс нь мөнгө
өгөөд байхад ажил хийх, бүтээлч сэтгэлгээ хэнд төрөх билээ дээ. Томоохон улс гүрнүүд
жижиг үндэстнийг мөхөөхдөө халамжийн бодлогыг
их явуулдаг. Тэр байтугай жижиг үндэстнийхээ иргэдийг урлаг соёлын бодлогыг дэмжиж,
тэр чиглэлийн сургуульд сургах хэрнээ инженерийн сургуульд бараг л сургадаггүй.
Манж чин улс сүйрсэн гол шалтгаан нь нэг манжид хоёроос гурван
хятад үйлчилж, ажил хийлгэхгүй хөлд нь сөгдсөөр нэг л мэдэхэд устсан гэж бид ярьцгаадаг хэрнээ Монголын төр өөрсдөө улсаа сүйрүүлэх
бодлого явуулаад байна уу.
Арабын баян орнууд баялгийнхаа ачаар бэлэн мөнгө аваад суудаг ч өөрсдөө
ямар ч хөдөлмөр эрхлэхгүй, гаднаас ажиллах хүч
аваад л амьдарсан болдог юм билээ.
Дэлхийн томоохон баячууд хурааж хуримтлуулсан их мөнгөө үр хүүхдэдээ гэрээсэлж үлдээхгүй
байгаа нь хүүхдэдээ хайргүйдээ биш харин хайртайдаа тэгдэг болов уу гэж боддог.
Тэр их бэлэн мөнгө үр хүүхдийг нь амьдралын ямар ч тэмцэлгүй амьд үхдэл болгож орхино
гэж үзсэнийх болов уу. Үр хүүхдээ өөрсөд шигээ хөдөлмөрлөж, өөрийн ухаанаар гайхамшгийг
бүтээж амьдралд хайртай, амьдарсан шиг амьдраасай гэснийх болов уу.
Монголын төр эрүүл саруул иргэдээ халамжлахаа зогсоогоосой. Ард түмнээ
үгүй хийж улсаа мөхөөх гээгүй бол халамжлахаа болих цаг болсон. Харин түүнийхээ
оронд ажил хийх нөхцөл бололцоог нь олго.
Бизнес эрхэлж байгаа хүмүүсийн ажилд төр оролцож саад хийхээ л больчих. Түүнээс халамжилж байгаа нэрээр сонгуулиас сонгуульд ялах
оноо цуглуулж ард түмнээ битгий доромжлооч. Ард түмнээ тэжээврүүд битгий болгооч. Нэг л мэдэхэд олон жил халамжилсан тэжээврүүд чинь толгой цусдах вий.
Зүгээр олдсон зүйл хэзээд үнэ цэнэгүй л байдаг.