Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн ДХБ-ын Сайд нарын бага хурлыг хойшлуулжээ Монголын агрономчдын "Өндөр ээж" гавьяат боллоо Нефтийн үнэ буурчээ Бээжин хотод анхны жолоочгүй такси үйлчилж эхэлжээ Энхийг сахиулагчид Өмнөд Африкаас биш Суданаас ирнэ Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн ДХБ-ын Сайд нарын бага хурлыг хойшлуулжээ Монголын агрономчдын "Өндөр ээж" гавьяат боллоо Нефтийн үнэ буурчээ Бээжин хотод анхны жолоочгүй такси үйлчилж эхэлжээ Энхийг сахиулагчид Өмнөд Африкаас биш Суданаас ирнэ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2014.04.05 03:04

Монголд анх ДОХ-ын халдвар авсан бүсгүй хүү, охин хоёртойгоо амьдарч байна

Монголын анхны ДОХ-ын халдвар авсан эмэгтэй яаж байгаа бол доо гэж хааяа бодогддог байлаа. Камеруны хоёр "хар"-ын  үлдээсэн "өв"-ийн түүхийг манайхан  мэднэ дээ. Тэр явдлаас хойш хэдийнэ 17 жил өнгөрчээ. Гэтэл тэр эмэгтэйтэй ажлынхаа ойролцоо хүүхдийн тоглоомын талбайд тааралддаг байгаа. Охин нь гулгуур дээрээс буухгүй байгаа юм гэнэ ээ. Ээж нь аясыг нь хараад зогсч байна. Гурван настай ази, африк цус холилдсон сүрхий  борогшуу охин юм. Хүнээс бишүүрхдэггүй бололтой. Гартаа барьсан жижиг ууттай таргаа задлуулах гээд дэргэдүүр нь явсан лам дээр гүйж очиж байна. Ахимаг насны лам охины шулганахыг ойлгоогүй л болов уу. Гартаа барьсан эрхиэ толгойд нь хүргэн адис өгөөд алхаж одлоо. Тэд Канадаас ирээд жил болж байгаа гэнэ. Бараг л амьд болов уу гэж бодож байсан хүн маань  бүр хүүхэд төрүүлээд амжиж. Арваад жилийн өмнө  энэ бүсгүй жаахан  хүүгээ хөтөлж явдаг байсныг мэдэх юм. "Хүүгээ л овоо болгочих юмсан" гэж  ярьдаг байлаа. Хүү нь том залуу болж. Их сургуулийн оюутан болсон аж. Ярилцлага хийх саналаа хэлэхэд нэлээд цааргалсан ч зөвшөөрүүлж чадлаа. Тэгээд  нэг газар орж цай уунгаа яриа өрнүүллээ. Энэ эмэгтэй хүүхдүүдийнхээ тусын тулд нэрээ нууцлахыг хүссэн юм.

-Бие чинь ямар байгаа вэ?

-ДОХ-ын халдвар биеийн дархлааны тогтолцоог гэмтээдэг. СД-4 гэж биеийн өвчин эсэргүүцэх  эсийг ДОХ-ын вирус бууруулдаг юм. СД-4 өндөр байвал бие сайн байна гэсэн үг. ДОХ-ын вирус ихсэх тутам СД-4 багасна гэсэн үг. ДОХ-ын вирусийг багасгах эм гарсан. Тэр эмийг уугаад явж л байна. Эм уугаад таван жил болж байна.  СД-4 250-иас доош байвал эм уухыг ДЭМБ-аас зөвлөдөг юм. Эм ууж байгаа болохоор вирусийн ачаалал багассан. 17000 ширхэг байснаа 1200 болж буурсан.

-ДОХ-ын вирус тээгч хэвээрээ. Өвчлөлийн шатандаа ороогүй гэсэн үг үү?

-Өвчлөлийн  шатандаа ороогүй. ДОХ-оор үхдэг хүн гэж байхгүй шүү дээ. Эрхтэн тогтолцооны доголдолтой хүн халдвар авбал муу эрхтнийг нь "барьж", үхэлд хүргэдэг. 23-27 жил халдвартай явж байгаа ч амьд байгаа хүмүүс ч бий. Тухайн хүн бие  сайтай бол урт удаан амьдарна аа. ДОХ-ын халдвартай хүн эмэнд орсноос хойш биеэ энхрийлээд явбал 68 насалж чадна. Би мэдээж урт насална. Гэхдээ урт наслахад надаас шалтгаалахгүй хүчин зүйл ялангуяа Монголд их байна аа.  Би эх хүн. Хоёр хүүхдийнхээ гарыг ганзаганд, хөлийг дөрөөнд хүргэх нь миний үүрэг. Үүргээ биелүүлчихээд үхвэл амар л байна.

-Ингэхэд яагаад гадагшаа явсан юм бэ?

-Би бусад монгол хүний л нэг адил амьдралаа дээшлүүлэхээр Канад руу гарч байсан. Сайхан орчинд амьдармаар байна шүү дээ. Би эх орондоо хайртай. Гэхдээ Монголын нийгэм,  амьдрах орчин нь ямар билээ дээ. Канад надад хайр сэтгэл, үр хүүхэд халамж дэмжлэг бэлэглэсэн. Анх удаа гадаадад очсон хэрэг биш л дээ.  Би нэг юмаараа бахархдаг. Таван тивийг үзсэн гэдгээрээ омогшдог гэх үү дээ.

-Халдвар авахаасаа өмнө гадаадад явж байсан уу?

-Үгүй ээ, 18-тай байхдаа Дархан хотод л  очиж үзэж байсан. Хэрвээ би ДОХ-ын халдвар аваагүй бол үүнээс сайн  амьдрах байсан ч  юм уу эсвэл бүр дор ч амьдрах байсан юм уу, хэлж мэдэхгүй. Тухайн үедээ ДОХ халдаасан хүнийг, энэ өвчнийг үзэн яддаг байлаа. Аливааг өөр өнцгөөс харуулах гэсэндээ, ялгаварлан гадуурхалт гэж юу байдгийг мэдрүүлэх гэж  энэ өвчин туссан юм шиг заримдаа санагддаг. Халдвар авснаасаа хойш хоёр жилийн дараа ДОХ-ын эсрэг НҮБ-ын төслийн хүрээнд энэ өвчний эсрэг ажиллаж эхэлсэн. 2004 онд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаад  Өмнөд Африкт  хуралд явж байлаа. ДОХ-оос үүдэлтэй ялгаварлан гадуурхалтын эсрэг юу хийж байгаа талаар хэлэлцэхэд ДОХ-ын халдвартай, ДОХ-ын эсрэг ажиллаж байгаа хүмүүсийг оролцуулдаг уламжлалтай. Тэр хуралд оролцохоос өмнө би хүүгийнхээ төлөө л амьдарч, хүүгээсээ өөр хүнд хэрэггүй хүн гэж өөрийгөө тооцдог байлаа. Хүүгээ овоо болтол амьдрах юмсан гэж бурхнаас гуйна. Хуралд очоод халдвар тээсэн ч олон жил амьдарсан хүмүүстэй танилцаж, их олон юм ойлгож авсан. Испани, Мексик, Тайланд, Австрали, Африк, Япон, Ази, Европын орнуудаар явж үзсэн. Олон улсын тэтгэлэгт хөтөлбөрүүд л надад энэ олон улсаар явж үзэх боломж олгосон юм.

-Чамаас өөр халдвар тээгч ДОХ-ын эсрэг ажилладаг уу?

-Халдвартай хүмүүсийн хоёр ч байгууллага бий. Сайн, муу ажиллаж байгааг нь хэлж мэдэхгүй ээ.

-Хайр сэтгэл яриад л романтик сонсогдож байна шүү?

-Тэгэлгүй яах вэ. Хайр сэтгэлтэй гэхээр заавал хамт амьдрах ёстой гэсэн үг биш л дээ. Одоогоос гурван жилийн өмнө Канадад охиноо төрүүлсэн. Гурван настай, Канадын иргэн. Канадад очоод удаагүй байхдаа охиныхоо аавтай танилцсан юм. 15-16 жилийн өмнө бол эр хүнээр хайрлуулж, хоолоо хувааж иддэг дурсамж байгаагүй. Хэн нэгнийг хүсэх, хэн нэгэн намайг халамжилна гэдэг амьдралын баяр баясгалан гэдгийг мэдэрсэн.

-Охины аав нь халдвартай гэдгийг чинь мэддэг үү?

-Миний охины аав ч халдвартай. Гэсэн ч би эрүүл хүүхэд гаргачихлаа. Монголд ч, гадаадад ч  халдвартай  ээжүүд   эрүүл хүүхэд гаргаад л байсан. Хүүхдээ тээж байхдаа айдастай байсан л даа. Төрөн төртлөө эм уусан даа. Канадад эмч нар "Байгалийн жамаараа төрөх боломжтой. Хүүхэд чинь 100 хувь эрүүл төрнө" гэж байсан.

-Өмнө нь хүүхэд төрүүлж байсан хүн тэнд амаржих, энд амаржих ялгаатай байлгүй?

-Тэргүүн хатагтай төрж байгаа юм шиг л мэдрэмж төрж байсан. Өөрөөрөө төрвөл биед чинь сайн гэсэн ч хүүхэд цустай холилдоод халдвар авчих вий гэж айсан.  Охин маань ч "Ээж санаа зовоод байгаа юм чинь санааг нь амраая" гэсэн юм байлгүй.  Ус нь арай эрт гараад эмнэлэгт ирж, хийсвэр хийлгэсэн. Охиноо дуу хадаан хорвоод мэндлэхэд би уйлсан. Манай хүн ч  хажууд байсан л даа. Миний овог нэрийг бичсэн савтай өглөө, өдөр, оройн хоол ирсэн. Орон дээрээсээ хоолоо идсэн. Маргаашнаас нь усанд орж болно гэсэн юм. Амаржсаны дараахь өрөө нь шүршүүртэй, зурагттай. Сувилагч нь хүүхэд алга болохоос сэргийлж гарт нь дохиолол уядаг. Аавд нь "Орох эрхтэй" гэсэн зүүлт гарт нь зүүж өгдөг юм билээ. ДОХ-ын халдвартай ээжийн хөхний сүүг хүүхдэд өгдөггүй болохоор эхийн сүү орлогч үнэтэй  тэжээлийг эмийн сангаас нэг жил авах эрх олгодог. Эмийн санд эхийнх нь овог нэрээр сүүг урьдчилан захиалсан байдаг. Жирэмсэн болсноос хойш хяналтад орсон болохоор халдвартай ээжийн гэрийн ойролцоо эмийн санд урьдчилаад захиалсан байдаг. Канад дэмжлэг зайлшгүй хэрэгтэй хүмүүст юм өгч чаддаг. ДОХ-ын халдвартай ээж хүүхэд төрүүлээд ажил хийж чадахгүй нь тодорхой. Нэг жилийн турш хүүхдийн сүү, памперсны мөнгө, орох орон хэрэгтэй гэдгийг тооцоолсон байдаг. Тэнд хүүхэд төрөнгүүт сарын 400 гаруй долларын тэтгэмж өгдөг юм билээ. Би охиныхоо аавтай хамт амьдарч байсан болохоор орон байр хөөцөлдөөгүй. Өрх толгойлсон ээжүүдийн хүүхдийг  том болтол байраар хангадаг юм байна.

-Охинтой болохыг хүсдэг байсан уу?

-Би хүн шүү дээ. Хүн чинь хүүтэй нь охинтой болохыг хүсдэг. Охинтой нь хүүтэй болохыг хүсдэг.  Тэгээд ч хүслээр болсон. Сайн  хүсэх л хэрэгтэй юм билээ. Зүгээр л санаандгүй нэг залуутай танилцаад хүүхэдтэй болсон ч юм биш. Миний хүслээр ирсэн үр хүүхэд.

-Хүү чинь том болжээ. Хүүгээ овоо болгочих юмсан гээд л байсан?

-Хүү маань оюутан болсон. Их сургуулийг нь төгсгөнө дөө.

-Хүүхдийн сургалтын төлбөр амаргүй л байсан байх?

-Төлбөрийн хувьд Төрийн сангийн тэтгэлэгт хамрагдсан. Ашгүй эцэг, эх нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд буцалтгүй тусламж олгодог хуулийн заалт байдаг юм байна. Сургалтын төлбөрийн 70 хувийг төрөөс даадаг. Үлдсэнийг нь өөрөө гаргасан.  Түүнээс биш найм, есөн зуун мянган төгрөг өөрөө гаргана гэвэл асуудалтай л байсан. Монголын хууль нэг талаар иргэндээ дэмжлэг үзүүлээд ч байгаа юм шиг, ялгаварлан гадуурхаад байгаа ч юм шиг санагддаг. ДОХ-ын халдвартай 17 жил амьдарсан гээд надад 90 хувиар групп тогтоож өгсөн. Хууль тогтоогчид нь  ДОХ-ын халдвартай хүмүүсийг мэдэхгүй байна уу, хөдөлмөр эрхлэх боломжгүй гэж байгаа бол хөдөлмөр эрхлэх хэмжээний цалин дэмжлэг өгөх хэрэгтэй биз дээ. 115 мянган төгрөгөөр  Монголд яаж амьдрах вэ. Нарийллаа гэхэд арав хоноод хоолны мөнгөө дуусчихдаг. Өөрийн гэсэн орон гэр алга, газар авах гэхээр кадастрын зураг хийлгэхэд 100 гаруй мянган төгрөг. Гэр авахын тулд өрх толгойлсон эмэгтэй хүн гудамжинд тэнэдэг байх аль эсвэл дөрвөөс дээш хүүхэдтэй байх ёстой юм байна. Халамжид орохын тулд би ахиад хоёр хүүхэд гаргах юм уу. Канадад амьдарч байсан болохоор өөрийн эрхгүй харьцуулаад байна л даа. Тэнд хүүхдийн эцгээс тусдаа амьдардаг бол хүүхдийг нэг нас хүрэнгүүт нь шууд цэцэрлэгт авч, хүүхдийг өсч том болтол хөнгөлөлттэй төлбөртэй  орон байраар хангадаг. Миний ойлгосноор бол Канадад Засгийн газар нь орон сууцны компаниудад байшин барих зөвшөөрөл олгохдоо барьсан орон сууцныхаа 15-20 хувьд нь хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон ээжүүдийг байл­гахыг даалгадаг. Ийм нөхцөлийг зөвшөөрсөн тохиолдолд гэрээ байгуулж, татварын хөнгөлөлт үзүүлдэг юм  байна лээ.

-Яагаад Канадаас Монголд ирсэн юм бэ?

-Миний бичиг баримт бүтээгүй юм. Би тэнд удаан хугацаагаар амьдрах орогнол хүссэн. Над шиг хүнд тэнд амьдрахад хамаа­гүй дөхөм байна. Гэсэн ч намайг орогнол хүсэх хэмжээний ялгаварлан гадуурхалтанд өртөө­гүй байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл би шүүх хуралд ялагдал хүлээсэн. Ялагдсан хүнийг нутаг буцаадаг юм байна.

-Монголд ирээд дэлгүүрт ажиллаж үзсэн гэсэн үү?

-Өглөө наймд гараад орой 10 цагт харихаар хэзээд нь уух усаа авах юм. Энэ улсад амьдрахын тулд надад ямар боломж байна гэж зөндөө бодлоо. Байгууллагаа аваад явах хэрэгтэй байна.  Баялаг амьдрал туулсан болохоор номоо бичихийг хүсдэг.  Монголд ирээд жил боллоо. Байгууллагаа байгуулаад тамга тэмдгээ авсан. Эмээ уусан хүнд групп тогтоодог гэсэн. Ажил хийе гэхээр хүүхдээ цэцэрлэгт өгөх хэрэгтэй. Охиноо улсын цэцэрлэгт өгөх гэж хоёр сар гүйгээд чадаагүй. Гэр хороололд сард 150 мянган төгрөг төлөөд өрөө хөлсөлж үзлээ. Г.Уянга гишүүнд хандсан "Чам шиг улсууд гуйлга гуйгаад ороод ирдэг юм" гэсэн. Гэр өгөх ч юм шиг өгөхгүй ч юм шиг юм хэлсэн. С.Эрдэнэ сайдад хандаад "Орох оронтой болгоод өгөөч" гэсэн. 1 сая 200 мянган төгрөгийн тэтгэмжийг нэг удаа олгодог юм байна. Түүнийгээ байрны түрээсэнд зарцуулаад дуусч байна.

2004 онд "Өөдрөг амьдрал" Төрийн бус байгууллагыг халдвартай хүмүүстэй хамтарч байгуулсан. Гурав, дөрвөн жил идэвхтэй ажилласан. Одоо хөөцөлдөж байгаа ч төрийн бус байгууллагад санхүүжилт алга.

-Халдвартай хүмүүстэй уулзаж байгаа юу?

-Ирээд хэсэг хүмүүстэй уулзсан. Өдөр болгон уулзаж байгаа хүмүүс ч байна. Төсөл, хөтөлбөр олъё, санхүүжилт хайя гэдэг. Ядаж л нэг өрөөгүй болохоор ажил ярихад хэцүү байна шүү. Тулгуур байж л аливаа юм тогтоно. Монгол дахь халдвартай хүмүүсийн судалгааг харсан. 70-80 хувь нь эрчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрчүүд байсан. Тавиад хувь нь орон байргүй юм билээ. Испанид олон улсын хуралд явж байхад халдвартай хүмүүсийн дуугүй жагсаал болж байлаа. "Төр засгийн зүгээс орон байртай болгож өгөөч" гэсэн лоозон барьсан байсан. Тухайн үед монгол сэтгэлгээгээрээ "Байр нэхээд, даварсан юм" гэж бодоод өнгөрсөн. Ижил хүйстнүүдийг гэрийнхэн нь мэдэхээрээ гэр орноосоо хөөх нь түгээмэл. Халдвартай хүмүүс гэр орноосоо хөөгдсөн бол хүн гэдэг утгаараа наад захын эрх эдлэх ёстой гэдэг үүднээс хандах учиртай. Судалгаанд хамрагдсан 50 хүний  найм нь найз нөхдийнхөөрөө амьдардаг, арван хэд нь байр түрээсэлдэг, 60 хувь нь халдвартай гэдгээрээ ялгаварлан гадуурхагдаж, ажлаа орхих шалтгаан болсон гэсэн байна лээ.

Канадад ДОХ-той тэмцэх байгууллагууд, сан нь ажиллаж чаддаг. Цагаач ихтэй, гей, лесби хүмүүсийн хуультай. Жилдээ нэг удаа гей, лесби нар нь төр засагтаа нөлөөлөх хэмжээний том жагсаал, цуглаан хийнэ. Хүүхэд гаргах, хүнтэй амьдрах эрхтэй. ДОХ-той тэмцдэг байгууллагууд нь сургалт хийдэг. Хүнсний том компаниуд нь хугацаа нь хараахан дуусаагүй бүтээгдэхүүнээ энэ байгууллагууддаа аваачаад өгчихдөг. Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлсэн компаниуддаа төр нь татварын хөнгөлөлт үзүүлдэг юм билээ.

-Хүүгийн аавтай уулзсан уу?

-Дам сураг сонсоход нас барсан юм шиг байна лээ.

-Эмээ үнэгүй авч чадаж байгаа юу?

-Глобаль сангийн төсөл Монголд арван жил хэрэгжсэний хүчинд одоохондоо үнэгүй эмээ ууж чадаж байгаа. Канадын иргэн биш ч би тэнд эм авч байсан л даа. Канадын иргэн биш  ч хүн учраас амьд явах эрхтэй гээд надад эмчилгээ үйлчилгээ, тусламж үзүүлж байсан.

-Гадаадад удаан амьдарсан, хэл сайжирсан байх?

-Ямар ч байсан өлсч, цангаж байна гэдгээ ойлгуулчихна. Хар ярианы хэл л сурсан. Манайхан дандаа юм гуйгаад байна гэж бодож магадгүй. Иргэн өөрөө баялаг. Монгол Улсад баялаг болсон хүн төрүүлж байгаа гэдэг утгаар ээжүүдэд хүүхдээ торниулах хугацаанд нь ядаж дэмжлэг үзүүлдэг бол мөн ч олон хүнд тустай юмсан.

Б.ЯНЖМАА      

Онцлох нийтлэлүүд