Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Олон улсын тахь групп" есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ DNN.mn БНХАУ Литва улсын эсрэг хориг тавьжээ DNN.mn Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn "Аравт-2022" Олон Улсын морин цэргийн уралдаан болж байна DNN.mn НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Алга болсон 13 настай хүү нас барсан байдалтай олджээ DNN.mn Таван аймгийн 6 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ DNN.mn Тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцоог үнэлж, тодорхойлно DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn "Олон улсын тахь групп" есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ DNN.mn БНХАУ Литва улсын эсрэг хориг тавьжээ DNN.mn Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn "Аравт-2022" Олон Улсын морин цэргийн уралдаан болж байна DNN.mn НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Алга болсон 13 настай хүү нас барсан байдалтай олджээ DNN.mn Таван аймгийн 6 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ DNN.mn Тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцоог үнэлж, тодорхойлно DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2014.04.15 12:04

Д.Сугар: Энэ төрийн нүүрэнд л шалгуулаад учраа олмоор байна, санаа бүү зов

-МИНИЙ ХҮҮ АЛДСАН, БИ ӨМӨӨРӨХГҮЙ, АЛДААГАА ЗАСАХ ӨДӨР ИРНЭ ГЭЖ ИТГЭЖ БАЙНА-

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар сүүлийн үед олны анхаарал тат­сан олон хэрэгт нэр нь холбогдож, тэр байтугай төрсөн хүү нь хар тамхины хэргээр  анхан шатны шүүхээс ял сонсоод байгаа. Энэ бүхний талаар түүнтэй ярилцлаа.

-Ойрд та их л шал­гуулж байгаа дуулдана. Одоогоор асуудал ямар шатандаа явж байна. Авлигатай тэмцэх газ­раас өнгөрсөн баасан гаригт таны  талаар сэт­гүүлчдэд мэдээлсэн байна лээ.

-Шалгаад байгаа, тог­тоо­гоод байгаа гээд хэвлэлийнхэн л шуугиад байх юм. Гэтэл "Чи ийм юманд холбогдчихлоо, шалгана" гээд дуудсан газар, уулзсан хүн алга л байна. Би харин ч шал­гуулж учраа олмоор байдаг. Аль 2013 оны гуравдугаар сарын 18-ны Үндсэн хуулийн Цэцийн албан бичиг, миний бичгээр гаргасан хүсэлтэд ийм л юм байгаа.

-Нэгэнт Авлигатай тэмцэх газар албан ёсоор  мэдээлэл хийсэн бо­лохоор хэвлэлийнхэн мэ­дээлэх үүргээ л гүй­цэтгэнэ шүү дээ...

-Үндсэн хуулинд гэм буруу нь шүүхээр тогтоогоогүй байхад гэмт хэрэгтэнд тооцож болохгүй заалт бий. Мөр­дөн байцаалтын нууц­тай холбоотой хууль бий. Хуулийн ийм л тодорхой заалт байсаар байтал гүйцэтгэх ажлын шугамаар авсан бат­лагдаагүй материалаа цагдаа нь өөрөө хэвлэлд аваачиж өгөөд, түүнийг нь хэвлэл аль хэдийн алийгаа алдсан гэмт хэрэгтэн мэтээр зарлах нь Үндсэн хуулийн зарчмын асуудал шүү. Тэр байтугай хэргээ хүлээчихсэн гэмт хэрэгтнийг ч хүнийх нь хувьд эрхийг нь хуулиар хамгаалах л зарчимтай.

 

-Гэвч тэр мэдээллээс харахад таныг шалгаж байгаа нь бол үнэн л гэж ойлгосон доо....

-"Авлигатай тэмцэх газрын хөрөнгө орлогын мэдүүлэг хариуцсан мэргэжилтэн уулзаж тайлбар авсан. Хуучин өөр ажил дээр байх үеийн юм асуугаад байна лээ,  их бэлтгэлтэй, цаанаасаа даалгавартай нь мэдэгдээд л байна. Гэхдээ ажлаа хийж байгаа хүнийг би юу гэхэв дээ. Харин бүх хүнийг л адилхан ингэж шалгаад хэвшүүлчихвэл нийгэмд хэрэгтэй. Хуучин ч энэ асуудалд баахан хайхрамжгүй хандацгаадаг байлаа шүү  дээ, үнэндээ.

-Та  хөрөнгө орлогоо дутуу мэдүүлсэн үү. Гадаад дахь оффшор данс, үл хөдлөх хөрөнгөө мэдүүлээгүй нь батлагдсан гэх юм. Бодвол шалгаж үзээд л ийм дүгнэлтэнд хүрч дээ...

-Би өөрийгөө ямар ч зөр­чил гаргаагүй гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ тэр хэлээд байгаа шиг олон янзын мөнгө байгаагүй. Хэдэн төгрөгөө банкинд түр хийж, түүгээрээ байр аваад зарс­ныг бүгдийг нь нэг хавт­гай дээр тавьчихаад одоо өнөөдөр ийм л олон мөнгө хөрөнгө, обьекттой болгож харагдуулаад байгаа нь л хэцүү. Тэгээд ч энэ чинь 2007-2010 оны үед гарсан зөрчил, захиргааны зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа нь ч аль хэдийн өнгөрчихсөн. Шинэ ажилд 2012 оны тавдугаар сарын 8-нд ороод хөрөнгө орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд зургадугаар сарын 1-нд бөглөсөн байна. Үүний урд тавдугаар сарын 31-нд хүнээс авах ёстой 113 сая төгрөгөө авч өрөндөө өгсөн бөгөөд зургадугаар сарын 1-нд аль хэдийнээ минийх биш болсон учир хөрөнгө орлогын мэдүүлэгт бичих шаардлагагүй л гэж үзсэн. Одоо ч тэгж л бодож байна. Өө эрээд л байвал наран дээрээс ч толбо олдоно.

-Авлигатай тэмцэх газ­раас хэвлэлийнхэнд мэдээ­лээд байгаа байрнууд тэгээд танд ямар ч хамаагүй хэрэг үү. Тус газрын мэдэгд­сэнээр болон хэвлэлд бич­сэ­нээр бол та их баян хүн шиг?

-За би амьдралынхаа байд­лыг яг байгаагаар нь хэлье. Орох орон унах унаа төдий юм байна. Хүмүүс намайг хазайсан дээр түлхчихгүй бол нэг гайгүй байрны мөнгө байгаа байх. Одоо амьдарч байгаа байр их хуучирч байгаа учир нэг байртай болох бодол бий. Бэлгэнд ирсэн 1-2 хурдан морь байгаа. За ингээд болчихлоо. Одоо үүнийг уншсан хүн баян гэнэ үү, ядуу гэнэ үү өөрөө шийднэ биз. Энэ бүгд хөрөнгө орлогын мэдүүлэгт ном ёсоороо байгаа. Энэ зэргийн айл, та нарын мэдэхээр  олон л байгаа. 

-Хонконгод данстай гэсэн үнэн үү, мөн МИАТ-ийн гэх хэрэгт ял авсан Хорол­сүрэнгийн нэр дээр хадгалуулсан таны мөнгө байдаг гэсэн, Япон, Солонгост үл хөдлөх хөрөн­гөтэй гээд хаягийг нь тодорхой хэлсэн байна лээ. Тэгэхээр итгэхгүй гээд яах билээ..

-Яг өнөөдөр гадаадад нэг ч долларын хадгаламж, барилга, хөрөнгө байтугай барилгад хэрэглэх тоосго ч алга. Насаараа төрийн алба хашсан минь үнэн. Харин албаа муу хааж байгаагүй юм шүү. Хүн байтугай адгуус амьтан ч ижил хань, үр төлөө тэжээх үүрэгтэй. Би ч цалингийн хажуугаар юухан хээхэн олж үр хүүхэд, хань ижлээ өлсгөчихгүй байхыг хичээдэг байсан. Гэхдээ зөвхөн хуулийн хүрээнд. Бүр 1992 онд хүнсний дэлгүүр хувьчилж авч байлаа. Тэр үед хөрөнгө орлогын мэдүүлэг гэж байгаагүй. Ингээд 2001 онд "ҮҮЦ" ХК-ийг хувьчилж аван ажиллуулж орлого, дивиденд авдаг, түүнийгээ тухайн үеийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ яг таг бичдэг байлаа. Өөрийн эзэмшдэг хувиа 2007-2008 онд хамтрагчдаа 603 мянган доллараар зарж энэ тухай хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичсэн. "Зууны мэдээ" сонины 2007 оны наймдугаар сарын 1-ний лхагва гаригийн дугаар төрийн албаныхны хөрөнгийн жагсаалтыг хэвлэсэн. Эндээс харагдсан зураг гэвэл өчүүхэн миний орлого одоогийн олигархиуд гээд байгаа тэр үеийн мундаг бизнесмэн-улстөрчдийн хамгийн томынхоос гурав дахин их  болж байсан. Ингэж олны анхаарал татах болсон нь надад хүндээр туссан. Түүнээс гадна ихэнх нь хөрөнгө орлогын мэдүүлгээ худлаа бөглөдөг нь ч ойлгомжтой боллоо. Ингэж боловсронгуй бус нийгэм жирийн  шударга гишүүнээ зөрчил рүү түлхэж, би энэ орлогоо мэдүүлэхээ зогсоосон л алдаатай хүн.

Шаазгай зүү олоод хийх газраа олдоггүйн үлгэрээр энэ жаахан мөнгөө таван хувийн хүүтэйгээр хүнд зээлүүлж, дараа нь банкинд хадгалуулж түүгээрээ Японд байр авч, түүнийгээ мөн зарж, тэр мөнгөөрөө Солонгост байр авч дараа нь зарсан. Нэг л хэдэн төгрөг эргэлдээд явж байгааг өнөөдөр баахан хадгаламж, олон газар үл хөдлөх хөрөнгө байгаа юм шиг зориуд сурталчилж байна. Тэр албан ёсоор өгсөн мэдээллээс дүнг нь сонссон байх. Япон, Солонгост 2-3 өрөөтэй байрны үнэ манайхаас ч хямд байсан, одоо юу болж байгааг мэдэхгүй. Мөнгөтэй хүн мөнхөрдөггүй, үхэхдээ үүрээд явдаггүй. Үүнээс илүү мөнгө надад хэрэг ч үгүй, олшруулж арвижуулах гэж хичээгээ ч үгүй. Гэхдээ хорвоогийн гэнэтийн юм, өвчин зовлонгийн өмнө гар хоосон байж бас болдоггүй юм билээ.

-Та яагаад гадаадад байр аваад байсан юм?

-2007-2008 онд манай гэр бүлийн хүн хүндээр өвдөж, нэлээд удаан хугацаагаар Японд эмчлүүлэхээр бол­сон юм. Японы эмчилгээний төлбөр, зочид буудлын үнэ, тэндэх амьдралын зардлыг бид дийлэхээргүй байсан. Тэр үед найз нөхөд зөвлөсөн. "Ингэж болохгүй. Тиймээс байр аваад тэндээ амьдарч байгаад эмчилгээгээ дуусаад буцааж зарахаар алдагдалгүй болдог" гэж зөвлөсөн юм. Насны нар дээр ганцаараа үлдэхийг хүсээгүй. Бүх л болол­цоогоороо ханиа авч үлдэхийг хүссэн эр хүн миний буруу юу.  Тэгээд л  2008 онд Японд байр худалдаж аваад бүтэн жил эмчлүүлээд дараа нь урт хугацаагаар  эмнэлгийн нарийн хяналтанд байх шаардлага гарсан. Японд үргэлжлүүлж хяналтанд байх  хэцүү байсан юм. Тиймээс Солонгосын "Халла" эмнэлэгт  урт хугацаанд хяналтанд орсон. Яагаад гэвэл Солонгосын Чежү аралд визгүй.  Японы байрыг зарсан мөнгөөрөө л Солонгост байр авсан. Тэндээ эмнэлгийн хяналтанд байж байгаад  2013 оны намар байраа зарсан. Энэ тухай хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичсэн байгаа.  

-Нийтийн дунд бүрэлд­сэн таны имиж арай л өөр байгаа. Айхтар их идэж ууж, баллаж өгч  байсан гэж л бодож байгаа шүү дээ...

-Надад хүнээс илүү юм байхгүй, дутуу л юм байгаа. Төрийнхөө төлөө үнэхээр шударгаар ажиллая гэж хичээн, уул нь тэгж чадсан гэж боддог юм. Надтай олон жил хамт ажилласан Хууль зүйн яамныхан, Төрийн өмчийн хорооныхон, удирдлаган дор байсан 81 компанийн дарга, нягтлан нараас "Сугар ямар хүн бэ" гэж асуудаг ч болоосой. Тэгвэл хэвлэлийнхний бүрдүүлснээс арай өөр дүр зураг гарна даа.

-Та хэвлэлийнхэн гээд л буруутгаад байх юм. Хэвлэлийнхэн олон нийтэд мэдээлэх үүргээ л гүйцэтгэж байгаа шүү дээ..

-Би чөлөөт хэвлэлийн талын хүн, жаахан хэтрүүлээд ч гэсэн, алдаа гаргаад ч гэсэн нийгмийн бузар булайг уудалж олон нийтэд мэдээлж байх ёстой. Тэгж ч байгаа байх. Гэхдээ хэлэхгүй байхын аргагүй хэдэн юм байна. Юуны өмнө ихэнх сонин, сайт, телевизүүд мөнгөтэй бая­чууд, улстөрчдийн халаасанд орж тэдний атгаг, хон­зонч даалгаврыг гүйцэтгэн түүнийхээ төлөө шавхруу долоо­дог боллоо. 350-450 сая төгрөгийн хаалтын гэрээ хийж, энэ мөнгөө төлсөн хүнийг магтан дуулж, төлөөгүйг нь шавар, шавхайтай хутгаж байна. Хамгийн хэцүү нь мэдээл­лийг өөрөө олж, өөрийн толгойгоор боловсруулдаг сэтгүүлч ховордож, бусдаас дуулсан юман дээр сэвс үзсэн үхэр шиг орилох юм. Хэвлэн нийтлэх хайран ч эрх чөлөө, хайран ч боломж...

Хэвлэлийнхний миний  тухай бүрдүүлсэн имиж бол Монголын хамгийн том авлигач, луйварчин, хэнд ч дийлддэггүй мангас, хэмжээ хязгааргүй баян хүн. Гэтэл би хөрөнгө, баялгийнхаа талаар мөрдөн байцаагчид мэдүүлэг өгч байгаа ч юм шиг, эмчид зовиураа хэлж байгаа ч юм шиг илэн далан­гүй тайлбарлалаа шүү. Бай­гаа үнэн л энэ. Идсэн эрүү хувхайрч идүүлсэн дов ногоорч байх ёстой. Надад ийм тавилан байгаа л гэж итгэдэг.

-Байсхийгээд л томоохон хэргүүдэд таны нэр холбог­доод байх юм, энэ ямар учиртай юм. Гэтэл та өөрөөр яриад байх юм....

-Харин тийм ээ, холбог­доод байгаа юмуу, хол­бох гээд байгаа юм уу? Нэгэнт л асар муу хүн гээд зар­лачихаар муу юм дайралдвал хамгийн түрүүнд нөгөө хар овоохой санаанд ордог байх. Хоёрдугаарт, зөв зорил­готойгоор гаргасан сайхан санааны итгэлийг муугаар ашиг­ладаг хүмүүс бас байна аа. Яаж ийж байгаад л удир­дамж батлуулчихсан, цохолт хийлгэчихсэн явдал гарсан. Гэвч үнэхээр хувааж идэх зорилго байгаагүй, тийм юманд оролцоогүй болохоор тэр нотлогдоод одоогоор айхтар буруудчихаагүй л байна.

-Төрийн өмчийн хороо­ны дарга байх үеийн асуу­дал их сөхөгдөх юм. Тэр үед алдаа гаргасан юм биш биз дээ?

-Одоо ТӨХ юу хийж байгааг сайн мэдэхгүй. Тэр үед төрийн өмчийн тооллого, бүртгэл өмчийн нэгдсэн баланс, өмч хувьчлал, концессын гэрээ, өмчийн гадаад харилцаа, дээр нь Оюутолгой, Эрдэнэс- Тавантолгой, Эрдэнэт, Мон­рос гээд улсын аж ахуйн, эдийн засгийн бүх л асуудал төвлөрч байлаа. Тэр хэмжээ­гээр өмчийн сонирхол, аж ахуйн эрх ашиг төвлөрсөн газар байв. Нэг үгээр хэлбэл, Засгийн газрын эдийн засгийн удирдлагын штаб байсан юм шүү. Би дарга байхдаа жилд 41 удаа шүүхэд дуудагдаж байсан удаа ч бий. Нэг их буруудаж байснаа санахгүй л байна. Яг тодорхой ажил бүрийг хариуцсан, янз бүрийн ааш араншин, хүмүүжил зорилготой хүмүүс ажиллана. Тэдний өмнөөс ч юм дуулна, өөрт ч алдаа дутагдал байж л таарах.

-МИАТ-ийн гэх хэрэгт нэлээд холбогдсон,  одоо бас Эрдэнэтийн ган бөм­бөлөгийн буюу Дарханы төмөр­лөгийн үйлдвэрийн дар­­га асан "Алтан Дорнод Монгол"-ын Ган­болдын хэрэгт мөн таны нэр хол­богдоод яваад байна, энэ ямар учиртай вэ?

-МИАТ-ийнхний хийсэн хэрэг нь нотлогдоод, өгсөн авсан ч тодорхой болж хэрэг нь дууссан. Миний хувьд энэ хэрэгт ямар ч хамаа байхгүй. Тэнд холбогдсон нэг нөхөрт мөнгөө зээлүүлсэн байгаад цувруулан буцаан авсан. Тэр нөхөр буцаан өгөхдөө ББСБ-аараа дамжуулан өгсөн юм билээ. Яах гэж тэгснийг нь ч би ойлгоогүй. Үүнийг зохих  шугамаараа шалгасан байх, ойлгомжтой болоо биз дээ. МИАТ-ийн хэрэгт 5-6 хүн холбогдож олон жилийн ял авсан. Энгийнээр бодоход хэрвээ би оролцоод хуваагаад идчихсэн бол тэд чинь намайг хэлнэ дээ. Нөгөө байгууллагынхан болохоор хүн бүртэй уулзаад "Сайн байна уу" гэхийн оронд "Сугартай ямар холбоотой вэ" гэж асуусан байгаа юм. Харин миний эсрэг хэн ч, ямар ч мэдүүлэг өгөөгүй байна. Юмны уг нь үнэн болохоор л ийм дүн гарчээ л гэж бодсон. Одоо Ганболд ямар юмтай холбогдчихоод байгааг мэдэхгүй байна. 2008 оны эдийн засгийн хямралын үеэр Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийг хааж ажилчдаа тараах санал хэлэхэд нь "Ингэж болохгүй, ямар ч аргаар хамаагүй ажиллуул" гэж үүрэг өгсөн юм. Энэ үүргийг биелүүлэхийн тулд олон гэрээ байгуулж, заримыг нь батлуулж байсан. Тэр дотор наад ган бөмбөлөгийн гэрээ будлиантай болж таараад Авлигатай тэмцэх газраас шалгаж учир нь олдсон. Одоо бас тиймэрхүү юм гарч ирж байхыг үгүйсгэхгүй. Миний баталгаатай  хэлж чадах юм бол хувьдаа ашиг олох гэж хэн нэгэнтэй гэрээ байгуулахыг дэмжиж байгаагүй, хэзээ ч тийм юм болоогүй.

-Таныг ингэж шал­гаад байгаад улс төрийн сонир­хол, нам бүлэглэлүүдийн хоо­рондын асуудал байгаа юу?

-Үгүй биз дээ. 2004 онд намаас түдгэлзээд, намын гишүүн биш болсноос хойш 10 жил өнгөрч байна. Аль, аль нам намайг нэг их улс төржөөд байдаггүйг мэднэ. Тэгээд ч улс төрийн том намууд надаар яахав дээ. Харин аль хэдийнээ болоод өнгөрсөн шалихгүй юмыг мартдаггүй, хонзон санасан, эрх мэдэлтэй, өөрийн гэсэн сайт, сонин хэвлэлтэй 1-2 хүн байна лээ. Тэглээ гээд би одоо яахав дээ, байгаагаараа л байхаас. Гэхдээ энэ төрийн нүүрэнд шалгуулаад нэрээ цэвэрлэмээр л байна шүү дээ.

-Тэр нь ямар хүмүүс юм.  Хувийн өш хонзон байдаг юм уу?

-Хувь хүн л байгаа гэж боддог. Нэр ус дурдаад яахав дээ.

-Таны бие одоо ямар байгаа вэ. Тархины хүнд хагалгаанд орж байсан санаг­дана. Эмчлүүлж байгаа юу?

-Бие сайн байгаа. Японд очиж тогтмол үзлэгт орох ёстой, энэ жил чадсангүй. Хүмүүс намайг цус харвачихсан гэж ойлгоод байдаг юм. Уг нь цус харваагүй, тархины хагалгаанаас нэг  талын мэдрэл гэмтчихсэн юм. Би чинь таргалж өөхлөөд, даралт ихсээд байхааргүй эрүүл амьдралын хэвшилтэй.

-Таны хүү хар тамхины хэрэгт шалгагдаж, анхан шатны шүүхээс ял оноогоод байгаа.  Энэ талаар юу хэлэх вэ?

-Шүүхээс хар тамхины зүйл хадгалсан, хэрэглэсэн гэж хоёр жилийн ял өгсөн. Адилхан 12 хүүхэд алдаж эндсэн байхад Сугарын хүү гэдгээр нь л хагас жилийн турш бичлээ. Оноосон ялаас нь харахад уруу татсан, зохион байгуулсан хүн биш л байгаа биз дээ. Миний хүү алдсан, би өмөөрөхгүй, алдаагаа засах өдөр ирнэ.

Монголын нийгэм их өөрчлөгдөж, хүний зовлонд их баярладаг болж. Зол муут эцгийн зовлонгоор бага ч гэсэн баярла даа. Сүүлийн үед некрологи уншаад кайф авдаг хүн олшроод байгаа гэнэ лээ. Энэ ч яахав, цаана чинь тэр аюулыг хилийн чанадаас оруулж ирдэг, борлуулж түгээдэг томоохон сүлжээ, архаг гэмт хэрэгтнүүд сүлжээ, бизнесээ өргөжүүлэхийн тулд бололцоотой гэж үзсэн айлын хүүхдүүдийг судалчихсан, уруу татахаар ангуучилж байна гэнэ шүү. Өөрсдийнхөө нялх үрсийг  анхаарч,  болгоомжтой байгаарай гэж захья.

-Хүүгээ хар тамхины асуудалд холбогдоод буруу хүмүүст уруу татагдлаа гэж та ер нь анзаарч байв уу?

-Мэдээгүй байсан. Мэдээгүй байсан нь миний буруу. Тусдаа амьдралтай, ажилтай хүүгээ болоод л яваа гэж бодож байлаа. Тэр нь миний буруу. Гэхдээ миний хүү аавдаа амласан. "Дахиж ийм юманд орооцолдохгүй" гэж.  Би хүүдээ итгэж байгаа. Үхтэл үр харам гэж үг байдаг шүү дээ. Алдаа гаргалаа  гээд эцэг хүн үрээ яалтай билээ. Дахиж битгий алдаасай л гэж бодно. Бусдын эцэг ч гэсэн битгий ийм зовлон амсаасай, үр хүүхэд нь ч гэсэн сайн л яваасай гэж бодох юм даа. 

-Авлигатай тэмцэх газраас таны бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар Улсын Их Хурал болон Үндсэн хуулийн Цэцэд албан бичиг илгээсэн гэсэн. Энэ талаар танд мэдэгдсэн үү?

-Мэдэж байгаа. Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд Цэцийн гишүүн гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон, эсхүл хууль зөрчсөн нь шүү­хээр тогтоогдсон бол түүнийг Цэцийн гишүүнээс эргүүлэн татах тухай  заалттай. Тэгэхээр эхлээд Үндсэн хуулийн Цэц дээр шийдвэр гарах байх. Бүх юм хуулийн дагуу явах ёстой. Би бас хууль бусаар хэлмэгдмээргүй байна. Тэгээд ч яриад байгаа зөрчил чинь захиргааны юм уу, сахилгын арга хэмжээ авах  зөрчил шүү дээ. Үнэнийг хэлэхэд бүгдийг нь ийм түвшинд шалгаж, ийм арга хэмжээ авч чадвал Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн тал нь ч үлдэхгүй. Харин нэг их айх­тар гэмт хэрэг үйлдчихээд Үндсэн хуулийн Цэцийн хам­гаалалтад үлдчихлээ гэсэн нэртэй  явмааргүй байна. Энэ асуудлыг хэлэлцсэний дараа, энэ төрийн нүүрэн дээр хууль зүйн боломжийг нь олж байгаад сайн дураараа бүрэн шалгуулна, битгий санаа зов.

Дээр нь нэмж хэлэхэд би сая л мэдэж авлаа, 2007-2010 оны хооронд хөрөнгө орлогоо буруу мэдээлсний төлөө надад Үнд­сэн хуулийн Цэцээс захиргааны арга хэмжээ авч бай­гаа юм байна. Үүнд ч би гом­долтой л байна. Гомдол гаргах эсэхээ бодож бай­гаад шийдье. Бүх юм хууль номоороо л явах ёстой. Яасан гэж Төрийн өмчийн хорооны даргын алдааны төлөө Үндсэн хуулийн Цэц захиргааны арга хэмжээ авдаг билээ.

Онцлох нийтлэлүүд