Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн ДХБ-ын Сайд нарын бага хурлыг хойшлуулжээ Монголын агрономчдын "Өндөр ээж" гавьяат боллоо Нефтийн үнэ буурчээ Бээжин хотод анхны жолоочгүй такси үйлчилж эхэлжээ Энхийг сахиулагчид Өмнөд Африкаас биш Суданаас ирнэ Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн ДХБ-ын Сайд нарын бага хурлыг хойшлуулжээ Монголын агрономчдын "Өндөр ээж" гавьяат боллоо Нефтийн үнэ буурчээ Бээжин хотод анхны жолоочгүй такси үйлчилж эхэлжээ Энхийг сахиулагчид Өмнөд Африкаас биш Суданаас ирнэ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2014.04.27 12:04

Насны найзууд

Равжаа хутагтын ша­дар бүсгүй Дади­шуа­ригийн "Анх бага насандаа" хэ­мээх тунирхлын үг шиг ангийнхаа Эвлэ­лийн үүрийн дарга Б.Чулуун­баа­тарт Н.Хүрэлбаатар найз  нь  утасдаад, уйлах шахаж "Чи л сайн сайхан юм ярьж биднийг Улаангом руу илгээлтээр явуулаа биз дээ" хэмээн тунирхлын үг чулуудсан удаатай гэнэ. Тунирхсан шалтгаан нь том биш ээ. Ангийнхны дурсамжийн номонд анхаарал тавих­гүй, өөрийнхөө яруу найр­гийн номоо хийгээд яваад нь эгдүүцсэн юм байж. Тунирхлын түүх сөхөгдөхөд "Би арав хоног эмнэ­лэгт хэвтэж байж тэр номон дээр нь ажилласан" гэж С.Тойвгоо гуай зүүлт тайлбар хийж байна.  1966 онд Увс аймгийн Баруун туруун сумын 10-ын "А" ангийг төгсөгчдийн хувьд анхны илгээлт өвөр­лөж, аймагтаа бүү хэл улсдаа түүчээ байснаараа бахархдаг юм билээ. 10-ын "А"-гийнхан ангиараа Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлт авч, Улаангомын  гурилын үйлд­вэрт хоёр жил ажил­ла­сан содон түүхтэй улс. Уулзах хүсэлтийг маань хүлээж аваад, нэг ангийн хоёр охин, зургаан хүү ирсэн байв. Харин  Т.Өнөрбаян багш ангийн хүүхдүүдээсээ нэг их ялгарахгүй харагдана. Тэрбээр шавь нараасаа гурав, дөрөвхөн эгч. Улсын багшийн дээд сургуулийн орос хэлний анги төгсөөд, Баруунтурууны арван жи­лийн сургуульд томи­логдож, есдүгээр ангийн  хүүхдүүдийн анги даасан багш болжээ. 

-Ангийнхнаа уруу та­­таж үймүүлэхээр маань Т.Өнөрбаян багш  "Чамайг Жунгуузад хэл­нэ дээ" гэдэг сэн. Хөг­шин сурагч нар залуу  багшийн үгэнд орохгүй болохоор сургуулийн Эв­лэлийн үүрийн дарга, математикийн багш нөх­рөө­рөө далайл­гаж байгаа нь тэр гэж Б.Чулуунбаатар тайл­барлав. Д.Жунгууз нь зүгээр ч үгүй боксчин маягийн залуу байж.

-Манай ангийн М.Цэвээн тэргүүтэй хэсэг сурагч 1966 оны хавар  "Багш аа, танд нэг юм хэлнэ ээ" гээд байх юм. "За, хэлээч" гэхээр "Дахиад жаахан бодоод хэлнэ ээ" гэнэ. Хэдэн удаа ийм яриа болсны эцэст "Бид сургуулиа төгсөөд бүгдээрээ Эвлэлийн илгээлтээр аймгийн шаардлагатай газар ажиллаад, дараа нь дээд сургуульд орохоор шийдсэн" гэдэг юм байна. Үүнийг би толгой дааж шийдэх эрхгүй. Холбогдох газарт хэлж, хариуг нь  өгөхөөр тохиролцов. Би сургуулийн захиргаагаар дамжуулж, аймгийн нам, эвлэлийн хороонд уламжлан хариуг нь хүлээж байв.1966 оны тавдугаар сард байх аа, Увс аймгийн  Гурилын үйлдвэрт хоёр жил илгээлтээр ажиллах урилга ирсэн нь улсын хэмжээнд гурав дахь, аймагтаа анхных нь болж, улс орон даяар зарлагдан, түүхэнд үлдэж билээ хэмээн багш нь дурслаа.  Б.Чулуунбаатар "Нэг их хөөрч догдолсон бид улаан туг дэрвүүлсэн, шинэхэн гучийн тэвшин дээр өдөржин нүдүүлсээр  Улаангомд очиход аймгийн төвийн хөдөлмөрчид цуглачихсан, туг лоозон болж угтаж байлаа" хэмээн дурсав.  Биднийг үйлдвэр маань зэргэлдээх орон сууцандаа нэг өрөөнд хоёр, гурваар нь оруулж, өрөөнд маань ор хөнжил, гудас бүтээлэг, ширээ сандал, боорцогны тос хүртэл бэлтгэсэн байлаа. Очсон өдрийн оройгоос эхлэн үйлдвэрийн захиргаа, аймгийн эвлэлийн хороо, намын хороо шил дараалсан хүлээн авалт хийж, бидэнд баяр хүргэж захиас  сургааль айлдсан сан.     

Дагалдан ажилчнаар хоёр сар ажиллаад, шалгалт өгч жин­хэлцгээсэн гэж нэг ангийнхан ам уралдан хуучлав. Тэшүүрийн улсын аваргын хүрэл медаль хүртэж, хоёрдугаар зэргийн тамирчин болсон Г.Аюурзанаас бусад нь хот байтугай аймгийн төвөө ч үзээгүй байсан  учраас ихэнхид нь Москвад ирсний дайтай санагдсан гэнэ.  Улаангомын гурилын үйлдвэр баруун аймгийнхныг гурилаар хангадаг, 90 ажилтантай том газар байж. Бүхэл бүтэн нэг ангийн хүүхдүүдийг нэг дор ажилтнаар авахаар үйлдвэрт хүндрэл учраа­гүй юм уу гэж гайхахад маань Д.Хөхөө гуай "1937 онд аж үйлд­вэрийн комбинат баригдаад, эх орон даяар үйлдвэржилтийн ажил өрнөсөн. Ажиллах хүчний хүрэлцээ муу байснаас 1965 онд сургууль төгсөгчдийг үйлдвэрлэлд хуваарилах  Сайд нарын зөв­лөлийн тогтоол гарсан үе" хэмээн тухайн цагийн нөхцөл байдлыг тайлбарлав.  Нийслэлийн 15 ду­гаар дунд сургуулийн наймдугаар ангийн сурагчид мөн Төв аймгийн Баян сумын "Найрамдал" нэгдэлд илгээлтээр гарсан юм байж. Тэд­нийг ажлын байран дээр нь сургаж, аравдугаар ангийн боловсролтой болгоход нам, засгаас анхаарсан юм билээ. Энэ хоёр ангийн хүүх­дүүд хожим нь бүгд их, дээд сур­гуульд суралцсан. Араасаа  асар олон залуусыг үлгэрлэн дагуулах учраас тухайн үеийн Эвлэлийн төв хороо, Сайд нарын зөвлөл асар их анхаарал тавьсан гэж нэг ангийнхан ярьцгаав.  Хожим 2006 онд Анхны илгээлтийн эздийн 40 жилийн ойгоор Монголын Залуу­чуудын холбооноос энэ ангийнханд батламж гардуулж, "Мартаж үл болох хүмүүс" уулзалт зохиосон удаатай. 

Ангийн Эвлэлийн үүрийн дарга Б.Чулуунбаатар "Нэгдүгээрт манай хамт олон 58 жилийн турш өвдөх, үхэх өөдлөх жаргах бүхэнд хамт байж, нэг ангийнхан байж чадсан. Бидэн шиг жилд хоёроос дөрвөн удаа уулздаг анги байхгүй дээ. Хоёр дахь бахархах юм нь илгээлт. Өнөөдөр ч ач холбогдлоо алдаагүй түүхэн үйл явдлын эзэд болсон. "Тэр үед өвчигнөөд илгээлтээр гарсан юм" гэсэн сэтгэгдэл одоо ч төрдөггүй" хэмээн дүгнэв. Тэр үеийн төр засаг амлалтдаа хүрдэг байсан. Илгээлтээр хоёр жил ажиллаад, их сургуульд суралцахаар  цагаан онгоц хөлөглөн, Улаанбаатарт ирээд, цайллаган дээрээ хундагаа хагартал тулгаж байлаа. Бидэнд тэр үйлдвэрт бүтээсэн ч юм бий, устгасан ч юм бий. Үйлдвэрийн дарга Я.Далибаг гуай биднийг буцахад "Системийн хэмжээнд гурван удаа түрүүлэхэд маань гол хүч болсон залуусаа алдаж байгаадаа харамсч байна. Өдөр болгон цагдаагийн газар дуудагдаж өчигдөр орой кино, бүжгийн дараа танайхан ингэсэн тэгсэн гэж чихнээс хонх уядаг дайсны цэр­гүүдээс салж байгаадаа баяртай байна" гэж нулимс унагаж билээ хэмээн Эвлэлийн үүрийн дарга үргэлжлүүлэв. "Хоёр жилийн турш нэг ч охиныг жирэмсэн болгоогүй, хамгаалж ирсэн" гэж ангийн улаан хамгаалагчдын нэг байсан Н.Хүрэлбаатар бахархлаа. Охидоо хамгаалж, толгойгоо хагалуулсан удаатай, тэр.  "МААМС буюу Мал аж ахуйн машинт станцын залуучуудаас  охидоо хамгаалах гэж бөөн ажил болдог байсан" гэж багш нь дурсав. Нутгийн хулигаанууд ч бэрх даваа байж.  

Эдний ангиас есөн багш, эмч дөрөв, эдийн засагч гурав, малын эмч, зоотехникч гурав, инженер техникийн олон мэргэжилтэн төржээ. Дутуу цагаан гэгддэг байсан ангийн жаахан Г.Бүрэнцагаан нь эдний ганц цэргийн хурандаа. Я.Цэдэнбал гавьяат багш болсон. Хоёр доктор төрүүлсэн анги. Олон жил сургуулийн захирлаар ажилласан Б.Чулуунбаатар асуудал дэвшүүлж бай­на аа. "Хоёр жилийн өмнө арваннэгдүгээр ангийн хүүхдүүдийг III цахилгаан станц үзүүлэх болов.  Сургуулийн захиргаанаас арай гэж зөвшөөрөл аваад,  цахилгаан станцын захирал, ерөнхий инже­не­рээс авахуулаад бүгдийг нь гуйлаа. Үйлдвэрийн газар осолтой аюултай гээд зөвшөөрдөггүй. II цахилгаан станцын инженер миний дүү учраас аргагүй зөвшөөрсөн дөө. Үйлдвэр үзэхдээ хүртэл аюултай гэвэл энэ хүүхдүүд хэзээ мэргэжлээ сонгох юм бэ? Хэзээ нялх байдлаасаа гарах юм. Цагаан захтан бэлтгээд байгаа юм биш үү" гэж тэр шүүмжилсэн.      Ангийн найз, Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн гүйцэтгэх захирал С.Тойвгоогийн өрөөнд нэг ангийнхан бужигнаж буй нь энэ. "Тэр хоёр жилд үнэхээр ажил, амьдралын туршлага суусан. Үйлдвэр халаалтын системгүй, Увсад -50 хэм хүрч хүйтэрдэг учраас хэцүү үе байсан" гэж Д.Хөхөө ярив. Энд өнгөрүүлсэн хоёр жилийн ажлын туршлага амьдралд чинь хэрэг болсон уу гэхэд "Бололгүй яах вэ" гэнэ. Мань эр илгээлтийн эзэн байхдаа токарийн тавдугаар зэрэгтэй болжээ. Хожим нь Улсын багшийн дээд сургуулийн үйлдвэр сурганы ангийг хөдөлмөрийн багш мэргэжлээр төгсч, олон жил хөдөлмөрийн багш хийсэн түүнд токарьчин байсан үе нь ихэд хэрэг болжээ.  "Баруунтурууны сангийн аж ахуйн сургуульд намайг явуулах гэж аав, ээж маань хурим хийж байгаа  хүүхэн мордуулахын дайтай юм болсон. "Малгай байгаагүй учраас ам дөрвөлжин даавууны дөрвөн үзүүрийг зангидаж өгсөн, шарваар хэмээх өргөн өмд оёж, хаанаас ч олсон юм орос бакалын танаг тосолж өмсгөсөн. Одоо бо­до­ход алиалагч шиг л харагдаж байсан болов уу. Тэр үед ихэнхи хүүхэд над шиг хувцасласан учраас нэгнээ шоолно гэж байхгүй нь даанч сайхан" хэмээн Д.Хөхөө хуучилсан юм.

С.Тойвгоо гуайн сурагчийн эхний өдрүүд ээжид нь лав амаргүй байсан даа. Түүнийг долоон настайд нь эгчтэй нь ханьсуулан сургуульд өгсөн юм байж. Ээжээрээ үүрүүлэн аргадуулан байж хичээлдээ очоод, ээжийгээ явмагц энд тэнд нуугдан хичээлээ таслаж цаг нөгцөөдөг байж. Ээж нь яагаад ингээд байгааг асуухад "Тэгвэл та битгий харьж бай. Манай ангийн цонхны дэргэд байж байгаад үе үе шагайж хар. Тэгвэл би хичээлээ таслахгүй" гэсэн юм байж. Хөөрхий ээж нь хичээл тартал сургуулийн хашаанд сууж, хүүгээ хүлээнгээ монгол гутал улладаг байж.

"Ангийн хамгийн жижигхэн нь би" гэж М.Батжаргал хэлэхээр нь гайхав. Одоо бол тэр хамгийн том харагдаж байна лээ. Г.Аюурзана "Наадах чинь олон банкны яс барьсан хүн" хэмээн даапаалав.  М.Батжаргал Монголбанкинд олон жил ажилласан. "Төв Ази" банкны захирал байсан гэхээр банкны дампуурлын дараа олон юм дуулсан нь тодорхой. Ц.Басанжав нэгдүгээр курстээ цэрэгт татагдсан байна. Ангийн охин Г.Аюурзана "Карантинд байхад нь эргэж очсон чинь нүд нь гялалзсан халтар юм болсон байсан" гэнэ. Түүнийг  Ш.Наташа, Б.Чулуунбаатар нар нь мөн эргэж очсон аж. Ангийн охин Ш.Наташа эргэж очихдоо  цэргийн найздаа хоёр хоногийн чөлөө авахуулах гэж хоёр хүүхэдтэй гэргийн дүрд чадмаг тоглосон аж.  Одоогийнх шиг "Оюутан цэрэг" хөтөлбөр байсан биш гурван жил цэрэгт алба хаагаад үргэлжлүүлэн сурсан гэнэ. Дээд сургуулиас татагдаж очсон цэргүүдийг тусгай анги болгож, Батлан хамгаалах яамнаас хүн очиж, хятад хэл, морз энэ тэрийг  заадаг байж. "Бээжинд тагнуулд явуулах нь" гэж айгаад хятад хэл сурахгүй гэж хэдэн цэрэг тохиролцсон юм билээ.  Хэрэггүй тэгж, сурч л байдаг байж гэж одоо Ц.Басанжав инээж байна. Тэр аймгийн тэргүүний эмч болж байсан туршлагатай эмч. Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан гэж байгаа. "Манайд тэргүүний ажилтан болоогүй хүн байхгүй. Доод тал нь хоёроос гурван салбарын тэргүүний ажилтан цолтой" гэцгээв. Далимдуулаад С.Тойвгоо Засгийн газрын хүндэт жуух бичгээрээ гайхуулаад авлаа. "Манай оронд анх удаа гарсан булчин задрах гоц халдварт өвчний дэгдэлтийг зогсоох, халдвар тархахаас сэргийлэх ажилд идэвх зүтгэл гаргаж ажилласныг үнэлж, Төв аймгийн Заамар сумын Засаг дарга С.Тойвгоог Монгол Улсын Засгийн газрын жуух бичгээр шагнав" гээд М.Энхсайханы гарын үсэг байна.   Манай оронд анх удаа хэмээн онцолсон болохоор нь хэрэгт дурлаж "Холерын үед ажиллах стандарт байхгүй байсан биз. Яаж учраа олов" гэж сонирхлоо. 

-Нэг өдөр аймгийн дарга А.Гон­чиг утасдаж, "Танайд айхав­тар өвчин дамжаад очсон. Хөтөлөөс барилгын материал ачсан машинтай хоёр хүний нэг нь холертой.  Өвчтөн замдаа нас барсан. Янз нь Хайлаастад оршуулжээ. Шарилыг гаргаад шатаах хэрэгтэй гэсэн.  Эмнэлгийн эрхлэгч, цагдаагаа аваад Хайлааст руу явлаа. Шарил тэнд байсангүй. Хөнжилдөө ороогоод, Улаанбаатар руу аваад явсан юм билээ.  Шарил ухах гэдэг осолтой ажил байжээ. Аймгийн даргын хэлснээр шарилыг ухаад гаргасан бол цагдаа, эмч, бид гурав холер тусах байж хэмээн С.Тойвгоо хуучлав.  Мэдээж удахгүй ном ёсоор нь ажиллаж эхэлжээ. "Бүх хөдөлгөөнийг хааж, 20 гаруй пост гаргасан. Нойр хоолгүй явдаг. Өдөртөө бүх постоо эргэж,  240 гаруй км явдаг байлаа" гэж мань эр тайлбарласан юм.

Ангийн дарга, онц сурлагатан явсан Т.Шаапаа гурилын үйлд­вэрийн Улаанбуланд хамгийн эрэлттэй  баянхуурч. Ц.Басанжав, Д.Хөхөө хоёртой гурвуулаа ажилч­дын сууцанд нэг гэр бүл болсон. Хөдөөний хүүхдүүд нүүрс түлж сураагүй. Пийшингийнхээ сойлтыг хааж хоноод,  угаартсан удаатай. Азаар үйлдвэрийнхэн ээлжиндээ ирээгүй гурвыг эрж хайж ирээд, амийг нь аварчээ. МУИС-ийг ца­хил­гааны инженер мэргэжлээр төгссөн тэрбээр Орхон аймгийн Мэр­гэжлийн хяналтын газ­рын зөв­лөх байцаагч. Их тэнгэр цог­цолборын дэд захирлаар найман жил ажиллажээ. Т.Очирхүү гишүүн ээждээ шар сүү захьдаг байсныг, П.Очирбат Ерөнхийлөгч "Амьсгаа ихтэй, таргалаад болдоггүй" хэ­мээн Их тэнгэрийн гүүрний наана машинаасаа буугаад алхдаг байс­ныг Т.Шаапаа сонирхуулсан. Аав ээж нь өхөөрдөж дууддаг нэрийг нь албан ёсных болгочихсон юм билээ.    

Ш.Наташа тэтгэвэрт гардаг жилээ л гэхэд Улсын техник тех­­но­логийн олимпиадын багш нарын ангилалд аварга болж бай­жээ. Түүний бэлтгэсэн хүүхдүүд "Үнсгэлжин" тэмцээний хувцас загварын  арван удаагийн аварга болсон амжилттай.  

28-уулаа аравдугаар ангиа төгсч байснаас өдгөө 17 хүүхэд үлдсэн. 12 нь бурхан болсон гэнэ. Тэднийг багад  улс орон даяар нэгдэлжих хөдөлгөөн явагдаж, соёлын хувьсгал өрнөсөн үе байлаа.  Хотын төдийгүй хөдөөгийн айл бүрийг хоёр ээлжийн хөнжлийн даавуутай болгож, хир буртаг бөөс хуурснаас чөлөөлөх их аян өрнөсөн үе. Тэднийг ахлах ангид орох үед "Сурагчийн соёлч нөхөрлөл" моодонд оржээ.  Ангийн бүх хүүхэд уг нөхөрлөлд хамаарагдах ба хоёр жилээр үүрэг амлалт авдаг байж. Унших номын жагсаалт гаргаж, хүн бүр уншсан байх учиртай. Орны даавуу цэвэр, шүдний оо саван сойзтой байна. Дотуур хувцсаа цогийн индүүгээр дарсан байх ёстой. Гутлын тосоо өөрсдөө үйлдвэрлэлэг жортой. Машины дугуй шатаагаад, гарсан хар хөөг модны давирхай, тостой хутгаад гялалзсан хар тос гаргаж авна. Охид үсний туузаа янданд ороож индүүднэ. Өглөө бүр таваас зургаан цагт гимнастик хийнэ. Дуу, нийтийн бүжиг сурсан байх  үүрэгтэй. Орой орондоо орохдоо даавуугаа бохирдуулахаас сэргийлж, хүүх­дүүд хөл дороо цаас дэвсдэг байж. Дотуур байр халцархай модон шалтай байж л дээ. Хожим эмч болсон Г.Аюурзанад энэ нь зуршил болж,  орондоо орохын өмнө алчуур дээр гишгэх дамжлага туулдаг гэсэн.   

Баруунтурууны 10-ын "А" ангийнхны сүлд дуу нь:

Балчир үеэсээ үерхэж нөхөр­лөсөн

Багын нөхөд минь ангийн хүүхдүүд минь

Бууралтах тусмаа ижилсэн ээнэгшсэн

Буянтай андууд минь, насны найзууд минь хэмээх мөрүүдтэй. 

58 жил зовлон жаргалаа хуваалцсан ангийн охид, хөвгүүд үнэхээр "Насны найзууд" шүү.

Б.ЯНЖМАА

Онцлох нийтлэлүүд