ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Соёл урлаг
2014.06.12 11:06

Lone Survivor буюу Маркус Лутрэлийн түүх

2005 оны 6 дугаар сарын 27-ны шөнө Талибуудын толгойлогч Ахмад Шахыг баривчлах даалгавар авсан АНУ-ын Тэнгисийн дөрвөн цэргийг Афганистанд түүний орогнож байсан газар хүргэсэн байдаг. Тэд Ахмад Шахыг баривчлан авчрах тушаалтай байсан юм. Гэсэн ч даалгавар бүтэлгүйтэж багийн гурван гишүүн амиа алдсан билээ.Энэ даалгавраас амьд үлдсэн Маркус Лутрэл Lone Survivor дурсамж номоо 2007 онд хэвлүүлснээс сэдэвлэсэн Lone Survivor киног өнгөрсөн онд Юниверсал кино компани бүтээсэн юм.

Нью-Йорк Таймс сонины борлуулалтаараа тэргүүлсэн Lone Survivor номоор кино бүтээх санааг найруулагч Питэр Бэрг гаргаж, номын зохиогч Маркус Лутрэлд кино зохиол бичих санал тавин ханджээ. Холливудын олон студи энэхүү номоор кино бүтээх эрхийг авахаар оролдож байсан бөгөөд Юниверсал кино компани тэрхүү эрхийг 2007 оны 8 дугаар сард авч, кино зохиолыг найруулагч Питэр Бэрг өөрөө бичсэн байна. Ингэхдээ даалгаврын үеэр амиа алдсан гурван цэргийн ар гэрийнхэнтэй биечлэн уулзаж тэднийг ямар хүмүүс байсан талаар тодорхой ойлголттой болжээ. Lone Survivor номонд Маркус Лутрэлийн бүхий л амьдралыг өгүүлдэг бөгөөд кино зохиол болгохдоо Афганистанд болсон даалгаврыг голлон өгүүлжээ. Питэрийг зохиол бичих хугацаанд Маркус тэднийд сар гаруй хамт амьдарч, кино зохиолд нь зөвлөгчөөр ажиллаж байсан гэдэг.

Кино зохиолыг уншсаныхаа дараагаар Марк Уолбэрг гол дүр Маркус Лутрэлд тоглох хүсэлтэй буйгаа илэрхийлж энэхүү дүрийг авчээ. Киног 40-50 сая ам.доллараар бүтээсэн ч найруулагч Америкийн найруулагчдын холбооноос баталсан хамгийн доод цалингаар буюу долоо хоногийн 17000 ам.долларын хөлсөөр л ажилласан гэнэ. Ийм бага мөнгөөр ажилласныг нь Питэрийн энэхүү киног бүтээх чинхүү хүсэл сонирхолтой нь холбон тайлбарлаж болох юм.

Lone Survivor киног дэлгэцэнд гарахаас өмнө 2012 онд дэлхий дахинд гаргах эрхийг 30 сая ам.доллараас худалдсан бөгөөд одоогийн байдлаар тус кино 149 сая ам.долларын ашиг олоод байна. Тус кино энэ жилийн Оскарт “Шилдэг дууны эвлүүлэг”, “Шилдэг дууны найруулга” хоёр төрлөөр нэр дэвшсэн ч шалгарч чадаагүй юм.

Lone Survivor

(Universal Pictures)

Америкийн цэргийн хүчнийхэнд тусалсан тосгоны иргэд болон АНУ-ын Тэнгисийн хорь гаруй цэргийг хөнөөсний хариуд Афганистан дахь Талибуудын тэргүүн Ахмад Шахыг баривчлах нууц тушаалыг дөрвөн цэргээс бүрдсэн багт өгчээ. Багийн толгойлогчоор Murph-г томилж, мэргэн буудагч Marcus, Matthew, холбоочин Danny нарыг дагалдуулжээ. Алан хядагчийг баривчлах энэхүү даалгавар бүтэхийн даваан дээр бүтэлгүйтэн багийн гурван гишүүн амиа алдаж, ганц нь л амьд үлддэг.

 

Anchorman 2: The Legend Continues

(Paramount Pictures)

Телевизийн үдшийн мэдээний хөтлөгч Mack тэтгэвэрт гарч, халаагаа үзэсгэлэнт хөтлөгч Veronica-д өгч, харин түүний нөхөр Ron-ыг чадваргүй хэмээн халжээ. Үүнд уурссан Ron гэр бүлээ орхин явав. Зургаан сарын дараа Ron дэлхийн анхны 24 цагийн мэдээний сувагт хөтлөгчөөр ажиллахаар болов. Түүнтэй хамт Champ, Brian, Brick гэсэн хуучны андууд нь ажиллана. Бүтэлгүй боловч нэгэн хүсэл сэтгэлээр нэгдсэн тэд сувгаа амжилтанд хүргэж, урьд өмнөхөөсөө ч илүү нэр хүндтэй болно.

Snowpiercer (CJ Entertainment)

2014 онд дэлхийн дулаарлын эсрэг авсан арга хэмжээ нь буруугаар эргэж, мөстлөгийн эринийг авчрав. Амьтай бүхэн хөлдөж үхсэн мөстлөгийн эринд Snowpiercer хэмээх зогсолтгүй эргэх галт тэргэнд суусан цөөн тооны хүн л амьд үлджээ. Галт тэрэгний толгой хэсэгт баячууд, харин сүүл хэсэгт ядуус сууна. Цаг хугацаа өнгөрсөөр 2031 он боллоо. Хүмүүс байгаа газар эсэргүүцэл, тэмцэл өрнөж байдаг хойно Snowpiercer галт тэргэнд ч мөн бослого үймээн өрнөх ажээ.

Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгосын найруулагч нар Холливудтай хамтран томоохон бүтээлүүд дээр ажиллах болсны нэг нь энэ кино юм. Дүрүүдэд Крис Эванс, Жон Хөрт, Оскарын шагналт Тилда Свинтон, Октавиа Спэнсэр нарын шилдэг жүжигчид тогложээ.

Онцлох нийтлэлүүд