мэдээ
Дутагдаж гачигдах зүйлгүй сайхан амьдрах боломж Монголын хөдөөд байна

Э. Хүрэлбаатар
2025 оны 7 сарын 19

1

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……………..
Н.Цэрэндоржийнх хоёр мянга хол давсан малтай. Хоёр мянга гаруй хонь, ямаа, 400 гаруй адуу, 200 гаруй үхэр, сарлагтай аж төрж байна. Тус айлын гол амьжиргаа нь мал. Тэднийх Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Авдарын уул гэх дүнхийсэн хөх уулын хойхно Дөлгөөний энгэр гэдэг газарт намаржиж байна лээ. Нутгийнхан нь түүнийг Бандгай хэмээн авгайлан дууддаг юм байна. Жаран насны босго алхсан тэрбээр “Буянт малын үр шим барагдахгүй. Хөдөө нутагт мал хариулж, өөрийнхөөрөө
явсны үр шимээ ах нь үзэж байна. Хэдэн хүүхдүүдээ хотод байр, орон сууцаар хангаж, эрдэм номын мөр хөөлгөлөө.
Бусдын хүүхдүүдийн унадаг үнэтэй машин хүртэл авч өглөө. Үүнээс илүү жаргал хаана байх вэ. Мал дагавал ам тосдоно
гэж үнэн үг шүү. Хөдөлмөрлөж чадвал Монголын
хөдөөд сайхан амьдрал байна шүү залуусаа. Ямар ч зарлага байхгүй, орлого ороод байх тийм л амьдрал энд байна” хэмээн ярьж байсан юм.
Өвсний шим толгой руугаа орсон энэ л цагт хөдөө нутаг үнэхээр сайхан байдаг. Бүх зүйлс тогоо дүүрэн сүү шиг л мэлтэлзээд
байх. Малын тарга тэвээрэг нэмэгдчихсэн. Сүү гэж будаг шиг л өтгөн. Хөхүүртэй айраг чимчигнээд л, хөдөө нутгийн тэнүүн жаргал гэдэг энэ. Шаргал намрын хайлган цагаар хүн бүр завгүй хөдөлмөрлөж байна, Монголын хөдөөд. Тариа, ногооны хураалт эхэлчихсэн. Малчид өвс, хадлангаа зэхээд өвөлжөө бууцаа янзлах, малаа “язартал” таргалуулж өвлийг өнтэй давах гээд борви бохис хийх завгүй. Ийм л цагаар сайн сайхныг цогцлоон буй Цэрэндорж гэх санасан бодсон зүйлээ шууд хэлчихдэг зантай хөдөөний малчинтай нэг өдрийг хамт өнгөрөөж сурвалжлага хийсэн
юм. Тэднийх хөдөөний зочломтгой халуун дулаан зангаар сурвалжлага хийхээр ирсэн биднийг угтсан юм.
Бидний очсон айл маань өөдөө дэвшин дээшилж буй нь илт. Гэрийнх нь гадаа очиход л амьжиргааны түвшин сайтай нь харагдах аж. Хонины хашааны наана улаан “жийп”-ээ тавьчихсан. “Аавын цээж” гэх ногоон УАЗ машинаа баруун хамар дээрээ мануухайн оронд зогсоожээ. Ачааны “Бонго”-гоо гэрийнхээ
үүдэнд сойчихсон байх юм. Мөн бага хүүгийнх нь жийп байна. Таван ханатай их гэр, сүү цагаан идээний дөрвөн ханатай гэр барьчихсан байна. Үхрийн зэлэн дээр нь гуч гаруй тугал эгнүүлээд уячихсан. Гүүн зэлэн дээр нь багширсан олон адуу байх.
Н.Цэрэндорж гуайтай хууч хөөрөхөөс сурвалжлага маань эхэлсэн. Тэрбээр “Ах нь энэ нутагт төрж өссөн хүн. Багаасаа л мал хариулж явсаар өдий хүрч байна. 1971 онд Төв аймгийн дунд сургуулийг төгсөөд шууд цэрэгт явсан. Тэгээд нэгдэл дундын үйлдвэрийн
туслах аж ахуйчаар буюу малчин болсон юм. Тууврын мал туудаг байлаа. 1979-1982 он хүртэл туувар туусан. Тэгээд нэгдлийн мал хариулж байгаад л 1992 онд хувьцаандаа цөөн хэдэн мал авч өөрийн гэсэн хөрөнгөтэй болоод гарсан. Тухайн үед 200 гаруй мал
хувьцаандаа авч байлаа. Цаг ч сайхан байсныг хэлэх үү, манай мал хурдан өссөн шүү” хэмээн тамхиа нэрэн суух ажээ. Гэрийн эзэгтэйг Пунсалдулам гэдэг юм байна. Сэргэлэн сумын уугуул. Мэнд устай, цай цүй болсон хөгшин юм. Бидэнтэй “Манайх зургаан хүүхэдтэй айл. Одоо том хүү манайхтай хамт намаржиж байна. Дунд хүү, том охин хотод. Бага охин Японд сурахаар явсан. Отгон хүү маань энд ирчихсэн байгаа. Гүүн зэл хавиар байгаа байх. Манайх гэдэг айл иймэрхүү байдалтай аж төрж байна даа” хэмээн гэр бүлээ танилцуулсан.
СЭРГЭЛЭН СУМЫН АНХНЫ МЯНГАТ МАЛЧНЫХ
Сэргэлэн сум олон мянгат малчинтай. Тод манлай уяач Ц.Хэнмэдэх гуайгаас эхлээд Монголд олон адуутайгаараа алдартай
“Ханан” хочит Төмөрбаатар ч бий. “Ханан” Төмөрбаатар өнөө жил 1500 гаруй адуу тоолуулжээ. Тэгвэл бидний сурвалжлага хийхээр очсон айл маань Сэргэлэн сумын анхны мянгат малчин болж байсан бахдам түүх сөхлөө. Үүнийгээ “Хэдэн малын буян биднийг өдий зэрэгтэй сайн сайхан амьдралд хүргэсэн” гэж тайлбарласан юм. Цэрэндорж гуай гурван жилийн өмнө “Аймгийн сайн малчин” хэмээх цол тэмдгээр шагнуулжээ. Том хүү
Батзаяа гаднаас орж ирлээ. Адуугаа хурааж ирээд, гүүгээ барьчихаад орж ирж байгаа нь энэ. “Хүрэн азаргатай адуу алга. Долооны тэр хавь руу өнгийхөөс. Өдөр хэрд тэнд усанд орох байх даа” хэмээн аавтайгаа ярилцана. Дээрх ярианаас хурдан морины яриа руу орлоо. Тэднийх сүүлийн үед адууныхаа цусыг холдуулах, хурдан удмын адууны үр удам тавих зэргээр цус сэлбэхэд их анхаарч байгаа аж. Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгаас адуу худалдан авч адуундаа тавьжээ. Бүр улсын баяр наадамд аман хүзүүдсэн
“Босоо дэлт” хүрэн азарганы төл, “Их хурд-4” уралдааны түрүү магнай, халтар азарганы үр удам тэдний адуунд байна. Дорнодын бүсийн уралдаанд түрүүлж Заамарт болсон төвийн бүсийн уралдаанд айрагдаж байсан буурал азарга хүртэл адуун дунд нь зогсож байх жишээтэй. Мөн Өмнөд Монголын барга адуунаас хүртэл худалдаж аваад азарга тавьсанболохоор адууныхаа
удам угсааг сайжруулж чаджээ. Ирэх жилээс морь уях ажилдаа орох юм гэнэ. 1980-1990 оны үед аймгийнхаа наадамд олон морь айрагдуулж байсан юм билээ. Сүүлийн хэдэн жил морь уях ажлаас жаахан хөндийрсөн гэв.
“АЖИЛГҮЙ ХҮМҮҮСИЙГ МАНАЙД ИРЭЭД ЦАГААН ИДЭЭ ХУРААГААД АВ ГЭХЭЭР ИРДЭГГҮЙ”
Намрын шаргал нар ээсэн тогтуухан өдөр болохоор гэрийнхээ хаалгыг дэлгэжээ. Урагш харахад цэлийсэн хөндий тал шаргалтан
үзэгдэх ажээ. Гэрийн эзэгтэй хөхүүртэй айраг хэд бүлж байснаа ваарандаа дүүргэж өмнө тавих. Бас болоогүй бага гэрт тогоо нэрэх, сүү хөөрүүлэх, тараг бүрэх гээд ажил мундахгүй харагдлаа. Пунсалдулам эгчээс “Цагаан идээгээ худалдаж байгаа юу”
гэтэл “Юун худалдах. Цагаан идээгээ ах, дүүстээ тарааж өгөөд л таардаг. Ганцаараа болохоор бүх үнээгээ сааж чадахгүй хэцүүдэх юм. Аймгийн төвд ажилгүй байгаа айлыг ирж үхэр, мал саагаад цагаан идээ хурааж аваад яв гэхээр ирэх хүн олдохгүй юм. Уг
нь аймгийн төвийн ажилгүй айл, өрхүүд зундаа манайхтай хамт зусаад цагаан идээ бэлдэж аваад буувал болохгүй гэх газаргүй. Даанч залхуу нь дэндсэн хүмүүс юм. Хэрэв манай хэдэн үнээ, ямааг саавал “Дэлэнт мал дээшээ” гэж бараг жилийнхээ хэрэгцээний мөнгийг олчих боломжтой юм шүү. Гэвч тэгдэг хүн алга байна” гэв. Цэрэндорж гуайнх гурван зуднаар өнчин
ишигний гарзгүй давсан байна. Намар гэрийн эзэн цаг агаар ямар байхыг урьдчилантаамаглаад отор, нүүдэл хийгээд явчихдаг байна. 1999, 2000 оны зуднаар гэхэд Сэлэнгэ аймгийн Орхонтуул, Төв аймгийн Заамар суманд отор хийж зудтай жилүүдийг малын гарзгүй давжээ. Энэ жил ч гэсэн Баянцагаан сум руу нүүх юм байна. Сэргэлэн сум өнөө жил өвс, ногоо сайхан гарчээ. Сүүлийн 30 гаруй жил огт үзэгдээгүй байсан мангир энд тэндгүй гарсан тухай хуучлав. Мангир идсэн бог мал тарга тэвээрэг сайн авч, өвлийг өнтэй сайхан давдаг тухай өвгөдийн яриаг ч дуулгав.
ХҮҮХДҮҮДДЭЭ ХОТОД ОРОН СУУЦ ХУДАЛДАН
АВЧ ӨГСӨН ГЭНЭ
Цэрэндорж гуайнх намар малаа худалдаалдаг гэнэ. Хонь, ямаа, үхэр, адуунаасаа харж байгаад өвөл онд ороход тааруу гэсэн хэдийгээ зарж мөнгө болгодог аж. Багцаагаар 30 гаруй сая төгрөгийн мал зарчихдаг гэсэн. Том хүүдээ мал таслаад өгчихсөн. Энэ өвөл мянгат малчин болох гэнэ. Харин хотод байгаа хүүхдүүдээ орон сууцтай болгожээ. Бага хүү Баттөрдөө Төв цэнгэлдэхийн тэнд зуу гаруй сая төгрөгөөр байр авч өгсөн байна. Мөн саяхан 40 гаруй сая төгрөгөөр машин авч өгчээ. Удахгүй том хүүгийнхээ машиныг томруулахаар зэхэж байгаа гэсэн. Мөн өөрсдөө аймгийн төв дээр хашаа байшинтай юм байна. Түүнийгээ ирэх хавраас
орчин үеийн хаус болгох төлөвлөгөө гаргажээ. Хоёр хөгшин том хүү болон охиныхоо хүүг малчин болгосон байна. Бусад хүүхдүүд нь хотод ажиллаж амьдардаг. Намар малаа зарах, хавар ямааныхаа ноолуур, хонины ноосоо тушаагаад л амьдралынхаа бүх хэрэгцээг хангачихдаг байна. Нэг хонийг 120 мянган төгрөгөөр өгчихдөг гэж байгаа. Гэртээ олон суваг гардаг антеннтай. Тэрүүгээрээ дуртай сувгаа телевизээр үзээд гэрээсээ “Жи мобайл”-ын утсаар ярих юм. Бүр интернэтэд хүртэл холбогдох боломжтой ажээ. Том хүү Батзаяа аавынхаа улаан “жийп”-ийг унаад хойд уул руу гарч байгаа харагдана. Машинтай уулан дээр гараад хонио дурандаж байгаа нь энэ гэнэ. Төд удалгүй мотоциклио асаагаад гүүгээ хураах. Ер нь машин, мотоциклиор ажлаа амжуулаад байх юм. Зэлэн дээр багшралдах адуу намрын хонгор салхинд илбүүлэн зүүрмэглэх ажээ. Гүүн зэлнээс гурийлах дуу тодхон сонсогдоно.
Үргэлжлэл
бий
Э.ХҮРЭЛБААТАР





Натураас Нарны зам хүртэлх авто замыг хаана
Энхтайваны өргөн чөлөөний автозамын хэсэгчилсэн засвар шинэчлэлийн ажлын хүрээнд 10 дугаар хорооллын уулзварын замаас Саппорогийн уу...
7 цагийн дараа
Олон улсын мэргэн буудагчдын тэмцээнд цагдаагийн алба хаагчид амжилттай оролцжээ
Бүгд Найрамдах Хятад Ард Улсад энэ оны 07 дугаар сарын 15-наас 19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “SHARP BLADE-2025” INTERNATIONAL...
7 цагийн дараа
С.Шижирбат: Бөхийн холбоо Наадмын хууль, Допингийн эсрэг үндэсний дүрмийг зөрчиж мэдээлэл хийлээ
Энэ жилээс эхлээд 21 аймаг, 3 дүүргийн баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг болсон. Шинжилгээний хариуг өчигд...
6 цагийн дараа
“Шилэн ТҮЦ“-үүдийг “Өглөөний цай“ төслийн хүрээнд байрлуулжээ
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байсан ТҮЦ-нүүдийг буулгасан ч шинэ шилэн түцнүүдийг Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас байрлуулсан ба...
6 цагийн дараа
Сэлэнгэд гарсан 6 түймрийг унтраахаар ажиллаж байна
Баяр, наадмын амралтын өдрүүдэд бүртгэгдсэн ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ОБЕГ-ын ...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд