мэдээ
Пунцагийн Бадарч: Сэрэл мэдрэмжийн гэрэлт шувууг сэтгэл зүрхэнд минь нисгэсэн Монголын дархан хилд би хайртай

НОРОВЫН ГАНТУЛГА
2025 оны 7 сарын 19

1

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……………..
Монгол Улсын ардын уран зохиолч Пунцагийн Бадарчтай ярилцлаа.
-Таны шүлгүүд ард түмний зүрх сэтгэлд тарни мэт хоногшсон. “Есөн эрдэнийн орон”, “Эх орны хилээс” хэмээх шүлэг найраглалыг тань уншаагүй, магадгүй цээжлээгүй хүмүүс ховор. Бүгдийн сэтгэлд тэгж цаг мөнхийн хадаатай явдаг. Харин “эрдэнийн чулуу” мэт эдгээр шүлгүүд хэрхэн бичигдсэнийг асуумаар байна?
-Би гэдэг хүн 1971 оны хавар хилийн цэргийн офицер болсон юм. Төв аймгийн Эрдэнэсант суманд клубийн эрхлэгчийн ажлаа
өгчихөөд хийх юмгүй дэмий тэнэж явахад Зо-Пай-Жингийн Баттулга гуай гудманд таарлаа. Баттулга гуайг манайхан “Хөх тэнгэр” роман, “Түвшин төгс”, “785 дээр” зэрэг үргэлжилсэн үгийн бүтээлүүдээр нь мэднэ. Баттулга гуайг би аугаа их Бямбын Ринченгээс хойш бичгийн эрдэм соёлыг төгс эзэмшсэн хүн гэж боддог юм. Инжинаашийн “Хөх судар” роман, Баттулгын “Хөх тэнгэр” роман хоёр бичгийн хэлний гайхамшгаараа их ойртож
очно доо. Харин сүүлийн жилүүдэд “Монголын шилдэг роман” гээд хүмүүс ярихдаа “Хөх тэнгэр”-ийг оруулахгүй байгаад гайхдаг. Үргэлжилсэн үгийн хэд хэдэн цуврал ботиуд гарлаа, түүнд Баттулгын зохиол ороогүй ээ. “Хөх тэнгэр” роман доторх бүлгүүдийнхээ өмнө “Утгат тайлбар” буюу дөрвөн мөрт шүлгүүдтэй явдаг нь бахархмаар. Баттулга гуайтай таарсан гэдгээс үүдээд зохиол руу нь орчихлоо. Ер нь ч хэлье гэж бодож байснаа хэлчихлээ. Одоо өнөө хилийн цэргийн тухай яриандаа ороодохъё.
-Баттулга гуай таныг хилийн цэрэг рүү уруу татаж дээ, янз нь?
-Тэгэхгүй хаачихав. “Чи ингэж дэмий тэнэж явснаас хилийн цэрэгт ор, би чамайг оруулаад өгье” гэдэг юм. “Над шиг цэргийн алба ч хаагаагүй хүнийг хилийн цэрэг авах болов уу” гэхэд, “Намайг дуугүй дагаад яв” гэж харцаараа хэлснээс өөрийг хэлээгүй дээ. Тэгээд л Хилийн цэрэгт аваачиж өгсөн. Тухайн үед Хилийн цэргийн удирдах газрын дарга нь Цэдэн-Иш генерал байлаа. Штабын дарга нь “улаан нүдэн” Намсрай гэж хүн байв. Ингээд тэд намайг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Овоотын отрядад хуваарилсан юм. Тэр цагт Монголын хил дахин шинээр зохион байгуулагдаж байсан үе шүү дээ. Овоотын отряд-өмнийн шаргал говьд очоод удаагүй байтал арваннэгдүгээр сарын долоон буюу октябрын баяраар надад нэг даалгавар ирдэг юм аа.
-Тэр нь юу байхав?
-Отръядаас бүх заставууд руу хүчлэн хамгаалалтын офицерыг октябрын баяраар гаргадаг уламжлал бий. Офицер болоод гурван
сарын нүүр үзэж буй намайг Цайланбулагийн буюу Цайлангийн застав руу лацтай бичигтэй илгээлээ. Тэгэхэд би 29 настай байжээ. Цайлангийн заставын дарга Батсуурь гэж бас хорин хэдэн настай залуу эр намайг угтаж авсан. Бид хоёр өнөө лацтай бичгээ задалтал
тухайн заставын харьяа баганыг эргэх, мөн хилийн цэргийн постон дээр хонох зэрэг удирдамжууд байна. Заставын залуухан дарга Батсуурьтай мөр зэрэгцэж буу үүрээд, араасаа мөн буу сум агссан гурван цэрэг дагуулаад Алагийн уулын тэргүүн дээр байх эх орныхоо хилийн баганыг эргэж очсон түүхтэй. Миний
бие дархан хилийн сүлдэт багана дээр анх очиж буй минь тэр. Баганаа нар зөв нэг тойръё гэтэл Батсуурь маань бугуйнаас шүүрч аваад “Болдоггүй юм, хилийн баганын энэхүү харандааны үзүүрээр зурсан мэт нарийн улаан шугамны дээгүүр өнгийж харахад л таны толгойг хятадууд зад буудна шүү дээ” гэв. Миний айсан гэж жигтэйхэн. Тэгээд Алагийн уулан дээр, эх орныхоо
торгон хилийн зурвас дээр, алтан соёмбот баганынхаа дэргэд зогсохуйд өнөө шүлэг найргийн албин минь хөдөлж, тусгаар тогтнолоороо бахархаж нэг омогшоод, гэргий хүүхдээ санаж нэг уяраад, сүлдэт баганынхаа цаадах газар нутгийг хүний юм даа гэж
нэг гуниад юм юм л боллоо доо. Тэгээд дархан хилийнхээ баганын дэргэдээс хоёр ширхэг чулуу авч хармааллаа. Эх орныхоо хил дээр анх ирсний дурсгал гэж бодсон хэрэг л дээ. Орой бид заставтаа буцаж ирлээ. Сэтгэл нэг л тогтож өгсөнгүй. Шөнө
дөл ч боллоо, нойр хүрсэнгүй. Өнөө хоёр чулуугаа дэргэдээ тавьж байгаад шүлэг бичиж билээ.
“Сүлдэт баганын дэргэдэх ширхэг энэ чулуунаас
Сүхбаатарын талбай хүртэл эх орон минь бий
Сая ардын итгэл багтсан Сүхийн их талбайгаас
Тэртээ хилийн багана хүртэл энхрий
нутаг минь бий…” гээд л. “…Эрдэнийн номин дуулга шиг одот цэнхэр нуур
Эргийн зэгсэнд ганганалдах амраг хоёр
ангир
Эхний айл, гүүн зэл, ингэ ботгонын
гунганаан
Эмээлт морь шиг шилгээн баясах хусан уяа
Ээлт үүдий нь сөхвөл зол бадрах голомт
Ээж аавын буянт жаргалын цагаан өргөө
Хаагуур ухарч би хаяад гарах юм бэ…”
гэж биччихээд өмнийн говийн одот шөнөөр цээж дүүрэн алхаж байсан даа. Миний бие “Эх орны хилээс”, “Нулимст борхон болжмор”, “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай”, “Саруулхан
шөнийн дуу”, “Цэрэг орны дууль” зэрэг олон бүтээлээ Овоотын отръядад гурван жил алба хаахдаа бичсэн. Сэрэл мэдрэмжийн гэрэлт шувууг сэтгэл зүрхэнд минь нисгэж хайрласан
Монголын дархан хилд би хайртай.
-“Есөн эрдэнийн орон” найраглалынхаа
түүхийг одоо ярихгүй юу?
-Далан нэгэн оны хавар хил рүү явахдаа
Шагдарын Дулмаадаа үлдээгээд явсан найраглал шүү дээ. Дулмаа тэгэхэд “Үнэн” сонины утга зохиолын редактор, сэтгүүлч байлаа. “Үнэн” сониндоо хэвлүүлээд өгөөрэй, найз нь ойн уралдаанд өгөх санаатай байгаа юм шүү гэж хэлээд явахад манай хүн хэвлүүлчихсэн, өнөө бүтээл маань ардын хувьсгалын 50 жилийн ойн уралдаанд гуравдугаар байрын шагнал эзэлчихсэн байж байлаа. Тавин жилийн ойн хүрээн дэх яруу найргийн томоохон хэмжээний бүтээлийн уралдаанд Д.Пүрэвдоржийн “Сэгс цагаан богд” найраглал түрүүлээд миний “Есөн эрдэнийн орон” гуравт орсон. Хоёрдугаар байрыг эзэлсэн бүтээл байгаагүй юм.
Сайд нарын зөвлөл надад гурван мянган төгрөгийн шагнал өгч байлаа. Уул нь би нэр алдартайхан зохиолч байсан бол хоёрт орчих байсан болов уу. Сайд нарын зөвлөл мянган төгрөг дээр л жаахан горойсон доо, тэгэхэд. Гэхдээ яахав, гуравт орно гэдэг сайхан. Тэр үеийн гурван мянган төгрөг гэдэг их мөнгө шүү дээ. Гэртээ зурагт, шүүгээнээс аваад л зөндөө тавилга авч манайх гэдэг айл айлын дайтай л болсон юмдаг. Тэр талаас нь аваад үзсэн ч “Есөн эрдэнийн орон” ээлээ өгсөн бүтээл дээ. Худлаа, үнэнийг нь
сайн мэдэхгүй юм, гэхдээ намайг олонд үнэхээр алдаршуулсан бүтээл бол “Есөн эрдэнийн орон” шүү дээ. Бичсэн түүх маань их сонин юм даа. Тавин найман онд монголч эрдэмтдийн
анхдугаар их хурал Монголд боллоо. Холбооны техникумын оуютан би амралтаараа нэг л харимааргүй санагдаад л, амьдрал ахуйгаа дээшлүүлье ажил төрөл хийе ч гэж бодоод марк, сонин хэвлэл зардаг ТҮЦ-д ажилд орлоо. Худалдагчаар ажилд орж буй хэрэг шүү дээ. Тэгтэл намайг Сталины номын санд болж буй монголч эрдэмтдийн хуралд очиж сонин хэвлэл зар гээд явуулдаг юм. Тэнд Дамдинсүрэн, Ринчен, Сэр-Оджав гээд Монголын
нэртэй эрдэмтэд, за тэгээд Онон-Өргөнгөө, Латимор, хар Дорж гээд нэртэй монголч эрдэмтдийг дэргэдээс нь харлаа. Тэдэнд зориулсан хуучин ном судрын үзэсгэлэнг Сталины номын сангийнхан дэлгэчихсэн байна. Тэрхүү хуучин номын үзэсгэлэн дунд есөн эрдэнээр бичсэн Сандуйн жүд судар байсан. Уг судраас л би есөн эрдэнэ гэдгийг мэдэж авч байсан. Жаран зургаан онд Зохиолчдын хороонд байхад Я.Цэвэл гуай их ирнэ. Толь бичгийн
нэрт эрдэмтэн түүнийг мэдэхгүй хүн үгүй байх. Цэвэл гуайгаас би есөн эрдэнэд юу юу багтдагийг асууж, есөн эрдэнийн тухай бодол болсон. Есөн эрдэнэд Монголын бүх л зүйл багтаж болох үүдэл санаа тэр цагаас төрж Д.Нацагдоржийн музейн манаачаар
ажиллаж байхдаа далан оны есдүгээр сарын нэг л шөнө биччихсэн. Уран бүтээлчдийн хэлдгээр ганцхан амиар л туучаад хаясан зохиол шүү дээ. Одоо хүнд хэлбэл бараг итгэхгүй дээ. Хүн чинь тэгээд гэнэн цайлган залуу идэр насандаа сонгодог бүтээлүүдээ туурвидаг юм биш үү. Нас ахиж, ухаан нэмэхийн тоогоор авьяас билгийн бадамласан гал дөл хумигдаад байдаг шиг санагдана. Өвгөн би одоо “Есөн эрдэнийн орон” шиг бүтээлийг ганцхан шөнийн дотор байтугай есөн жил бодоод ч бичихгүй дээ. Анх ПүрэвжавынПүрэвсүрэндээ манааны шовгор дотроо уншиж өгөөд, дараа нь Пүрэвдорж гуайд уншиж өгч билээ. Пүрэвдорж гуай “болжээ” гэсэн ганц үг хэлсэн нь товч бөгөөд тодорхой
үнэлгээ байсан.
-Та бол өмнөх найрагчдынхаа тухай ихэд ярьдаг, тэднээрээ бахархдаг зохиолчдын нэгэн. Ялангуяа Эрдэнээ багш, Явуугаа их ярьдаг?
-Явуу, Эрдэнэ хоёр бол Монголын шинэ үеийн уран зохиолыг дэвшил, сэтгэлгээ, уран сайхны хувьд мэргэжлийн болгож өгсөн
манлайлагчид юм. Тэр хоёр сэрэл мэдрэмж хийгээд туурвил зүйн тансаг үгийг эзэмших чадварт нэвтэрсэн хүмүүс байлаа. Гэхдээ би Намдаг, Лодойдамба нарыг үгүйсгэж байгаа юм биш шүү.
Дэлхийн уран зохиолыг монголчууд бид уншиж базаагаагүй байхад Явуу, Эрдэнэ хоёр дэлхийн хэмжээний бүтээлүүдийг туурвисан л байхгүй юу. Үүнийг бид үгүйсгэх аргагүй юм аа.
-Өнөөдөр та бүтээл туурвилаараа Монголын утга зохиолын оргилуудын нэг болсон. Үүнийг молхи би хэлж байгаа юм биш ээ. Олон түмэн тэгж хүлээн зөвшөөрдөг, утга зохиолын судлалтнууд нэгэн дуугаар үнэлдэг. Харин үүнд өөрөө ямархан хариулт өгөх бол?
-Ардын уран зохиолч гэдэг цолыг Монголын төр надад хайрласан. Ард түмэн бүтээлийг минь уншиж шагшиж шуугиад байхаар нь төр ийм өндөр цолоо хүртээсэн болов уу. Энэ бол хувь заяа юм. Даруу зан гаргалгүй, басхүү онгирч хэтийдэлгүй үнэнээ өчихөд монгол хэлтэн, Монголоо гэх сэтгэл зүрхтэй туурга тусгаар улс үндэстэн мөнх оршсоор байх цагт миний дуу, шүлэг, найраглал, дуурийн цомнол минь оюун санааны тусгаар тогтнол болно гэдэгт итгэл төгс байна. Харамсалтай нь цагийн саалтад их цөөхөн бүтээл минь үлдэх байх даа. Ер нь тэгээд хичнээн авьяас билэгтэй байлаа ч тухайн хүнээс цөөхөн бүтээл нь тунаж үлддэг тавилан шүү дээ.
-Дэндэвийн Пүрэвдорж гуайн наян насны ой өнөө жил тохиосон. Пүрэвдорж гуайтай ойр явсан хүний нэг бол та юм. Түүний тухай мөн их ярих нь мэдээж?
-Холбооны техникумын оюутан байх үе буюу тавин найман онд миний бие Пүрэвдорж гуайг анх харж билээ. Төв талбайн баруун
талын Үйлдвэрчний эвлэлийн нэг давхарт санагдана, зохиолчид хүрэлцэн ирж уншигч олонтой уулзлаа. Тэрхүү уулзалтыг Чойжилын Чимид гуай хөтөлж байсан. Сүрэнжав бид хоёрын юм хөтлөөд сүрхий байдаг чинь Чимид гуайтай холбоотой шүү дээ. Чимид тухайн уулзалт дээр Бааст гуайг зарлахдаа, манай зохиолчдын дунд хамгийн намхан нь Бааст. Гэвч бичсэн бүтээл, хэвлүүлсэн номоороо ярих юм бол Бааст хамгийн өндөр нь байж
магадгүй. Олон номтой учир номон дээрээ гарч зогсоод биднээс өндөр болчихно гэж олныг хөгжөөж байв. Тэгэхэд Пүрэвдорж гэж том алаг нүдтэй, тас тас инээсэн сайхан залуу шүлгээ уншиж
билээ. Ингэж л би Пүдо-гоо анх харсан юм. Түүний дараа буюу жаран оны намар бид хоёр Сонгинын амралтад таарч хэн хэндээ шүлгээ уншиж явлаа. Пүрэвдорж гуай нэг их гоё цагаан царайтай залуухан эмч бүсгүй дагуулчихсан явж билээ. Тэр л цагаас хойш Цагаан хэрэмний цаана зургаан жил суусныг эс тооцвол насан өөд болтол нь хамт явжээ. Монгол хэлээ төгс эзэмшье гэвэл Пүрэвдоржийнхоо яруу найргийг унш даа гэж дүү нартаа захья, өөр юу чиг
хэлэхсэн билээ.
-Ш.Сүрэнжав, Д.Цоодол, Б.Лхагвасүрэн, Т.Галсан, Д.Урианхай, Д.Нямаа, П.Пүрэвсүрэн, Ш.Дулмаа гээд та бүхэн Монголын яруу найргийн амьд домог болсон бурхад билээ. Ингэхэд хэн нэгэнтэй уулзах юм уу?
-Өөрийн чинь нэрлэж хэлсэн наад хэдэн навсгарыг чинь их санах юм аа. Заримдаа яагаад ч юм уулзаад ярих юмгүй болчихсон
юм шиг санагдах үе ч байх юм. Пүрэвсүрэнтэй нутаг холдчихлоо. Манайх чинь 21 дүгээр хорооллоосоо нүүгээд Төмөр замын соёлын ордны ардхан “Эко”-гийн Нямдаваа гэж хүүгийн
өгсөн байранд хөгшин бид хоёр, ач хүүтэйгээ, Ангир гэдэг эрх мууртайгаа дөрвүүлээ аж төрж байна шүү дээ. Цоодол, Сүрэнжав, Нямаатай хааяа хааяа таарах юм. Цоодол маань Пүрэвдорж гуайн ойд Өвөрхангай явсан байх. Би явж чадаагүй. Одоо чинь аян
замд ядраад байх боллоо. Нямаа бид хоёр Нацагдоржийн гэргий Пагмадуламаар баахан хөөцөлдсөн. Манай Нямаа тун нямбай нэг ном гаргасан шүү дээ. Миний хүү буурал намайг, хэдэн найз нарыг минь Монголын яруу найраг, утга зохиолын амьд домог гэж сайхан хэллээ. Хөөрхийдөө, миний муу ижий аав хоёрын
буян, шившлэг тарни байдаг биз дээ. За тэгээд яруу найргийн буян гэж барж идэхгүй нэг зүйл байна шүү дээ. Цаг минут бүр хүмүүс ярьж, сайн сайхан зүйл хэлж ерөөж, шүлэг найргийг минь уншиж өгөх юм. Дуурийн театр “Чингэс хаан” дууриар маань энэ
намрын нээлтээ хийж урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Л.Эрдэнэбулган, ардын зураач Ч.Гунгаасүх, төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав бид дөрвийг чинь хүндэтгэлтэйгээр
урьж, улаан хивсэн дээгүүр алхуулан “шараа” болголоо шүү дээ. Дотроо бол өвгөн би жигтэйхэн баярлаж яваа юм чинь. Гунгаасүх маань “Бид чинь юм хийчихсэн юм байна шүү” гэж чихэнд шивнэж байна лээ. Энэ мэтчилэн буурал найрагч намайг баярлуулах зүйл зөндөө юм даа. Хүний хорвоод хоёр дахиа төрсөн мэт амьдарч явна даа, ах нь.
Н.ГАНТУЛГА





Натураас Нарны зам хүртэлх авто замыг хаана
Энхтайваны өргөн чөлөөний автозамын хэсэгчилсэн засвар шинэчлэлийн ажлын хүрээнд 10 дугаар хорооллын уулзварын замаас Саппорогийн уу...
7 цагийн дараа
Олон улсын мэргэн буудагчдын тэмцээнд цагдаагийн алба хаагчид амжилттай оролцжээ
Бүгд Найрамдах Хятад Ард Улсад энэ оны 07 дугаар сарын 15-наас 19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “SHARP BLADE-2025” INTERNATIONAL...
7 цагийн дараа
С.Шижирбат: Бөхийн холбоо Наадмын хууль, Допингийн эсрэг үндэсний дүрмийг зөрчиж мэдээлэл хийлээ
Энэ жилээс эхлээд 21 аймаг, 3 дүүргийн баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг болсон. Шинжилгээний хариуг өчигд...
6 цагийн дараа
“Шилэн ТҮЦ“-үүдийг “Өглөөний цай“ төслийн хүрээнд байрлуулжээ
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байсан ТҮЦ-нүүдийг буулгасан ч шинэ шилэн түцнүүдийг Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас байрлуулсан ба...
6 цагийн дараа
Сэлэнгэд гарсан 6 түймрийг унтраахаар ажиллаж байна
Баяр, наадмын амралтын өдрүүдэд бүртгэгдсэн ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ОБЕГ-ын ...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд