Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 18

Валютын ханш

value

мэдээ

Ж.Батжаргал: УИХ-ын тогтоолоор улс жил бүр 100 мянган тонн улаанбуудай нөөцлөхөөр болсон DNN.mn

trend

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ

img

2024 оны 9 сарын 15

img

40

news-img

УИХ-ын гишүүн Ж.Батжаргалтай ярилцлаа.


-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж, төсвийн тодотголыг УИХ-ын ээлжит бус чуулганаар хийлээ. Эдгээрт хөдөө аж ахуйн салбараас ямар томоохон ажлууд багтсан бэ?

-УИХ-ын ээлжит сонгуулийн дүн гарч, Засгийн газраа шинээр эмхлэн байгуулсан. Дараа нь ээлжит бус чуулган хуралдаж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж, 2024 оны улсын төсөвтөө тодотгол хийлээ. Мөн эдгээрийг дагасан холбогдох хуулиудыг баталсан. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэж нэрлээд, дөрвөн чиглэл, дөрвөн бодлогоор 500 гаруй зорилт, арга хэмжээг тусгасан байна лээ. Үүнээс гадна энэ удаагийн бүрэн эрхийн хүрээнд 14 мега төслийг эхлүүлье гэж байна. Өмнө нь олон жил яригдсан төмөр замын хил холболтууд, ачаа шилжүүлэн ачих терминалуудынхаа асуудлыг шийдье гээд Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ, Гашуунсухайт-Ганцмод зэрэг боомтод бүтээн байгуулалтыг дуусгах ажлыг тусгаж орууллаа. Хоёрдугаарт, Үндэсний аюулгүй байдлаа хангах, эдийн засгийг идэвхжүүлэх суурь дэд бүтэц болсон эрчим хүчнийхээ үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай болчихоод байгаа юм.

Тийм ч болохоор эрчим хүчний суурилагдсан хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлье гэсэн зорилт манай намын мөрийн хөтөлбөр дотор ч байсан. Харин Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Тавантолгойн болон Бөөрөлжүүтийн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлуудыг эрчимжүүлэхээр тусгасан. Эгийн голын усан цахилгаан станцын хувьд гэвэл саяын хойд хөршийн ерөнхийлөгчийн айлчлалын үеэр бас яригдсан. Говийн бүсийн аж үйлдвэрийн хөгжлийг хангахын тулд усны эх үүсвэрийг зайлшгүй шийдэх хэрэгтэй. Тиймээс Хэрлэн-Тоонот, Орхон-Онги гэсэн цогцолборуудын асуудлыг тусгаж оруулсан. Алт, зэс угаах, газрын тос боловсруулах үйлдвэр гээд томоохон төслүүд бий. Эдгээрийг эхлүүлж, ажил болгосноор улс орны эдийн засаг эрчимтэй хөгжинө гэж харж байгаа.

Бүсчилсэн хөгжлөө дэмжих тал дээр анхаарч, бүсүүдийнхээ хөгжлийн зорилтыг их тодорхой болгосон. Төвийн бүсийг хөдөө аж ахуй, аж үйлдвэржилт байхаар тусгаж өгсөн. Төвийн бүсийн гурван аймаг бол эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн манай улсын хамгийн том бүс нутаг. Тиймээс хөдөө аж ахуйн салбарынхаа хөгжлийг хангая. Үүнийг дагуулж боловсруулах салбарынхаа үйлдвэрлэлүүдийг бий болгох асуудал байна

Улс орны хэмжээнд одоо хоёр том хөтөлбөр, явж байгаа. Нийтдээ 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж, хэрэгцээгээ хангана гэсэн том зорилттой. Ирэх оны төгсгөл гэхэд бүрэн хангах зорилт тавьж байгаа. Энэ хүрээнд хүнсий ногоо, стартегийн хүнсүүд, мах, сүүний ханган нийлүүлэлтийн асуудлууд эрчимтэй явж байна.

Тийм учраас энэ удаагийн бүрэн эрхийн хугацаанд “Хүнсний хувьсгал”-аа дорвитойхон явуулах, ингэж байж хүнсний аюулгүй байдлаа бүрэн хангах юм байна гэж харж байгаа. Хоёрдугаарт, мал аж ахуйн гаралтай түүхий эдүүдээ боловсруулж, хөнгөн үйлдвэрүүдийнхээ хөгжлийг хангах асуудал бий. Өмнөх парламентын төгсгөлд “Цагаан алт” хөтөлбөрийг баталсан. Үүгээр дамжуулж ноос ноолуур, арьс ширээ дотооддоо боловсруулна. Тийм ч учраас Дарханд Хөнгөн үйлдвэр технологийн парк барьж байгуулахаар яригдаж байгаа. Мөн “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” үндэсний хөдөлгөөн байна. Ингэж байж уламжлалт мал аж ахуйн салбар маань уур амьсгалын өөрчлөлт, байгаль цаг уурынхаа нөхцөлд дасан зохицсон, чанартай, бүтээмж өндөртэй болж хөгжих ёстой юм. Үүлдэр угсааг нь сайжруулах, малаа эрүүлжүүлэх, мал аж ахуйн бүтээгдэхүүнийхээ боловсруулалтыг нэмэгдүүлэх хүрээнд 500 орчим тэрбум төгрөгийн зээлийг хоршоодод өгсөн байна. Үүнийг цааш нь эрчимтэй явуулж байж хөдөөгийн болоод мал аж ахуйн салбарынхаа хөгжлийг өндөрт гаргана.

-“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд олгогдсон зээлүүд үр дүнгүй байна гэх шүүмжлэл гараад байгаа. Тэгвэл таны сонгогдсон төвийн бүс нутгаар энэ асуудал ямар байна вэ. Үнэхээр олны хэлээд байгаа шиг машин, мотоцикл болчихоод байна уу?

-Яг боловсруулж баталсан бодлого, чиглэл маань бол яах аргагүй мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр өгөөжийг дээшлүүлэх, цаг уурын эрсдлээс хамгаалах материаллаг баазыг нь нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл дээр хөрөнгө оруулалтын зээл хэлбэрээр олгохоор тусгасан. Миний хувьд энэ дагуу л хэрэгжиж яваа гэж ойлгодог. Манай төвийн бүсийн хувьд хоршоо гэдэг шинэ тутам зүйл биш. Үндсэндээ 2017, 2018 оноос эхлээд хоршоолох үйл явц яригдсан. Хоршооллын хууль шинэчилж батлагдсантай холбогдуулан тодорхой арга хэмжээнүүдийг авсан. Төв аймаг гэхэд 2020-2024 оны хооронд Засаг дарга, ИТХ маань үүнд анхаарал хандуулж, анхан шатны, дундын хоршоодыг 300 гаруйг байгуулсан. Үүгээрээ дамжуулан том үйлдвэрүүдийнхээ бэлтгэн нийлүүлэлтийг хангах, төв суурин газрынхаа хүнсний хангамжийг шийдэх гэсэн том зорилтуудыг хэрэгжүүлсэн. Сая Төв аймагт л гэхэд дахиад 300 гаруй хоршоо байгуулагдсан байна. Гэхдээ бид энэ асуудлыг тал бүрээс нь нягталж үзэх ёстой. Энд гаргасан бодлого тэндээ очоод жаахан гажуудсан байхыг үгүйсгэхгүй. Ер нь бол цаашаа хэрэгжүүлээд явах зайлшгүй шаардлагатай үндэсний хэмжээний хөтөлбөр байгаа юм. Ингэж байж мал аж ахуйн салбараа хөгжүүлэх учиртай

 

Мал аж ахуйн салбар ярихаар бид хоёр л зүйлийг бодох ёстой. Нэгдүгээрт, уламжлалт бэлчээрийн мал аж ахуй байна. Нутгийнхаа цаг агаар, онцлогт тохирсон шилмэл омог гэж байна. Түүгээр нь малынхаа үүлдэр, угсааг сайжруулах хэрэгтэй. Хоёрдугаарт, бид малаа эрүүлжүүлэх явдал. Шинэ Засгийн газрын хөтөлбөрт орсон нэг чухал зүйл бол малын эм тарилга, вакцин үйлдвэрлэл явуулдаг Биокомбинатынхаа хүчин чадлыг сайжруулахаар болсон. Мөн эрүүл бүс нутаг, хамгаалагдсан аж ахуйн тухай асуудлыг ч тодорхой тусгаж өгсөн. Харин нөгөө талд нь эрчимжсэн мал аж ахуй байна. Яах аргагүй газар тариалангийн бүс нутагтайгаа давхцаж явах ёстой зүйл. Тэжээл хангалт, орчны бүрдүүлэлт чухал. Тийм болохоор Атрын IV аяныг хэрэгжүүлье, усалгаатай тариалангийн талбайг нэмэгдүүлье гэж байгаа. Ер нь газар тариалангийн эргэлтийн талбайг 200 орчим мянган га талбайгаар нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа юм. Энэ мэтчилэн олон асуудлыг тусгаж өгсөн.

-Гэтэл нөгөө талдаа өмнөх парламентын сүүлийн өдрүүдэд гурилын импортын татварыг тэглэсэн. Ингэснээр энэ жилийн улаанбуудайн тариалалтын хэмжээг тодорхой хувиар багасахад нөлөөлсөн гээд байгаа. Энэ тал дээр юу хэлэх

вэ?

-Гурил, гурилан бүтээгдэхүүний үнийн өсөлт их өндөр байна гэсэн тооцоо судалгаанууд гарсан. Мөн бүс нутгуудийн онцлог гэж бий. Газар тариалан бага, төвөөс хол, тээврийн зардал өндөр гардаг. Тийм болохоор Засгийн газраас асуудлыг оруулж ирээд УИХ дээр яриад хугацаагүй, тоо хэмжээгүйгээр малын тэжээл, гурилын импортын гаалийн татварыг тэглэсэн. Баруун бүс нутагтаа бол зохих үр дүнгээ өгсөн юм билээ. Гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ үндсэндээ бараг хоёр дахин буурсан. Гэтэл төвийн бүсэд нэг их өөрчлөлт гараагүй. Мөн энэ шийдвэрийг дагалдуулан Газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол баталсан. Энэ тогтоолоор тухайн жилд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс улс өөрийнхөө аюулгүй буюу стратегийн нөөцөө бүрдүүлж, 100 мянган тонн улаанбуудай нөөцөлж байхаар тусгасан. Бид чинь жилдээ 300 гаруй мянган тонн улаанбуудай тээрэмдэж, гурил, гурилан бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг хангадаг юм шүү дээ. Харин ямар нэгэн асуудал гарахад дотоодын хэрэгцээнийхээ гуравны нэгийг улсын хэрэгцээнд байлгаж, шинэчилдэг зарчмынхаа дагуу шинэчилж байхаар болсон гэсэн үг. Энэ нь үндэсний аюулгүй байдал, хүнсний хангамж талдаа зохих үүргээ гүйцэтгэнэ. Хоёрдугаарт, дотоодын хэрэгцээнээс давсан тохиолдолд экспортод гаргах боломжийг бий болгоё гэсэн. Харин сая яамнаас асуудал боловсруулж, Байгаль орчин, хүнс, хөдөө ахуйн байнгын хорооны гишүүдтэйгээ санал солилцоод баруун бүс нутгаар тодорхой хэмжээний гурил, малын тэжээлийг татваргүйгээр оруулж ирдэг болгохоор өөрчилсөн. Хүнсний хангамжийн аюулгүйн зөвлөл дээр энэ асуудлыг ярьж, ийм шийдэл гаргасныг би дэмжсэн. Угаасаа би хавар шийдвэр гарах үед нь газар тариалангийн салбарт хатуу тусна гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм.

-ХХААХҮЯ-ыг Дархан-Уул аймаг руу шилжүүлэх тухай асуудал яригдсан. Үүнийг та юу гэж харж байна вэ?

-Төрийн байгууллагууд, тэр дундаа гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудыг тодорхой бүс нутгууд руу гаргах, ингэж байж Улаанбаатар хотын төвлөрлийг задална гэдэг бодлого яригдаж, тодорхой дэмжлэг аваад явж байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Шинэ Зуунмод хот руу Засгийн газраа нүүлгэх асуудал тусчихсан. ХХААХҮЯ харин хөдөө аж ахуйн гол бүс нутагт нь оччихвол яасан юм гэдэг асуудал яригдаж байгаа бололтой. Үүнийг миний хувьд нэг их буруудаад байх юм байхгүй болов уу гэж харж байгаа. Манай мэдээлэл харилцаа, цахим талдаа ер нь гайгүй болсон. Тийм болохоор төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо, мэдээлэл солилцох зэрэг нь хаана байхаасаа үл хамаараад шуурхай явж болно байх. Тэгэхээр гол бүс нутаг, үйлдвэрлэлийнхээ орчинд мэргэжлийн удирдлага нь байхад буруудах юу байх билээ. Бодвол тодорхой тооцоо судалгаа, шинжилгээн дээр үндэслэж энэ асуудал яригдаж байгаа болов уу гэж ойлгож байгаа.

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Хүнд жинтэй, урт бүрэлдэхүүнтэй галт тэргийг “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлд туршилтаар аялууллаа DNN.mn

“Тавантолгой төмөр зам” ХХК 8028 тонн жинтэй, 92 вагон бүхий ачаатай галт тэргийг есдүгээр сарын 15-ны өдөр Тавантолгой- Гашуунсухай...

img

11 минутын дараа

Өнөө шөнө Хөвсгөл, Орхон аймгийн нутгаар хөрсөн дээр -5 градусыг давж цочир хүйтэрнэ DNN.mn

Хөвсгөл, Орхон аймгийн нутгаар хөрсөн дээр -5 градусыг давж цочир хүйтэрнэ. Энэ сарын 18-19-нд шилжих шөнө Булган, Дархан-Уул аймгий...

img

19 минутын өмнө

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 30.4 хувиар өсчээ DNN.mn

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний наймдугаар сарын үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Улсын н...

img

40 минутын өмнө

“Ургац-2024” үзэсгэлэн худалда зохион байгууллаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, ”Хүнсний хангамж-аюулгүй байдал” хөтөлбөрийн хэрэгжилтийн х...

img

1 цагийн өмнө

Хяналтын камерыг нэгдсэн сүлжээнд холбоно DNN.mn

Иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэрги...

img

1 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд