Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 24

Валютын ханш

value

мэдээ

Д.Үүрийнтуяа: Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн технологийн шийдлээ бид олчихсон DNN.mn

trend

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ

img

2024 оны 10 сарын 23

img

75

news-img

Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяатай ярилцлаа.


-Засгийн газраас ирэх оны төсвийн төслийг өргөн барьсан. Одоо УИХ, байнгын хороодоор ид хэлэлцэж байна. Таны хувьд уг төсөлтэй танилцсан байх. Ямар төсөв болсон гэж үзэж байна вэ?

-Танай сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Маш чухал цаг үед та бид хоёр уулзаж, ярилцаж байна. Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг холбогдох байнгын хороодоор хэлэлцэж байгаа. Энэ удаагийн төсөв бол өмнөх жилүүдийн төсвүүдээс ялгаатай, их онцлог. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх үүднээс аль болох жижиг тойргуудад хөрөнгө мөнгийг хувааж тавихаас илүү том бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх, бүс нутгийн хэмжээнд томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, дэд бүтцийн чиглэл рүү илүү хөрөнгө оруулалт хийхэд чиглэсэн. Хуучин тойрог бүр дээр олон арга хэмжээг хэрэгжүүлэхээр орж ирдэг байсан. Харин одоо бол өмнөх жилүүдэд эхэлсэн хөрөнгө оруулалтуудыг дуусгах, бүсчилсэн хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалтууд шинээр орж байгаагаараа онцлог байна.

Тухайлбал, өмнөх жилүүдэд хөрөнгө оруулалтаар жилд 400-500 шинэ төсөл хэрэгжүүлэхээр төсөвт орж ирдэг байсан бол 2025 оны төсөвт шинэ төсөл ердөө 38 байна. Үүний 33 төсөл нь зам, тээвэр, инженерийн дэд бүтэц, цахилгаан дулааны эрчим хүчний төслүүд байгаа. Мөн цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмэгдсэн, дулаан, цахилгааны үнэ нэмэгдэж байгаатай холбоотойгоор урсгал зардлууд өссөнөөс бусад зардлуудыг бууруулах, багасгахад анхаарсан төсөв орж ирсэн гэж харж байгаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд бид чинь олон зорилтуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд явж байгаа шүү дээ. Тийм болохоор эдийн засгийг өсгөж, тэлэх гол 14 мега төсөлдөө анхаарч байгаа. Эдгээр төслөөс энэ дөрвөн жилд аль, аль төслийг нь дуусгах юм. Ямар, ямар төслийг дараагийн шатанд үргэлжлүүлэх юм гэдэг дээр анхаарах ёстой. Энэ төслүүдийг хэрхэн хэрэгжүүлснээс Монгол Улсын эдийн засгийн өсөлт шууд хамаарна. Эхний дөрөв, таван төслийг амжилттай хэрэгжүүлж чадвал 2023 оны байдлаар 6000 ам.доллар байгаа нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ийг 2028 онд 10 мянган ам.долларт хүргэх зорилтдоо хүрэх боломжтой. Манай улсын эдийн засгийн өсөлт ирэх онд найман хувьтай байна гэж тооцож байна. Төсвийн хүрээний мэдэгдлээр 2026, 2027 он тус бүрт 6.5 хувьд эдийн засгийн өсөлт хангагдана гэж үзэж байгаа. Үүнээс гадна инфляцийг 2025 онд зургаа, 2026 онд тав, 2027 онд дөрвөн хувьтай байлгаж, жил тутам буулгана гэж тооцсон. Ер нь дэлхийн болон манай хоёр хөршийн эдийн засгийн өсөлт бидэнд шууд нөлөөлнө. Манай эдийн засаг уул уурхайн салбараас бүрэн хамааралтай. Тэр дундаа нүүрс, зэс гэсэн хоёр бүтээгдэхүүнээс голлож хамаарч байгаа. Уул уурхайн салбарын өсөлт ирэх онд 6.7 хувь, нийт эдийн засгийн өсөлтийн 1/3 нь уул уурхайн салбараас хамаарна гэж Сангийн яам тооцоолол хийж оруулж ирсэн. Тийм болохоор бид уул уурхайн салбараа эдийн засгийн хувьд тогтвортой авч явахын тулд цаашдаа нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд л голлон анхаарах хэрэгтэй. Газрын доорх баялагаа түүхийгээр нь, эсвэл хагас боловсруулсан байдлаар гаргаад л байх юм бол тэр хэрээрээ бид боломжуудаа алдана л гэсэн үг. Магадгүй энэ удаагийн төсөв нэлээн томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт руу чиглэсэн учраас их өндөр санагдаж магадгүй. Гэхдээ эдийн засгийн өсөлтийг авчрахын тулд зоригтой, дорвитой хөрөнгө оруулалт хийхгүй л бол цаашдаа эдийн засгийн өсөлтийг тогтмол барих боломж байхгүй. Төсвийн өсөлтийг тодорхой үзүүлэлтүүдээр нь хэмжээд үр ашигтай, ашиггүй гэх зэргээр шинжилгээ хийж үнэлж, дүгнэж болно.Гол нь бидний зарцуулж байгаа хөрөнгө эргээд ямар үр өгөөж өгөх хөрөнгө оруултад явж байна вэ гэдэгт л онцгой анхаарах ёстой.

-Эдгээр 14 мега төслөөс эрэмбэлээд үзвэл хамгийн эхэнд хэрэгжих боломжтой нь юу байна вэ?

-Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төсөл байгаа юм. Энэ төсөл Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Үйлдвэр технологийн паркийн хүрээнд хийгдэнэ гээд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан. Тиймээс Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах, түүнийг дагасан Металлург, химийн үйлдвэрийн цогцолбор байгуулах бэлтгэл ажлыг үндсэндээ Эрдэнэт үйлдвэр хангаад явж байна. Үйлдвэр технологийн паркийг нийтдээ 1200 га газарт байгуулж байгаа бөгөөд энэ хүрээнд дэд бүтцийн асуудлыг Эрдэнэт үйлдвэр санхүүжүүлэн шийдвэрлэж байгаа. Энд тусгай хамгаалалтын бүсийг тогтоогоод хашаажуулах ажил бараг дууссан. Эрчим хүч, авто болон төмөр зам, усан хангамж, ариутгах татуургын гэсэн дөрвөн дэд бүтцийн асуудал болон хашаажуулах ажилд нийтдээ 68 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байгаа. Үүний хамгийн том хөрөнгө оруулалт нь эрчим хүчний дэд бүтцэд 46 сая ам.доллар зарцуулагдана. Эрчим хүчнээс бусад бүх төслүүдийн ажил нь тендер шалгаруулалт зарлагдаад гүйцэтгэгч тал ажлаа эхлээд 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй явж байна. Харин эрчим хүчний төслийн зураг төсөв сая хийгдээд дууссан. Одоо тендер шалгаруулалт нь хийгдэх гэж байна.

-Тэгэхээр хажууд нь тусдаа цахилгаан станц баригдах юм уу?

-Цахилгаан станц гэж ойлгож болохгүй. Дэд станцууд орж ирнэ гэсэн үг. Үндсэн техникийн нөхцөл бол Бөөрөлжүүтийн цахилгаан станцаас олгогдсон байгаа. Саяхан Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний 150 мегаватт ашиглалтад орчихлоо гэдэг нь бидэнд эрчим хүчний боломж нээгдэж байгаа хэрэг. Ер нь бид энэ 14 том төслийг хэрэгжүүлэхийн тулд дэд бүтцийн асуудал нь шийдэгдэж байж явагдах учиртай.

-Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр эцсийн байдлаар хэзээ ашиглалтад орох вэ. Хүчин чадал ямар байх вэ?

-Тус үйлдвэр 2027 оны 12 дугаар сар гэхэд ашиглалтад орно гэж тооцож байгаа. Одоо ТЭЗҮ бүрэн боловсруулагдаж дууссан. Холбогдох тусгай зөвшөөрлүүд, бүх зүйлээ авчихсан. Ганц хийгдэх ажил үлдсэн нь нарийвчилсан зураг төсөл. Энэ үйлдвэрийг бид их олон жил ярьж байгаа. Бараг сүүлийн 30 жил ярьж байгаа гэж хэлж болно. Гэвч энэ хугацаанд яагаад яваагүй вэ гэхээр тулгамдсан хоёр асуудал л байсан.

-Тэр нь юу вэ?

-Нэгдүгээрт, бид дэд бүтцийн асуудлаа шийдэхгүйгээр томоохон үйлдвэрийн төсөл ярьдаг байсан. Одоо бол Эрдэнэт үйлдвэр дэд бүтцийг нь урьдчилан шийдчихлээ. Энэ 1200 га газрын 200 га-д нь л Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр болон түүний хүрээнд хийгдэх Металлург, химийн үйлдвэр баригдана. Үлдсэн 1000 га-д энэ үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнийг ашиглаад жижиг дунд үйлдвэр, бусад үйлдвэрүүд хөгжих боломжийг нь хувийн хэвшилд олгож өгч байгаа юм. Хоёрдугаарт, технологийн асуудал тулгарч байсан. Анх 1980-аад онд энэ үйлдвэрийн анхны ТЭЗҮ-ийг хийж байсан юм. Үүгээр бол Хөвсгөлийн Бүрэнхааны фосфоритын ордыг ашиглаад фосфорын баяжмал гаргаж, зэсийн баяжмалаа хайлуулах явцад ялгарах хүхэрлэг хийтэйгээ хольж фосфорын бордоо үйлдвэрлэнэ. Нөгөө талдаа шингэн хүхэр буюу хүхрийн хүчил үйлдвэрлэнэ гэж ТЭЗҮ нь гарсан байсан. Тэр үед Ц.Балдорж агсан “Далай ээж цаазын тавцанд” гэсэн нийтлэл бичиж, энэ төсөл үндсэндээ зогссон юм билээ. Харин 2020, 2021 оны үед Эрдэнэт үйлдвэрийн хамт олон энэ үйлдвэрийн ТЭЗҮ-ийг шинэчилж Бүрэнхааны орд Далай ээжтэй холбоотой биш байна, үүнийг ашиглая гэдэг саналаа Засгийн газарт танилцуулсан ч зөвшөөрөөгүй. Тийм учраас дараагийн технологийн гарцыг хайж эхэлсэн. Ингээд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, инженерүүд, гадны эрдэмтэд судлаачидтай, Хятадын INFI групптэй хамтран судалгааны ажлууд хийсэн. Дэлхий дахинд хүхэрлэг хийг саармагжуулахдаа байгалийн хий ашиглан элементийн хүхэр үйлдвэрлэдэг технологи байдаг. Манай улс байгалийн хий байхгүй учраас энэ процесст ашиглах байгалийн хийг нүүрсний хийгээр орлуулах судалгааны ажлыг бид дэлхийд анх удаа хийсэн. Шарын голын нүүрсээр лабораторийн болон үйлдвэрлэлийн туршилт явуулсан. Үйлдвэрлэлийн туршилт амжилттай болж, 99.5 хувийн чанартай элементийн хүхэр үйлдвэрлэлээ, хүхэр барилт 97 хувьтай байна гэсэн урьдчилсан мэдээ ирсэн. Удахгүй энэ дүн баталгаажаад ирнэ. Тэгэхээр үндсэндээ бид технологийн хувьд шийдлээ олчихлоо гэсэн үг. Элементийн хүхэр нь манай улсын хувьд экспортын чухал бүтээгдэхүүний нэг. Эрдэнэт үйлдвэр жилдээ 600 мянган тонн зэсийн баяжмал гаргаж байгаа. Үүнийгээ хайлуулаад болосруулахад 130 орчим мянган тонн цэвэр зэс гаргах боломжтой. Үйлдвэр технологийн парк бүтнээрээ ашиглалтад орсноор 1500 орчим, хайлуулах үйлдвэр дээр 800-гаад ажлын байр нэмэгдэж, эдийн засгийн өсөлтийг найман хувиар тэлнэ гэж тооцож байгаа. Нийтдээ 300-гаад сая ам.доллараар гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломжтой төсөл байгаа юм. Тиймээс энэ үйлдвэрийг нэн яаралтай ашиглалтад оруулах нь эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх том боломж.

-Та түрүүн яриандаа ирэх оны эдийн засгийн өсөлтийг найман хувь байхаар төсөөлж байгааг хэлсэн. Ингэж төсөөлөхийн гол үндсэн нөхцөл, шалтгаан юу вэ?

-Гадаад зах зээлд гарч байгаа гол бүтээгдэхүүн бол үндсэндээ нүүрс, зэс байгааг түрүүнд хэлсэн. Тэгэхээр ирэх жилүүдэд хэрэгжүүлэх төслүүд дээр нүүрсээ коксжуулж, нэмүү өртөг шингэсэн үнэлэмж өндөртэй бүтээгдэхүүн экспортлохоор төлөвлөж буй. Хэдийгээр нүүрсний үнэ унаж байгаа ч гэсэн тоо, хэмжээнийхээ өсөлтөөр бид экспортынхоо орлогыг нэмэгдүүлээд яваад байгаа. Гэсэн ч ирэх жилүүдэд бид зөвхөн нүүрс, зэсээс гадна бусад ашигт малтмалын төрлүүдийн экспортоо нэмэгдүүлж, уул уурхайн салбараас олж байгаа орлогоо солонгоруулах хэрэгтэй. Мөн хөдөө аж ахуйн салбартаа ач холбогдол өгөх ёстой. Энэ оны өвөл хүндэрснээс тус салбарын орлого буурсан.

Харин ирэх оны өвөлжилтийн бэлтгэл байдлаа сайтар хангаад, цаг агаар хүндэрчихгүй бол хөдөө аж ахуйн салбараас өсөлт авч ирнэ гэж тооцож байгаа. 2025 онд уул уурхайн салбарын өсөлтийг 6.7 хувиар тэлнэ гэж тооцож байна. Энэ нь эдийн засгийн өсөлтийг найман хувиар нэмэгдүүлэхэд голлох нөлөө үзүүлэх юм. Ер нь 14 мега төслөөсөө улсын төсөв дээр ачаалал үүсгэхгүй, төр-хувийн хэвшлийн түншлэлээр хийх боломжтой төслүүдийг яаралтай явуулах хэрэгтэй. Ингэхийн тулд хууль, эрх зүйн орчныг сайжруулах ёстой. Өнөөдөр зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийг эхлүүлэхэд тулгамдаж байгаа гол асуудлын нэг бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль. Одоо бид уг төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа өнөөдөр мөрдөж байгаа хуулиар явуулна гэвэл лав ойрын хэдэн жилдээ эцсийн үр дүнг нь үзэж чадахгүй хэмжээнд байна. Тиймээс төрийн худалдан авах ажиллагааны хуулийг оновчлох, томоохон стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалтыг зохицуулдаг эрх зүйн орчноо олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах шаардлагатай гэж харж байгаа.

-Тухайлбал, яг яаж өөрчилбөл болох юм бэ?

-Тухайн салбартаа мэргэшсэн дэлхийн шилдэг аж ахуйн нэгжүүд оюуны өмч, ноу-хаудаа түшиглээд ТЭЗҮ-ийг боловсруулахаас эхлээд зураг төслөө хийх, тухайн бүтээн байгуулалтыг гүйцэтгэх, ажиллах хүчнийг сургаж бэлтгэх зэргээр түлхүүр гардуулах нөхцөлөөр ажлыг хийдэг жишиг байна. Өнөөдөр бидний мөрдөж буй хуулиар зураг төслөө нэг газраар хийлгэсэн бол гүйцэтгэгч нь заавал өөр газар байх ёстой гэж шаарддаг. Энэ мэтчилэн хоорондоо болон олон улсын жишигт нийцэхгүй байгаа зүйл олон байна.

-Эдийн засаг харьцангуй сэргэж байна гэж байгаа ч иргэдийн худалдан авах чадвар муудсан. Бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн, иргэд, аж ахуйн нэгжид татварын хүндрэл байна гэдэг шүүмжлэлийг олон нийт хэлж байна. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Эдийн засгийн өсөлт өрх бүрд яаж орох вэ гэдэг асуудал байгаа юм. Өнөөдөр хэдийгээр эдийн засаг өсөлттэй, нийт өсөлтийн хувиар харах юм бол дэлхийд дээгүүр тооцогдож байна гэж байгаа ч амьдрал ахуй хүнд байна уу гэвэл байна. Энэ юунаас хамаарч байна гэхээр бид инфляцийг импортлоод байгаа улс байхгүй юу. Тиймээс би Худалдааны хуультай болох ёстой гэж боддог. Ийм хуульгүйгээсээ болоод давхар татвараар өртөг нэмэгдэх эрсдлүүдийг бий болгоод байна. Дээрээс нь бид гаднаас оруулж ирдэг валютын урсгалаа нэмэгдүүлж, гадагшаа гаргадаг урсгалаа багасгаж байж л иргэдийн амьдралд эдийн засгийн өсөлт нөлөөлнө. Цалин тэтгэвэр хэчнээн нэмээд ч үр дүн багатай байна. Өөрөөр хэлбэл, бид үйлдвэрлэгч улс болох хэрэгтэй. Энгийн өргөн хэрэглээний бараагаа, хүнсээ өөрсдөө үйлдвэрлэж, хэрэглээгээ хангадаг болох хэрэгтэй байгаа юм.

-Худалдааны хуулийг санаачилж өргөн барих уу?

-Үүнийг бусад гишүүдтэйгээ ярьж, судалж байна. Ер нь Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байх хугацаандаа энэ хуулийн хэрэгцээ шаардлагыг илүү их мэдэрсэн. Тийм учраас үүнийг тал, талаас нь судлаад гишүүдтэйгээ хамтран өргөн барина гэж бодож байна. Гэхдээ үүнээс өмнө бид Боомтынхоо хуулийг эцэслэн гаргах ёстой.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“MONSTER ВАУЧЕР” BSB-д ирлээ!

Монголын хамгийн том электрон бараа, компьютер, гар утасны дэлгүүр BSB-д Halloween буюу сүнсний баярыг тохиолдуулан өнөөдрөөс эхлэн“...

img

8 цагийн дараа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол дахь Нэгдсэн Үндэстний байгууллагад зочилж, баяр хүргэлээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Нэгдсэн Үндэстний байгууллагын өдрийг тохиолдуулан тус байгууллагад зочилж, хам...

img

7 цагийн дараа

Тусламжийн шинэ багцуудыг зарлав DNN.mn

Киевт хүрэлцэн ирсэн Пентагоны тэргүүн Ллойд Остин ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзаж “Ерөнхийлөгч Жо Байдены санаачилгаар АНУ...

img

7 цагийн дараа

ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 543 хүн яаралтай тусламж авчээ DNN.mn

Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нийт 543 хү...

img

7 цагийн дараа

УИХ-д суудалтай намуудын нэр хүнд сонгуулиас хойш байнга унаж байна DNN.mn

МЭК судалгааны байгууллага 2024 оны аравдугаар сарын “Улс төрийн барометр”-ийг зарлалаа. Тэд Улаанбаатар хот болон хөдөө, орон нутаг...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд