мэдээ
Ина Марчюлёните: Монгол Улсын Засгийн газар саналаа тавибал эрчим хүчний чиглэлээр дэмжих төсөв бидэнд бий DNN.mn
Админ
2024 оны 10 сарын 31
68
Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните өчигдөр (2024.10.30) “Өдрийн сонин”-ы редакцид зочиллоо. Энэ үеэр түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Европын холбоог төлөөлж буй хүний хувьд хамгийн түрүүнд ажлаа юунаас эхлүүлэхээр төлөвлөв?
-Европын холбооны Элчин сайд нар солигддог боловч бодлого, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа маань тогтвортой үргэлжилж байна. Монгол дахь бидний үйл ажиллагааны хоёр гол чиглэл бий. Нэгд, ногоон тогтвортой хөгжил, хоёрт сайн засаглал ардчилал. Сайн засаглал, ардчиллыг дэмжих нь бидний хувьд маш чухал үйл ажиллагаануудын маань нэг. Энэ хүрээнд би энд байх хугацаандаа аль болох хэвлэлийн эрх чөлөөг сайжруулах тал дээр хамтран ажиллах, сэтгүүлчидтэй уулзах, санал солилцох, олон улсын хэмжээнд буураад байгаа хэвлэлийн эрх чөлөөний индексийг өсгөх тал дээр хамтран ажиллах сонирхолтой байна. Ардчилсан нийгэмд хэвлэлийн эрх чөлөө маш чухал. Мэдээжийн хэрэг бидний бас нэг гол чиглэл Монгол Улсыг ногоон буюу сэргээгдэх эрчим хүчний шилжилтийн чиглэлээр дэмжиж байна. Эрчим хүчний бие даасан байдал нь тусгаар улсын бас нэг том үзүүлэлт юм. Үүнээс гадна Улаанбаатар хотын хувьд агаарын бохирдлыг бууруулах зэрэг нэлээн олон талын ач холбогдолтой гэж бодож байна. Төсөв, төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах чиглэлээр бид хамтран ажиллаж байна. Европын Холбооны Төсвийн дэмжлэгээр дамжуулж үр дүнд суурилсан төсөвлөлт, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр нэлээн эрчимтэй ажиллаж байна.
-Ойн салбарт хамтын ажиллагаа нэлээн өргөжин тэлж байгаа нь сайшаалтай юм…
-Тийм ээ. Европын Холбоо Монгол Улс хоорондын Ойн түншлэл маань үр дүнтэй өргөжин тэлж байна.
Энэхүү түншлэл маань Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөртэй нэг зорилготой, үйл ажиллагаа нь эхлээд, хамтын ажиллагаа үргэлжилж байна. Мэдээжийн хэрэг бид төсөл, хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхдээ Европын банкуудтай хамтран ажиллаж байна. Сүүлийн үед Европын хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа нэлээн идэвхжиж, хамтарч ажиллаж байна. Ойн төслийн маань хоёр дахь шат “STREAM+” төсөл маань эхлээд байна. Энэ дээр зөвхөн ойгоос гадна бид мах, ноолуурын нэмүү өртгийн сүлжээг сайжруулах, байгаль орчинд ээлтэй мөн тогтвортой байдлаар хөгжүүлэр чиглэлээр үйл ажиллагаагаа явуулна. Тун удахгүй Хөвсгөлд төслийнхөө нээлтийг хийх гэж байна. Үүнээс гадна Хэнтий, Сэлэнгэ аймгуудад хэрэгжих юм.
-Европын Холбоо дэлхий даяар залуучууд эмэгтэйчүүдийг чадавхжуулах тал дээр нэлээн анхаарал хандуулан ажилладаг. Монгол залуус руу чиглэсэн үйл ажиллагаануудын төлөвлөгөөнөөс дурдахгүй юу?
-Залуучууд, эмэгтэйчүүдийг чадавхжуулах асуудал бүхий л төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаанд шингээд, хэрэгжүүлээд явдаг, анхаарч ажилладаг. Эдгээр нь бидний хамгийн том зорилтот бүлгүүдийн нэг юм. Залуучуудтай түлхүү ажиллахыг хүсч байна. Боловсролын боломжуудыг залуучуудад сурталчлах, тэтгэлэгт хөтөлбөрүүдийг танилцуулах, хүртээмжийг нэмэх, тэтгэлэг авагчдын тоог дээшлүүлэх хүсэл байна. Монгол Улсын хувьд хүн амынх нь дийлэнх хувийг залуучууд эзэлдэг. Маш залуу хүн амтай улс билээ. Бидний хэрэгжүүлдэг “Sounding board” буюу залуучуудын дуу хоолойг хүргэх хөтөлбөр байдаг. Үүгээр дамжуулж залуучуудын дуу хоолойг бодлогын түвшинд хүргэх ажиллагааг идэвхжүүлж ажиллах сонирхолтой байна. Түүнээс гадна боловсролоор дамжуулаад, жендерийн тэгш байдлыг хангах төслүүдийг эхлүүлэхээр ярьж байна. Энэ мэтчилэн олон салбарт 30 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна. Гэхдээ бид Засгийн Газар хоорондын байгууллага гэдэг утгаараа Засгийн Газрын дэвшүүлэн т авьсан тэргүүлэх чиглэлүүдийг дэмжихэд хамтын ажиллагаагаа түлхүү явуулж байна.
-Монгол Улс болон Европын холбоо хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байна. Энэ ойн хүрээнд хийхээр төлөвлөсөн ямар ажил, төсөл хөтөлбөрүүд байна вэ гэдэг дараагийн асуулт минь байсан. Та бараг хариулчихлаа. Нэмж юу хэлэх вэ?
-Дунд хугацааны төлөвлөгөө буюу, 2027 он хүртэлх тэргүүлэх чиглэл, төсөл, хөтөлбөрүүдийнхээ талаар ерөнхийдөө ярьсан. Гэхдээ 35 жилийн ойн хүрээнд юу юу хийсэн бэ гэдэг талаар товчхон дурдъя гэж бодож байна. Бид тавдугаар сарыг аль болох Европын сар болгохоор хичээнгүйлэн ажиллаж байна. Тавдугаар сарын 9-нийг “Европын өдөр” гэж тэмдэглэдэг. Бээжин, Сөүлээс Монголыг хавсран суудаг 20 гишүүн орны маань Элчин сайдууд өнгөрсөн тавдугаар сард хүрэлцэн ирсэн. Энэ хүрээнд бид Сүхбаатарын талбайд Европын өдөрлөгөө зохион байгуулсан. “Европын кино өдрүүд”-ийг анх удаа хийлээ. Оюутнуудын дунд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа. Үүнээс гадна арван жилийн болон их сургуулиуд дээр очиж, боловсролын боломжуудыг танилцуулах, Европын Холбоог танилцуулах зэрэг ажлууд хийсэн. Энэ үеэр мөн Европын худалдааны өдөрлөгийг зохион байгуулсан.
-Европын холбооноос Монгол Улсад өнгөрсөн 35 жилийн хугацаанд нийт хэчнээн төгрөгийн хандив тусламж олгоод байна вэ?
-35 жилийн хугацаан дахь хөрөнгө оруулалтын тооцоолол хийхэд хүндрэлтэй байсан. Европын Холбооны санхүүжилтийн маш олон төрлийн механизм байдаг, мөн ханшийн өөрчлөлт гэх мэтчилэн олон зүйлийг бодолцож тусгах хэрэгтэй.
Ойролцоогоор 1994 оноос хойш хэрэгжсэн төсөл 270 орчим сая евро гэсэн маш ерөнхий дүн гаргаж болох юм. Үүнээс сүүлийн 10 жилийн хугацаанд зөвхөн Монгол Улс, Европын Холбоо хоорондын хэлэлцээрийн хүрээнд санхүүжилтийн гэрээ байгуулаад, өнөөдрийг хүртэл олгосон буцалтгүй тусламжийн хэмжээ 92.5 сая евро байна.
Үүнд өнгөрсөн зуднаар манай олгосон 500 мянган еврогийн тусламж, бүсийн хэмжээнд хэмжээнд хэрэгжиж, санхүүжүүлж буй төсөл, мөн банкуудаар орж ирж байгаа төслүүдийн дүн энд ороогүй. Олгож буй тэтгэлэгт хөтөлбөрийнх мөн л ороогүй.
-Европын холбооноос Монгол Улс, ялангуяа залуучуудын боловсролд үнэтэй хувь нэмэр, хөрөнгө оруулалт хийж байгаад талархаж буйгаа илэрхийлье.
-Баярлалаа.
-Өнөөдөр бидэнд эрчим хүчний асуудал тулгамдаж байна. Үүнтэй холбоотойгоор Европын холбооноос Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний дэд бүтцийг нэмэгдүүлэх чиглэлээр ямар нэгэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх болов уу?
-Өмнө дурдсанчлан, Монгол Улсын Засгийн Газраас дэвшүүлсэн тэргүүлэх чиглэлийн хүрээ, санал санаачилгын хүрээнд ажиллаж байна. Бидний хувьд аль болох дэмжих хүсэл сонирхолтой байна. Монгол Улсын хувьд сэргээгдэх эрчим хүчний маш өндөр нөөцтэйг бид сайн мэднэ. Гэхдээ “холимог” шийдвэрүүд гаргаж байгаа нь ажиглагдаж байна. Бид ямар ч байсан Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтраад төслүүд эхлүүлээд явж байна. Чойр-Сайншанд цахилгаан дамжуулах шугамын төслийн гэрээ зурагдсан. Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтраад бид дулааны станцуудыг сайжруулах төслийг хэрэгжүүлж байна. Би саяхан Эрчим хүчний сайдтай уулзаад, энэ талаар мэдээлэл авсан. Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд бүхий л талаар дэмжин ажиллахад бэлэн байгаагаа мөн дуулгасан.
-Таныг сэтгүүлч мэргэжилтэй гэж сонссон. Адил мэргэжилтэй хүний хувьд сонирхоход, Монголд хэвлэлийн эрх чөлөө ямар шатанд байна гэж дүгнэж байна вэ?
-Миний ойлгож байгаагаар, дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс 2021 онд 68 дугаар байрт байсан бол 2024 онд 108 болж ухарсан үзүүлэлттэй байна. Шинэ УИХ-д зургаан сэтгүүлч гишүүн сонгогдсон гэсэн. Тэд нөхцөл байдлыг илүү сайжруулахад гол үүрэг гүйцэтгэж ажиллах байх хэмээн найдаж байна. Хэн ч төгс биш. Европын холбоо 27 гишүүн оронтой. Гишүүн орнууд маань өөр өөрийн гэсэн ажиллах хууль эрх зүйн орчинтой байдаг. Энэ чиглэл дээр бас л олон зүйлийг давж туулж гарч ирсэн бидний болон олон улсын туршлагыг судалъя гэвэл бид хуваалцахад бэлэн.
Хэвлэлийн эрх чөлөөг хангах тухай хуулийн орчныг судлах, сайжруулах, санал гаргах ажлын хэсгийг Ч.Лодойсамбуу гишүүн ахлаад, ажлаа эхлүүлсэн гэсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайдтай уулзахад эрх зүйн орчинд байгаа тодорхойгүй, асуудлуудыг т одорхой хэмжээнд шийдвэрлэхэд хүчин чармайлт гаргахаа хэлсэн. Тэгэхээр эерэг үр дүн гарах байх аа.
-Та томилогдож ирээд хоёр сар болжээ. Энэ хугацаанд Монголын нутгаар аялж, монголчуудын ахуй амьдралтай танилцаж амжив уу?
-Ирээд удаагүй байгаа болохоор миний хувьд хол явж амжаагүй байна. Хамгийн холдоо Хустайн байгалийн цогцолбор газарт очиж үзсэн. Тэнд хүмүүстэй уулзахаас илүүтэй ан амьтад харсан (инээв. сурв), их сонирхолтой байсан. Тун удахгүй Хөвсгөл рүү ажлын томилолтоор явах гэж байна. Нөгөө талаар Улаанбаатар хотод хоёр сарын хугацаанд их олон зүйл үзэж харлаа. Соёл урлагийн амьдрал нь буцалж байдаг хот юм. Улаанбаатарт нэлээн хэдэн тоглолт, жүжиг үзлээ. Жазз клубт очсон. Маш олон үзэсгэлэнгийн нээлтэд очсон гээд хоёр сар маш завгүй өнгөрлөө. Би өөрөө Литва улсаас ирсэн. Литвад сагсан бөмбөг маш алдартай, олон нийтийн дуртай спорт. Монголчууд ч энэ спортод маш их хайртай, дуртай юм байна. Одоо Дээд лиг эхэлсэн, очиж үзэхээр төлөвлөж байна. Бас Улаанбаатар кино фестивалийн хүрээнд найман кино үзээд амжсан, үүнээс хоёр нь монгол кино байсан.
-Монгол Улсад ирээд, монгол хүмүүсийн талаарх төсөөлөл тань зөрсөн үү. Ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Анх ирээд монголчуудыг их нээлттэй, бас сониуч, аливаа юмыг олж мэдэх хүсэл эрмэлзэлтэй хүмүүс байна гэж бодсон. Гудамжинд таараад, таньдаг ч юм уу зарим нь инээдэг, зарим нь шууд ирээд мэндэлдэг. Маш сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Хамтарч ажиллахад хүндрэлгүй, ерөөсөө бүрэг ичимхий хүмүүс биш, маш нээлттэй ард түмэн байна. Хоол ундны хувьд ч Монголд ирээд нэг их асуудал гараагүй. Бидний хувьд маш их төмс, мах иддэг. Монголд ирээд бас төстэй хоолоо олж идсэн. Тэр их сонирхолтой байсан.-Ямар хоол вэ? -Боорцог. Бидний иддэг боорцог арай илүү чихэрлэг байдаг. Фэйсбүүк хуудастаа зургийг нь тавьсан чинь Литвад байгаа манай хүмүүс маш их гайхсан (инээв.сурв). Энд байх хугацаандаа бүр илүү олон төстэй зүйл олж мэднэ гэдэгтээ итгэлтэй байна.
-Сагсан бөмбөгийн Дээд лиг үзнэ гэлээ. Та сагсан бөмбөг тоглодог уу, спортын зэрэгтэй юү?
-Би тоглодог байсан. Манай улсын бараг иргэн бүр амьдралынхаа аль нэг үед сагсан бөмбөг тоглодог, нэр хүндтэй спорт. Би өмнө нь Литвагаас Бээжинд суугаа Элчин сайдаар ажиллаж байхдаа Монголыг хавсран суудаг байсан. Тухайн үед Монгол Улсад ирэхдээ өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзаж, түүний хүсэлтийн дагуу Монголын сагсан бөмбөгийн холбоо, Литва улсын сагсан бөмбөгийн холбоог холбоод, нэг удаагийн хамтын ажиллагаа з охион байгуулсан. Монголын сагсан бөмбөгийн холбооныхон Литвад очиж, туршлага судлаад, хамтарч ажилласан түүхтэй.
-Энэ жил сонгуулийн жил байлаа. Саяхан Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль болж өндөрлөлөө. Та сэтгүүлчийн хувиар энэ үйл явцыг сонирхсон болов уу. Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн талаар та ямар бодол тээж явна вэ?
-Хамгийн түрүүнд хамгийн сонирхолтой санагдсан зүйл нь Хамтарсан Засгийн газар байгуулсан явдал байлаа. Аль ч газар хамтарсан Засгийн газар байгуулахад зарим нэг зүйлийг золиослох шаардлага гардаг. Европын хувьд хамтарсан Засгийн г азар нэлээн байдаг болохоор тэгтлээ “эвэртэй туулай” харсан мэт болоогүй. Хамтарсан Засгийн газрын нэг сайн тал байдаг. Юу вэ гэвэл, бие биенийхээ үйл ажиллагааг хянадаг. Энэ Засгийн газар маш их идэвхтэй, эрчтэй Засгийн газар байна. 14 мега төсөл танилцуулж байна. Нэг иргэнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэлээн ихэсгэх төлөвлөгөөгөө т анилцууллаа. Энэ УИХ-д эмэгтэй гишүүдийн тоо нэлээн нэмэгдсэнд сайшаалтай хандаж байна.
-Таныг саяхан эмэгтэй гишүүдийн төлөөлөлтэй уулзсан гэж сонссон…
-Тийм ээ. Маш өндөр боловсролтой, маш ухаалаг, алсыг харсан, их зүйл хийж чадахаар чадварлаг эмэгтэйчүүд байна. Энэ эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд очсоноор маш олон зөв шийдвэр гаргах, үр өгөөжөө өгөх шийдвэрүүд гарна гэж би хувьдаа итгэлтэй байна. Сая болоод өнгөрсөн орон нутгийн сонгуулийн хувьд хэлэхэд, орон нутгийн төлөөллийн түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлбэл их хэрэгтэй болов уу. Эмэгтэй Засаг даргатай аймаг одоогоор байхгүй байна. Сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байсан ч сонгогчдын хувьд тэднийг сонгох нь бага байлаа. Эмэгтэйчүүдийн хувьд өөрсдөдөө итгэлтэй байх, өөрсдийгөө яг тэр түвшиндээ аваачиж чаддаг байх, дээрээс нь эмэгтэйчүүд хоорондоо итгэлтэй байх, бие биедээ дэмжлэг үзүүлдэг байх нь бас их чухал гэж бодож байна.
-Та хувь хүний хувьд ямар зан чанарыг эрхэмлэн дээдэлдэг вэ?
-Би Литва улсаас ирснээ хэлсэн. Ойролцоо хүн амтай. Би хувьдаа эрх чөлөөг маш их эрхэмлэдэг. Улс орны тусгаар тогтнол, эрх чөлөө хүний эрхийн мэдрэмжтэй байхыг өндөрт үнэлж, үнэ цэнэтэй гэж боддог. Мэдээжийн хэрэг эрх чөлөө чухал ч гэсэн хариуцлагатай эрх чөлөө маш чухал. Мөн Хэвлэлийн хариуцлагатай эрх чөлөө ардчилсан нийгэмд юу юунаас ч илүү чухал. Учир нь, сэтгүүлчдийн хувьд эрх чөлөөтэй байлаа гээд бичсэн зүйлдээ хариуцлагатай хандахгүй бол хүний нэр төр, амьдралд нөлөөлж чадахуйц байдаг. Хувь хүний хувьд амлалтаа биелүүлдэг байхаас гадна хүндлэл маш чухал гэж боддог. Хүмүүс ямар байдлаар хандаасай гэж хүснэ, буцаагаад тэр хэрээр хүмүүст ханддаг байх, өөрийгөө эрхэмлэдэг байх, хүний нэр төр, эрхэм чанаруудыг хүндэлдэг байх бол хамгийн чухал.
-Ажилдаа ямар зарчим баримталдаг вэ?
-Саяны дурдсан бүхий л чанаруудыг би ажилдаа аль болох эрхэмлэж, баримтлахыг хичээдэг. Бидний ажлын онцлог дипломат харилцаа. Бид өдөр тутам маш олон хүнтэй уулзаж харилцдаг. Ажлын онцлогоос шалтгаалаад өөр өөр соёл, зан ааштай хүмүүстэй зохицож ажиллаж амьдардаг. Бид хүмүүст заах гэж очдоггүй, туршлага, мэдээлэл солилцох, мэдээлэл авах, хоорондоо суралцах зорилготой байдаг. Түншлэл, хамтын ажиллагааг юунаас ч илүү чухалд авч үздэг.
Д.Эрдэнэтуяа
Нийгмийн сэтгэл судлаач Н.Оюундалай: Хүмүүс сэтгэлгээний хэт их доройтолд орсон учраас нийгэм бухимдалтай байна DNN.mn
Боловсрол, сэтгэл судлалын академийн захирал, нийгмийн сэтгэл судлаач Н.Оюундалайтай ярилцлаа. -Нийгмийн сэтгэл судлал гэж юуг хэлдэ...
8 цагийн дараа
Ж.Батсуурь: Ипотекийн зээлийн эх үүсвэрийг ирэх онд 1.2 их наяд төгрөг болгож, цаашлаад 2-3 их наяд төгрөгт хүргэнэ DNN.mn
УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Барилга хот байгуулалтын...
8 цагийн дараа
ЗУРХАЙ: Өнөөдөр шарагчин могой өдөр DNN.mn
Аргын тооллын арваннэгдүгээр сарын 1, Сугар гариг. Билгийн тооллын 30, Салхины эх одтой, шарагчин могой өдөр. Өдрийн наран 07:37 цаг...
7 цагийн дараа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 1 хэм дулаан байна DNN.mn
Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй, өдөртөө Монгол...
7 цагийн дараа
ТОЙМ: “Эрчим хүчний шинэчлэл хийнэ гэж ард түмнээ хуурчихалгүй цааш нь гүйцээнэ биз дээ” хэмээн өгүүллээ DNN.mn
“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн, Монгол...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд