Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 07

Валютын ханш

value

мэдээ

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн талаар хэн, юу хэлэв DNN.mn

trend

Админ

img

2024 оны 11 сарын 07

img

34

news-img

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно. Уг шүүх хурлыг хэсэгчлэн нээлттэй явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж Н.Өнөрцэцэг өлсгөлөн зарласан ба ар гэрийнхэн нь “Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний урд суулт хийж байгаа билээ. Гэвч шүүх хурлыг бүхэлд нь хаалттай явуулахаар болсон ба энэ талаар дараахь хүмүүсийн байр суурийг хүргэж байна.


УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хэрэг дээр хоёр зүйл харагдаж байна. Үндсэн хуулиар иргэнд олгогдсон хамгийн чухал эрх бол шударга шүүлгэх эрх. Шударга шүүхээр шүүлгэж байгаа гэдэг баталгаа хоёр зүйлээр хэмжигддэг. Нэгдүгээрт, шүүхийн шийдвэрийн үндэслэл. Хэр зэрэг үндэслэлтэй, хууль ёсны байна вэ гэдэг тайлбар нь олон нийтэд нээлттэй байснаар олон нийт “шударга шийдвэр гарчээ” гэж хэлнэ. Хоёрдугаарт, шүүх хуралдааны процесс. Үйл явц нь хэр шударга байна вэ гэдгийг процессоор хэмжинэ. Шүүх хуралдааныг хаалттай явуулахаар процессыг хэмжих боломжгүй болчихоод байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэг, мэтгэлцээний байр сууриуд ямар байсныг олон нийт мэдэхгүй бол байнга хардалт үүснэ. Хардалтын ард авлига, улс төрийн захиа даалгавар, өс хонзон, хууль ажиллахгүй байна гэсэн хэдхэн зүйл байдаг. Шүүх хурлыг хэсэгчлэн нээлттэй хийх боломжтой. Хамгийн гол нь шүүх хурлыг нээлттэй хийх хүсэл байна уу, үгүй юу гэдэг асуудал.

Шүүх хурлыг хаалттай хийлгэхгүй байгаагийн цаана магадгүй улс төрийн захиа даалгавар байхыг үгүйсгэхгүй. Монголд онилсон мөрдөн шалгах ажиллагаа явагдаад байна уу даа гэж харж байсан. одоо ялгаварласан шүүх ажиллагаа явагдаад байна уу гэж бодож байна. Шүүх хурал хаалттай явагдсан учраас харагдаж байгаа дүр төрхийг нь шүүмжилж хэлэхээс өөр арга байхгүй. Энэ шүүх хуралдаан хуулийн дагуу явагдаж байна уу гэсэн иргэдийн таамгийг арилгах нь шүүх хуралдааныг нээлттэй явуул гэж шаардаж байгаагийн гол үндэслэл. Энэ хардалтыг алга болгохын тулд шүүх хуралдаан нээлттэй явагдвал шүүхэд ашигтай. Ардчилсан засаглалтай улс оронд шүүхийн хийдэг нэгэн том ажил бол тухайн хэргийн мөн чанарыг олон нийтэд харуулах явдал.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт ял оногдуулсан зарим хэргүүд дээр маш том эргэлзээ байна. Тухайлбал, “хувь хүний эмзэг мэдээлэл задалсан” гэдэг хэрэгт хамгийн өндөр ял өгснийг би гайхаж байна. Бага насны хүүхдийг хүчирхийлсэн хүний хийсэн гэмт хэргийн талаар хууль ёсны шүүхийн шийдвэрийг ил болгосныхоо төлөө сэтгүүлч яагаад ял авч байгаа юм. Гэхдээ хамгийн түрүүнд ил болгоогүй. Өмнө нь ил болгосон нэг бус сэтгүүлч болон сайтууд байсаар байхад тэднийг алгасаад зөвхөн Н.Өнөрцэцэгийг яллаж байгаа нь онилсон маягтай байна. Хоёрдугаарт, “төрийн нууцад хамаарах баримт, мэдээллийг хадгалсан” гэх гэмт хэрэг. Төрийн нууцыг задалсан албан тушаалтан нь УИХ-д эрх мэдэл бүхий албан тушаалтан байхад тэр нууцыг задлаагүй, хадгалж байсан сэтгүүлч яагаад ял авч байгааг ойлгохгүй байна. Хамгийн өндөр ял авах ёстой хүн бол хариуцаж, хамгаалж байх ёстой албан тушаалтан. Гэтэл тэр албан тушаалтан нь эрх чөлөөтэй явж байна. Гуравдугаарт, эрүүгийн хуулийн худал мэдээлэл тараах гэдэгт зорчих эрхийг хязгаарласан ял авч байх шиг байна лээ. 2015 оны эрүүгийн хуулийг бичихдээ би гүтгэх буюу доромжлох гэдэг хуулийг эрүүгийн хуулиас хасаж байсан. Дараа нь 2019 онд МАН олонх байхдаа энэ гэмт хэргийг эрүүгийн хуульд оруулж байсан. Ажлаа эргэлзээгүй хийж чаддаггүй хүмүүс шүүмжлэл, эргэлзээ хоёроос айдаг учраас Эрүүгийн хуулийн ард нуугдаж албан тушаалтайгаа үлдэх гэж оролддог. Улс төрийн харалган оролдлогын золиосонд нэг сэтгүүлч өртөж байна. Цаашид ч олон хүн өртөх байх. Үүнд харамсаж байна.

Хуульч, судлаач Л.Галбаатар:

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг таван хэргээр Анхан шатны шүүхээс ял авсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль гэж бий. Энэ хуулиар мөрдөгч, прокурор, шүүгч, өмгөөлөгч эрүүгийн хэрэг дээр яаж ажиллах бүх процессыг журамласан байдаг. Энэ хуулийн хоёр зүйл, заалтаар шүүх хуралдааныг нээлттэй , хаалттай хийх тухай асуудлыг зохицуулсан байдаг. Мөн Шүүхийн тухай хууль гэж бий. Энэ хоёр хуулиар шүүх ил тод, нээлттэй байна гэдгийг зохицуулж өгсөн. Холбогдох хууль тогтоомжийн дагуу шүүх хурал хамгийн дээд зэргээр ил тод, нээлттэй байх ёстой. Хуралдааныг хэсэгчлэн нээлттэй, хэсэгчлэн хаалттай хийх талаар зохицуулж өгсөн байдаг. онцгой тохиолдолд хаалттай хийнэ. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн буруутгагдаж байгаа таван хэргийн нэг нь “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан” гэмт хэрэг. Төрийн нууцтай холбоотой асуудлыг хаалттай хийнэ гэж заасан учраас энэ хэргийн шүүх хурлыг хаалттай хийх ёстой. Бусад хэргийнх нь шүүх хурлыг нээлттэй хийх боломж Анхан шатны шүүх хуралд байсан. Гэхдээ Анхан шатны шүүх хурал нь бүхэлдээ хаалттай болсон учраас шүүх хуралдаанаар хэлэлцсэн хавтаст хэрэг бүхэлдээ нууц болж байгаа юм. Давж заалдах шатны шүүх хурлыг хэсэгчлэн нээлттэй хийж, шүүх хуралд оролцох иргэдэд танилцуулах, хэлэлцэх гэхээр хавтаст хэрэг нь нууц гэсэн дардастай учраас нээлттэй хэлэлцэх боломж нь хуулиар хязгаарлагдаж байгаа юм. Шүүхийнхэн Шүүхийн тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиа барьж ажиллахаас гадна Төрийн болон албаны нууцын тухай хуулийг баримтлах үүрэгтэй болж байгаа юм.

Цаашид сэтгүүлчид холбогдох хэргийг хаалттай хуралдаанаар хэлэлцдэг болох аюул байна. Тухайн сэтгүүлч үнэхээр гэм буруутай байсан уу, юун дээр алдаж оносон бэ гэдэг талаар ар гэрийнхэн нь, сэтгүүлч нар шүүн тунгаах боломж хязгаарлагдмал болчихлоо. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хэргийг шийдсэн процесс буруу жишиг болж тогтохгүй байгаасай гэж судлаачийн хувьд хүсч байна. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчид холбогдох хэргийг хаалттай шүүдэг жишиг рүү битгий ороосой гэдэг хүлээлт байна. Энэ хэргээс ямар сургамж авч болох талаар ярья л даа. Шүүхийн ерөнхий зөвлөл хуульчдаас шүүгчийг шилж авах ажлыг хийдэг. Өмнө нь шүүхийн сургалтынхан энэ ажлыг хариуцдаг байсан. Шүүгчдийн сургалт Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академид харьяалагдаж байна. Шүүгч нар байнга суралцаж, хөгжиж байх ёстой. Маш нарийн хэргүүдийг шийдэхийн тулд мэргэжлийн байх ёстой. Шүүгчид зориулсан сургалтаар дамжуулж, хүний эрхийн үзэл баримтлал, сэтгүүл зүйн үйл ажиллагааны онцлогийг танилцуулах, шүүх хуралдааныг нээлттэй явуулахын ач холбогдол зэргийг сургалтаар дамжуулж дараа дараагийн хэргийг хаалттай хийхээс сэргийлэх арга зам байна.

Давж заалдсан тохиолдолд ялыг хүндрүүлэхгүй байх гэдэг зарчим байдаг. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт өгсөн 4.9 жилийн хорих ялыг хөнгөрүүлэх, эсвэл анхан шатны шүүх рүү буцаах, зарим зүйл заалтыг нь солих боломжтой. Давж заалдсан тохиолдолд зөвхөн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын хүрээнд шийдвэрлэхгүй. Бүхэлд нь хэлэлцэж хянана гэсэн хуулийн зохицуулалттай. Өнөөдөр шүүх хурал дуусахгүй байж магадгүй. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэг анхан шатны шүүх рүү буцаад, анхан шатны шүүх дахиж хуралдаан хийхдээ шүүх хурлаа нээлттэй хийгээсэй гэдэг хүлээлт байна. Хаалттай хаалганы цаана шүүх хурал битий болоосой. Хэрэв хэрэг Анхан шатны шүүх рүү буцвал заавал сайн гэсэн үг биш. Энэ тал дээр хоёр хувилбар бий. Анхан шатны шүүхээс өгсөн ял шийтгэл хүндрэх бус хөнгөрөх боломж байгаа. Гэмт хэрэг ял шийтгэл хоёр тохирч байх ёстой.

Монголын эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн сэтгүүл зүйн сургагч багш Ц.Чимэддондог:

 

Сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаанаас үүдсэн алдааг эрүүгийн бусад хэрэгтэй нэгтгэн бүрхэг болгож байна. Энэ нь алсдаа их хортой. Мэргэжлийн алдааг далдалснаараа шүүх засаглал хэвлэл мэдээллийн эрх чөлөөний байдлыг тодорхойлох, засаглалын бусад хэлбэрт буй бодлогыг мэдрэхээс эхлээд энэ үйл явдалтай холбоотой байр сууриа илэрхийлэх хэнийг ч ийм боломжгүй болгож байна. Өөрөөр хэлбэл, нэг сэтгүүлчийн хэргийг шийдэхдээ нийт салбар, цаашлаад өргөн утгаараа энэ нийгмийн ардчилсан зарчмыг хэрэгжүүлэх боломжгүй болгож байна.

Худал мэдээлэл түгээсэн гэсэн үндэслэл байна. олон нийтэд хүрч буй худал мэдээллийн 5 хүрэхгүй хувийг хэвлэл мэдээлэл түгээсэн тоо баримт байдаг. Нөгөө талаар баримтыг нягтлан шалгахтай холбоотой мэргэжлийн алдаанаас худал мэдээлэл үүддэг. Гэхдээ санамсаргүй алдаа байх нь олонтаа. Мэргэжлийн санамсаргүй алдаа байсан бол яагаад бусад эрүүгийн хэрэгтэй нэгтгэж хүндрүүлж байгаа юм бэ гэдэг асуулт гарч ирнэ. Ардчилсан Үндсэн хуультай оронд байж болохгүй зарчим энэ юм.

Ардчилсан Үндсэн хуультай оронд сэтгүүлчид шүүхийн үйл ажиллагаанаас хэвлэлийн эрх чөлөөний чиг хандлагыг ажиглаж, мэргэжлийн ажилдаа шийдвэр гаргаж явдаг. Хэрвээ Н.Өнөрцэцэгт тохиолдсон шиг ийм түүх давтагдвал сэтгүүлчдэд өөрийн цензур үүснэ. Энэ хамгийн хортой. олны сонирхол татсан хамгийн чухал сэдэв, нийгмийн тогтолцооны зөрчилтэй баримтууд олдсон ч тэд амаа хамхих болно.

Сэтгүүлчид амаа хамхиад эхэлбэл авлигаас эхлээд хууль бус зөрчил нийгэмд нэлэнхүйдээ ихэснэ. Манай шүүх засаглал авлигад их нэр холбогддог. Магадгүй сэтгүүлчдийн амыг хамхих нь тэдний ашиг сонирхолд нийцэж байна гэж олон нийт үзэхэд хүрвэл яах вэ? Нөгөө шүүх засаглалыг ил тод, шударга болгоно гээд тунхаглаад байгаа нь хаана байна вэ? Тиймээс сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой алдааг эрүүгийн хүнд гэмт хэргүүдийн шүүхийн мэтгэлцээнд нэгтгэлгүйгээр, тусад нь авч үзэх, тухайн хэргийг шүүхдээ олон нийтэд ил тод байлгах нь чухал юм.

 

Ө.Анхзаяа, Б.Баярмаа

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Засгийн газрын ордон руу явдаг автобусны чиглэлийг зогсоохоор болжээ DNN.mn

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Төрийн ордонд ажилладаг 1400 албан хаагчийг нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүү...

img

8 цагийн дараа

Засгийн газрын гурван шилжилтэд “Алибаба групп” хамтран ажиллана DNN.mn

БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Ханжөү хотод байрладаг, дэлхийд нэр хүндтэй “Алиба...

img

7 цагийн дараа

Ч.Баасанхүү начны нэрэмжит барилдааны цахим бүртгэл эхэллээ DNN.mn

Баянхонгор аймгийн Богд сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын улам нэмэх начин Чулууны Баасанхүүгийн...

img

7 цагийн дараа

Маргаашнаас импортын автомашинд Улаанбаатар хотын дугаар олгохгүй DNN.mn

2024 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдөх буюу маргаашаас эхлэн импортоор оруулж ирсэн автомашинд Улаанбаатар хотын дугаар олгохгүй б...

img

6 цагийн дараа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын томоохон гүүр, туннелийн байгууламжтай танилцлаа DNN.mn

БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр тус улсын Жөжян мужийн Ханжөү хотын дэд бүтцийн томоохон бүтээн...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд