Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 23

Валютын ханш

value

гадаад

“Эмгэнэлт өдөр”-т зориулж ээлжит бусаар чуулав DNN.mn

trend

Админ

img

2024 оны 11 сарын 21

img

1

news-img

Европын парламент эмгэнэлт өдөр буюу Оросууд Украинд бүрэн хэмжээний дайн эхэлсний 1000 хоногийн өдрийг Брюссельд ээлжит бус чуулган хийж тэмдэглэв. Европын Холбоо болон Украины төрийн далбааг Европын парламентын ордны өмнө мандуулж, депутатууд Украины үндэсний далбааны өнгөтэй энгэрийн тэмдэг, бугуйвч эсвэл хувцас өмсөж, харин зарим нь хар өнгийн хувцас өмссөн байв. Энэ удаа Украины ерөнхийлөгч Европын депутатуудтай биечлэн биш, харин видео холбоогоор харилцав. Европын парламентын дарга Роберта Мецола “Владимир Зеленский дэлгэцэн дээр гарч ирэнгүүт хуралдаан эхэлнэ” гэж зарлав.

Украины ерөнхийлөгчийг дэлгэцэн дээр гарч ирэхэд урт удаан алга ташилтаар угтав. Тэрээр англи хэлээр Европын парламентад хандан Оросыг хүчээр шахаж, дайныг шударгаар дуусгахад хэрэгтэй бүхнийг хийхийг уриалаад “Мянган өдрийн дайн бол аймшигт гамшиг. Украnны хувьд ирэх жил энх тайвны жил болох ёстой. Та бүхэн Оросын цохилт бүрийн эсрэг хатуу хориг арга хэмжээ авах ёстой. Нефть зарах замаар Оросын дайныг санхүүжүүлэх нь Путины дэглэмийн амин сүнс юм. Түүний сүүдрийн флот түүнийг амьд байлгаж байгаа бөгөөд эдгээр танкерууд нефть зөөж байхад Путин бусдыг алсаар байх болно. Путин хүмүүсийг ч, хууль ёсыг ч үнэлдэггүй гэдгийг та бүхэн сайн мэднэ. Тэр зөвхөн мөнгө, эрх мэдлийг эрхэмлэдэг. Иймээс түүнийг дайн хийх мөнгөгүй болгох нь энх тайвныг сэргээхийн тулд түүний эсрэг авах ёстой арга хэмжээ” гэж хэлэв. Украины ерөнхийлөгчийг үгээ дуусгахад депутатууд дахин удтал алга ташив. Хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 14-нд Европын парламент Путины дайн хийх санхүүгийн гол эх үүсвэр болж байгаа Оросын далд флотын эсрэг хориг арга хэмжээ авах тогтоол баталсан бөгөөд үүний зэрэгцээ ОХУ-ын эсрэг авах 15 дахь хориг арга хэмжээг боловсруулж байгаа билээ.

Европын парламентын дарга Роберта Мецола “Манай парламент анхнаасаа л Украиныг дэмжсээр ирсэн. Украины улс төр, санхүү, хүмүүнлэг, цэргийн тусламжийг энэ удаагийн парламент тэргүүлэх чиглэл болгож байгааг би үргэлж бахархаж байх болно. Шударга ёс, нэр төр, “Украингүй бол Украинтай холбоотой асуудлаар юу ч ярихгүй” гэсэн зарчимд суурилсан энх тайвны төлөө бид үргэлж зогсох болно” гэсэн бол түүний дараа Германы депутат, Европын парламентын хамгийн том, Христийн ардчилсан намын бүлгийн дарга Манфред Вебер “Киевт туслахын тулд юуны өмнө бид америк найз нартайгаа ярилцах ёстой. Украины дайн бол зөвхөн бүс нутгийн асуудал биш. Украины дайн бол эрх чөлөөт ертөнц ба харгис дарангуйллын хоорондох тэмцлийн шугам юм. Иймээс Украиныг дэмжихэд Европын Холбоо илүү хариуцлага хүлээх ёстой. Украинд оруулсан бидний нэг евро нь Европт ирэх олон дүрвэгчдийг санхүүжүүлэхээс бага зардал байх болно. Орос өөрчлөгдөхгүй, бүх европчуудын аюулгүй байдалд заналхийлсэн улс хэвээр байх болно. Украин байлдааны талбарт ялалт байгуулах ёстой. Европын арми Украnны цэргүүдтэй хамтарч Европын зүүн хилийг урт хугацаанд хамгаалах Европын бат тулгуурыг бий болгож чадна. Украин удахгүй Европын Холбоонд элсэх бөгөөд НАТО-д ч бас гарцаагүй элсэх болно.

Иймээс манай бүлэг Украины Зэвсэгт хүчинд барууны бүх зэвсгийг хэрэглүүлэх, Киевт “TAU­RUS” пуужин нийлүүлэхэд тавьсан бүх хязгаарлалтыг цуцлахыг уриалж байна. Бид Украиныг дэмжиж байгаа, тийм ээ, бид ялах болно!” гэж мэдэгдэв. Мөн Европын парламент дахь Социал демократ намын дарга, Испанийн иргэн Иратже Гарсиа Перес “Манай бүлэг Украиныг эцсийн ялалт хүртэл бүх шаардлагатай тусламж үзүүлэхийн төлөө ажиллах болно гэдгийг амлаж байна. Ерөнхийлөгч Зеленский болон Украины ард түмэнд чанга алга ташилт, урам зориг, зориг, тэсвэр хатуужлын тухай сайхан үгс хэрэггүй, Украинд зэвсэг хэрэгтэй, учир нь дайныг зөвхөн агаарын довтолгооноос хамгаалах систем төдийгүй нисэх онгоц, пуужин, танк бас сумаар ялж дуусгадаг. Барууны улсуудын “өөртөө зориулсан” улаан шугам бүрийг Украины ард түмэн амь, насаараа төлж байна. Украины ялалт бол Европ тивийн аюулгүй байдлын хамгийн сайн баталгаа юм” гэж хэлэв. Германы депутат Терри Рейнтке мөн Европын парламент дахь “ногоон” бүлгийг төлөөлөн Украинд үзүүлэх цэргийн дэмжлэгийг нэмэгдүүлж, аюулгүй байдлын найдвартай баталгааг яаралтай өргөжүүлэхийг уриалаад “Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон учир Европын Холбоо шинэ шийдэмгий алхмаар урагшилж, Путинд өөрсдийн нэгдмэл хүч чадлаа харуулах ёстой” гэж хэлжээ. Харин Европын парламентын Унгарын гишүүн Кинги Гал “Дональд Трамп сонгогдсоны дараа Украины зөрчлийг дипломат аргаар шийдвэрлэх боломж урьд өмнөхөөсөө илүү их болсон. Унгар улс түүхэндээ хамгийн том хүмүүнлэгийн тусламжийн ажиллагааг Украинд явуулсан. Дайн манай хөршид болж байгаа тул мөргөлдөөн хурцадсан нь бидэнд ноцтой үр дагавар авчрах болно. Ийм учраас бид Украинд зэвсэг нийлүүлэхэд оролцохгүй бөгөөд хурцадмал байдалд хүргэж болзошгүй энэ саналыг эсэргүүцэж байна” гээд үүний оронд тэрээр гал зогсоож, энхийн хэлэлцээг аль болох хурдан эхлүүлэхийг уриалав. Харин Европын парламентын зүүний хүчний бүлгийг төлөөлж Германы депутат Мартин Ширдеван “Олон улсын хамтын ажиллагаа, олон улсын хамтын нийгэмлэгийн Орост үзүүлэх улс төрийн дарамтыг байнга нэмэгдүүлэх замаар мөргөлдөөнийг дипломат аргаар зохицуулахыг уриалаад “Бид Путины хамгаалалт, цэрэг-аж үйлдвэрийн цогцолбор, түүний олигархиуд болон хязгаарлалтыг тойрч гарахын тулд ашигладаг сүүдрийн флотын эсрэг чиглэсэн, үр дүнтэй хориг арга хэмжээ авах замаар эдийн засгийн дарамтыг нэмэгдүүлэх ёстой” гэж хэлжээ. Европын парламентын “Шинэчилж буй Европ” бүлгийг төлөөлж Францын депутат Валери Айе цэргийн болон санхүүгийн тусламжаа нэмэгдүүлэн Украинд барууны зэвсгээр Оросын нутаг дэвсгэр дэх цэргийн бай руу довтлохыг зөвшөөрч, Путины сүүдрийн флот зэрэг барууны хориг арга хэмжээг тойрч гарах бүх цоорхойг бүрэн хаахыг уриалаад “Тийм ээ, ерөнхийлөгч Зеленский, таны ялалтын төлөвлөгөө зөв. Учир нь энэ бол урт удаан, эрх чөлөөтэй, шударга энх тайвны төлөө төлөвлөгөө юм. Тиймээс та наргүйгээр бид юу ч хийх ёсгүй” гэж хэлээд “Украины ирээдүй бол Европын Холбоо болон НАТО юм” гэж мэдэгдсэнээр Европын парламентын ээлжит бус чуулган өндөрлөв.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

ROSЕ, Бруно Марс нар “Шилдэг Сенцаци” номинацын эзэд болов DNN.mn

Өнгөрсөн сард буюу 2024 оны 10 сарын 18-ны өдөр Blackpink xамтлагийн дуучин Рөүз, АНУ-ын алдарт дуучин Бруно Марс нарын хамтарсан АР...

img

3 цагийн дараа

ХӨСҮТ-д хоногт 80-90 хүүхэд томуу, томуу төст өвчний тусламж үйлчилгээ авч байна DNN.mn

Өнөөдөр томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэл өгөв. ХӨСҮТ “Өнгөрсөн ...

img

2 цагийн дараа

Н.Учрал: Хаягийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлнэ DNN.mn

Хаягийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн анхдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Монгол улс анх “...

img

1 цагийн дараа

Алба хаагчдад цол олгож, шагнал гардууллаа DNN.mn

Бүгд Найрамдах Улс тунхагласны 100 жилийн ойг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн алба хаагч нарт Хууль зүй, Дотоод хэргийн яамны ...

img

24 минутын дараа

Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа DNN.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар дамжуулан 80 баг...

img

35 минутын өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд