мэдээ
Г.Баасан: Хүний эрх, эрх чөлөө гэдэг бол эх орны тусгаар тогтнолтой салшгүй холбоотой DNN.mn
ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ
2024 оны 12 сарын 11
36
МоАХ-ны анхдагчдын нэг, Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүн Г.Баасантай ярилцлаа.
-Өнөөдөр “Олон улсын хүний эрхийн өдөр” тохиож байна. Таныхаар Монгол Улсад хүний эрхийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Хүнд заяагдмал эрх гэж маш чухал эрх бий. Бид 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталсан Үндсэн хуулийнхаа хоёрдугаар бүлэгт хүний эрх, эрх чөлөөний асуудлыг албан ёсоор тунхаглаж өгсөн байдаг. Мөн дэлхий дахинаа хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг өдрөөр 1989 оны арванхоёрдугаар сарын 10ны өдрийг тунхагласан байдаг. Энэ өдрөөр Монголын ардчилсан холбоо гэж байгууллага дуу хоолойгоо гаргаж байлаа. Энэ жил хувьсгалын 35 жилийн ой болж байна. Ардчилсан үзэл санааг бий болгодог, дэмждэг, олон нийтэд сурталчилдаг нь Ардчилсан нам. Гэвч ардчилсан нам байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл төрийн эрх барих дээд байгууллага Их хурал, гүйцэтгэх засаглал болох Засгийн газар, шүүх засаглал, орон нутаг, засаг захиргааны нэгжид бүрэн ялалт байгуулж байсангүй.
Өнгөрсөн 1996 оны сонгуульд Ардчилсан холбоо эвсэл гэж ороод 51 хүн гарсан. Үүнээс өөрөөр ардчилсан үзэл санаа төрийн эрх барих байгууллагад олонх болсонгүй. Ялангуяа орон нутгийн сонгуульд хэзээ ч ялалт байгуулж үзээгүй. Энэ утгаараа Монгол Улсад ардчилал яг байх ёстой зарчмаараа байхгүй гэж би хэлнэ.
Өнөөдөр эрх ярьж байгаа бол үүрэг ярих ёстой. Эрх, үүрэг хоёр байгаа бол хариуцлага байх ёстой юм. Энэ гурвын нийлбэр чинь өөрөө хүний эрх, эрх чөлөө байхгүй юу. Гэтэл манай улсад зарим нь эрхээ давуулдаг. Үгүй бол үүрэг нь хэтэрдэг. Ингээд хариуцлага нь хаягддаг. Хонх нь дуугарахаар дамар нь таг. Хоёулаа дуугарахаар лам нь таг гэдэг шиг эрх, эрх чөлөө, үүрэг хариуцлага нэгдмэл болж чадахгүй л байна. Гэхдээ бид ямар ч байсан 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Үндсэн хуулиа баталснаараа монголчууд өнөөдөр өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх зэрэг заяагдмал эрхүүдээ эдлэхээр чадлынхаа хэрээр зүтгэж байна.
-Ардчилсан үзэлтэй нам төрийн эрх барих байгууллагад ялалт байгуулж чадахгүй өдийг хүрсний шалтгаан нь юу вэ?
-Монголчууд бид сүүлийн 300 гаруй жил харийн дарлалд байсан гэж би хардаг. Үүнийхээ сүүлийн 70 жил нэг намын ноёрхолтой байсан. Энэ утгаараа ард иргэд өөрийн байгалиас заяасан эрх үүргээ мэдэрч чадаагүй. Нэг үгээр хэлбэл, дарга юу хэлнэ, түүнийг нь дагана. Нам ямар үзэл баримтлалтай байна, түүгээр явна. Ингээд 1990 оны ардчилсан хувьсгалын дараа Үндсэн хууль батлагдсан ч гэсэн олон түмэнд ардчилсан нийгэмд амьдарна гэдэг чинь юу юм бэ гэдгийг ойлгуулж чадаагүй. Сургалт, соён гэгээрүүлэх ажил явагдах байсан. Дээрээс нь хуулийн хэрэглээ, дагаж мөрдөх талын үлгэр дуурайл явагдаагүй. Энэ утгаараа хуульт нийгэмд амьдрахыг ойлгоогүй л явна.
Хоёрдугаарт, мөнгө хөрөнгийг олохдоо шударгаар хөдөлмөрлөх гэдэг ойлголтыг бий болгож чадаагүй. Ингээд энгийн иргэд нь учраа ойлгоогүй байхад эрх мэдэлтэй хүмүүс нь өөрсдөдөө давуу байдал бий болгосноос болоод өнөөдрийн нийгмийн эдийн засгийн тэгш бус харилцаа бий болсон.
-УИХ дахь Ардчилсан нам хувийн өмч, ардчиллыг хамгаалахын төлөө тууштай ажиллана гээд байсан. Ингэхийн тулд яаж ажиллах шаардлагатай байдаг юм бэ?
-Хүний эрх, эрх чөлөө ярих гэж байгаа бол хүний өмчийг заавал ярих ёстой. Эдийн засаггүй эрх чөлөө гэж байхгүй. Эрх чөлөөгүй эдийн засаг гэж байхгүй. Энэ хоёр бол зоосны хоёр тал юм. Хоёрдугаарт, хэрвээ хувийн өмчийг хамгаалах гэж байгаа бол тэр хүний өмч шударгаар олсон хөрөнгө үү гэдгийг ялгах ёстой. Өмч хамгаална гэдгийг хавтгайруулж болохгүй. Шударга өмчийг хамгаалахад дуу нэгтэй байна. Харин шударга бус хөрөнгийг хамгаална гэвэл би эсрэг байр суурьтай л байна.
-Хүний эрхийг хамгаалсан хуулийн зүйл, заалтууд бол бий. Гэвч нөгөө талдаа хуулийн хэрэгжилт хангалтгүй учраас хүний эрх зөрчигдөөд байна уу?
-Би МУИС-ийн хуулийн ангийг төгссөн, тангараг өргөсөн хуульч, өмгөөлөгч хүн. Тэгэхээр хүний эрх, эрх чөлөөг бий болгох гол үндэс бол батлагдсан хуулийг мөрдөж явах л асуудал. УИХ өөрөө төрийн эрх барих дээд байгууллага. Тэнд хуульчид очих ёстой. Нийгмийн амьдралаа гадарладаг, туршлагажсан хүмүүс хуулийг батлах хэрэгтэй. Гэвч өнөөдөр тэр бүр ийм хүмүүс нь УИХ-д очиж чадахгүй байна. Хэн мөнгөтэй, намд таалагдсан нь очиж байна. Энэ утгаараа батлагдсан 800-гаад хууль дотор алдаа дутагдалтай, эрх мэдэлтнүүдэд таатай хуулиуд ч бий.
-Олон улсын эрх чөлөөний өдрөөр та ард түмэндээ хандаж юу хэлмээр байна вэ?
-Би Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөний хувьсгалыг анх авч ирэлцсэн МоАХ-ны анхдагчдын нэг мөн. Одоогоос 20 жилийн өмнө газрын хэвлийн баялгийн асуудлыг гаргаж тавьж байсан. Үүнийхээ төлөө таван удаа баривчлагдаж, далд орж байлаа. Гэсэн ч би өнөөдөр өөрийгөө буруу номтон байх ёстой гэж боддог. Яагаад гэвэл нийгмийнхээ сайн сайхны төлөө дуугарч байх гэж монгол хүн болж төрсөн. Монголчууддаа нэг л зүйлийг хэлэхийг хүсдэг. Хэн нэгэн идтэн шидтэн гарч ирж биднийг аварна гэж битгий гэртээ суу. Хүн бүр болохгүй байгаа зүйлийн эсрэг үхэхэд ч бэлэн гарч тэмц. Ингэсэн цагт л Монгол Улс тусгаар тогтнолоо авч үлдэнэ. Эх орон гэдэг бол хэдэн мянган аминаас илүү үнэтэй зүйл. Гэвч хүний эрх, эрх чөлөө гэдэг бол эх орны тусгаар тогтнолтой салшгүй холбоотой. Тийм ч болохоор монголчууддаа эрх, эрх чөлөө эдэл. Үүрэг даалгавраа биелүүл, эх орондоо эзэн нь бай л гэж Олон улсын хүний эрхийн өдрөөр хэлэхийг хүсч байна.
“1+10” яриа хэлэлцээ болжээ DNN.mn
12-р сарын 9-нд Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Бээжин хотод Шинэ хөгжлийн банкны ерөнхийлөгч Дилма Руссефф, Дэлхийн ба...
3 цагийн дараа
Жүдо, чөлөөтийн халз барилдаанд хүч сорих бөхчүүд тодорлоо DNN.mn
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд Монгол үндэсний бөхөөр хүч үзэх барилдаан энэ сарын 15-ны өдөр болох...
2 цагийн дараа
Хилийн боомтуудын энэ сард ажиллах, амрах хуваарь DNN.mn
Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах хуваарийг Зам тээврийн яамнаас танилцууллаа. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэрг...
2 цагийн дараа
1-3 насны хоёр хүүхэд гэртээ цоожлогдсон байсныг онцгой байдлын аврагчид онгойлгожээ DNN.mn
1-3 насны хоёр хүүхэд гэртээ цоожлогдсон байсныг онцгой байдлын аврагчид онгойлгожээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын...
1 цагийн дараа
Инфляц 8.1 хувьд хүрчээ DNN.mn
Энэ оны арваннэгдүгээр сард инфляцын түвшин улсын хэмжээнд 8.1 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх оны эцсээс 7.7 хувь, өмнөх сараас 1.7 ху...
34 минутын дараа
Сэтгэгдлүүд