Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 11

Валютын ханш

value

мэдээ

Д.Батбаяр: Төсвийг зарцуулах хэмжээгээр тэлэхийг би эдийн засгийн тэлэлт гэж үзэхгүй байна DNN.mn

trend

Админ

img

2024 оны 12 сарын 11

img

36

news-img

УИХ-ын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Д.Батбаяртай ярилцлаа.


-Засгийн газар Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг дахин өргөн барилаа. Хэр сайн танасан байна вэ?

-Аливаа юм 100 хувь хүний сэтгэлд нийцдэггүй гэдэг шиг хэдийгээр 2.4 их наяд төгрөгийн таналт хийж, 1.4 их наядын урсгал зардал хасагдаж байгаа ч бас асуудал байна. Нийт 200 орчим гадны зээл тусламж багасч байна гэж байна. Цаана нь 800 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хасагдаж таарч байна. Хаанаас, юунаас хасах вэ гэдэг асуудал бас их гарч ирж байна. Төсвийн төслийг өргөн барьсны дараа бид анхнаас нь хэлэлцээд явж байна. Ярих зүйлс бас байна. Ерөнхийлөгч хориг тавихад хүлээж авах ёстой гэсэн байдлаар төслийг хэлэлцэх үед би хяналттай, хэмнэлттэй байх ёстой гэсэн байр суурьтай байсан.

-Төсөв яагаад жилээс жилд томроод, өсөн нэмэгдээд байгаа юм бэ гэдгийг ярих ёстой байх?

-Тодотголоор 2024 оны төсөв 5 их наядаар нэмэгдсэн. 2025 оны анхны орж ирсэн төсвөөр дахин 5 их наядаар нэмж орж ирсэн. Тэр тавынхаа 2.4-ийг хасаад, 2023 онтой харьцуулбал 7.6 их наяд төгрөгөөр огцом тэлчихэж байна. Төсөв оруулж ирж буй зарим гишүүдтэй би санал нийлэхгүй байгаа юм. Эдийн засаг сайн байгаа дээр, уул уурхайн мөчлөг өндөр байгаа дээр эдийн засаг тэлэх ёстой гэж бид ярьдаг. Эдийн засаг тэлэх ёстой. Гэхдээ эдийн засгийг улс мөнгө зарцуулж тэлэх тухай асуудал биш байхгүй юу. Бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаа өргөжөөд, өөр олон төсөл, хөтөлбөр хэрэгжээд, эсвэл хэрэглэгчийн хэрэглээ, худалдан авалт өсөөд, шинээр уул уурхайн орд илрээд, импорт өсөх байдлаар эдийн засгийг тэлдэг. Түүнээс биш зарцуулах хэмжээгээрээ тэлэхийг би эдийн засгийн тэлэлт гэж үзэхгүй байгаа юм. Энэ бол Монгол Улсын эдийн засагт үр нөлөөтэй байна гэдэгт би санал нийлэхгүй байна. Гэтэл эдийн засаг тэлэх ёстой гэдэг онолыг өөрсдийнхөө зарцуулалттай нийлүүлж яриад байна.

-Танд 2025 оны төсвийн төслийг танахтай холбоотой ямар санал байна вэ?

-Миний бодлоор таналт нэгдүгээрт, хөрөнгийн болон урсгал зардал дээр хийгдэх ёстой. Хоёрдугаарт, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа хэдэн төслүүдийн ихэнх нь хасагдаагүй, бас л 40, 50 тэрбум төгрөгийн төсөл буцаад ороод ирсэн байна.

-14 мега төслийг хэлж байна уу?

-Биш ээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төслүүд “их засвар” гэсэн нэртэй болоод ороод ирсэн. ТЭЗҮ, зураг, төсөл байхгүй. Хэдэн төгрөгийн асуудал яригдах нь тодорхойгүй, ойролцоо дүнгээр тавиад ороод ирсэн. Засвар хийгдэх ёстой байх. Гэхдээ дэд бүтэц дээр хийгдэх байсан ажлууд унасан байна. Ерөнхийлөгчийн хоригийг эргээд саная л даа. Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн мөчлөгөөс бид зайлсхийх ёстой. Манай төсвийн орлого уул уурхайн бүтээгдэхүүнээс дан хамааралтай байна гэсэн. Бид уул уурхайн бүтээгдэхүүнээс хамааралтай эдийн засгаа илүү солонгоруулах учиртай

-Солонгоруулах ажлыг хэн хийх ёстой вэ?

-Дэд бүтэц нээж, хувийн байгууллагуудаа дэмжиж байж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байж бизнесийн байгууллагуудын ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Ингэж байж үйлдвэржилт босох ёстой. Ингэж байж зөвхөн уул уурхайгаас бус, бусад салбараас орлого олох боломжтой болно. Улсын төсвийн бүрдүүлэлт бусад газраас бий болох нөхцөл байдал бүрдэх ёстой. Ерөнхийлөгч хориг тавихдаа хэлсэн үндэслэлүүдийг бид баримтлах ёстой байсан. Гэтэл зөвхөн цаг хугацааны хайчинд ороогдоод байна, таналт хийлээ, алдагдалгүй төсөв батлуулна гэдэг сэдвийнхээ хүрээнд яриад, гурван жилийн хугацаанд хийх үндсэн том ажлуудаасаа хазайчих вий гэж би айж байна. Ирээдүйд уул уурхайн бүтээгдэхүүнээс хамааралтай бус, зах зээл бий болгох, эдийн засгийн бүтэц бий болгох ажил үргэлжлээд явах ёстой. Тийм учраас би улсын төсөвтэй холбоотой хөрөнгө оруулалттай зарим асуудал хасагдсанд шүүмжлэлтэй хандаж байна.

-14 мега төслөөс хиймэл дагуул хасагдсан юм байна?

-Харин тийм. Мэдээж хэрэг тодорхой хэмжээнд хийгдэх ёстой байх. Засгийн газрын мөрийн хөтөлбөр, хөгжлийн хөтөлбөрт орсон. Өөрсдөө олон улсын зах зээлээс санхүүгийн эх үүсвэрээ босгоод, хийгээд явбал болох байх. Миний шүүмжлэлтэй хандаж буй бас нэг асуудал бол дүүжин тээвэр. Эх үүсвэр нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар биш гэх байх. Дүүжин тээврийн 20 орчим тэрбум төгрөг байна лээ. Гадаадын шууд зээлээр гэсэн байсан. Хоёр, гурван жил үргэлжилсэн, хэлэлцээр нь хийгдээд явж байгаа ажил юм билээ. Эдийн засаг, нийгмийн хувьд ямар ач холбогдолтой вэ. Аялал жуулчлалыг дэмжих гэж байгаа юм уу, тийм бол үүнийг улс хийх ёстой юу. Заавал зээлээр хийх ёстой юм уу. Хувийн аж ахуйн нэгжүүдээр хийлгэж болдоггүй юм уу гэсэн асуудлууд байна.

-Дахин өргөн барьсан төсвийн төсөл дээр бяслагны үйлдвэр хэвээр орж ирлээ. Ц.Даваасүрэн гишүүнийх гэж ярьдаг. Тэр хүн Төсвийн байнгын хорооны дарга учир ийм үйлдвэр бариулах нь ашиг сонирхлын зөрчил болохгүй юу?

-Үгүй л дээ. Өөрийнхөө ажлыг хийгээд байгаа юм биш. Үргэлжилж байгаа төслүүд юм билээ. Бид бас нэг юм анхаарах ёстой. Бид төсвөө танах ёстой гээд, урьд нь тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалт хийгдсэн, ажил нь эхэлсэн төслүүдийг царцааж болохгүй. Тэгвэл алдагдсан боломж гэдэг юм үүснэ гэсэн үг. Мөнгө зарцуулаад, нэгэнт хийгдэж буй ажил бол түүнийгээ маш богино хугацаанд дуусгах бодлого барих ёстой. Тэгэхгүй ажлынх нь дундуур зогсоовол урьд нь оруулсан хөрөнгө оруулалт тэр чигтээ байхгүй болно. Тийм учраас дуусгах ёстой. Бяслагны үйлдвэрийн тухайд, урьд нь хийгдээд явсан, он дамжиж орж ирж байгаа асуудал гэж ойлгосон.

-Та төсвийн зарлагын хяналтын дэд хороог удирдаж байгаа. Тодорхой хяналт шалгалт хийгдэж байгаа байх. Аль салбарт хамгийн их хөрөнгө оруулалт тавигдсан байна вэ?

-Бид тодорхой хэмжээний зарцуулалт хэр үр ашигтай байсан бэ, улсын төсөвт хөрөнгө оруулалт тусгагдаад явж байгаа зардлууд хэр үр дүнтэй, үр нөлөө нь хэр байсан бэ гэдэг дээр анхаарал хандуулдаг. Тийм учраас бид эргүүлээд судлаад явж байна. Өнгөрсөн жилтэй харьцуулаад үзэхэд үндсэн хоёр асуудал нэмэгдсэн байна. Нэгдүгээрт, хөрөнгийн зардал. Ихэнх нь боловсролын салбарт байна. Хоёрдугаарт, цалингийн зардал нэмэгдэж байна. Энэ хоёр нийлээд урсгал зардал шүү дээ. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр, төрийн нэр дор байдаг олон байгууллагын орон тоо улам нэмэгдсэн гэсэн үг. Төрийн өмчийн үйлдвэрийн газрууд өнгөрсөн жил яаж ажилласан бэ гэдэг дээр бид судалгаа хийж байна.

-Өнөөдрийн байдлаар нийт хэчнээн төрийн өмчит үйлдвэрийн газар байна вэ?

-151 төрийн өмчит үйлдвэрийн газар байна. Ихэнх нь алдагдалтай ажилладаг. Цалингийн зардал нэмэгдээд байдгийн гол шалтгааны нэг энэ. Эд нар дээр бүгдэд хөрөнгө, тайлан баланс нь байж байдаг. Энэ хөрөнгийг арчлах хөрөнгийн зардал байнга гарч байна. Ийм шалтгаанаас болоод жилээс жилд төсөв нэмэгдээд байгаа юм. Бид хувьчлалыг үе шаттайгаар хийх ёстой юм байна. Одоо мэр сэр яриад байна. Бүр анхнаас нь хийх ёстой байсан байна. Дөрвөн жилийн өмнө улс бүгдийг хийдэг байя гэж ярьдаг байсан. Эсрэгээрээ байхгүй юу. Харин бид хэрэгтэй, хэрэггүй баахан объектууд, хөрөнгөөсөө салж, зарим зүйлийг хувийн хэвшил, салбар нь хийгээд явах ёстой юм байна гэдгийг өнөөдрийн төсвийн алдагдал харуулж байна.

-Хятадын эдийн засаг нэлээн саармагжих төлөвтэй байна. Нэг тонн нүүрсээ 129 ам.доллараар урд хөршид зарна гэдэг “мөрөөдөл” болох вий гэж эдийн засагчид байр сууриа илэрхийлж байна. Өөдрөг төсөөлснөөр ямар эрсдэл үүсч болох вэ?

-Орлого талаа бид бас харах ёстой. Ихэнхийг нь уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа зэс, нүүрс бүрдүүлж байна. Нүүрсийг 129 ам.доллар, зэсийг 7491.7 ам.доллар гэж тооцсон. Энийг яриад сууж байгаа энэ мөчид ч нүүрсний үнэ унасаар л байна. Ингээд төсөөлчихөөр бидэнд ямар эрсдэл үүсэх вэ гэхээр тав, зургадугаар сарын үед дахин тодотгол хийх хэрэг гарна. Дахин орлого тасалдана. Биднийг анх хориг ярьж байх үед л яригдаж байсан. Уул уурхайн бүтээгдэхүүнээс хамааралгүй, мөчлөг дагасан бус байх ёстой гэж, бид орлогоо багасгаж тооцож оруулж ирэх ёстой байсан.

-Төсвөө алдагдалгүйгээр өөрчилж баталж болохгүй байгаагийн шалтгаан юунд байна вэ. Гишүүд энэ асуудалд хойрго хандаад байна уу?

-Чуулган, байнгын хороон дээр үгээ хэлэхэд 3+1 минутын л эрхтэй. Энэ үед бүгдийг ярьж амжихүй байгаа юм. Хэлэх, ярих ёстой маш олон асуудал байна. Санал өгөөд явна. Бүгдээрээ багцалж орж ирээд, ийм байна ингэхгүй, тэгэхгүй, та нар байж бай гэж хэлээд, олонх нь саналаа өгөөд, дэмжээд явчихаж бйгаа юм.

-Засгийн газар 2025 оны эхний сард Францын “Орано майнинг” компанитай уран ашиглах Хөрөнгө оруулалтын тухай гэрээг үзэглэх мэдээлэл байна. Оюу толгой төсөл дээр яригддаг асуудал үүсэх вий гэсэн болгоомжлол зарим хүнд байна. Алдаа гаргахгүйн тулд бид юун дээр анхаарах ёстой вэ?

-Оюу толгой дээр яригддаг асуудал гэвэл Монголын талын 34 хувийн хөрөнгө оруулалтыг зээлж хийгээд, түүнд хүү тооцогдоод, зардал нь өсөөд байдаг учир ногдол ашиг авах хугацаа нь хойшлоод байгаа юм. Энэ удаад ажлын хэсэг хариуцаж байгаа хүмүүс арай өөр хэлбэрээр оруулж ирж байна. Үндсэн, тусгай, дээр нь өсөн нэмэгдэх АМНАТ гэсэн гурван үе шаттай аваад, ажлыг нь хийлгээд, хараад сууж байя гэсэн арай өөр бүтцийг бид туршиж үзэх гэж байна. Хөрөнгө оруулалтын гэрээ нь ороод ирэхээр яригдах байх. Сая Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх үеэр бидэнд ийм танилцуулга хийсэн. Энэ нь ч зөв байж магадгүй. Оюу толгойг гүйцэхгүй ч мөнгөн дүнгээсээ гадна орон нутагт, улс орны хэмжээнд, тэр байтугай дэлхийн хэмжээнд орж ирж байгаа үр нөлөө гэж байна.

-Францын Засгийн газар “Орано” группийн хөрөнгө оруулж буй “Зөөвч-Овоо” төсөл ирээдүйд дэлхийн ураны үйлдвэрлэлийн 4 хувийг бүрдүүлнэ гэж тооцоолж буй. Уранаа олборлосноор бидэнд ямар давуу тал бий болох вэ?

-Уран экспортлогч, эрчим хүчний бүтээгдэхүүн экспортлогч орон болох юм. Энэ нь геополитикийн хувьд илүү үр нөлөөтэй гэж би бодож бйна. Нөгөө талаар орон нутагт ажлын байр бий болж байна.

-Улс төрийн намуудын тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн хэрэгжилтийг хойшлуулах гэж байгааг зарим улстөрчид эсэргүүцэж байна. Таны хувьд хуулийн хэрэгжилтийг хойшлуулах нь зөв үү?

-Хууль батлагдсантай холбоотойгоор хийх тодорхой ажлууд байна. Улс төрийн намууд өөрсдөө хийх ёстой ажлууд. Хууль хэрэгжиж эхэлсэнтэй зэрэгцээд УИХ, орон нутгийн гээд хоёр удаагийн сонгууль явагдсан. Улс төрийн хүчнүүд сонгуульд оролцоод, Улс төрийн намын тухай хуульд засан зохицуулж, өөрсдийнхөө үйл ажиллагаагаа хийх зохион байгуулалтын ажлаа хийх ёстой байсан. Тэр ажил нь хоцрогдсон юм билээ. Бид хуулиа барих ёстой. Хэрвээ хууль энэ чигээрээ байсан бол хуулийн хүрээнд амжуулж, өөрчлөлтөө Дээд шүүхэд батлуулах боломж байхгүй байжээ гэж би бодож байгаа юм. Тиймээс дахин хугацааг нь сунгаж өгөөд, “Та нар хуулийнхаа хүрээнд дүрмийнхээ дагуу хурлаа хийгээд, өөрчлөлтүүдээ оруулаад, дээд шүүхэд бүртгүүл ээ” гэсэн боломж олгох ёстой. Өнөөдөр амжихааргүй бол хуулиа зөрчөөд хийхгүй яасан юм бэ гээд байж болохгүй.

-Ардчилсан намын хувьд?

-Бүлэг дээр бид энэ тухай ярьсан. Бид намын гишүүний хувьд, хийх ажил маш их байна. Намын дүрмийг улам боловсронгуй болгох шаардлага байна гэж үзэж байгаа юм. Тийм учраас ул суурьтай, өргөн хүрээнд ярьж байж намын дүрмийн шинэчлэл хийх ёстой. Тэрнээс хуульд нийцүүлэх байдлаар, нэгхэн сарын дотор маш түргэвчилсэн байдлаар хийгээд өнгөрчих нь учир дутагдалтай. Иймд зургаан сарын дотор хийх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна.

-Агаарын бохирдлын улмаас Улаанбаатарт амьсгалж, амьдрахад маш хүнд байна. Нийслэл агаарын бохирдлыг бууруулах хүрээнд ирэх онд 20 мянган айл өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлэхийг зорьж байгаагаа мэдээлсэн. Хий ашиглах нь зөв үү?

-Хийн түлшийг ямар процессоор хэрэглэж эхлэхийг нь би мэдэхгүй байна. Миний мэддэг хийн түлш цэвэр, бохир ус явдаг шиг хоолойгоор яваад, айл болгонд ороод, гал асдаг байх жишээтэй. Одоо оруулж ирж байгаа төслийн хувьд мэдэхгүй, лаазтай байж магадгүй. Мэдээж туршиж үзэх ёстой. Гэхдээ агаарын бохирдлыг багасгая гэж байгаа бол яндангийн тоог л багасгах ёстой. Сүүлийн хэдэн жил ярив аа. Одоо бүр дөжирлөө. Агаарын бохирдол ярихаар сүүлдээ уурлаж, загнадаг болж байна. Энэ чиглэлээр маш олон ажил хийгдсэн, ямар үр дүнтэй байв? 2012-2016 онд, 2016-2020 онд, 2020-2024 оны үед ямар ажлууд хийгдээд, аль нь бүтэлгүйтсэн юм бэ гээд харвал бараг бүгд бүтэлгүйтсэн. Эдгээрийг бид эргүүлээд нэг харах ёстой.

-Хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцох ёстой байх?

-Тийм. Албан тушаалтнууд, удирдлагуудад нь хариуцлага тооцдог болох ёстой. Энэнээс ажил эхэлнэ. Магадгүй зөв ажил хийгдэж байгаад, замдаа замхарсан байж магадгүй. Тэр ажлыг хэрэгжүүлж байсан, эрх үүрэг хүлээсэн хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болоод ажил нь зогссон байж магадгүй. Би өөрийн нүдээр яг утаагүй зуух гэдгийг харсан. Монголд ороод ирсэн байна лээ. Нийслэлийн төсөв батлагдсан, дахиад утаагүй зуух гээд ороод ирлээ. Утаагүй зуухыг харсан учраас дахин энийгээ хийх хэрэгтэй. Урьд нь зарцуулсан хөрөнгө мөнгө, хэрэгжилт дээр нь хариуцлага тооцох учиртай.

-Зарим судлаачид эрх баригч нар Хамтарсан засгийн газар байгуулаад, сөрөг хүчний дуу хоолойг боомилох, картельчлах байдал руу оруулчихлаа гэж үзэж байна. Танд УИХ дээр үндсэн үүргээ гүйцэтгэж, үг хэлэх эрх чөлөө хэр нээлттэй байна вэ?

-Сөрөг хүчин яагаад байх ёстой вэ? Сөрөг хүчин бурууд үг хэлж байх ёстой. Зөвийг нь дэмжиж ажиллах ёстой. Энэ чуулган бүрдээд, Засгийн газар нь хамтарсан ч УИХ дээрээ бас л хэд хуваагдсан байна. Улс төрийн намуудын бүлэг нь байж байна. Хамгийн анхны төсөв орж ирэхэд энэ дээр шүүмжлэлтэй хандаж байна уу, хандаж байна. Сөрөг хүчний дуу хоолой нь байна уу, байна. Тийм учраас сонгуульд өрсөлдсөн, суудал авсан улс төрийн намууд сөрөг хүчнийхээ үүргийг сайн гүйцэтгэж байна гэж хэлнэ. Гүйцэтгэх засаглалын асуудал тусдаа. Ялангуяа манай нам найман яам хариуцаж байна. Өнөөдөр бид зоригтой байгаад, эдгээр яамд дээр ийм ажил хийж болдог юм байна гээд харуулах хэрэгцээ байгаа юм. Одоо та эргээд харвал, 2008-2012 онд “Гудамж” төслөөс эхлээд нийслэлийн хэмжээнд маш их ажил хийгдсэн. Улсын хэмжээнд ч хийгдсэн. Хамтраад “Та нар эдгээр яамдыг хариуцаад ажилла” гэдэг боломж байхгүй юу. Өнөөдөр баруун төвийн үзэлтэй нам салбарыг яаж өөрчилж болдог юм бэ, зүүн төвийн үзэлтэй нам нь ямар ажил хийдэг юм бэ гэдгийг харьцуулах боломж гарч ирж байгаа юм шүү дээ.

-Жирийн бизнесмэн, улстөрч, УИХ-ын гишүүн байхын аль нь танд илүү ойр байна вэ?

-Олон жилийн турш хийж ирсэн, ажлын хамрах хүрээ бага учраас мэдээж бизнесийн ажил илүү монотон гэсэн үг. Гэхдээ бизнес гэдэг өөрийн гэсэн зовлонтой. Бүх юм өөрийн нууруун дээр ирдэг. Бүх юмыг өөрийн чадлаар хийдэг. Улсын ажилд маш олон тооны “багаж” байдаг юм байна. Өөрийн ажил үүргээ биелүүлээд явахад туслалцаа үзүүлдэг. Ажлын хэсгүүд гарч болдог юм байна. Байнгын хороод, олон тооны зөвлөх байна. Бүлэг дээр зөвлөхүүд байна. УИХ-ын байгууллагууд байна. УИХ-ын түвшинд сонирхсон мэдээллээ татаж аваад, судлах боломжтой болчихдог юм байна. Улс төрийн намуудын нюансыг олох гээд асуудлууд байна. Энэ дээр яалт ч үгүй туршлага хэрэгтэй байдаг юм байна. Өөрийн бус, нийтийн ажил учраас хүн бүрд, гишүүн болгонд, төрийн байгууллагуудад ойлгуулах, бодлогыг нь тодорхой хэмжээнд өөрчилнө гэдэг илүү ярвигтай болж ирдэг юм байна.

-Та Монгол Улсад ерөнхийлөгчийн, парламентын засаглалын аль нь илүү тохирно гэж үздэг вэ?

-Хэдхэн хоногийн өмнө БНСУ-д ерөнхийлөгч нь онц байдал зарлаад, үндэслэлээ “Парламент болох бүтэхгүй олон хууль гаргаад, Засгийн газрын үйл ажиллагааг хумих гээд байна” гэж тайлбарласан. Цэргүүд хориглож байсан ч гишүүд нь хашаа давж ороод, онц байдлыг хүлээж авах боломжгүй байна гэж шийдвэр гаргаж байна. Энэ юуг харуулж байна вэ гэхээр, ардчиллын жинхэнэ баталгаа парламент юм байна. Засаглалын хүчийг олон хуваах нь, олон тархаах нь хамгийн зөв зарчим юм байна гэдгийг харуулж байна. Монголд эхний алхмууд хийгдэж, бид 76-гаас 126 гишүүнтэй болсон. УИХ-ын гишүүн ч, улстөрчид ч парламентын нэр хүндийг өсгөх, хийж буй ажил үүргээ олон нийтэд таниулах шаардлага байна. Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа парламент юм байна. Энэ нь олон улсад болж буй үйл явдлуудаар баталгаажиж байна. Тийм ч учраас 126 гишүүнтэй болсон нь сайн зүйл боллоо гэж үзэж байна.

Өнөөдөр бид 2025 оны төсвийн төслөө хоёр дахь удаагаа өргөн бариад байна. УИХ хэлэлцдэг байгууллага. “Долоо хэмжиж нэг огтол” гэж үг байдаг. Бид хэлэлцээд, хэл ам болоод байна гэдэг сайн зүйл байхгүй юу. Олон жил бугласан зүйлийн идээ бээрийг шахаад, бүр задалж байгаа хэрэг. Энэ бол сайны жишээ. Дахиад сайн ярьдаг болох ёстой. Харин нийгэмд буй мэдээний 90 орчим хувь нь улс төр болсон нь гажуудал байх. Бусад үед нь иргэд өөрсдийнхөө амьдралыг, спортоо, урлагаа ярьдаг байх ёстой. Монгол хүний амьдрал, монгол нийгэм өөрөө баян байх ёстой.

Д.ЭРДЭНЭТУЯА

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“1+10” яриа хэлэлцээ болжээ DNN.mn

12-р сарын 9-нд Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Бээжин хотод Шинэ хөгжлийн банкны ерөнхийлөгч Дилма Руссефф, Дэлхийн ба...

img

3 цагийн дараа

Жүдо, чөлөөтийн халз барилдаанд хүч сорих бөхчүүд тодорлоо DNN.mn

“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд Монгол үндэсний бөхөөр хүч үзэх барилдаан энэ сарын 15-ны өдөр болох...

img

2 цагийн дараа

Хилийн боомтуудын энэ сард ажиллах, амрах хуваарь DNN.mn

Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах хуваарийг Зам тээврийн яамнаас танилцууллаа. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэрг...

img

2 цагийн дараа

1-3 насны хоёр хүүхэд гэртээ цоожлогдсон байсныг онцгой байдлын аврагчид онгойлгожээ DNN.mn

1-3 насны хоёр хүүхэд гэртээ цоожлогдсон байсныг онцгой байдлын аврагчид онгойлгожээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын...

img

1 цагийн дараа

Инфляц 8.1 хувьд хүрчээ DNN.mn

Энэ оны арваннэгдүгээр сард инфляцын түвшин улсын хэмжээнд 8.1 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх оны эцсээс 7.7 хувь, өмнөх сараас 1.7 ху...

img

37 минутын дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд