мэдээ
Б.Түвшин: Төрийн сан, Нийгмийн даатгалын сан хоёрыг салгах ёстой DNN.mn
ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ
2025 оны 1 сарын 06
41
УИХ-ын гишүүн Б.Түвшинтэй ярилцлаа.
-Шинэ оны босгон дээр Ерөнхий сайд “Татвар, Нийгмийн даатгалын хуулиудыг эргэн харна” гэсэн утгатай үг хэлсэн. Үүнд та ямар байр суурьтай байна вэ. Эдгээр хуулиудыг эргэн харж, өөрчлөх шаардлага бий юу?
-Монголын томоохон хуулиудыг бүхэлд н ь философийнх нь хувьд эргэж харах зайлшгүй нөхцөл бүрдсэн энэ цаг үед Ерөнхий сайд энэ үгийг хэлсэн нь их сайшаалтай гэж бодож байна. Ялангуяа татвар, нийгмийн даатгал бол бизнес эрхлэгчдийн орчныг бүрдүүлэхэд суурь болж байгаа зүйл. Гэвч философийн хувьд нэлээд гажуудсан. Нэг ёсондоо манай улсын эдийн засгийн ихэнх хэсэг нь төр болчихсон. Ингээд ирэхийнхээ хэрээр төрд цуглуулдаг модел руу орсон. Харин төрийн гадна байгаа олонх хэсэг нь татварын дарамтад орчихсон л нөхцөл байдалд байгаа.
Цуглуулж буй тал нь үр ашигтай зарцуулдаггүй. Сүүлийн жилүүдэд татварын хувь хэмжээ байнга өссөн ч түүнийг зөв зохистой ашигласангүй. Төрөө данхайлгаж, урсгал зардлаа өсгөөд цаашдаа гарч чадахааргүй хэмжээнд хүрчихсэн учраас эргэж харах зайлшгүй шаардлагатай байгаа юм.
-Татварын хувьд юуг нь эргэж хармаар байна вэ?
-Улс орон оршин тогтнохын тулд татвар авах нь үнэн. Гэхдээ зарцуулалт дээр нь хяналт тавьдаг тогтолцоог бий болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол хэт замбараагүй байна. Төсөв хэлэлцэж байх үеэр урсгал зардлаас хасах юм байхгүй л гээд байсан. Гэтэл оны төгсгөлд яам, агентлагийн газрууд ажилчдынхаа урамшууллыг тэдэн хувь нэмлээ гээд яриад байгаа юм. Энэ чинь төсвийн урсгал зардлаа өндөр тавиулчихаад буцаагаад ажилчиддаа урамшуулал хэлбэрээр өгчихөж байгаа хэрэг. Ингээд яам, тамгын газраа өмчилдөг. Өөрийн баг шигээ болгодог. Үүний дараагаар эрх мэдлээ хэрэгжүүлдэг сэтгэлгээ рүү явчих гээд байна. Үүнээс гадна татвар бол орлого, зардал, орон тоо, мөнгөнөөс үл хамаарч орлого хүлээн зөвшөөрөх гэсэн зарчим дээр явдаг. Энэ бол олон улсын бизнесийн зарчим. Гэтэл манай татварын бодлого маань мөнгөн суурьтай. Энэ аккруэл сууриар тооцож байгаа татварыг мөнгөн сууриар яаж тооцох вэ гэдэг зөрүүг цаг хугацааны хувьд гаргаж өгөх шаардлагатай. Эсвэл төр өөрөө аккруэл суурь руу шилжих ёстой. Дэлхий нийтээрээ мөнгөн сууриас аккруэл суурь руу шилжээд явж байгаа. Харин бид өнөөдөр механик зүйл дээрээ гацчихаад байна. Хоёрдугаарт, аж ахуйн нэгж эрхэлж байгаа нөхдүүдийг заавал бусдын өмнөөс татвар, даатгал төлүүлэх үүрэгтэй болгочихоод байгаа юм. Үүнийгээ төлөхгүй бол торгууль, алдангид ордог хариуцлагыг давхар өгчихөж байна. Татварыг суутгаж авч болно. Гэтэл даатгал чинь үүрэг биш шүү дээ. Одоо л манайх үүрэг болгоод, түүнийг нь суутгаж төлөөгүйн төлөө торгоод байна. Нийгмийн даатгал гэдэг чинь хоёр сэтгэлгээний философи дээр суурилдаг. Нэгдүгээрт, тал үүрэг. Татвар шиг үүрэг биш. Сайн дурын үндсэн дээр. Гэхдээ суурь юмаа төлөх ёстой. Яагаад гэвэл нийгмийн гэдэг үг байгаа учраас заавал гэдэг философи байж болно. Харин өнөөдрийн нийгмийн даатгалын философи тэс өөр утга учиртай болчихсон учраас эргээд татвараасаа илүү дарамт болж байна.
-Нийгмийн даатгалын шимтгэлийн тал хувийг байгууллага заавал төлдөг зохицуулалттай. Гэтэл төлөөгүйгээс болж цалингийн зээл авах, ипотект хамрагдаж чаддаггүй зэргээр жирийн ажилчин, иргэн хохирдог асуудал байна?
-Аж ахуйн нэгжүүдийн хувьд татварыг суутгаж авч төлдөг үүрэг нь хэтэрхий данхайчихсан учраас ийм чадваргүй болж байна гэсэн үг. Одоо хөлсөөр нэг удаа ажил гүйцэтгүүлсэн ч гэсэн заавал нийгмийн даатгал төлөх шаардлагатай болчихсон. Нөгөө хүн нь төлөх шаардлагагүй гээд байдаг. Гэтэл төлөхгүй бол аж ахуйн нэгж хариуцлага хүлээх болчихдог. Ийм тодорхойгүй асуудал маш их. Хоёрдугаарт, нийгмийн даатгалыг заавал төлүүлэх болгож байгаа хөшүүрэг нь ипотекийн зээл зэрэг олон шалгуурыг тавьчихсан. Энэ шалгуурууд нь олон улсад байдаг зүйл ерөөсөө биш. Тийм болохоор нийгмийн даатгалынхаа философиос нь эхлээд харах хэрэгтэй. Өнөөдөр нийгмийн даатгал төлж байгаа хүмүүс өөрийнхөө ирээдүйн төлөө төлж байна. Хуримтлагдаж байгаа гэж бодож байгаа. Хэлбэр талдаа тийм. Гэвч агуулга талдаа хуримтлагдсан бүх мөнгийг аваачаад зарчихаж байгаа юм. Тэгээд үүний зөрүүгээр орлого, зардал нь 4.5 их наядын алдагдалтай байна гэж ярьдаг. Ингээд төр өөрөө дампуурчихгүй гэсэн ганцхан итгэл үнэмшил л үлдэж байгаа биз дээ. Азийн хөгжлийн банкнаас гаргасан нэг судалгаа байна лээ. Эрүүл мэндийн даатгал дээр жишээ авахад яг 30, 40 жил төлөөд явсан хүмүүсийн хувьд аваад үзэхэд тэр хүмүүс даатгалын үйлчилгээгээ авч чаддаггүй. Зүгээр төлөөд л явж байдаг. Харин нөхөн төлбөр төлж байгаа хүмүүс ихэнх мөнгийг нь сорчихдог. Бас төрөөс шийдвэр гаргаад даатгадаг болчихсон нөхдүүд их авч байна. Тэгэхээр төлсөн нь хохирдог ийм системтэй болчихсон. Нийгмийн даатгалын хамаарагч этгээд нь хэн байх юм. Төлж байгаа этгээддээ ирээдүйд яаж үйлчлэх юм гэдгийг зөөлнөөр засах тал руу явах хэрэгтэй.
-Их төлж байгаа нь хохирдог гэсэн яриа байдаг?
-Өнөөдрийн тогтолцоо бол яг ийм байгаа. Идэр насандаа төлж байгаа хүмүүс нийгмийн даатгалаа авч чадахгүй. Ирээдүйд хуримтлал үүсдэггүй, өгөөжөө хүртэж чадахгүй л байдал руу явчихаж байгаа юм. Элдэв янзын нөхөн төлбөр, төрөөс гаргасан шийдвэрээс болоод Нийгмийн даатгалын сан алдагдалтай болчихдог.
-Нийгмийн даатгалын санд хуримтлагдсан мөнгийг нэг банкинд байршуулаад, тэрийг нь үрэн таран хийчихдэг. Эргээд мөнгөө гаргуулж авч чаддаггүй. Ийм болохоор сүүлдээ нийгмийн даатгал төлөхгүй гэсэн байдал руу л яваад байх шиг байна. Энэ тал дээр хэрхэн анхаарах ёстой вэ?
-Төр батлан дааж байгаа учраас үүрэг хүлээж байна гээд итгэж болох юм. Харин бодит мөнгөн дүнгээрээ угаасаа байхгүй. Нийгмийн даатгалын сангийн мөнгийг алдаад байгаа асуудал бол нийгмийн даатгал төртэй холимог байгаатай холбоотой. Мөнгө алдчихсан ч гэсэн түүнийг нь төр даагаад л явж байгаа. Тийм учраас өнөөдөр мөнгө алдсанаас болоод мөнгө өгөхгүй ээ гэж хэлээгүй биз дээ. Төр, нийгмийн даатгал хоёрын халаас нэг байхын сул тал нь нийгмийн даатгал төлөөгүй хүмүүсийг төр хуульчилж оруулж ирээд алдагдлыг нь ихэсгээд байдаг. Тийм болохоор энэ хоёрыг салгах нь л чухал. Даатгал нь өөрөө даатгуулдаг байх ёстой. Сангийн менежментийн асуудлыг бид хөндөхөөс өөр аргагүй.
-Ерөнхий сайдын хэлсний дагуу хуулийн төсөл боловсруулагдвал Байнгын хороо, чуулганаар хэлэлцээд явах нь тодорхой. Харин энэ үед нь татвар болон нийгмийн даатгалд яг ямар зүйлийг нь өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна вэ?
-Би нэгдүгээр сарын 1-нээс Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Тэгэхээр нийгмийн даатгал бол нэг талаасаа тухайн төлөгч хүн ирээдүйн эрсдлээс сэргийлж байгаа зүйл. Гэтэл одоо татвар шиг болгочихоод байгаа хоёр шалтгаан байна. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа хүнийг нийгмийн даатгалд хамруулах нь зайлшгүй шаардлагатай. Хөлсөөр ажиллах гэрээ буюу иргэний хуулийн гэрээгээр ажиллаж байгаа хүмүүсээр нийгмийн даатгал төлүүлэх нь болохгүй. Энэ хоёрыг зааглая гээд D-parliament дээр тавиад санал аваад явж байгаа. Чадвал хаврын чуулганаар хэлэлцүүлнэ. Харин энэ маань Засгийн газраас өргөн барих тэр хуулиудтай давхцаж байвал нийлүүлээд л явна. Ер нь нэгдүгээрт, хөдөлмөрийн болон бизнесийн харилцаа хоёроо салгая. Хоёрдугаарт, нийгмийн даатгалыг төлөгч этгээддээ зохистой хэмжээнд нь очуулах ёстой. Өндөр цалинтай байх тусам их аваад эргээд өндөр өгнө гэдэг бол байж болохгүй. Нийгмийн даатгалын авах, төлөхийн дээд хязгаар гэж байх ёстой. Хоол, унааны мөнгө зэрэг хүн рүүгээ чиглэсэн зүйлээс нийгмийн даатгал аваад байгааг болиулах хэрэгтэй. Эдгээрийг нэг амьсгалаар хийж чадахгүй. Яагаад гэхээр маш олон хуулиар олон хүнийг энэ сан руу оруулаад тогтоочихсон. Тэднийг гэнэтхэн хасчихаж чадахааргүй байна. Гэхдээ энэ чиглэл рүүгээ л явах ёстой. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал нь төлж байгаа хүндээ илүү өгөөжтэй байх ёстой юм.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ
Утаа, түгжрэл зэрэг нийслэлийн асуудлыг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын Шуурхай штаб ковидын үе шиг ажиллана DNN.mn
Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. Энэ хүрээнд Ерөнхий сайдын дэргэд шу...
4 цагийн дараа
Иргэн энэ оны эхний улиралд эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 19.800 төгрөг төлнө DNN.mn
2025 оны дөрөвдүгээр сараас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдөхтэй холбоотойгоор эхний гурван сарын шимтгэлээ төлөх хөгжүүлэл...
3 цагийн дараа
Цаан сүрэг 166 толгойгоор цөөрчээ DNN.mn
Хөвсгөл аймгийн 6 дахь хошуу мал болсон цаан сүргийн тоо толгой цөөрчээ. 2023 онд 2931 цаа тоолуулж байсан бол өнгөрсөн оны жилийн э...
3 цагийн дараа
Үндэсний бөхийн барилдаанд чансаа тогтоодог боллоо DNN.mn
Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлэхээр бо...
3 цагийн дараа
ЦЕГ: Машин мөргөж, ухаан алдсан жолоочоос согтолт, мансууруулах бодис илрээгүй DNN.mn
Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 7-ны өдрийн 01:04 цагийн үед Их Монгол плазагийн урд замд “Тоyota SAI маркийн тээврийн хэрэгсэл м...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд