мэдээ
А.Амартөгс: Татварын өршөөлийн хууль гаргаж байж л эдгээр асуудлыг цэгцлэх боломжтой DNN.mn

ДОРЖСЭНГЭЭ ЭРДЭНЭТУЯА
2025 оны 2 сарын 27

44

МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал А.Амартөгстэй ярилцлаа.
– МҮХАҮТ бизнес эрхлэхэд тулгарч буй татварын орчны асуудлуудыг тодорхойлж, засаж сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор хоёр удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан. Бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдээс ямар санал түлхүү өгсөн бэ?
-МҮХАҮТ-аас бизнес эрхлэхэд тулгарч буй татварын орчны асуудлуудыг т о д о р х о й л ж , з а с а ж сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 2023 оны 12 дугаар сард УИХ-ын даргын ажлын албатай хамтран “Татварын цогц шинэчлэл” хэлэлцүүлэг, 2025 оны 1 дүгээр сард УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүдтэй хамтран “Татварын багц хуулийг шинэчлэх хэрэгцээ шаардлага, асуудал шийдвэрлэх арга зам” хэлэлцүүлгийг тус тус зохион байгуулсан. Эдгээр хэлэлцүүлгийн үеэр бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдээс амаар болон бичгээр нийт 700 гаруй санал авсан. Дийлэнх хувь нь нэгдүгээрт, НӨАТ-ыг эргэж хараач ээ, татварын хувь хэмжээ өндөр байна. Хоёрдугаарт, нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч талаас, ажилтан давхар төлөөд байна. Энийгээ бууруулж, харилцан ялгаатай болгож өгөөч гэсэн саналууд голчлон ирсэн. Татварын хууль гээд ярихаар их өргөн ойлголт. Маш олон зүйл заалт бий. Хамгийн олон давтагдсан саналууд энэ хоёр асуудал байсан.
–Энэ дээр МҮХАҮТ-ын нэгдсэн байр суурь ямар байна вэ?
-НӨАТ-ыг 5 хувь болгоё, 10 хувь өндөр байгаа учраас аль болохоор жижиг, дунд бизнесүүд оролцохгүй, татвараа төлөхгүйгээр, хуулийн цоорхой ашиглаж хувиараа дансаар татвар, орлогоо аваад яваад байна гэж үзэж байгаа юм. Төр засгаас хувь хэмжээг бууруулах боломжгүй гэж үзэж байх шиг байна. Гэхдээ бид энийгээ эргээд сайн тооцоод, бууруулвал татварын бааз суурь илүү тэлнэ гэж үзэж байна. Бид саналуудыг нэгтгээд, нийт 12 төрлийн хуулийн 178 зүйл заалтыг өөрчлөх саналаа УИХ-ын Төсвийн байнгын хороо, Сангийн яам, Татварын ерөнхий газар зэрэг төрийн байгууллагууд руу тус тус явуулсан. Энэ саналуудыг л төр засгийн зүгээс хэрэгжүүлээд яваасай гэж хүсч байна.
–Бид маш олон хэлэлцүүлэг хийдэг болсон. Үр дүн гарч байна уу?
-Хэлэлцүүлэг хийгээд маш олон саналууд ирж байна. Сая татварын багц хуулийг шинэчлэх ажлын хэсэг, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуягт тэдгээр саналуудаа өгсөн. Бидний үзэж буйгаар, саналууд өгөөд байдаг эргээд хэрэгжилт тал дээрээ хангалтгүй байна үзэж байна. Тиймээс танхимаас хэлэлцүүлгүүдээс гарсан саналуудыг эргээд бидний өгсөн санал хаана хэрэгжив, хаана тусав гэдэг дээр үнэлэлт дүгнэлт өгөөд явъя гэж бодож байна. Тэгвэл саналууд тусаад, хууль хэрэгжээд явах байх.
–МҮХАҮТ татварын шинэчлэл чиглэлээр бие дааж юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Танхим өөрөө хуулийн төсөл боловсруулах эрх зүйн үндэс байхгүй. Бид санал оруулаад, УИХ-ын гишүүд өөрсдөө хуулийн төслөө өргөн бариад явах бүрэн боломж бий. Бизнесийн орчинтой холбоотой маш олон асуудал байна. Түүнийг хуулиар засаад явах боломж харагдаж байна. Манай дээр жилд хоёр удаа судалгаанууд хийгддэг. Бизнесийн орчин ба хүнд суртлын индекс гээд. Хүнд суртлын индексийг бууруулах тал дээр тодорхой ажлууд хийх шаардлагатай гэж бодож байна.
–Нийгмийн даатгалын шимтгэлийг хэдэн хувиар бууруулах боломжтой гэж та бодож байна вэ?
-Хувийн байр сууриа илэрхийлэхэд, мэдээж хэрэг би өөрөө бизнес эрхэлж байсан хүн. Татварын хувь хэмжээ оновчтой бөгөөд бага байх тусмаа бизнес эрхэлж буй хүмүүст ээлтэй. Бидний судалгаагаар харж байхад жижиг, дунд бизнесүүд дээр татварын хувь хэмжээ маш өндөр, хүнд тусч байна. Жижиг, дундыг бид дэмжих ёстой. Тэгж байж ажлын байр нэмэгдэнэ, тэгж байж хувь хүмүүсийн орлого, ашиг нэмэгдэнэ. Орлого нэмэгдвэл манай улсын эдийн засаг сэргэнэ, худалдан авалт, барааны эргэлт сайжирна гээд эдийн засаг талаараа маш давуу учраас хувь хэмжээг аль болохоор бага байлгах хэрэгтэй. Миний хувьд нийгмийн даатгалын шимтгэл 5 хувь байгаасай гэдэгт санал нэг байна.
–Нэмэгдсэн өртгийн албан татварыг 10-аас 5 хувь болгож бууруулах боломж бий юү?
-Бидний тооцоогоор таван хувь болгох бүрэн боломжтой. Одоо 10 хувь байгаад нийтдээ татварын бааз суурь маань буурна гэсэн ойлголт төрүүлээд байгаа юм л даа. 2024 онд Монгол Улсын татварын нийт орлого 27.4 их наяд, өмнөх оноос 5.9 их наядаар буюу 27.4 хувиар өссөн байна. Бидний татварын бааз суурь өсөөд байна. Эргүүлээд бид боломжтой секторуудаа дэмжих зорилгоор татварын хувь хэмжээг буулгах боломжтой гэж үзэж байгаа юм.
–Эдийн засаг, хөгжлийн сайд банк болон банк бус байгууллагын эрүүл байдал алдагдсаныг хэлсэн. Цалингийн зээл 44 хувь, тэтгэврийн зээл 29 хувь, хадгаламж барьцаалсан зээл 19 хувиар өсч, дээр нь аппликэйшнүүдийн зээл нэмэгдэж байна. Энэ зээлийн асуудлыг зохицуулах чиглэлээр танхим ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
-Ковидын дараа танхимаас санаачилга гаргаад, татварын өршөөл үзүүлэх тухай зөвлөмжүүд өгсөн. Түүний дараа Ерөнхийлөгч дэмжээд, ковидын улмаас хугацаа хэтэрсэн болон зарим нэг өр төлбөрүүдийг тэглэх шийдвэр гарсан. Бид татвар хэтрүүлэлт, хууль эрх зүйн орчинтой холбоотой, хуулийн хэрэгжүүлэлттэй холбоотойгоор хөнгөлөлт үзүүлээд явах ёстой гэж бодож байна. Ялангуяа жижиг, дунд бизнесүүдээ дэмжих ёстой.Ер нь татварын өршөөлийн хууль гаргаж байж л энэ асуудлыг цэгцлэх боломжтой гэж бодож байна.
–Жижиг, дунд бизнесүүдийг яаж дэмжих юм бэ?
-Одоо бид хуулийн төсөл дээр саналаа өгөөд явж байна. Жижиг, дунд бизнесүүдийг эхний гурван жил ч юмуу боломжтой бол таван жилээр нь татвараас чөлөөлөх санал бид гаргасан, тэрийг ерөөсөө дэмжихгүй байгаад байна. Олон улсад хэрэгждэг систем бий. АНУ, Европын холбоонд яг ийм систем явж байна. Ингэж байж бид жижиг аж ахуйн нэгжүүдийг илүү дараагийн түвшинд гарах, дунд түвшинд очих боломжийг бүрдүүлэх тал руугаа дараа дараагийн хэлэлцүүлэг, хуулийн өөрчлөлтүүдэд саналаа гаргаад явна гэж бодож байна. Энэ саналаа бас өгсөн, харамсалтай нь ийм боломжгүй гэсэн хариу өгсөн.
– М о н г о л У л с ы н эдийн засгийн нөхцөл байдал цаашид тийм таатай байхгүй байх талаар дотоодын болон олон улсын шинжээчид анхааруулж байна. Нүүрсний үнэ буурч байгаатай холбоотойгоор улсын төсөвт эрсдэл учирч болзошгүй байна. Нүүрсний оронд бид юу зарж орлого олох боломжтой гэж та бодож байна вэ?
-Бид уул уурхайн бус үйлдвэрлэлээр эдийн засаг, экспортоо дэмжих ёстой гэдэг үзэл баримтлалаар явж байна. Бидэнд мал аж ахуйгаараа маш их орлого олох боломж байгаа байхгүй юу. Жишээ нь, сая бид Узбекистан, Туркт айлчлал хийгээд, аж ахуйн нэгжүүдтэй уулзсан. Турк, Узбекистан манайхаас мах болон малын гаралтай бүтээгдэхүүн маш их хэмжээгээр авъя гэж байна. Гэтэл бидэнд бэлдэж өгөх нөөц боломж байхгүй байна. Жишээлбэл, маш гоё арилгасан сархинагийг хэдэн зуун тонноор нь авъя гэж байна. Бидэнд бэлтгэх боломж байхгүй байна. Тэгэхээр танхимаас энэ чиглэл рүү анхаарч ажиллаж байна. Жижиг дунд бизнес, ялангуяа хоршоод, орон нутагтай холбоотой мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг хөгжүүлээд, экспортод гаргавал нүүрснээс илүү их ашиг олох боломж бий. Дараа нь мэдээж хэрэг аялал жуулчлал байна. Монголд аялал жуулчлалын маш их нөөц боломж бий. Бид дэд бүтцийн асуудлыг нь шийдэж өгөөд, аж ахуйн нэгжүүдийг бодлогоор хөнгөлөлттэй зээлээр ч юм уу дэмжээд өгвөл аялал жуулчлалаас орлого олох боломжтой. Одоо аялал жуулчлал сэргэж байна. 2024 онд бид 700 мянган жуулчин хүлээн авлаа. Энийг бид дор хаяж хоёр, гурван сая хүргэвэл тэр хэмжээгээр манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хувь хэмжээ өснө. ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэе гэж зорьж байгаа, түүнд асуудалгүй хүрнэ гэж бодож байна.
–Евроазийн эдийн засгийн холбооны түр хэлэлцээрт орох тухай асуудал юу болсон бэ?
-Энэ хэлэлцээрийг Эдийн засаг, хөгжлийн яамнаас санаачлаад явуулсан. Бид өнгөрсөн арванхоёрдугаар сард хэлэлцүүлгүүд хийгээд, аж ахуйн нэгжүүдээс санал аваад хойшилсон. Энийг жаахан бодож үзэх ёстой. Энэ чинь эргээд жижиг, дунд бизнес, Монголд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд халтай юм гэж үзээд, хойшлуулах санал тавьсан. Түүнийг ЭЗХЯ хүлээж аваад, яг хувь хэмжээ, ямар чиглэлд байх вэ гэдэг дээр ажиллаж байна гэсэн мэдээлэлтэй байна.
-Импортын барааны 5 хувийн татварыг өсгөх боломжтой юу?
-Импортын 5 хувийн татварыг бодлогоор зах зээлээ хамгаалах зорилгоор өсгөх боломж бий. Өнгөрсөн жил бид улаанбуудайн импортын татварыг тэглээд, эсрэгээрээ дотоодын аж ахуйн нэгжүүдээ нэлээд хүнд байдалд оруулсан. Бид бодлогоор дэмжээд, дотоодын аж ахуйн нэгжүүдээ хамгаалах ёстой. Аль ч улсад тийм байдаг. Жишээлбэл, бид бүтээгдэхүүнээ БНХАУ-д гаргалаа гэхэд дэлгүүр дээрээ очоод хамгаалалтад орчихдог. Маш өндөр хувийн татвар өгдөг. Яг үүн шиг бид зарим нэг гол нэрийн бүтээгдэхүүн, ялангуяа гурил, будаа, мах блон өргөн хэрэглээний бараанууд дээр хамгаалалтаа хийж байх ёстой.
Д.ЭРДЭНЭТУЯА





УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл “Тогтвортой хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн бүс нутгийн 12 дугаар чуулган”-д оролцов DNN.mn
“Тогтвортой хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн бүс нутгийн 12 дугаар чуулган” нь “Ази, Номхон далайн бүс нутагт хөгжлөөс хэнийг...
5 цагийн дараа
Нийтийн эзэмшлийн талбайд барьсан гарааш, хашлагуудыг буулгаж байна DNN.mn
Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан гарааш, хашлагуудыг буулгах, орц, гарц хааж байршуулсан вагончик, микро автобус зэрги...
4 цагийн дараа
Олон Улсын олимпын хороо “World Boxing”-г холбоог хүлээн зөвшөөрлөө DNN.mn
Олон улсын олимпийн хороо “World Boxing”-г холбоог туршилтын хугацаанд хүлээн зөвшөөрлөө. “World Boxing” дараах шалгууруудыг хангажэ...
3 цагийн дараа
Улаанбаатар хотод 2025 онд 41 байршилд авто замыг шинэчилнэ DNN.mn
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, дэд бүтцийг хөгжүүлэх зорилтын хүрээнд өнгөрсөн онд 62 байршилд авто замыг шинэчилж, засварл...
2 цагийн дараа
“Та нараас болж стрессдээд байна” гэж уурласан жолоочийг 25 мянган төгрөгөөр торгожээ DNN.mn
Иргэдээс ирсэн санал хүсэлт, гомдлын шийдвэрлэлтийг танилцуулж байна Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээ...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд

Иргэн
Амташсан хэрээ арван гурав дахина гэгчээр бас татварын өршөөлд хамрагдмаар байнх уу