мэдээ
МЗЭ-ийн шагналт Х.Дэмбэрэл: Намайг утга зохиолд оруулсан хоёр буянтан бол Пүрэвжавын Пүрэвсүрэн, Дондогдоржийн Халзан нар

Админ
2025 оны 5 сарын 08

25

МЗЭ-ийн шагналт зохиолч Х.Дэмбэрэлтэй ярилцлаа. Тэрбээр “Хазаарын чимээ” богино өгүүллэг, шүлгийн номоороо 2017 онд МЗЭ-ийн шагналыг хүртсэн билээ.
-Та утга зохиолд хөл тавьсан дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Би 15, 16 настайгаасаа шүлэг найраг сонирхож эхэлсэн. Дөрөвдүгээр ангийн боловсролтой, хөдөөний малчин хүүхэд байлаа. Тухайн үед “Цог” сэтгүүл захиалж уншина. “Цог” сэтгүүлийн “Гал” нэгдлийнхэн гэж байлаа. Тус нэгдэлд Г.Мэнд-Ооёо, Л.Мягмарсүрэн, О.Дашбалбар гээд 1970, 1980-аад оны үеийн ид оволзож байсан уран бүтээлчид ажилладаг байлаа. Тэдний шүлгийг уншиж байтал надад “Эдэн шиг сайхан шүлэг бичих сэн” гэсэн бодол төрсөн юм. Эхлээд эргэн тойрны аар саархан юмаа л бичиж эхэлсэн. Ингээд 1980-аад оны сүүл ерээд оны эхээр Баянхонгор аймгийн Утга зохиолын нэгдлийн гишүүн болсон. Тус нэгдэлд Пүрэвжавын Пүрэвсүрэн, Чойжилжавын Лхамсүрэн, Дондогдоржийн Халзан, Ванхүүгийн Батбаяр гээд тэр үеийн сайн сайн зохиолчид байлаа даа. Нэгдлийнхэн “Баян Байдраг” хэмээх номыг цувралаар гаргадаг байсан. П.Пүрэвсүрэн гуайн редакторлаж гаргасан уг номонд миний хоёр, гурван шүлэг багтсан байдаг. Тэр үед “Лениний зам” гэж сонин байсан юм. Тэр сонинд ч бичсэн шүлгээ оруулж явсан. Ингээд л би шүлэг бичиж эхэлсэн дээ. 2004 онд Улаанбаатар хотод ирж, 2005 онд МЗЭ-ийн гишүүн болсон.
-Тухайн цаг үед МЗЭ-ийн босго хэр өндөр байсан бэ?
-Орчин цагт хүмүүс амархан МЗЭ-ийн гишүүн болох болжээ. Тэр үед 7-8 хүн хурлаар ороод нэг, хоёр юм уу гурав, дөрвөн хүн нь гарч ирдэг байсан. МЗЭ-ийн гишүүн болох гэж их зовдог байлаа. “Сайн зохиолчид шүүлгэсэн хүн дэмий” гэж ярьдаг юм. Намайг МЗЭ-ийн гишүүнээр шалгуулахад Б.Лхагвасүрэн, П.Бадарч, Ү.Хүрэлбаатар, З.Түмэнжаргал гэсэн сайн зохиолчид шүүж байлаа. Б.Лхагвасүрэн гуай надад “Чи цагаан магтаалын шүлэгтэй л хүүхэд байна. Нэг морин хуур олчихоод магтаал хийгээд явбал яасан юм. Манай утга зохиолын нэгдэлд таармааргүй шахуу хүүхэд байна” гэж байлаа. З.Түмэнжаргал гуай “Амин шүтээн” хэмээх дууны шүлгийг минь шүүмжилсэн юм. Тэгэхэд Ү.Хүрэлбаатар гуай З.Түмэнжаргал гуайн шүүмжилсэн дууны шүлгийг уншчихаад “Энэ чинь жирийн хүний хэлээд байх үг биш байна шүү дээ. Та нар аливаа юмны дотор нь орж үз л дээ” гэж хэлж байсан. Тухайн үед зохиолчид надаас болж хоорондоо маргаж билээ. Би айлын өргөмөл хүүхэд. Ч.Лхамсүрэн, П.Пүрэвсүрэн, С.Пүрэв, намайг утга зохиолын нэгдэлд оруулсан М.Баттөмөр нар мөн айлын өргөмөл хүүхэд. Шинэ зохиолчийг МЗЭ-д хоёр хүн батлан даалтаар оруулдаг юм. Намайг П.Пүрэвсүрэн, М.Баттөмөр хоёр батлан даалтаар оруулсан. Тэгэхэд П.Бадарч гуай “Чамайг Пүрэвсүрэн, Баттөмөр хоёр батлан даалтаар оруулж ирсэн юм байна. Чи айлын өргөмөл хүүхэд юм уу” гэж асууж байсан удаатай. Би ч хариултаа хэлэхэд “Өргөмлүүд л өргөмлүүдийгээ МЗЭ-д оруулах гээд байгаа юм байна шүү дээ” гээд инээд наргиан болж байсан.
-Та Намжимын Сүхбат, Дондогдоржийн Халзан, Ванхүүгийн Батбаяр болон “Хүрэн морь”-ны гэгддэг Чойжилжавын Лхамсүрэн нартай ойр явсны хувьд тэдний тухай дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Н.Сүхбат бол удмаараа шүлэгч хүмүүс байсан. Тэрбээр олон сайхан дуутай.
“Намираа цэнхэр бороо шивэрсэн
Намрын хонгор үдшээ дурс даа чи” хэмээх “Намрын дурсамж” дууны шүлгийг бичсэн сайхан найрагч байлаа. В.Батбаяр нэг хэсэг Баянхонгор аймгийн нэрийн хуудас болж явсан. Бид нэг үеийнх. Гэхдээ түүний зохиол бүтээл минийхээс хамаагүй илүү. Д.Халзан бол багшлахын зэрэгцээ бэлэн зэлэн үгтэй, билэг танхай зохиолч байлаа. Түүний бүтээж, туурвисан олон сайхан бүтээл бий. Ч.Лхамсүрэн гуайн тухай би “Ардын найрагч” гэдэг шүлэг тэрлэж байлаа.
-Утга зохиолын багш нарынхаа тухай дурсахгүй юу?
-Утга зохиолд намайг хөтлөн оруулж, зохиолчдын эвлэлийн өндөр босгыг алхуулж, зохиолч болох суурийг тавилцсан хоёр хүн бий. Тэдний нэг нь Төрийн соёрхолт Пүрэвжавын Пүрэвсүрэн гуай. Намайг сайн мэдэхгүй шахуу тэр их хүмүүнд би анхны зохиолоо аваачиж өгөхөд их сайн шүүж үзээд намайг “Цагаан, задгай шүлэгтэй юм байна. Зохиолч болох хүн байна” гэж урам өгсөн. Харин Дондогдоржийн Халзан гуай надад аугаа том уран бүтээлийн дэм болж явсан. Энэ хоёр хүнийг л “Уран зохиолын багш минь” гэж хэлнэ дээ.
-Тан анхны уран бүтээлийн номоо хэдэн онд туурвиж байв?
-Би “Диваажинд төрсөн хүн” гэх 18 дахь номоо уржнан хэвлүүлсэн. 1995 онд “Хоймсон уянга” хэмээх анхны номоо гаргасан. Номыг маань Д.Халзан багш редакторлаж өгсөн. Цаашлаад 1998 онд “Сэтгэлийн уянга”, 2004 онд “Дурсан хайлахуйн уянга” гэх дууны шүлгээр бүтсэн номоо бичсэн.
-Та яагаад дууны шүлэг бичье гэж шийдсэн юм бэ. Ямар нэгэн шалтгаан байв уу?
-Энэ хорвоод намайг төрүүлээгүй л болохоос төрүүлснээс илүү намайг хайрлаж, хүн болгосон өргөмөл ээжийгээ дуунд мөнхөлчих юмсан гээд дууны шүлэг бодож явсан. Манай нутаг цагаан зээр элбэгтэй газар байсан хэдий ч сүүлдээ харагдахаа больсон. Ээж минь зээрийн хоёр хөөрхөн янзага тэжээж байтал зэрлэг амьтнаас үргээд явчихсан юм билээ. Ээжийнхээ зээрийн тухай ярьж байсныг нь бодоод “Үрийн дуутай ижий” гэж дууны шүлэг бичсэн.
“Үргээд холдсон зээрэндээ
Үндсээ дэлгэсэн нутаг минь
Үрчлээд авсан үрдээ
Сэтгэлээ дэлгэсэн ижий минь…” гэж. Энэ шүлгийг Б.Банзрагч их хурдан дуу болгочихсон юм. Энэ дуунаас хойш би их олон дууны шүлэг бичсэн дээ.
-Таны бичсэн хэдэн шүлэг дуу болсон бэ?
-Одоогоор дуу болсон, “Монголын радио”-гийн алтан фондод бичүүлсэн дөчөөд дууны шүлэгтэй. Түүнчлэн дуу болоогүй 100 гаруй дууны шүлэг бий. Шүлгийг нь би тэрлэж, Б.Батболд дуулж олонд хүргэсэн “Үрийн дуутай ижий”, Р.Болортуяагийн дуулж олонд сонордуулсан “Ханийн жаргал”, МУАЖ Батсүхийн дуулсан “Дэлхий шиг эмээ” зэрэг олон дуу бий. Дууны шүлгүүдээрээ 2022 онд “UB Palace”-д “Говь хангайн цэнхэр орон” гэж уран бүтээлийн цэнгүүн хийснийг танхим дүүрэн хүн үзсэн нь саяхан мэт л санагдах юм даа.
-Та нутаг ус, аав, ээжийн тухай дууны үг их бичжээ дээ?
-Тийм шүү. 1998 онд уран бүтээлийн цэнгүүн хийх гэсэн чинь МУСТА Ж.Батхүлэг “Чамайг ямар зохиолч гэхэв дээ. Уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байгаа хүн ядахдаа нэг амрагийн дуутай байдаг юм. Чи бол дандаа аав, ээжийн тухай, нутаг усаа магтсан дуутай. Чи ядаж эхнэртээ зориулаад нэг дууны үг хийчихсэн бол бас яахав” гэж хэлсэн удаатай. Тэгэхэд нь “Би тэгвэл эхнэртээ зориулж дууны үг бичээд ирье. Чи аяыг нь хийчих үү” гэтэл “Чи чаддаг юм бол маргааш сэтгэлд хүрэхээр дууны шүлэг бичээд ирвэл би аяыг нь хийнэ” гэдэг юм байна. Орой нь би гэртээ очоод
“Үзэсгэлэнт цагаан хунгийн
Өвчүү нялхарсан Байдраг минь
Өвгөдийн голомтоо эзэлсэн
Өлзийн түшигтэй хань минь…” гэж зургаан бадаг шүлэг бичсэн. Энэ шүлгийг уншаад Ж.Батхүлэг шууд ая хийж, “Ханийн түшигтэй Байдраг” дуу минь төрсөн дөө.
-Таны бичсэн шүлэг найргийг уншаад зохиолчид юуг хэлдэг байв?
-Их цагаан, энгийн, бэлэн зэлэн үгтэй гэдэг байлаа. Би Хүүхдийн зохиолчдын бүлэгт ороод 11 жил болж байна. Энэ хугацаандаа таван хошуу малын тухай “Хазаарын чимээ”, “Торомны уралдаан”, “Арландаа багтахгүй амбан шар”, “Хөгнө сунаж мал өсдөг” гэсэн дөрвөн цуврал ном гаргасан нь олонд их хүрсэн. Надад нэг хүн “Та мазаалайн тухай үлгэр хийж өгөөч” гэхээр нь дөрвөн цуврал ном гаргасан. Одоо тав дахь номоо гаргах гэж байна.
-Дууны шүлэг бичихэд юуг анхаарах ёстой байдаг юм бол?
-Өнөөдөр би мазаалайн тухай шүлэг, хэн нэгний тухай дурсамж юм уу хөрөг найруулал биччихье гэвэл суугаад л биччихнэ. Дууны шүлэг бол хүчиндэж болдоггүй эд. Тэгэхээр л дуу болдоггүй. Дуу болох шүлэг аяндаа төрдөг. Миний бичсэн дууны шүлгүүдэд дорхноо ая орчихдог. Надад дууны шүлэг олон бий ч дуу болж хүмүүст хүрсэн нь тун цөөн. Ая ордог үг, ая ордоггүй үг гэж бий. Сайн дуу болох шүлгийг уншиж байхад л ая нь хөгжмийн зохиолчид ороод ирдэг. Тэгэхээр дууг төрдөг гэж боддог. Сайн шүлэг өөрөө аятайгаа байдаг юм.
-Таныг утга зохиолын хүрээнийхэн “Мазаалай” Дэмбэрэл гэж ярьдаг гэдэг?
-Тийм ээ. Би мазаалайн тухай номыг дэлгэрүүлж ярих их дуртай. Мазаалай Монголоос өөр дэлхийн хаана ч байхгүй. Монголд байх байхдаа хамгийн эмзэг, уур амьсгал доройтсон, цөлжилт ойрхон нутагт амьдардаг. Мазаалай нэгэнтээ говь газар л амьдардаг юм бол Монголын зүүн говьд амьдарч яагаад болоогүй юм. Зүүн говь бол янзын сайхан газар шүү дээ. Гэтэл алтайн дундах говь гэдэг нэг үгээр хэлбэл, сөнөсөн ертөнц шиг газар. Дандаа ган болж байдаг, хөрс шороо нь түлэгдчихсэн, өвс ургамал ургахааргүй болоод өгөршчихсөн шахуу газар. Мазаалай гэдэг амьтан тэнд л анх үүссэн, тэндээсээ ч салдаггүй. Тэнд ганц нэг “Баянбүрд”-ийг хүн эзэмшиж, тариалан эрхэлж байна. Тариалангийн талбай руу нь зэрлэг амьтан дайрчихаад байдаг юм. Тэрнээс биш очоод мазаалайг буудаж алаад байгаа хүн байхгүй. Мазаалай дээхнэ үед элбэг байсан. Гэтэл яагаад тоо толгой нь огцом цөөрсөн юм бэ гэхээр мазаалай бол арван сарын сүүл, арваннэгдүгээр сарын эхээр ичээндээ ороод хавар тавдугаар сард гарч ирдэг амьтан. Түрүүчийнх нь дөрөвдүгээр сард гарч ирдэг. Мазаалай хоёр алманцаг төрүүлдэг. Алманцагаа дагуулаад ичээнээсээ гарч ирэхээр өвс, тэжээл байдаггүйн улмаас эх нь хатаад үхсэн, хоёр алманцаг нь эхийнхээ хоёр хөхнөөс зулгаагаад үхсэн олон сэг олдсон гэдэг. Тэгж л мазаалайн тоо толгой цөөрсөн. Пандаг яаж хамгаалдаг шиг монголчууд мазаалайгаа хамгаалмаар байгаа юм. Мазаалайг Монголын брэнд, нүүр царай болгомоор байна. Би үүнд үнэхээр санаа зовниж байна. Мазаалайн тухай үлгэр бичих надад их ойрхон байсан юм. Аав маань мазаалайн түүхийг судалж байгаад “Мазаалайн нэр нь хүртэл учиртай. “Марзан амьтан” гэж нэрлэж байгаад мазаалай болсон. Амьтан дуурайж элэглэдэг. Урдаас нь хүн гараад ирвэл хойд хоёр хөл дээрээ зогсож хүний өөдөөс гүйдэг. Хүн нь зугтахаар буцаад зугтаачихдаг. Хүн урдаас нь яваад байвал яваад л байдаг. Өөрт тулсан юмнаас ерөөс айдаггүй” гэж хэлж байсан удаатай.
-Таныг Түрэгийн үеийн баатрын онгон олсон гэдэг. Та хаанаас, яаж олсон юм бэ?
-1999 онд би Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг Арцат дэл хайрхны орчмоор ан хийж яваад дурандаж байтал хадны сэнжин дотор банз шордойж харагдахаар нь очоод үзтэл нэгэн баатар эрийн онгон байсан юм. Хэрэйд найман аймгийн үеийн буюу Чингис хаанаас 900 гаруй жилийн өмнөх үед холбогдох түүхийн дурсгал байсан. 1800 гаруй жилийн хугацаанд хүний нүдэнд үзэгдээгүй зүйл миний нүдэнд үзэгдсэн дээ. Баатар эрийн толгойг дэрлүүлсэн эмээл, хазаарын хэрэгсэл, 19 сумтай хоромсого, янзын гоё илд, хуйтайгаа бүгд хосгүй үнэд өвд орсон. Баатар эрийн онгон бусад зүйлийн хамт Монголын Үндэсний түүхийн музейд хадгалагдаж байгаад өдгөө Чингис хааны музейд бий. Мазаалайн тухай цуврал ном бичсэн, Түрэгийн үеийн баатрын онгон олсон, олон түмний хүртээл болсон дууны шулгүүд бичсэн хэмээж, 2014 онд ард түмэн надад “Ард түмний гавьяат” хэмээх нэр, цол өгсөн дөө.
Ө.АНХЗАЯА





УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 09-ний Баасан гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэгл...
8 цагийн дараа
Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…
Одоогийн УИХ-д хуулийн голтой хэдхэн гишүүний нэг нь Х.Тэмүүжин. Тэр тогтолцоо буюу уг суурийн асуудлыг хөнддөг улстөрч. Түүний ярьж...
7 цагийн дараа
А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тохиолдол буурахгүй байгаа нь үнэхээр сэтгэл түгшээсэн асуудал
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга А.Ариунзаяатай ярилцлаа. -Монгол Улсад хүүхдийн эрхийн тухай хууль, бодлого ямар тү...
7 цагийн дараа
“Ян Сарьдаг Оргил ХХК”-ийн сонгон шалгаруулалт зар
Кокс, Эрчим хүчний төслийн хүрээнд баригдах коксын зуухны илүүдэл дулаан хийгээр ажиллах цахилгаа станцын зураг төслийг орчуулах, бо...
7 цагийн дараа
Улаанбаатарт өдөртөө 18 дулаан байна
Хур тунадас: 05-нд Монгол-Алтай болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 06-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд