мэдээ
Б.Ууганбаяр: Дансаа бусдад түрээслүүлбэл хуулийн хариуцлага хүлээхээр болсон

Админ
2025 оны 11 сарын 02
17

Сүүлийн үед цахим залилан ихэсч байгаатай холбогдуулан ЦЕГ-аас “Дансаа бусдад бүү ашиглуул” уриатай аяныг эхлүүллээ. Цахим залилангийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, Цагдаагийн хошууч Б.Ууганбаяртай ярилцлаа.
-Сая амралтын өдрөөр Худалдаа хөгжлийн банкинд данстай иргэдийн мөнгө ганцхан шөнийн дотор алга болсон хэрэг гарлаа. Энэ хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Худалдаа хөгжлийн банкнаас “Бид ямар нэгэн байдлаар хакердуулсан зүйлгүй. Иргэд маань өөрсдийнхөө дансыг “Apple pay”-тэй холбосны үндсэн дээр тодорхой хэмжээний төлбөр мөнгө нь татагдсан. Ингэж л мөнгө гарсан юм билээ” гэсэн мэдэгдэл гаргасан. Одоо яг энэ асуудлаар цагдаагийн байгууллагаас шалгалтын үйл ажиллагаа явуулж байгаа. Эрүүгийн хуулийн 29.3-т аливаа шалгагдаж байгаа гэмт хэргийн талаарх мэдээ мэдээллийг бид олон нийтэд түгээхдээ заавал Прокурорын байгууллагаас зөвшөөрөл авдаг. Тиймээс дөнгөж шалгалтын үйл ажиллагаа эхэлж байгаа энэ хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй.
-Ер нь иргэдийн түгээмэл ашигладаг интернэт банкууд үе үе ажиллахаа больчихдог. Тухай бүрт нь “Яав”, “Юу болов”, “Хакердуулчихсан гэнэ ээ” гээд л шуугиад өнгөрдөг. Харин цагдаагийн байгууллага энэ мэдээллийн араас нь хөөж шалгадаг уу?
-Арилжааны банкны хувьд цахим системд нь доголдол үүссэн тохиолдолд тухай бүрд нь мэдэгдэл өгөөд иргэдийн асуудлыг шийдвэрлээд явж байгаа.
-Цагдаа нар айлуудын хаалга тогшиж “Телеграмаа устгаарай” гэдэг зөвлөмж өгөөд явж байсан. Энэ ажил хэр үр дүнгээ өгөх бол?
-Телеграмаар дамжсан залилангийн гэмт хэрэг их бүртгэгдэж байна. Иймд иргэд телеграмаа байнга ашигладаггүй, шаардлагагүй гэж үзвэл устгахыг зөвлөж байгаа юм. Учир нь хэн нэгэн таны телеграм хаягт дураараа нэвтрэн орж, ямар нэгэн байдлаар бусдыг залилаж болзошгүй юм. Иймд цахим залилангаас сэргийлэх зарим тохиргоонуудыг ч зааж өгч байгаа юм. Тэр алба хаагчид маань яагаад ингэж айл болгоны хаалгыг тогшоод яваад байгаа юм бэ гэвэл бид энэ мэдээ мэдээллийг боломжтой бүх хувилбараар иргэддээ хүргэж буй нэг хэлбэр юм. Яагаад гэвэл сүүлийн үед залилах гэмт хэрэг нийт гэмт хэргийн 33.6 хувийг дангаараа эзэлж байна. Залилах гэмт хэрэг дотроо цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг нь 85.1 хувь нь байгаа юм. Цахим орчинд үйлдэгдэж байгаа залилах гэмт хэргийн гаралт нь өндөр байгаа учраас алба хаагчид маань боломжтой бүх хувилбараар буюу хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан, цахим орчинд болон биечлэн иргэддээ сэрэмжлүүлэх мэдээ мэдээллийг түгээн хүргэж байна.
-Дансаа янз бүрийн апплейкшнтэй холбосноос болоод мөнгө алдаж хохирлоо эсвэл тэдэн саяыг тийш нь өгөөд алджээ гээд ярих нь иргэдийн дунд их болжээ?
-Энэ оны есдүгээр сарын байдлаар зөвхөн цахим орчинд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн улмаас нийт 18.1 тэрбум төгрөгийн хохирол иргэдэд учраад байна. Үүний 11.6 тэрбум төгрөгийг нь цагдаагийн байгууллагын зүгээс нэн даруй дансанд хязгаарлалт тогтоогоод барилт хийчихсэн. Энэ нь эргээд иргэдийг хохиролыг барагдуулах нөхцөл боломжийг бүрдүүлсэн гэсэн үг. Мөн 1.6 тэрбум төгрөгтэй тэнцэх эд хөрөнгө болон мөнгөн хөрөнгийг битүүмжлэн хурааж аваад Прокурорын байгууллагын зөвшөөрлөөр иргэдэд буцаан олгох шийдвэрлэх арга хэмжээг хэрэгжүүлээд явж байгаа. Гэтэл бид тодорхой хэмжээнд ингэж хохиролыг барагдуулаад ажиллаж байгаа ч гэсэн иргэд маань ийм төрлийн гэмт хэрэгт өртөж хохирох нь буурахгүй байна. Тийм учраас Цагдаагийн ерөнхий газраас Монголбанк, Монголын банкны холбоотой хамтраад “Дансаа бүү ашиглуул” гэдэг аяныг улс орон даяар хэрэгжүүлж байгаа. Энэхүү аяны хүрээнд хоёр байгууллагынхаа дэмжлэгтэйгээр боломжит бүх хувилбараар иргэдэд мэдээ мэдээллийг түгээж ажиллана. Сүүлийн үеийн бас нэгэн жишээ нь фэйсбүүк орчинд иргэд тодорхой хэмжээний мөнгө олох зорилгоор “Дансаа түрээслүүлнэ” гэдэг зар их тавьж байгаа юм. Өөрийнхөө дансыг түрээсээр бусдад ашиглуулаад байна. Энэ нь өөрөө цахим орчинд залилах болон иймэрхүү төрлийн гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүдэд нэг талаараа дэмжлэг болоод байгаа юм. Үүн дээр цагдаагийн байгууллагаас хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх зохицуулалтын арга хэмжээ авна. Эрүүгийн хуулийн 20.19-т заасны дагуу цагдаагийн байгууллагаас бооцоот тоглоом, тааварт тоглоом, мөрийтэй тоглоом зэргээр үйлдэгдэж байгаа гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн дансаа ашиглуулсан бол хуулийн хариуцлага хүлээлгэдэг болсон шүү. Хуулийн энэ заалт өнгөрсөн долдугаар сарын 1-нээс хэрэгжээд эхэлсэн байгаа.
-Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг эзэн биегүй, олдохгүй юм шиг яриад байдаг. Үнэндээ, мөнгө мөрөө үлдээдэг гэдэг шиг цахим орчинд хүн хэчнээн нэр, нүүрээ нуулаа ч эргээд олдож л таарна. Ийм төрлийн гэмт хэргийн илрүүлэлт хэр байдаг вэ?
-Энэ оны есдүгээр сарын байдлаар цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн илрүүлэлт 47.2 хувьтай байна. Иргэд өөрсдөө дансаа бусдад ашиглуулаад тухайн гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийн үйлдлийг эс үйлдэхүйгээрээ дэмжээд байна. Жишээ нь, цахим орчинд телеграмаар даалгавар биелүүлэхдээ монгол хүний нэр дээр бүртгэлтэй данс руу мөнгөө шилжүүлээд хохирдог. Үүнийг цагдаагийн байгууллагаас шалгаад явахаар түрүүнд ярьсанчлан дансаа мөнгө олох сэдлээр фейсбүүк орчинд байршуулчихсан. “Данс түрээслэнэ” гэдэг зарын эзэн сууж байдаг. Тухайн хүнээс “Та хэнд дансаа ашиглуулсан бэ”, “Яагаад, та энэ хүнд дансаа ашиглуулж байгаа юм бэ” гээд асуухаар “Би зүгээр мөнгөтэй болъё л гэж бодсон. Гэмт хэргийн улмаас олж авсан эд хөрөнгө гэдгийг мэдээгүй шүү дээ” гэдэг тайлбарыг өгч байна. Бид хуулийн дагуу тухайн иргэнд тохирох хариуцлагыг нь хүлээлгэхээр болчихоод байдаг. Өөрөөр хэлбэл, дансаа бусдад түрээслүүлсэн хүмүүс хуулийн хариуцлага хүлээдэг болсон гэдгийг дахин сануулъя. Гэтэл нөгөө иргэн маань гэмт хэрэг үйлдсэн этгээд хэн бэ гэдгийг ч мэддэггүй. “Надтай утсаар холбогдсон” эсвэл “Чатаар харилцсан”, “Би хэн гэдгийг нь мэдэхгүй”, “Хараад ч танихгүй” гэдэг. Иргэд маань тухайн үедээ мөнгө л олохыг боддог учраас хэнд ямар зорилгоор дансаа ашиглуулж байгаа нь хамаагүй байгаад байна.
-Цаашид цахим орчинд залилуулан эд хөрөнгөөрөө хохирохоос хэрхэн урьдчилан сэргийлбэл зохилтой вэ?
-Цахим орчинд иргэд бусдын хуурамч зар сурталчилгаанд итгээд “Өө, наадахаас чинь авъя”, “Захиалга өгье” гээд дор нь утасны дугаараа тавьчихсан байдаг. Ний нуугүй хэлэхэд, энэ нь залилагч этгээдүүдийн өгөөш болгож байгаа юм. Залилагч этгээдүүд тэр утасны дугаараар эргэж холбогдоод “Танд тэдэн хувийн хөнгөлөлт үзүүлэх гэж байна” эсвэл “Та эхний 12-т багтсан учраас бид танд тал үнээр нь өгөх гэж байна. Та яаралтай мөнгөө шилжүүлнэ үү” гэдэг. Мөн залилагч этгээдүүд сүүлийн үед үүрэн телефоны операторуудаас гаргасан 70-тай дугаарыг албан байгууллагын суурин утас мэтээр ярьж, иргэдэд буруу ойлголт төрүүлдэг болсон. Гэтэл үнэндээ энэ нь цахим орчинд ашиглах боломжтой виртуаль дугаар юм. Иймэрхүү төрлийн гэмт хэрэг нэлээд хэмжээгээр цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна. Ер нь ийм төрлийн гэмт хэрэгт өртөж хохирсон хүмүүс дандаа ойр дотны хүмүүсээрээ дамжуулан хувийн мэдээллээ алдсантай холбоотой байдаг. Нөгөөтэйгүүр, залилах гэмт хэрэг иргэдийн хүсэл зорилго, хэрэгцээ шаардлага дээр нь дөрөөлж үйлдэгдэж байна. Тиймээс иргэд аливаа шийдвэрийг гаргахдаа ул суурьтай, судалгаа шинжилгээтэй хандаж байх хэрэгтэй.
Г.ГАНЧИМЭГ
Өвлийн саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, харин нутгийн баруун ө...
8 цагийн дараа
Хөвсгөл нуурын мөсний үзэгдэл Ханх сум болон Хатгал тосгон орчимд мөсөн зах үүссэн байна
2025 оны 10-р сарын 21-нээс 2025 оны 11-р сарын 1-нийг хүртэлх 10 хоногийн гол мөрний мөсний үзэгдэл, зузааны горимын тоймыг хүргэж ...
7 цагийн дараа
Хилийн боомтуудын арваннэгдүгээр сард ажиллах болон түр хаах цагийн хуваарь
Хилийн боомтуудын 2025 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарийг танилцуулъя. Даян, Байтаг авто замын боомтууд 11 дүгээр сард ажил...
6 цагийн дараа
“Бөртэ чоно” наадам арванхоёрдугаар сарын 10-нд болно
Монголын үндэсний олимпын хорооноос спортын салбарын оны шилдгүүдийг шалгаруулах “Бөртэ чоно-2025” тэргүүн дээд шагнал гардуулах ёсл...
5 цагийн дараа
Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын тов
Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы 2025 оны 11 дүгээр сарын 03-наас 07-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, да...
4 цагийн дараа
Сэтгэгдлүүд


