мэдээ
Д.Цогтбаатар: Энэ улсад хуулийг ямар ч хариуцлагагүйгээр зөрчиж болдог гэсэн ойлголт хэрхэвч байх ёсгүй

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН
2025 оны 11 сарын 12

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Дамдины Цогтбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын чуулганаар ирэх оны төсвийг хэлэлцэж байгаа. Энэ долоо хоногтоо багтаан батлах ёстой. Таны хувьд төсөв дээр ямар санал, байр суурьтай байгаа вэ. Нөгөөтэйгүүр Хууль зүйн байнгын хорооны даргын хувьд төсвөө хугацаанд нь баталж амжина гэж харж байна уу. Амжихгүй бол эрх зүйн хувьд яах вэ?
-Төсөв бол зөвхөн эдийн засгийн баримт бичиг биш, төрийн бодлогын хэрэгжилтийн эрх зүйн үндэс юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн нэг дэх хэсгийн 7-д “Улсын төсвийг батлах, түүний биелэлтэд хяналт тавих нь Улсын Их Хурлын бүрэн эрх” гэж тодорхой заасан байдаг. Энэ нь төсөв батлах үйл ажиллагаа бол хууль тогтоох байгууллагын онцгой бүрэн эрхийн нэг хэлбэр. Төрийн санхүүгийн эрх мэдлийн төвлөрөл УИХ-д байгаагийн илэрхийлэл юм. 2026 оны төсвийн төсөлд макро эдийн засгийн бодит нөхцөл, өрийн дарамт, орлогын бүтэц, зардлын үр ашгийг зэрэгцүүлэн тооцсон байдал илүү тод харагдаж байна. Гэхдээ зарим зүйл дээр бодлогын нягтрал, хөрөнгө оруулалтын эрэмбэлэлт, төсвийн сахилга батад анхаарах шаардлага бий.
-Тухайлбал юу байна вэ?
-Төсвийн тухай хуулийн 8.4.9-д “Улсын Их Хурал жилийн төсвийн төслийг жил бүрийн намрын ээлжит чуулганаар хэлэлцэн арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах” гэж заасан нь хууль тогтоогчийн үүргийг хугацааны хувьд тодорхойлсон заалт. Энэ нь хууль ёсны зайлшгүй хугацаа ба биелүүлээгүй тохиолдолд төрийн санхүүжилт тасалдах эрсдэлтэй. Гэхдээ хууль эрх зүйн хувьд Төсвийн тухай хуульд төсвийн жил эхлэхэд төсөв батлагдаагүй байх нөхцөл байдал үүсвэл төсөв батлагдах хүртэл төсвийн санхүүжилтийн түр горимыг хэрэгжүүлнэ.
Энэхүү арга хэмжээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл аймаг, нийслэлийн Засаг дарга тогтоож, төсвийн зарлагыг төсвийн байгууллагад ажил эрхэлэгчийн хувьд цалинг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр, нийгмийн халамж болон нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмж хүртдэг хүмүүсийн хувьд доод хэмжээгээр нь, Засгийн газрын нөөц сан, Засаг даргын нөөц хөрөнгийн хувьд хуваарилалтыг нь өмнөх оны түвшинд тус тус санхүүжүүлэхээр зохицуулсан байдаг. Тиймээс төрийн үйл ажиллагаа бүрэн тасалдах, зогсох эрсдэл байхгүй. Гэхдээ төрийн байгууллагуудын жигд хэмнэл алдагдах эрсдэл бий. Эдийн засаг амаргүй байгаа үед ДНБ-ий дийлэнхийг мөрлөж яваа салбар доголдвол эдийн засаг савлах эрсдэл бий. Тиймээс 2022 оны нэгдүгээр сараас л эдийн засаг дахь төрийн оролцоог эрс бууруулахыг миний бие тухайн үед бараг хэн ч цохож ярьдаггүй байх үеэс нь л ярьсаар ирсэн. Эдийн засагт үнэмлэхүй жинтэй болсон төр дэндүү эрсдэлтэй тоглогч байгаа биз дээ.
-Тэр тодорхой харагдаж байна. Нөгөөтэйгүүр улс төржилт төсөв рүү орж байгаа нь тал бүрийн эрсдэлийг үүсгэж байна, тийм үү?
-Ааш аяг нь олдохгүй, хэрүүл маргаанд автахаараа төсвөө баталж ч өгөхгүй. Энэ ойлгомжгүй байдал нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүд дээр засаглалын гацаа, удаашралыг бий болгоно. Хэрэв хувийн хэвшил эдийн засагт зүй ёсоороо давамгайлж байсан бол энэ улс төрийн хямрал эдийн засагт уг нь шууд нөлөөлөхөөргүй л байх байсан болов уу.
-Төсвийн тухай хууль тогтоомж дээр дурдсанчлан төрийн байгууллагын үйл ажиллагааг тасалдахгүй явуулах баталгаа хангахад чиглэсэн зохицуулалттай харагдаж байна л даа…?
-Гэхдээ энэ нь зөвхөн түр зуурын арга хэмжээ. Хууль ёсны талаас төсвийн түр хэрэгжилт эхэлж болох ч улс төрийн хувьд парламент төрийн үндсэн үүргээ цаг хугацаанд нь хэрэгжүүлж чадаагүйд тооцогдох нөхцөл байдал үүснэ гэсэн үг. Энгийн иргэн хууль зөрчвөл хариуцлага заавал хүлээдэг. Тэгвэл хуулиа биелүүлээгүй төр хариуцлагаас ангид байх уу гэдэг зүй ёсны асуудал гарна. Саяхан гарсан Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр Үндсэн хуулийг зөрчих аливаа үйлдэл нь хариуцлага тооцох үндэслэлийг бий болгодгийг тод харууллаа. Тэгэхээр төсвийг хугацаанд нь баталж амжихгүй бол хэрхэх хариуцлагын асуудал шууд утгаараа тусаагүй байгаа хэдий ч хариуцлагын асуудлыг хөндөх үндэслэл шууд бий болж буйг мартаж болохгүй. Энэ улсад хуулийг ямар ч хариуцлагагүйгээр зөрчиж болдог гэсэн ойлголт хэрхэвч байх ёсгүй. Ялангуяа төрийн эрх барих дээд байгууллагын хувьд энэ хандлага нэн чухал.
-УИХ-ын даргаа яагаад нэн яаралтай томилохгүй байна вэ. УИХ-ын даргыг томилохгүй болохоор ҮАБЗ хуралдах боломжгүй байгаа. Уг асуудлыг та хэрхэн анхаарч байна вэ?
-Энэ асуудлыг зөвхөн улс төрийн тохиролцоо талаас биш, институцийн болон эрх зүйн түвшинд авч үзэх ёстой. УИХ-ын дарга бол парламентын дотоод удирдлагын гол субъект, мөн төрийн эрх мэдлийн тэнцвэрт байдалд байр суурь эзэлдэг хуулиар тодорхойлсон албан тушаал юм. УИХ-ын даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах асуудал бол парламентын дотоод бүрэн эрхийн хүрээний асуудал. Гэвч парламентын дотоод бүрэн эрх нь улс төрийн тохиролцооны механизмаар дамжин хэрэгждэг учраас тухайн шийдвэрийг гаргахдаа зөвхөн олонхын санал бус, институцийн хоорондын тэнцвэр ба тогтвортой байдлын зарчмыг баримтлах ёстой. УИХ-ын даргагүй нөхцөлд парламент хууль тогтоох үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой ч удирдлагын тогтвортой байдал, гадаад төлөөллийн эрх мэдэл, Үндсэн хуулиар хүлээсэн зарим хамтын үүрэг буюу жишээ нь, ҮАБЗ-ийн бүрэлдэхүүнд оролцох эрх зүйн хувьд бүрэн бус болно. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн тавдугаар зүйлд “ҮАБЗ нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдаас бүрдэнэ” гэж заасан. Энэ бол ҮАБЗ-ийн бүрэлдэхүүн, хуралдааны хүчин төгөлдөр байдлын зайлшгүй нөхцөл юм. Иймд парламент даргагүй байх хугацаанд ҮАБЗ хуралдах эрх зүйн үндэс доголдолтой болно. Зөвлөлийн бүрэлдэхүүн дутуу учир шийдвэрийн хүчин төгөлдөр байдал ч эргэлзээнд орно.
-Тэгэхээр парламент УИХ-ын даргаа нэн яаралтай томилох ёстой гэдэгтэй та санал нэг байгаа биз дээ…?
-Ийм нөхцөлд парламент хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол институцийн хэвийн ажиллагааг сэргээхийн тулд даргаа шуурхай сонгох, өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн хүрээнд парламентын бүрэн бүрэлдэхүүн, удирдлагын бүтцийг бүрдүүлэх үүргээ биелүүлэх явдал юм. Товчхондоо, парламентын даргыг томилох асуудал бол улс төрийн нэг хүчний сонголтын асуудал бус, төрийн институцийн бүрэн бүтэн байдал, эрх мэдлийн хуваарилалтын тогтвортой байдлын асуудал. Энэ үйл явц өрнөж байгаа учраас “томилгоо хийгдээгүй” гэдэг нь “үйл ажиллагаа зогссон” гэсэн үг биш. Харин зөвшилцөл, улс төрийн шийдвэр боловсорч буй процесс үргэлжилж байна гэсэн үг.
-УИХ-ын гишүүн Х.Булгантуяатай холбоотой Цэцийн дүгнэлт гарсан. Тэгэхээр УИХ-ын гишүүнээс нь түүнийг эгүүлэн татах ёстой гэж та үзэж байгаа юу. Дан ганц хурал даргалсан хүнд нь хариуцлага яриад хуралд оролцож хамтын шийдвэр гаргасан гишүүдэд ямар хариуцлага ярих ёстой вэ. Уг асуудлын ялгаа, зааг нь юу бол?
-Үндсэн хуулийн маргаан энэ дэлхий дээр олон гарч байдаг. Тиймээс олон улсын жишгийг харж, судалж үзлээ. Гишүүнийхээ хувьд явуулсан улс төрийн үйл ажиллагаа нь Үндсэн хуультайгаа зөрчилдсөн асуудал ардчилсан орнуудын хувьд бас нэг бус гарч байсан байдаг. Тийм тохиолдолд ерөнхий тогтсон хандлага бол албан тушаалын хариуцлага хүлээлгэдэг юм билээ. Ялангуяа зөрчил нь Дэгийн зэрэг хуулийн хэрэглээтэй холбогдсон байх тохиолдолд ийм л хандлага зонхилдог. Харин эрүүгийн хариуцлага хүлээх тохиолдолд энэ нь цаад утгаараа Үндсэн хуулинд өргөсөн тангаргаа ноцтой зөрчиж байгаа гэдэг утгаараа гишүүнийг эгүүлэн татдаг юм байна лээ. Яг энэ агуулга ч манай Үндсэн хуульд бас хоёргүй утгаараа суусан байгаа. Өөрөөр хэлбэл, манай Үндсэн хууль цаад агуулга, үзэл санаагаараа ижил тогтолцоотой дэлхийн улс орнуудын жишигтэй уялдаатай явдаг гэсэн үг. Түүнээс харь гарагаас авчраад баталчихсан хууль биш. Тийм ч учраас Үндсэн хууль зөрчсөнийг нь Цэц тогтоовол хэрхэхийг нь Цэц биш, парламент өөрөө шийднэ гээд үгчлээд тодорхой заагаад өгсөн байгаа. Харин эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн бол эгүүлэн татна гээд бас л тодорхой заасан байгаа. Гэтэл парламент дахь МАН-ын бүлэг УИХ-ын дэд даргаас буулгаад хариуцлага тооцох саналыг гаргасан байгаа. Үүнийг эцэслэн УИХ өөрөө л шийднэ. Яг энэ процесс л явж байгаа. Би улстөржиж хэн нэгэн хүнийг өмөөрөөгүй, мөн хэн нэгнийг үзэмжээрээ буруутгаж давхар, давхар хариуцлага тооцох тухай яриагүй байна. Яг л байгаа хууль тогтоомжийн үг үсэг, тогтож мөрдсөөр ирсэн зарчмын тухай л асуудалд хандаж байгаа гэдгээ хэлмээр байна.
-Энэ долоо хоногт танай намын Их хурал болно. Их хурлаар ямар асуудлаа нэн яаралтай шийдэх ёстой гэж бодож байгаа вэ. Нөгөөтэйгүүр Их хурлаар намын даргаа албан ёсоор баталгаажуулах уу, эсвэл дахин даргын сунгаа явуулж шинээр даргаа сонгох уу?
-Намын Их хурал бол улс төрийн хувьд хамгийн дээд шийдвэр гаргах байгууллага, эрх зүйн хэлээр хэлбэл тухайн намын “хууль тогтоох чуулган” юм. Тиймээс Их хурлын зорилго нь зөвхөн дарга сонгох, эсвэл удирдлагын асуудал хэлэлцэхэд биш, харин намын бодлого, үнэт зүйл, институцийн шинэчлэл, нийгмийн итгэлийн сэргэлтийг хэлэлцэхэд чиглэх ёстой гэж бодож байна. Иймээс намын Их хурлаар яригдах ёстой чухал асуудлуудыг нэг бол Улс төрийн намын тухай хуулинд нийцүүлж холбогдох өөрчлөлтүүдийг хийх шаардлага юм. Энэ удаагийн Их хурал бол намын дотоод амьдралын хамгийн чухал институцийн үйл явдал, тэр дундаа намын даргаа сонгох хурал болно. Үндсэндээ энэ бол намын дээд эрх бүхий байгууллага өөрийн удирдлагыг хууль ёсоор тодруулж бодлого, чиглэлээ шинэчлэх үе шат. Эрх зүйн үүднээс авч үзвэл, МАН-ын дүрэмд “Намын даргыг Их хурлаас сонгоно” гэж тодорхой заасан. Тиймээс дарга сонгох асуудал нь дүрмийн дагуу зөвхөн Их хурлын бүрэн эрхийн хүрээнд шийдэгддэг. Энэ нь намын дотоод ардчиллын суурь зарчим. Дарга сонгох үйл явц нь нэг талаас хууль ёсны институцийн процесс, нөгөө талаас улс төрийн итгэлцлийн сорил юм. Тиймээс намын даргыг намын Их хурал шийдэх үндсэн механизмын хувьд дүрэм журмын дагуу ил шударга өрсөлдөөн, сунгааг явуулж л шийднэ. Тэгээд энэ өрсөлдөөн нь шударга, нээлттэй л явагдах ёстой.
-УИХ-ын гишүүн чуулганы хуралд картаа хийж бүртгүүлж ирцэнд орсон атлаа өөрөө хуралдаа суугаагүй үед санал хураалт явагдахад санал нь татгалзсан талдаа гардаг хуулийн зохицуулалттай. Уг хуулийг өөрчлөх шаардлагатай гэж та үзэж байгаа юу?
-Европын эх газрын эрх зүйн тогтолцоо, тэр дундаа Германы Bundestag болон Францын Assembly nationale-ийн практикт парламентын хуралдаанд оролцох ба санал өгөх нь хоёр тусдаа хууль зүйн харилцаа гэж үздэг. Ирц бүртгэл нь parlamentarische Präsenzpflicht буюу гишүүний хуралдаанд оролцох үүргийн биелэл, харин санал хураалт бол Abstimmungsrecht гишүүний шийдвэр гаргах субьектив эрх юм. Эдгээрийг нэгтгэн үзэж, оролцоогүй гишүүнийг “татгалзсан” гэж тооцох нь процедурын хувьд санал илэрхийлэх эрхийг хуулиар орлуулж буй тусгай зохицуулалт. Энэ нь төлөөллийн хариуцлагын зарчимд үндэслэдэг. Эх газрын эрх зүйн тогтолцоонд парламентыг “төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллага” гэхээс илүү ард түмний итгэлийг биелүүлэгч төлөөллийн субьект гэж үздэг. Тиймээс парламентын гишүүн бүр ард түмний өмнө хариуцлагатай байх үүрэгтэй. Ирц бүртгэл хийчхээд санал өгөхгүй байх нь энэ үүргийн биелэлтэд саад учруулна гэж үздэг тул, Герман, Франц, Итали зэрэг эх газрын системд санал хураалтад оролцоогүй гишүүнд тодорхой “процедурын үр дагавар” оноодог. Монгол Улсад хэрэгжиж буй “санал өгөөгүй бол татгалзсан гэж тооцох” нь яг энэ логик дээр суурилсан төлөөллийн хариуцлагын хууль зүйн илэрхийлэл юм. Өөрөөр хэлбэл, хуралдаанд бүртгэгдсэн гишүүн санал хураалтад оролцох үүргээ биелүүлээгүй тохиолдолд, уг шийдвэрийн процедурын алдаа үүсэх эрсдэлтэй гэж үздэг. Үүнийг сэргийлэхийн тулд зарим оронд, жишээ нь Герман, Австри, Чех-д “Санал өгөөгүй гишүүний санал татгалзсан гэж тооцох” эсвэл “түдгэлзсэн санал”-ын ангилал хэрэглэдэг. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд энэ хоёрын нэгийг сонгохдоо “татгалзсан” гэсэн хэлбэрийг авсан нь процедурын баталгааны илүү хатуу хувилбар юм. Иймд энэ хуулийг устгах биш, харин континентын системийн зарчимд нийцсэн илүү нарийн ялгаатай процедурын механизмаар шинэчлэх нь оновчтой гэж үзэж байна.
Цагдаагийн алба хаагч шатаж буй гэрээс бага насны 2 хүүхдийн амийг аварчээ
2025 оны 11-р сарын 05-ны өдрийн 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт айлын гэр галд өртсөн хэрэг гарчээ. ...
8 цагийн дараа
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто замын хөдөлгөөнийг нээв
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон зургаан эгнээ бүхий 3.9 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 10 дугаар сары...
7 цагийн дараа
Хүнсний худалдааны борлуулалт 10.9 их наяд төгрөгт хүрчээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого 2025 оны эхний 9 сард 48.5 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 289.8 т...
7 цагийн дараа
Цэц Х.Булгантуяаг огцруулах биш харин ч “баярын бичгээр” шагнамаар юм
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр гишүүнээс нь эргүүлэн татах тухай шуугиан ид хүчээ авч байна. ...
7 цагийн дараа
“Оюутолгой” компанийн гүйцэтгэх удирдлагаар монгол хүн томилох санал тавилаа
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар мягмар гарагт “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксонтай цахим уулзалт хи...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд


