Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 14

Валютын ханш

value

мэдээ

Ж.Галбадрах: Монгол хүний боловсролын чанар дээшилж байж л Монгол Улс хөгжинө

trend

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

img

2025 оны 11 сарын 14

news-img

УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай ирэх оны батлагдсан төсөв болон боловсролын асуудлаар ярилцлаа.


-Ирэх оны төсөв УИХ-аар батлагдлаа. Таны хувьд 2026 оны улсын төсвийн хэлэлцүүлэгт анхаарсан гол асуудал юу байв?

-Энэ жил бид хоёр дахь удаагаа улсын төсвөө баталж байна. Миний хувьд боловсролын салбарын төлөөлөл учраас энэ удаагийн төсвийн хэлэлцүүлэгт сургуулийн болон цэцэрлэгийн дэд бүтэц, хүртээмжийн асуудалд анхаарч байлаа. Сүүлийн жилүүдэд нийслэлд хүүхдийн тоо эрс өсөж, анги дүүргэлт хэт өндөр болсныг бид бүгд мэднэ. Гэвч энэ удаагийн төсөвт шинэ сургууль, цэцэрлэгийн барилгын төсөл маш цөөхөн, ердөө гурван сургууль, хоёр цэцэрлэг тусгагдсан байв. Гэхдээ үргэлжилж буй барилгуудыг гүйцээн дуусгах зардалд түлхүү анхаарсан байлаа. Боловсролыг дэмжих жил гэдгийг тооцон нийт 190 гаруй төсөл арга хэмжээ, задалж хэлбэл, 76 сургуулийн барилга, 53 цэцэрлэг, 32 дотуур байр багтсан. Миний хувьд боловсролыг дэмжсэн болохоор гол тооцооллыг хийж, 108 шинэ сургууль, 95 шинэ цэцэрлэг шаардлагатай гэсэн хүний хувьд чамлалттай байсан. Харин төсвийн гуравдугаар хэлэлцүүлгийн үед гишүүдээс зарчмын зөрүүтэй олон санал гарч, 39 төсөл хөтөлбөрийн санхүүжилтэд 87 тэрбум төгрөг нэмж тусгагдсан. Олон гишүүд тойрогтоо боловсролын хөрөнгө оруулалтыг түлхүү дэмжсэн гэж хэлж болно.

-Нийслэлийн сургуулиудын анги дүүргэлтийн байдал үнэхээр ноцтой хэмжээнд хүрсэн гэж та хэллээ. Энэ талаар тодруулбал?

-Тийм ээ. Өнөөдрийн байдлаар нэг ангид 40-70 хүүхэд сурах тохиолдол ч байна. Барилга хот байгуулалтын яамны тогтоосон нормоор бол нэг ангид дээд тал нь 30 хүүхэд байх ёстой. Гэтэл бидний хийсэн судалгаагаар 30-аас дээш хүүхэдтэй ангиуд нийт сургуулийн тал хувийг давсан бодит тооцоолол гарсан. Энэ нь сурагчийн сурах орчныг муутгах, багшийн ачааллыг нэмэгдүүлэх хамгийн том шалтгаан. Угтаа нэг ангид суралцаж байгаа хүүхдийн тоог 40-өөс дээш гаргамааргүй байгаа юм. Мөн нэг сургуульд хамгийн ихдээ 1800-гаас дээш хүүхэд сурахгүй байх зохицуулалтыг хэрэгжүүлэх шаардлагатай.

-Таны хувьд УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийг ахлаад ажиллаж байгаа. Энэ хүрээндээ боловсролын салбарт тодорхой судалгаа хийсэн гэлээ. Яг ямар үр дүн гарч байна?

-Бид анги дүүргэлт өндөртэй сургуулиудын тухайд нарийвчилсан судалгаа хийсэн. Үүний дүнд улсын хэмжээнд 108 шинэ сургууль, 95 цэцэрлэг шинээр барих шаардлагатай гэсэн тооцоо гарсан гэдгээ дахин хэлье. Үүнээс 84 нь нийслэлд, 24 нь орон нутагт баригдах хэрэгцээ шаардлага байна. Энэ судалгаагаа бид БШУЯ, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам болон нийслэлийн удирдлагуудад танилцуулсан. Харамсалтай нь 2026 оны төсөвт энэ шаардлагыг хангахуйц хөрөнгө оруулалт төдийлөн сайн орсонгүй.

Цаашид бид 2027–2028 оны төсөвт энэ асуудлыг зайлшгүй тусгуулах ёстой.

-Харин багш нарын хүрэлцээний хувьд ямар нөхцөл байдал байна вэ?

-2024 оны 9 сарын байдлаар улсын хэмжээнд 4200 орчим багш дутуу байсан. Зарим аймаг, дүүргийн сургуульд багшийн дутагдал 40 гаруй хувьд хүрсэн байв. Энэ бол маш ноцтой үзүүлэлт. Багшийн мэргэжлээр төгсөгчдийн дөнгөж 35 хувь нь л багшаар ажилладаг. Шалтгаан нь цалин хөлсийн түвшин, ажиллах орчин, нийгмийн баталгаатай холбоотой. Тиймээс бид “Багшийн мэргэжлээр төгсөгчдийн ажил эрхлэлтийг дэмжих” бодлогыг хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна. Үүнд сургалтын төлбөрийн хөнгөлөлт, “цалинтай оюутан” хөтөлбөр, хөдөө орон нутагт ажилласан хугацаанд нь нэмэлт урамшуулал олгох зэрэг бодит дэмжлэг хэрэгтэй.

-Тэгвэл цаашдын зорилго, чиглэл юу байх ёстой юм бэ?

-Хамгийн түрүүнд сургуулийн хүртээмжийг хангах асуудлыг шийдэх ёстой. Хүүхэд бүр ангидаа нормын дагуу сууж, багш бүр хэт ачаалалгүй ажиллах нөхцөл бүрдүүлэх ёстой. Мөн багшийн мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллыг сайжруулах нь урт хугацаанд боловсролын чанарт шууд нөлөөлнө. Бидний гаргасан тооцооллыг хэрэгжүүлж чадвал 2028 он гэхэд нэг ангид 40-өөс доош хүүхэдтэй болох зорилт биелэх бүрэн боломжтой. Хүүхдийн тоо 40-өөс доош болоод ирэхэд л багшийн ачаалал багасаж, сургалтын чанар эрс сайжирдаг. Тиймээс энэ бол орчны асуудал, чанарын асуудал хоёр зэрэгцэж явах шинэчлэл юм. Үнэндээ нийслэлд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ маш их дутагдаж байна. Үүнийг шийдье гэвэл газар чөлөөлөхөөс эхлээд, шинэ барилга барих, тэнд ажиллах багш, ажилтан бэлтгэх хүртэл цогцоор шийдэх шаардлагатай.

-Та Казахстаны туршлагыг судалсан гэж сонссон. Тэд сургуулийн хүрэлцээний асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?

-Би өнгөрсөн жил Астана, Алматад очиж судалсан. Тэд 2024–2025 онд 240 шинэ сургууль барьж байна. Манайхаас ялгаатай нь барилгын хувийн компаниудаар өөрийн хөрөнгөөр нь эхэлж бариулдаг. Улс нь төсөв мөнгө, чанарын шаардлага, зураг төслийг өгдөг. Сургууль ашиглалтад ормогц төр нь мөнгийг буцааж олгодог концессын нэг хэлбэр л дээ. Гэхдээ тэд маш нарийн стандарт мөрддөг. Анги, спорт заал, гадна талбай бүгд тодорхой стандарттай. Барилгын чанар, хяналтаа улс өөрөө хатуу барьдаг юм байна лээ.

-Ийм загварыг Монголд нэвтрүүлэх боломжтой юу?

-Боломжтой. Манайд ч гэсэн хөрөнгө чинээтэй барилгын компаниуд байна. Гагцхүү төр барьсных нь дараа баталгаатай төлбөрийн механизм гаргаж өгөх хэрэгтэй. Компаниуд сургуулиа бариад ашиглалтад хүлээлгэн өгч байхад төр амласнаа яг хугацаанд нь төлдөг систем хэрэгтэй. Тэгж чадвал хөрөнгө оруулалт тасрахгүй, бүтээн байгуулалт хурдасна.

-Сая багш нарын цалинг нэмэхээр тохиролцоонд хүрсэн. Гэхдээ яг хэзээнээс хэдэн хувиар нэмээд хэд болж байгаа талаар янз бүрийн мэдээлэл байна. Үүнд та тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн багш нарын үндсэн цалин тодорхой хувиар нэмэгдэж эхэлнэ. Нийтдээ 70 орчим хувиар нэмэгдэхээр байгаа. Шинээр ажилд орж буй багшийн цалин яг одоо 1.5 сая төгрөг байгаа бол энэ цалин ирэх оноос эхлээд 2.2 сая төгрөг болохоор байгаа юм. Дараа нь 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 2.8 сая, цаашлаад 2027 онд 3.5 сая төгрөгт хүргэхээр тооцсон. Засгийн газар үүнийг хэрэгжүүлэхийн тулд бусад салбарын урсгал зардлыг 12.8 хувиар танаж, боловсролд төвлөрүүлсэн байгаа. Нөгөөтэйгүүр сургалтын чанарыг сайжруулахын тулд зөвхөн багшийн цалин бус, багшаа бэлдэх, сургалтын орчин бүрдүүлэх, агуулга хөтөлбөрөө боловсронгуй болгох бүгд зэрэг хөгжих ёстой.

Монгол хүний боловсролын чанар дээшилж байж л улс орон хөгжинө. Тиймээс би улс төрөөс илүү бодлогын, боловсролын шинэчлэлд илүү төвлөрч ажиллаж байгаа.

-Таны ярианаас сургуулийн реформ бол боловсролын реформын гол цөм юм гэсэн санаа гарч байна. Энэ талаар илүү тодруулбал?

-Тийм ээ. Боловсролын реформ гэж ярихын оронд “сургуулийн реформ” гэж хэлэх нь оновчтой. Цэцэрлэг, дунд сургууль, дээд сургууль бүгд өөр өөр түвшинд хөгжлийн тодорхой стратегитэй байх ёстой. Жишээ нь, би боловсролын шинэчлэлийн 10 үндсэн чиглэл гаргасан. Үүнд сургуулийн хүртээмж, багш нарын хүрэлцээг нэмэгдүүлэх, сургуулийн менежментийг сайжруулах, сургуулийн соёлыг төлөвшүүлэх, багшийг ажлын байран дээр нь хөгжүүлэх, төгсөгчидтэйгөө эргэх холбоотой ажиллах, хүүхдийн төлөвшил, сэтгэл зүйн боловсролд анхаарах, хичээлээс гадуурх үйл ажиллагааг чанаржуулах, амьдрах ухаан, авьяас хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, эцэг эх, олон нийтийн хамтын ажиллагааг сайжруулах зэрэг энэ бүгдийг системтэй, шат дараатай хэрэгжүүлж байж боловсролын шинэчлэл бодитой явагдана. Энэ системийг миний хувьд хэд хэдэн төрийн сургуулиудад амжилттай туршиж үзсэн. Сургуулиуд чадавхын хувьд эрс өөрчлөгдөж байсан. Тэгэхээр бид цаашдаа энэ системээр боловсролын салбарын чадавхыг нэмэгдүүлэх боломжтой гэж боддог.

-Угтаа бид боловсролын салбарт хувийн хэвшлийн оролцоог дэмжих шаардлагатай. Энэ тал дээр төрийн бодлого хэрхэн явах ёстой гэж үзэж байна вэ?

-Хувийн хэвшлийг дэмжихгүйгээр боловсролын салбарыг олон улсын стандартад хүргэх боломжгүй болов уу. Улсын ачаалал асар их байна. Нэг ангид 50, 60 хүүхэд сурах нь хэвийн үзэгдэл болчихлоо. Энэ бүхнийг зөвхөн төрийн төсвөөр шийдэхэд хэцүү. Казахстаны жишээг харъя. Тэнд хувийн сургууль байгуулах гэж байгаа хүнд улс нь барилга барихад нэг сая ам.долларын зээл өгдөг. Хэрвээ сургууль нь таван жилийн дараа амжилттай ажиллаад эхэлбэл, тэр мөнгөө буцааж өгөх шаардлагагүй. Энэ нь төрийн ачааллыг бууруулж, боловсролын чанарыг өрсөлдөөнөөр сайжруулж байгаа жишээ. Манайд бол эсрэгээрээ хувийн сургуулиудад оногдох хувьсах зардлыг багасгах, дэмжлэг хасах тухай ярьж байна. Гэтэл бодит байдал дээр хувийн сургууль нэг хүүхдэд төрийн сургуульд зарцуулдаг мөнгөний тав дахин бага төсвөөр боловсрол олгож байна. Энэ бол төрийн ачааллыг үүрэлцэж байгаа нэг хэлбэр шүү дээ. Үүнийг ярихаар улс төрийн зорилготой ч гэх үү дайралтууд их явагддаг. Угтаа бодит үнэн л энэ шүү дээ. Гэхдээ хувийн хэвшлээ дэмжихээ байг гэхэд төрийн сургуулийн хүртээмж, тогтолцоо, чанарын асуудлаа шийдчихмээр байгаа юм.

-Ирээдүйд Монголын боловсролын салбарт юу хамгийн түрүүнд өөрчлөгдөх ёстой вэ?

-Нэгдүгээрт, сургуулийн хүртээмж. Хоёрдугаарт, багшийн хомсдол. Гуравдугаарт, сургуулийн менежмент, соёл.

Дөрөвдүгээрт, зүрх сэтгэлийн боловсролын хөтөлбөр гээд үргэлжилнэ. Эдгээрийг цогцоор шийдэж байж боловсролын чанарын асуудалд яригдана. Хувийн хэвшил, төрийн салбар хамтраад энэ чиглэлд нэгдмэл бодлогоор ажиллахгүй бол өнөөдрийн хэт төвлөрсөн, хэт ачаалалтай тогтолцоо өөрчлөгдөхгүй.

-Тэгвэл таны хувьд боловсролын шинэчлэлийн амин сүнс юу вэ?

-Сургууль хамт олны итгэл үнэмшил. Багш нар, захирал удирдлага, эцэг эх нэг итгэл дээр нэгдэж чадвал сургууль өөрчлөгдөнө, хөгжинө. Нэг зүг рүү хараад, нэг зорилготой ажиллаж чадвал үр дүн гардаг. Боловсролын реформ гэдэг бол нэг хууль, нэг төсөв биш цэгцтэй хамт олны цэгцтэй сэтгэлгээ, цэгцтэй үйлдийн үр дүн байх болно. Гагцхүү үүнийг төрийн зүгээс тууштай дэмжих учиртай.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Токио 2025” дифлимпийн наадамд оролцох Монголын багийн тугийг гардууллаа

Япон улсын Токио хотод маргааш эхлэх Дифлимпийн наадамд Монгол Улсын баг тамирчид оролцоход бэлэн болжээ. Өнөөдөр Монгол Улсын багт ...

img

8 цагийн дараа

Холимог тулаанч Б.Энх-Оргил “ONE Championship” холбооны аваргын бүсийн төлөө тулалдана

Холимог тулаанч Б.Энх-Оргил 12 дугаар сарын 5-нд “ONE Championship” холбооны аваргын бүсийн төлөө тулалдана Netflix-ийн Physical Asi...

img

8 цагийн дараа

“Сүүлчийн бороо” мета драмын жүжгийн нээлт боллоо

PRO theatre-ийн намар цагийн нээлт ”Сүүлчийн бороо” | Александр Вампилов “Нугасны ан” амьд хөгжимт – мета драмын жүжгийн нээлт...

img

7 цагийн дараа

Улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг илрүүлж, арилгуулж байна

Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг теле камерын ухаалаг системийн тусламжтайгаар илрүүлж, зөр...

img

7 цагийн дараа

Ж.Галбадрах: Монгол хүний боловсролын чанар дээшилж байж л Монгол Улс хөгжинө

УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай ирэх оны батлагдсан төсөв болон боловсролын асуудлаар ярилцлаа. -Ирэх оны төсөв УИХ-аар батлагдлаа. Тан...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд