мэдээ
Төв Азийн орнууд Америктай хамтраад эдийн засгаа өсгөж байхад бид ардчилсан орон гэж хоосон цээжээ дэлдэхээс өөр зүйл алга

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН
2025 оны 11 сарын 14

Тэртээ 1990 онд авторитар, дарангуйллын дэглэм давамгайлсан бүс нутагт хамгийн түрүүнд Монгол Улс тайван замаар ардчилсан тогтолцоонд шилжиж байсан. Тухайн үед дэлхийн ардчиллын өлгий гэгдэх Америк тэргүүтэй барууны ажиглагчид манайхыг “Азийн ардчиллын баянбүрд” хэмээн магтацгаадаг байлаа. Ардчилсан тогтолцоонд шилжээд улс орон, нийгэм, эдийн засгаа богино хугацаанд үсрэнгүй хөгжүүлэхийн тулд дэлхийн бусад ардчилсан тогтолцоотой орнуудтай холбоотон болж, тэр дундаа Америкийн тусламжийг авна гэж ярьцгаагаад даруй 35 жил өнгөрлөө.
Гэтэл ардчилсан Монголоос бусад бүх орнууд хүчирхэг эдийн засагтай Америктай бизнесийн нягт түнш орнууд болоод хөгжиж байна. Манайхыг тойрсон авторитар дэглэмтэй Төв Азийн стан орнууд “хадаг барин” гуйж Д.Трамп Ерөнхийлөгчтэй асар их мөнгөн дүнтэйгээр гэрээ хэлэлцээр хийгээд харилцан ашигтайгаар хамтарч байна. Харин хадаг барьж очоогүй үлдсэн ганцхан орон нь Монгол л байх шиг. Тэгвэл тэдгээр авторитар дэглэмтэй станы орнууд Америктай ямар улс нь хэдэн ам.долларын хэлэлцээр хийв. Тухайлбал, Казахстан байна. Энэ улсын ДНБ нь 270 тэрбум ам.доллар гэж 2025 оны тооцоолол бий. Тэгвэл тус улсын Засгийн газар саяхан Д.Трамптай уул уурхайн салбар, үүн дотор вольфрам олборлох болон дижитал, хиймэл оюуны чиглэлээр нийт 20 орчим тэрбум ам.долларын хэлэлцээрийг хийсэн байна. Монгол Улсын жилийн нийт төсөв 35 орчим их наяд. Үүнээс даруй хоёр дахин их дүнгээр Казахстан улсын хэдхэн компани Америктай гэрээ хийчихлээ. Мөн Узбекистантай уул уурхайн олборлолт, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын чиглэлээр 10 орчим тэрбум ам.доллар, Тажикистантай 3.5 тэрбум ам.долларын багц тохиролцоонууд хийсэн байх жишээтэй байна. Эдгээр гэрээнүүдийн үнийн дүнгийн ихэнх хувийг уул уурхайн салбар эзэлж байна. Өөрөөр хэлбэл, Америк төв Азийн орнуудтай газрын ховор элемент, алт, зэс, чухал эрдэс баялгийн олборолт, уурхайн дэд бүтцийн чиглэлээр гэрээлсэн. Гэтэл манайх “Хар нүднээс хөмсөг гадуур” гэгчээр яагаад энэ хэлэлцээрүүдээс хоцроод байна вэ. Бид ардчилсан орон байтал яагаад энэ хагас дарангуйлагч дэглэмтэй улсуудаас дор үзэгдээд байна вэ.
Бидэнд юу л байна газар доорх бүх баялаг байна. Газрын ховор элемент, алт, зэс, нүүрс, мөнгө, бусад ховор чухал эрдэс гээд бүгд л байгаа. Ядах нь ээ ноос, ноолуур гээд дэлхийн зах зээлд брэнд болсон бүтээгдэхүүнээ илүү ихээр экспортлох, үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх зэрэг хөдөө аж ахуй, хүнд үйлдвэрлэлийн чиглэлээр төсөл, төлөвлөгөө, хамтран ажиллах саналаа гаргаад Америк руу яагаад явахгүй байгаа юм бэ. АНУ‑ын үйлдвэрлэл, батлан хамгаалах салбар, нар, салхины эрчим хүч, цахилгаан тээвэр зэрэгт хамгийн их шаардлагатай байгаа түүхий эд бол газрын ховор элемент. Энэ хэрэгцээг нь хангаж чадах ямар ч улстай АНУ хөрөнгө, мөнгө хайрлахгүй хэлэлцээр хийхээр байна гэж олон улсын шинжээчид дүгнэчхээд байна. Тэр түүхий эд нь манайд их хэмжээгээрээ байгаа. Монгол Улсын хувьд жижиг эдийн засагтай, хүн ам цөөн, далайд гарцгүй, эрс тэс уур амьсгалтай хэдий ч хаа очиж ардчилсан тогтолцоотой, парламент засаглалтай, байгалийн баялгийн нөөц арвинтай. Зарим нэг юу ч үгүй улсуудын хажууд наймаалцах, солилцох баялагтай орнуудын тоонд яах аргагүй багтдаг. Энэ боломжуудаа бариад дэлхийн том гүрнүүдтэй бодит эдийн засгийн хамтын ажиллагаагаа өрнүүлдэггүй юм уу. Ялангуяа Америктай. Манайхаас бусад нь энэ улстай хамтраад эдийн засгаа нүд ирмэх төдийд л сэргээж байна. Энэ ажлыг манлайлан хийх үүрэгтэй, гүүр нь болж ажиллах ёстой Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр та яг юу хийж байна вэ. Таны нүдэн дээр бусад орнуудын Элчин сайд нар өөрийн орны эдийн засгийг хэд дахин томруулах төсөл, хөтөлбөрүүдийг, тэр боломжуудыг олж хараад хэлэлцээрийн ширээний ард суулгачхаж байна. Гэтэл манайхаас суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд энэ чиглэлээр огт ажиллахгүй байгаа юм биш үү.
Элчин сайд Ө.Батбаярыг 2021 онд томилогдоход нь олон улс судлаачид, тэр дундаа судлаач Д.Оюунсүрэн “Манай улсын хамгийн чухал гуравдагч хөрш болох АНУ-д хамгийн мундаг дипломатаа Элчин сайдаар томилдог уламжлалыг эвдэж, Дэлхийгээр аялагчдын группийн админ Ө.Батбаяр гэх хүнийг томилсон нь маш харамсалтай” гэж тухайн үедээ хэвлэлд ярилцлага өгч байж. Үнэхээр ийм хүн оччихсон болохоор АНУ, Монголын харилцаа царцчихаад байгаа юм уу. Тийм бол эрх баригч МАН энэ хүнээ одоо даруй солих цаг нь болсон юм биш үү.
Нөгөөтэйгүүр улс орноо хөгжүүлэхийн төлөө улсын тэргүүн нар юу хийж, хэнтэй яаж харилцаж байгааг бид дэлхийгээс сурах хэрэгтэй байна. Жишээ нь, Япон улсын анхны эмэгтэй ерөнхий сайд Санаэ Такаичи хэмээх хүүхэн манайхны ярьдагаар Д.Трамптай наалдаж гүйсээр байгаад улс орныхоо хөгжил, эдийн засагт дахин том сэргэлт авчрах хэлэлцээрийг хийчихлээ. Д.Трампын Азид хийсэн айлчлалын үеэр Японы ерөнхий сайд гэх сэргэлэн хүүхэн Д.Трамптай хамт нэг нисдэг тэргэнд сууж байхдаа л хэд хэдэн чиглэлээр хэлэлцээр хийчихэж байгааг бид анзаарсан. Амандаа орсон шар тосыг алдахгүйн тулд энэ айлчлалыг Малайз, Солонгосын тэргүүнүүд ч улс орныхоо хөгжлийн төлөө үр дүнтэй хэлэлцээр хийгээд боломжоо шуурхай ашиглачхаж байна. Улс орны төрийн тэргүүнүүд ийм л овсгоотой, улс орныхоо хөгжлийн төлөө гэсэн сэтгэл зүрхтэй байгаа нь сайхан юм даа. Наандаж дайн байлдаантай байгаа Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийг харчих хэрэгтэй. Тэрээр өнгөрсөн хугацаанд буюу дайн эхэлснээс хойш АНУ-ын төрийн тэргүүнтэй албан болон албан бусаар нийт 13 удаа уулзсан гэсэн албан бус мэдээлэл байна. Манайх төрийн тэргүүний түвшинд хамгийн сүүлд 2019 онд Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа АНУ-д айлчилж байсан. Тэгэхээр В.Зеленскийгийн хувьд АНУ-д байнга шахуу албан ёсны айлчлал хийсэн байж таарах нь. Энэ бүх уулзалт хэлэлцээрийн үр дүнд АНУ Украинд нийт 200 орчим тэрбум ам.долларын тусламж үзүүлчихсэн байна.
Ингэж байж л Украин энэ дайнд тийм ч амар бууж өгөх улс биш гэдгээ итгэл төгс нотолж чадаж байгаа. Түүнчлэн энэ улсын эдийн засаг дайнаас шалтгаалаад сөнөчихгүй харин ч тогтвортой байсаар байна. АНУ бол том гүрэн, том боломж. Энэ утгаараа бид улс орноо бодож л байгаа юм бол АНУ-тай байнгын идэвхтэй харилцаатай баймаар байна. Тэр байтугай манай Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Д.Трампын үүдэнд нь сууж байсан ч ер нь яадаг юм. Тэр Цагаан ордны гадаа нь уулзъя, хэлэлцээр хийе, манайд ийм юм байна, танайхаас хөрөнгө оруулалт хүсье, том төсөл дээр хамтран ажиллая гээд зогсож баймаар санагдах юм. Түрүүн хэлсэн, Япон улс ч дэлхийн том тоглогч орон. Гэсэн ч тус улсын ерөнхий сайд эмэгтэй улс орныхоо төлөө Д.Трамптай наалдчихсан юм шиг хамт явсаар байгаад л том хэлэлцээрт хамтрахаар болчихож байна шүү дээ. Манай гоё Б.Батцэцэг сайд ч энэ хүмүүс шиг гүйж яагаад болохгүй байна вэ.
Төв Азийн цээжинд орших Ардчилсан Монгол Улс гэж цээжээ дэлдэхээс илүү гадаад том боломжуудаа ашиглламаар байна. Дотооддоо нүүрсний хулгай гэж улстөржиж, улс орноо сөнөөхийн оронд гадагшаа сэтгэж, гадагшаа тэмүүлж, дэлхийтэйгээ харилцаж, энэ жижиг эдийн засгаа хэд бол хэд дахин өсгөх боломж хангалтай байна. Гол нь төрийн тэргүүнээсээ эхлээд Гадаад хэргийн яам, түрүүний хэлсэн Элчин сайд ядаж ажлаа сайн хиймээр байна.
Хуучин манай гадаад бодлого арай ч ийм байгаагүй гэж ахмад судлаачид халаглан ярьж байгааг та нар сонссон уу. Гадаад харилцаа ид сайн үедээ манайд чинь АНУ-ын ерөнхийлөгч Ж.Буш айлчлан ирж байсан даа. Үүн шиг Д.Трампыг ирүүлээч дээ. Ирүүлдэггүй юм гэхэд ядаж очоо ч гэсэн очиж уулзаад, нэг том төсөл дээр хэлэлцээр хийчихсэн байхад энэ жижиг эдийн засаг хоёр дахин, бүр гурав дахин нэмэгдчихнэ гэж бодохгүй байна уу. Өч төчнөөн гадаад айлчиллаа,дипломат бодлого амжилттай явагдаад байгаа гээд л Гадаад хэргийн яам сурталчилдаг. Тэгсэн бид харсан,тэгээд орж ирсэн хөрөнгө оруулалт чинь хаана байгаа юм бэ, Батцэцэг сайд аа.
Төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.11.14) нэгдсэн хуралдаан гишүүдийн 50.8 хувийн ирцтэйгээр 10 ...
7 цагийн дараа
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд эв нэгдлийн уриалга гаргав
УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүд өнөөдөр /2025.11.14/-ийн мэдээлэл хийв. Парламентад сонгогдсон МАН-ын гишүүд хоёр хуваагдсан гэ...
7 цагийн дараа
Төв Азийн орнууд Америктай хамтраад эдийн засгаа өсгөж байхад бид ардчилсан орон гэж хоосон цээжээ дэлдэхээс өөр зүйл алга
Тэртээ 1990 онд авторитар, дарангуйллын дэглэм давамгайлсан бүс нутагт хамгийн түрүүнд Монгол Улс тайван замаар ардчилсан тогтолцоон...
6 цагийн дараа
АН-ын ҮБХ энэ сарын 21-нд хуралдаж, дүрмээ батална
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар улс төрийн намууд энэ онд багтаж намын Үндсэн дүрэм, хөтөлбөрийн төслөө Улсын ...
6 цагийн дараа
“Токио 2025” дифлимпийн наадамд оролцох Монголын багийн тугийг гардууллаа
Япон улсын Токио хотод маргааш эхлэх Дифлимпийн наадамд Монгол Улсын баг тамирчид оролцоход бэлэн болжээ. Өнөөдөр Монгол Улсын багт ...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд


