мэдээ
Ахмад үеийн дурсамжийг амжиж сонсъё

Админ
2025 оны 12 сарын 02

Баярын өдрүүдээр ахмадуудаасаа асуувал зүйтэй таван асуулт
“The New York Times” нийтлэлийн санааг Монгол ахуйд нийцүүлэн хөрвүүлэв
“The New York Times” саяхан ахмад настнуудаас шинэ оны баярын үед асуувал зохих асуултуудыг санал болгосон нийтлэл нийтэлж, хайртай хүмүүсийнхээ дурсамжийг амжиж сонсохын үнэ цэнийг онцолсон билээ. Тэдний санаанд бид бүрэн санал нэг ч уншигчдын өргөн хүрээнд илүү ойртуулахын тулд тус нийтлэлийн гол утгыг монгол ахуй, Монгол түүх, Монгол хүний амьдралын архиваар дахин тайлбарлан, өнгө аястай нь хамт хөрвүүлэв. Учир нь Америкийн унтлагын өрөө, дунд сургуулийн бүжиг, далайн эргийн хот гэх дурсамжуудын оронд монгол хүний бага нас гэрийн тооно, өвс үнэртсэн налуу тал, отрын жим, социализмын үйлдвэрийн уур савсаж байсан он жилүүдтэй холбогддог шүү дээ. Иймд бидний асуулт, хариулт өөр ч түүхийг үлдээх хүсэл адил юм. Шинэ оны уур амьсгал орж, баярын ширээ дүүрэн дулаахан яриа өрнөдөг ч бид ихэнхдээ өнөөдрийн ажил, хоол, цаг агаар, захын асуудал яриад оройг дуусгадаг. Гэтэл бидний хажууд сууж буй өвөө эмээ бол аман түүхийн том сан. Тэдний 70–90 жилийн амьдралын түүх бол архивын олон боть номын оронд ганц амьд амьсгалаар хадгалагдаж явна. Хэрвээ бид асуухгүй бол тэр хуудсууд эвгүйхэн салхинд хийсэж орхино. Харин ганц асуулт тавихад урьд өмнө огт сонсож байгаагүй дурсамж урсаж, өнгөрсөн зуун бидэн рүү дуугардаг. Юуны түрүүн тэднээс бага насных нь тухай асуувал яриа хамгийн зөөлөн өнгөөр эхэлдэг. “Та багадаа ямар хүүхэд байсан бэ?” гэхэд хүн өөрийн эрхгүй инээмсэглэж, нүдэнд нь тоглоомын талбай, мөсөн гол, морь унасан анхны өдөр тодордог. Хүүхэд насанд төрсөн байгалийн үнэр, цас хөлдөж хяхтнасан өглөө, анхны чимээтэй инээд гэх жишээний бүгд ахмадуудын сэтгэлд үүрд хадгалагдсан байдаг. Энэ асуулт түүхийн үүдийг дөнгөж нээдэг. Гэрийн тооноор багадаа юу хардаг байсан бэ? Хамгийн их загнуулсан ч хамгийн инээдтэй дурсамж тань аль вэ? Хоёрхон өгүүлбэр байж болно, гэхдээ тэр хоёр өгүүлбэр бидний удамд үлдэх намтар болох нь ч бий. Дараагийн асуулт ахмад хүний ахуй, амьдралын суурийг тайлна. “Танайх ямар амьдралтай байсан бэ?” гэхэд гэрийн голомт, унь, тооно, аав ээжийн дурсамжууд, мал сүрэг, айраг исгэлэн үнэртсэн зуны нүүдэл, хотоос алс хол амьдарч байсан эхлэл эхэлж ярьдаг. Малын тоо, уналгын морь, саалийн үнээ, буцсан намрын хонь, бүх зүйл тэдний дотор амьдаар оршиж байдаг. Зарим нь хот руу анх нүүсэн жилээ ярьж, автобус үзсэн нь гайхалтай байсан тухай хэлж магадгүй. Зарим нь гэрэл цахилгаангүй шөнөөр лааны гэрэлд хичээл хийж явсан тухайгаа нүдэндээ нулимс татуулан дурсангуй өгүүлж мэднэ. Энэ асуулт бол гэр бүлийн угийн бичгийг аман хэлбэрээр дахин бичихтэй ижил үнэ цэнэтэй. Гурав дахь асуулт өнгөрсөн зууны боловсрол, хөдөлмөрийн амьд бодит түүхийг амилуулдаг. “Таны сургууль, ажил амьдрал ямар байсан бэ?” гэхэд социализмын үеийн хичээлийн хонх, комсомолын тэмцээн, нормын үйлдвэр, бригадын хөдөлмөр, баяжих бус оршин тогтнохын төлөөх нүүр тулсан бодит амьдралын түүхүүд ил гарч эхлэх биз ээ. Анхны цалингаа гэртээ авчирсан шөнөө яаж догдолж байснаа ярьж магад. Эсвэл барилгын талбайд ажиллаж, хүйтэн салхинд нөмөргүй ч зүтгэж явсныгаа дурсаад бахархаж магад. Энэ бол зөвхөн нэг хүний амьдрал биш. Энэ бол Улаанбаатар босох, үйлдвэр ашиглалтад орох, улсад хүч түрэн буй болсон хөгжлийн шатан дээр өвөө эмээгийн маань орхисон мөр юм. Тэдний дуу хоолойг бид сонсохгүй бол Монголын түүх дутуу бичигдэнэ. Дөрөв дэх асуулт ухаан өвлөх мөчийг нээнэ. “Таны амьдралаас авсан хамгийн том сургамж нь юу вэ?” гэхэд ахмад настнуудын дуу хоолой намсаж, бодлын хүнд дархлааг агуулсан үгс тод гардаг. Тэд хожим ухаарсан үнэнийг бидэнд бусдаар биш, амьдралаасаа зөвлөдөг юм. Зарим нь гэр бүлээ хайрлах нь бүхнээс чухал гэдгийг хэлнэ. Зарим нь хүмүүсийг ойлгож тэвчих ухаан нас ахих тусам ирдэгийг дуулгана. Зарим нь залуу насандаа хийсэн алдаа хамгийн том багш болдог гэж сургамжилна. Энэ асуултад өгсөн хариулт бол хүнээс хүнд дамжих гэрлийн оч. Үр хүүхэд, удамд дамжих ухааны эрхи. Тав дахь асуултаар бид гэр бүлийнхээ өвийн зөөлөн сүүлчийн хуудсыг нээнэ. “Бидэнд үлдээх үг, захиж хэлэх зүйл?” гэхэд хүн өөрийн амьдралынхаа үнэ цэнийг шулуун үгээр хэлж эхэлдэг. “Бие биенээ хайрлаад амьдар” гэх ганц өгүүлбэр заримдаа бүх зүйлд хангалттай байдаг. “Нэр төрөө хайрла” гэх өгүүлбэр үр хүүхдийнх нь амьдралын зүг чиг болж үлдэнэ. Хүн амьдралаа биш, амьдралаас авч үлдсэн үнэнээ л удамдаа үлдээдэг билээ. Энэхүү асуулт хаалт биш, харин өвөг дээдсээс ирээдүй рүү гарсан залгамж холбоо юм. Эцэст нь санаарай ярилцлага эхэндээ эвгүй байж болно. Та асуултаа мартаж, тэд хариултаа бодож азнаж магадгүй. Гэхдээ төгс байх албагүй. Энэхүү уулзалт бичлэгтэй, эсвэл бичлэггүй байж болно. Цай чанаж, талх хуваан дэргэд суухад л хангалттай. Хамгийн чухал нь, асуугаарай. Учир нь асуултгүй түүх мартагддаг, харина суусан түүх үргэлжилдэг шүү. Өвөө эмээгийн дурсамж бидний үндэс. Бид асуувал тэдний дурсамж үүрд үлдэнэ.
Уг нийтлэл нь “The New York Times” сонинд 2025.11.25-нд хэвлэгдсэн эх нийтлэлийн агуулгыг ашиглан монгол ахуйд тохируулан дахин найруулж боловсруулсан болно.
Бичсэн: Dana G. Smith Монгол хувилбар:М.МЯДАГБАДАМ
“Эвлэрүүлэн зуучлалын эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” олон улсын онол, практикийн хэлэлцүүлэг болов
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ)-аас Европын Холбооны санхүүжилттэй Европ...
8 цагийн дараа
СХД-ийн 62 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа
Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 62 дугаар сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөл барих ажил есөн жилийн турш г...
7 цагийн дараа
Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла ирэх жил Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгч У.Хүр...
7 цагийн дараа
Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна
Арваннэгдүгээр сарын гуравдугаар дугаар арав хоногт манай орны ихэнх гол мөрөн, нууранд мөсөн зах, битүү мөсөн бүрхүүл тогтсон ба мө...
6 цагийн дараа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар тус улсад төрийн ай...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд


