Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 02

Валютын ханш

value

мэдээ

 Ихэнх аймагт шатахуун тасарч иргэд бухимдалтай байна

trend

Админ

img

2025 оны 12 сарын 02

news-img

Өнгөрсөн долоо хоногоос нийслэл болон орон нутагт дахин шатахууны хомсдол үүсч, иргэд колонкуудын гадаа олон цагаар оочерлож зогсох болсон гэх мэдээлэл цахим орчинд тархсан билээ. Анх шатахууны хомсдол ес, аравдугаар сард үүсч байсан. Тухайн үед салбарын сайд Г.Дамдинням “Иргэд өөрсдөө бензин нөөцлөөд байгаа учраас шатахуун түгээлт тасарч, зохиомол хомсдол үүссэн” гэх тайлбарыг хийж байсан юм. Үүнээс хэд хоногийн дараа дахин хомсдол үүсэхэд салбарын сайд шатахууны бодит хомсдол үүсээгүй. Шатахуун түгээх станцууд өөрсдөө зохиомол хомсдол үүсгэж үнэ нэмэх гэж байна гэх тайлбарыг хийсэн. Хамгийн сүүлийн байдлаар буюу аравдугаар сарын 29-ний өдөр салбарын сайд Г.Дамдинням “14:00 цаг гэхэд шатахуун түгээлт хэвийн үргэлжилж, хязгаарлалтгүй болно” гэх мэдэгдэл хийсэн байна.

Тэгвэл үүнээс хойш буюу арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар нийслэл хот болон 21 аймгийн хэмжээнд шатахуун түгээлтийн  нөхцөл байдал ямар байгааг тодрууллаа.


Улаанбаатар хот дахь шатахуун түгээлтийн нөхцөл байдал

“Сод Монгол” ШТС: Хотын зүүн хэсгээр шатахуун тасарсан байгаа. Мөн хотын төвөөр дизель түлш тасарсан. Орой гэхэд шатахуун түгээлт хэвийн болох байх. Одоо агуулахаас нийлүүлэлт бүх салбар руу хүргэгдэж байна.

“Петровис” ШТС: Нийслэлийн хэмжээнд шатахуун түгээлт хэвийн явагдаж байгаа.

“ Шунхлай ” Ш Т С : Өнөөдөр өглөө агуулахаас шатахууны нөөц ихэнх салбар руу түгээгдсэн. Тиймээс одоогоор шатахуун түгээлт хэвийн явагдаж байна.

21 аймгийн хэмжээнд шатахуун түгээлтийн нөхцөл байдал ийм байна

Баян-Өлгий аймаг “ Сод Монгол ” ШТС : Манай аймагт долоо хоног бүр шатахууны хомсдол үүсдэг. Өнөөдөр ч гэсэн ихэнх колонк шатахууны хомсдолтой байна. Ер нь хэвийн ажиллаж байгаа колонк алга. Бүгд ямар нэгэн байдлаар доголдолтой.

Увс аймаг “Шунхлай” ШТС: Манай аймагт өчигдөр оройн 20:00 цагаас шатахууны хомсдол гэнэт үүссэн. Одоо маш бага хэмжээгээр бензин өгч байна.

Увс аймгийн иргэн Л.Тулга: Улаангомын ихэнх шатахуун түгээх станцуудад түлш дууссан байгаа. Өчигдөр орой “Сод Монгол” ШТС түлш өгөхөө больсон. Миний мэдэж байгаагаар хоёр хоногийн өмнө Тариалан, Малчин, Давст сумдад шатахуун тасарсан гэсэн. Бусад суманд ч ялгаагүй шатахууны хомсдол үүссэн.

Ховд аймаг “Пеотровис” ШТС: Манайх алаг цоог өгч байна. Ховд аймгийн хувьд одоогоор шатахуун түгээлт бүр тасарсан колонк байхгүй. Гэхдээ бага багаар өгч байгаа.

Ховд аймгийн иргэн Ц.Амартайван: Колонкууд нэлээн оочертой байна. Би “Петровис”-ын гадаа өглөөнөөс хойш гурван цаг оочерлож зогслоо. Бусад газар оочер ямар байгааг танилаасаа асуухад ялгаагүй байна гэсэн. Хэзээ бензин авах юм бүү мэд. Зогсоод л байна. Өнгөрсөн долоо хоногоос Булган, Мөст, Дарви суманд шатахуун тасарсан гэсэн. Үнэхээр бухимдалтай байна. Дандаа тасарсан, байхгүй, амжилгүй гэх юм.

Баянхонгор аймаг “Сод Монгол” ШТС: Шатахуун тасарсан. Орой шатахууны нөөц ирнэ гэсэн. Иргэд их л асууж байна. Зарим хүн утсаар цаг, минутгүй залгаж асуух юм.

Баянхонгор аймгийн иргэн Ш.Насанбат: Аймгийн төвийн бүх колонк өглөө хоёр цаг бензин өгөөд хаасан. Өдөр, оройн цагаар шатахуун түгээхгүй байгаа. Залгаж асуухаар нөөц ирэхээр хэлье гэдэг. Хэзээ ирэх нөөц юм бүү мэд. Салбарын сайд нь шатахуун хэзээ ч тасрахгүй гээд байсан. Одоо байгаа царайгаа хар.

Завхан аймаг “Петровис” ШТС: Одоогоор шатахуун тасарсан байдалтай байна.

Говь Алтай аймаг “Сод Монгол” ШТС: Бензин тасарсан. Орой нөөц ирэхийг хүлээж байна.

Говь алтай аймгийн иргэн Г.Гантулга: Аймгийн төвийн бүх колонкод бензин тасарсан байгаа. Мөн хоёр, гурав хоногийн өмнөөс Цээл, Цогт, Бигэр, Дэлгэр, Есөнбулаг сумдад бензин тасарсан гэсэн. Аймгийн төв дээрээ ийм байгаа юм чинь сум ч аргагүй биз дээ. Одоо бензингүй машинаа өвлийн хүйтэнд түрээд явах юм уу, бүү мэд. Худал ярьдаг дарга нарынхаа үр шимийг ингэж л эдэлж байна даа. Нөөц, нөөц л гэдэг. Хэзээ ирэх нөөц вэ.

Өвөрхангай аймаг “Шунхлай” ШТС: Алаг цоог л өгч байна.

Өвөрхангай аймгийн иргэн У.Батсайхан: Бүх колонк их оочертой байна. Шатахуун бүрмөсөн дууссан колонк байхгүй. Маш бага хэмжээгээр л бензин өгч байна. Өчигдрөөс Төгрөг, Зүүнбаян суманд шатахуун юу ч үгүй тасарсан гэсэн.

Архангай аймаг “Шунхлай” ШТС: Манай шатахуун түгээлт одоогоор зогссон. Орой нөөц ирэхийг л хүлээж байна. Мэдээж, иргэд их бухимдаж байна.

Архангай аймгийн иргэн Ж.Дэлгэрбат: Манай аймагт ганцхан “Сод Монгол” түлш өгч байгаа. Харин “Петровис” бензин өгч байна. Бусад колонкуудад шатахуун тасарсан. Бараг өвөлжин шатахуун тасрах юм биш үү. Сүүлийн гурван сар нөөц ирнэ, удахгүй хэвийн болно гэж яамны сайд, дарга нар өчнөөн худал ярилаа. Одоо үнэнээ хэлэх болсон шүү.

Хөвсгөл аймаг “Шунхлай” ШТС: Алаг цоог л өгч байна.

Хөвсгөл аймгийн иргэн Б.Нямсүрэн: Өчигдөр оройноос бүх колонкийн гадаа оочерлож зогсоод ч шатахуун олж авч чадсангүй. Өнөөдөр “Петровис”-ын гадаа оочерлож байна. Шатахуун авч чадах юм уу, бүү мэд. Миний сонссоноор Тариалан, Цагаан-Уул, Цэцэрлэг суманд түлш тасарсан гэсэн.

Булган аймаг “Петровис” ШТС: Шатахуун түгээлт хэвийн явагдаж байна. Зарим аймагт шатахуун тасарсан гэж байсан. Манай аймагт нөхцөл байдал харьцангуй гайгүй байгаа.

Дорнод аймаг “Шунхлай” ШТС: Шатахуун түгээлт хэвийн явагдаж байна. Одоогоор шатахуун хомсодсон, тасарсан гэсэн асуудал үүсээгүй. Манай аймгийн бүх колонк хэвийн ажиллаж байгаа.

Дорноговь аймаг “Шунхлай ” ШТС: Шатахууны хомсдолтой байна. Өглөө хэдэн машинд шатахуун өгөөд хаасан. Орой нөөц ирнэ гэсэн.

Дорноговь аймгийн иргэн Х.Ариунсанаа : Өнгөрсөн долоо хоногоос эхлээд бүх колонк бага хэмжээгээр шатахуун өгсөн болоод л хаадаг болсон. Тэгээд нөөц ирэхээр хэлье гэдэг. Дээр нь шатахуун өгч байгаа хэдхэн колонкийн оочер нь дийлдэхгүй. Нөхцөл байдал Улаанбаатар хоттой адилхан байна. Шатахууны нөөц ирнэ, удахгүй хэвийн болно гэж хэдий хүртэл биднийг хуурах гэсэн юм.

Өмнөговь аймаг “Сод Монгол” ШТС: Шатахуун тасарсан байгаа.

Өмнөговь аймгийн иргэн Г.Дэлгэрэх: Манай аймгийн колонкууд өлөө 9:00-12:00 цагийн хооронд бага, бага хэмжээгээр шатахуун өгөөд хааж байгаа. Ингэхдээ нэг, эсвэл хоёр колонк л шатахуун өгдөг. Бусад нь бараг ажиллахгүй байгаа гэж хэлж болно. Тэгээд өдөр, орой ямар ч шатахуун түгээлт байхгүй. Арав хүрэхгүй хоногийн дараа дахиад л шатахуунгүй болчих юм. Яачихсан төр засаг гэхээрээ ийм байдаг юм бэ. Өнөө орой жаахан нөөц ирнэ. Тэгээд удахгүй долоо хоногийн дараа дахиад тасарна. Ерөөсөө ийм л цикльтэй болчихлоо.

Булган, Эрдэнэт, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудад шатахуун түгээлт хэвийн үргэлжилж байна.

А.Даваадулам

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Бүгд Найрамдах Итали Улстай “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар тус улсад төрийн ай...

img

3 цагийн дараа

Токиогийн их дуулгад манай улсаас 16 жүдоч зодоглоно

Япон улсын нийслэл Токио хотод жүдо бөхийн их дуулга арванхоёрдугаар сарын 6-7-ны өдрүүдэд болно. Тэмцээнд одоогийн байдлаар 43 орны...

img

2 цагийн дараа

Төмөр хайсанд орооцолдсон бугыг суллан байгальд тавив

Богдхан уулын Чандманийн ам гэх газарт Буга эврээрээ торон хашаанд орооцолдсон байна гэх дуудлага мэдээлэл иржээ. Уг мэдээллийн дагу...

img

2 цагийн дараа

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлаар хуралдлаа

Монгол Улсын Их Хурал Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг баталсан хэдий ч тус хуулийн хэрэгжилт хангалтгүй б...

img

2 цагийн дараа

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч Ц.Ууганчимэг: Өмнөговь аймгийн Ноён сумын 500 орчим хүнд үнэ төлбөргүй эрүүл мэндийн тусламж үзүүллээ

Орон нутгийн иргэдэд үнэ төлбөргүй эмчилгээ үзүүлж, сайн үйлсийн аян хийж буй Өмнөговь аймгийн Ерөнхий боловсролын Нэгдүгээр арван ж...

img

1 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд