мэдээ
Ч.Пүрэвзана: Сард 15-30 мянган төгрөг төлөөд дулаахан өвөлжих боломжтой халаагуур бүтээлээ

Админ
2025 оны 12 сарын 07

Бага зардлаар дулаахан өвөлжих боломжийг тогтмол гүйдлийн халаалтаар шийджээ. Уг халаагуурыг зохион бүтээсэн Ч.Пүрэвзанаатай ярилцлаа.
-Таны зохион бүтээсэн энэхүү халаагуур бусад халаалтын системээс юугаараа давуу талтай вэ. Онцлогоос нь ярихгүй юу?
-Миний бие “ZXXI” нэрээр төрөл бүрийн халаагуурын брэнд гаргаж байгаа юм. Одоогийн байдлаар туршилт судалгаанууд дууссан байна. Долоон жилийн хугацаанд судалгаагаа хийгээд, хэрэглэгчдэдээ хэдийнэ танил болоод эхэлсэн. Энэ халаагуурын онцлог нь нэгдүгээрт, бусад тень, халаагуур бүгд нехрон буюу улайсаж халдаг утастай. Тэгвэл манай халаагуур нано технологиор бүтсэн учраас утасгүй гэсэн үг. Энгийнээр тайлбарлавал 24
вольтоор 250-288 ваттаар +150 градус хүртэл хална. Өөрөөр хэлбэл, бүтээл физикийн хууль зөрчигдсөн бүтээл юм. Яагаад физикийн хууль зөрчөөд байна вэ гэвэл Америк, Япон, Хятад зэрэг өндөр хөгжилтэй орны халаагуурууд 10м.кв хэмжээтэй талбайг хамгийн багадаа 1000 ватт буюу 1 кВт эрчим хүчээр халаадаг. Тэгвэл манайх 24 вольт мөртлөө 250-280 ватт эрчим хүчээр халааж байгаа учраас энэ нь ямар ч боломжгүй техникийн үзүүлэлт юм. Үүнийг хууль зөрчлөө гэж ярьж байгаа юм. Хятадууд, оросууд бүгд ирж үзээд халж байгааг нь харсан болохоор хүлээн зөвшөөрсөн л дөө.
-Цахилгаан зарцуулалт ямар байдаг юм бол. Сард хэдэн төгрөг төлөх вэ?
-Жишээ хэлье л дээ. 288 ватт гэдэг нь 1000 ватт хүрч байж 1 кВт болох учраас энэ эрчим хүчээр манай 3-4 халаагч 30-40 м.кв талбайг халаах юм. Ер нь ямар ч халаалтын төхөөрөмж тухайн айлын дулаан алдагдлаас мөн шалтгаална. Айлуудын дулаан алдагдал янз бүр байдаг. Манай халаалтын хувьд дотроо +150 градус, гаднаа +110 +120 градус хүртэл халдаг. Халаагуурын хүчин чадлыг талбайн хэмжээгээр нь тооцдог. Халаах хүчин чадал нь дулаан алдагдалгүй бол 15 м.кв, дулаан алдагдалтай бол 10 м.кв талбайгаар тооцно. Дунджаар 10 м.кв талбайг сард 15-30 мянган төгрөг төлөөд халаах боломжтой. Тэгэхээр сард 15-30 мянган төгрөг төлөөд гэр, байшингаа халаах боломжтой халаагуурыг бид бүтээсэн. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын айлууд өдөрт нэг шуудай нүүрс хэрэглэдэг гэж бодоход сардаа 30 шуудай нүүрс түлнэ. Тэр хэрээр утаа ялгарч байгаа. Харин энэ халаагуурыг хэрэглэвэл хамгийн ихдээ 10 шуудай нүүрсний үнээр л нэг сар гэрээ халаачихна гэсэн үг шүү дээ.
-Халаагуур нь ямар үнэтэй вэ?
-550 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Бусад халаагуурууд нехрон утастай учраас шатдаг. Манайх утасгүй учраас шатахгүй гэсэн үг. Ер нь цахилгаан бараанууд 1-3 жилийн баталгаа өгдөгтэй адил бид гурван жилийн баталгаа өгч байгаа.
-Хот хөдөө, тогтой тоггүй гээд хаана ч ашиглах боломжтой гэсэн үг үү?
-Тийм. Хөдөөний малчин айлууд тоггүй мөртлөө нарны эх үүсвэрийг ашигласан гэрэлтүүлэгтэй байдаг. Үүнтэй адил малчин айлууд шууд манай халаагуурыг аваачаад залгахад хална гэсэн үг. 220 вольт болон 24-ийн вольтоор ч ажиллана. Тэгэхээр тоггүй газар ч хүн дулаахан амьдрах боломж байгаа. Улаанбаатарын айлууд ч зөндөө авч хэрэглэсэн. Ер нь 24 вольтоор өндөр дулаан үйлдвэрлэж байгаа технологи манайхаас өөр аль ч улсад одоохондоо байхгүй. Манайхан Оросын янз бүрийн халаагч хэрэглэж байгаа. Тэр нь 220 вольтын 400 ватт юм. Тэгэхээр одоогийн байдлаар хамгийн бага мөнгө төлөөд, гэрээ халаадаг халаагч нь бидний бүтээсэн халаагуур болсон байна.
Энэ халаагуур нь тогтмол гүйдлээр ажилладаг. Тогтмол гүйдлийг тогтмол хүчдэл шаардлагатай тохиолдолд буюу электрон төхөөрөмж, цахилгаан машин, сэргээгдэх эрчим хүчний систем, тэр дундаа нарны хавтан зэрэг батарейгаар ажилладаг системд ашигладаг. Хувьсах гүйдлээс ялгаатай нь тогтмол гүйдлийн урсгал нь хэлбэлзэх шаардлагагүй, илүү тогтвортой буюу илүү мэдрэмтгий системүүдэд ашигтай байдаг.
-Сүүлийн үед дулаанаа нөөцөлдөг халаагуур хэрэглээнд нэвтрээд эхэлсэн. Дулаанаа нөөцөлдөг зохицуулалт бий юу?
-Манайхан тоосгоор дулаанаа нөөцөлдөг гэх мэт төрөл бүрийн халаагуурууд хэрэглэж байна. Тэд бол 220 вольтоор 2000-3000 ваттын хэрэглээтэй гэсэн үг. Тэгвэл манайх ингэх шаардлага байхгүй. Нэг юм уу, хоёр цаг ажиллаад 15 минут амарна. Халаагуур маань өөрөө кварцын чулуу учраас амарч байх хугацаандаа дулаанаа барьчихдаг. Тэгэхээр нөөцлөөд байх шаардлагагүй.
-Танайх захиалагч ихтэй байдаг уу. Өдөрт хэдэн ширхэг халаагуур үйлдвэрлэдэг юм бол?
-Захиалга маш ихтэй. Ер нь урьдчилаад захилгаа авахгүй бол эдийн засгийн хувьд ямар ч дэмжлэг байхгүй шүү дээ. Би долоон жилийн хугацаанд ноцолдоход асар их санхүүгийн эрсдэл гаргасан. Уржнан жил тооцоход зөвхөн туршилтад гэхэд 280-аад сая төгрөг зарцуулсан байна лээ. Ер нь хэцүү л дээ. Хэрвээ бүтээгүй байсан бол шатаад дуусах байсан. Одоогийн байдлаар тодорхой хэмжээний урьдчилгаа мөнгө аваад халаагуураа хийж өгч байгаа. Тэгэхгүй бол миний хувьд санхүүгийн боломж бага. Хүмүүс үйлдвэрлэлийн горимд шилжүүлээч гэж хэлдэг л юм. Гэтэл тэр хэмжээнд очихын тулд тоног төхөөрөмжөөс эхлээд маш их хөрөнгө хэрэгтэй.
-Та ийм бага зардлаар Улаанбаатарыг утаанаас салгах боломжтой технологи зохион бүтээснээ шийдвэр гаргагчдад танилцуулсан уу?
-Нүүрсний хулгайн сонсголын үеэр би энэ төхөөрөмжөө дарга нар, эрх бүхий хүмүүст танилцуулж байсан юм. Тэгэхэд өөдөөс зуух, яндан, утаа, нүүрс яриад байсан. Тийм болохоор хэн нэгнээс тусламж хүсээгүй л дээ. Үнэхээр санхүүгийн боломж байдаг бол үйлдвэрлэл болгох боломжтой. Уг нь утаанаас ийм бага төсөв зарцуулаад салах боломжтой байгаа биз. Одоогоор би өөрийнхөө гараараа халаагуураа угсарч бэлэн болгодог учраас өдөрт дөрвөн ширхэгийг л хийх боломжтой. Хэрэв үйлдвэрийн горимд шилжээд тоног төхөөрөмжтэй болчихвол үүнээс ч олныг зах зээлд нийлүүлж чадна. Тоног төхөөрөмжтэй болоход 100 гаруй сая төгрөг хэрэгтэй болохоор одоохондоо захиалагчдадаа урьдчилгаа мөнгө авахаас ч өөр замгүй. Ер нь надад тооцсон, төлөвлөсөн маш их инноваци, технологиуд бий л дээ.
-Өртөг зардлаас эхлээд шинэ зүйл бүтээхэд бэрхшээл тулгарах нь ойлгомжтой байх?
-Нэг зовлон байдаг нь юм хийгээд, нэмээд байх тусам өртөг нь өсдөг. Ингэхээр манайхан яг үнэнийг хэлэхэд авч чадахгүй шүү дээ. Бас нэг зүйл нь Монголд юу ч байхгүй. Нэг ширхэг боолт ч байхгүй. Бүгдийг нь гаднаас оруулж ирнэ. Бүх юм 100 хувь гадны хараат болчихсон. Уг нь өөрсдөө хийдэг бол арай өөр л дөө. Дандаа импортын бараагаар түшиглэж хийнэ гэхээр өртөг өндөр байна гэсэн үг. Жишээ нь, ноднин жил би Франц, Чехээс зарим материалаа авсан, Хятадаас ч авдаг. Тэр үед юань 502 байсан бол энэ жил нэмэгдчихсэн. Ингээд бодохоор өндийхөд маш хэцүү. Үнээ нэмчихээр л хүмүүс авч чадахаа больчихож байгаа юм. Хүмүүс “Монголд юм хийхээр дампуураад байна” гээд хэлдэг шүү дээ. Яг үнэнийг хэлэхэд, үйлээ үзэж л юм бүтээж байна даа. Гэхдээ бидний бүтээсэн халаагуур шиг ийм бага өртгөөр гадны орнууд халаалтаа шийдэж чадаагүй байгаа гэдгийг л бардам хэлнэ.
-Ингэхэд та өөрөө ямар мэргэжилтэй хүн бэ?
-Би театрын зураач мэргэжилтэй. Сүүлд анагаахын чиглэлээр төгссөн. Одоогийн хийж байгаа зүйл маань физик гэхээсээ илүү химийн талын зүйлүүд л дээ. Гэхдээ би энэ бүгдийг яагаад хийсэн бэ гэвэл хар багын л ийм зүйл оролддог хүүхэд байсан. Манай багш нар, ангийнхан ч мэднэ. Янз бүрийн юм угсарч, хольж, нийлүүлдэг хүүхэд байлаа. Одоогийн залууст ч хэрэгтэй шүү дээ. Ингэж байж л шинэ бүтээл, шинэ инноваци төрдөг. Гэхдээ тухайн хүний өөрийн, хичээл зүтгэл, хүсэл сонирхлоос хамгийн их шалтгаалдаг даа.
Г.БАЛГАРМАА
Мансууруулах төрлийн ургамал тариалсныг илрүүлжээ
Байгалийн ургамлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийжээ. Нийт 128 иргэн, хуулийн этгээдийг хамруулж, 61 удааги...
5 цагийн дараа
“Чингис хаан” үзэсгэлэнг Литва Улсад нээнэ
“Чингис хаан” үндэсний музейн захирал, Aкадемич С.Чулуун Балтын тэнгисийн гурван улсын нэг Литва Улсын нийслэл Вильнюс хотноо Үндэсн...
4 цагийн дараа
“Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан” гэв
Нийслэлийн хэмжээнд энэ онд нийт 204 мянган ам.метр явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнээс 60 ...
4 цагийн дараа
Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн барилдаанд Улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ
Ардчилсан хувьсгалын 35, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25, Ардчилсан холбоо байгуулагдсаны 36 жилийн ойд зориулсан улс, аймаг, ц...
4 цагийн дараа
Хотын утаа ямар байна, хүмүүс ээ
Явган хүний зам халтирах нь гайгүй болсон байна. Тэр гонзгой дөрвөлжин боржин чулуу гадаргуу нь барзгар учир цасыг нь цэвэрлэчихсэн ...
3 цагийн дараа
Сэтгэгдлүүд


