мэдээ
Доктор Г.Батсуурь: Хүн төрөлхтөн IT-гийнхны мэдэлд шилжиж таарна

Админ
2025 оны 12 сарын 07

МУБИС-ийн Утга зохиолын тэнхимийн багш, Хэл бичгийн ухааны доктор, уран зохиол шүүмжлэгч Г.Батсуурьтай сүүлийн үед хүмүүс уншсан зүйлээ, тэр ч байтугай хүний яриаг сонсоод ч ойлгохоо больсон нь ямар учир шалтгаантай талаар ярилцлаа.
-Сүүлийн үед хүмүүс уншсан зүйлээ ойлгохоо больжээ. Тэр ч байтугай хүний яриаг сонсоод ч ойлгохгүй, эргүүлж асуугаад байдаг. Энэ нь цахим орчинд илт анзаарагдаж байна. Хаяг, үнээ хэлээд дуусангуут “Хаяг хаана вэ”, “Үнэ хэд вэ” гээд байдаг. Уг нь мэдээллээ текстээр болон аман хэлбэрээр өгөөд байгаа харагдах юм. Энэ нь ганц, хоёр хүн дээр ч биш нийтээрээ шахуу, хавтгай үзэгдэл болжээ. Үүнийг та юутай холбоотой гэж бодож байна вэ?
-Тийм байдал ажиглагдаж байгаа. Ялангуяа оюутнуудын хувьд жишээ нь, чат групп дээр “Дараагийн долоо хоногт асуугдах боломжтой шүү” гээд биччихэд яг доор нь “Багш аа, дараагийн хичээл дээр асуугдаж болох уу?” гэж эргүүлээд асуух нь түгээмэл болсон. Иймэрхүү байдал олон шалтгаантай гэж бичиж байна. Хүн төрөлхтөн бактери, вирус гээд олон зүйлүүдийг даван туулж чадсан юм байна. Харин ХХI зууныг нейроны зуун гэж бичиж байна. Аутизмаас эхлээд янз бүрийн эмгэгүүд маш их болж байгаа, заримыг нь бүр нэрлэж ч амжаагүй байх шиг байна. Хүүхэд хэлд орохгүй удах, хэт хөдөлгөөнтөх гээд юу юу ч байгаа юм. Насанд хүрэгчдийн хувьд ч адил.
-Энэ нь огт уншихгүй, унших дадал суулгахгүй байгаатай холбоотой юу. Мөн уншсан зүйлээ бодож, задлан шинжилж, зөв дүгнэлт хийхгүй байна уу?
-Тэгэхээр бид залуу үеэ эд нар уншихгүй байна, хичээхгүй байна гээд буруутгаад орхиж болно, энэ их амархан. Угаасаа үе хоорондын зөрчил гэж ямагт байдаг зүйл. Биднийг хүүхэд байхад ахмад үеийнхэн “Одооны хүүхдүүд болохоо байжээ” гэж толгойгоо сэгсэрдэг л байсан. Гэтэл өнөөдрийн хувьд уг шалтгаан нь өөр байх шиг.
-Энгийн тексттэй мэдээ, материалыг уншаад огт ойлгохгүй байгаа хүн том хэмжээний бичвэр, мэргэжлийн үг хэллэгтэй ахисан түвшний материал уншаад ойлгохгүй гэдэг нь ойлгомжтой шүү дээ?
-Юм ойлгохгүй байгаагийн эхний шалтгаан нь мэдээллийн асар хурдтай тасралтгүй үргэлжлэх урсгал бололтой. Энэ их мэдээллийн урсгал дунд хүн дараа дараагийн шинэ мэдээллийг хайгаад нэг зүйл дээр тогтож чадахгүй болж байна. Хоёр дахь шалтгаан нь миний бодлоор гар утасны дарангуйлал. Гар утсаа мартсан хүн бол толгойгоо мартсан хүн болж. Хуучин хэн нэгний утасны дугаарыг асуухад бид хэлээд өгдөг байсан бол одоо мессэж явуулъя гэдэг болсон. Багш хичээл зааж байхад бид тэмдэглэж авдаг, тогтоож авдаг байсан, одоо бол зургийг дарж авахыг хичээдэг болсон. Эндээс харахад гар утас бол бидний толгойг орлосон. Нэг талаасаа тархи ачаалал бага авч амар байгаа юм шиг мөртлөө нөгөө талаасаа идэвхгүй ажиллагаагүй болж байгаагаас нөгөө ойлгох, тогтоох процессууд нь үгүй болж байна. Өөрөөр хэлбэл, хиймэл оюун ухаан, ухаалаг утас бидний тархийг ажилгүй болгож байна.
-Техник технологийн хөгжлөө дагаад дандаа бэлэн зүйл авсаар байгаад тархиа ажиллуулах дургүй болоод байна гэж хэлэх гээд байна уу?
-Хуучин цагт өмнөх юмыг сайн мэддэг хүнийг мэдлэгтэй хүн гэдэг байсан. Жишээ нь, би Монголын уран зохиолын өнгөрсөн түүхэнд тохиолдсон ихэнх яруу найрагчдаас багадаа хоёр мөр шүлэг мэддэг, гэтэл өнөөдөр ийм мэдлэгтэй хүн бараг “хогийн сав” л болж байна. Одоо бол байгаа мэдлэгийг ойлгоод ирээдүйг төсөөлж чаддаг, өөрөөр хэлбэл, мэдлэг бүтээдэг байх нь чухал болжээ.
-Гаднаас нь харахад, залхуу ч юм шиг санагдана. Жаахан яриад суухаар “Энэ хүний тархи, мэдрэл, сэтгэц зүгээр байгаа даа” гэж санаа зовохоор хэмжээнд хүрчихсэн хүмүүс ч таарах юм гээд зарим нь пост бичсэн харагддаг. Ер нь энэ цаг үеийн залуусаас таалагдах зүйл өнөөгийн нийгэмд байна уу?
-За унших, уншихгүйн тухайд бол асуудал мэдээж бий. Гэхдээ одооны залуус уншихаа больж гэж буруутгахаас гадна нөхцөл байдлын өөрчлөлтийг тооцох ёстой. Шинэ үе бол шинэ л байдаг болохоор аль шинэ, сайхан, сонирхолтой, содон юманд татагдана. Бидний үеийнхэн ухаантай болохоороо ном сайн уншдаг байсан юм биш шүү дээ.
Бидний үед хамгийн сонин, сайхан юм нь ном л байсан. Уран зохиолын хичээл дээрээ нууцаар ном уншиж байгаад багшдаа баригдан зодуулах нь наад захын зүйл байлаа. Гэтэл өнөө үеийнхний хувьд хамгийн сонин сайхан юм нь ном биш болчихоод байна. Тэгэхээр тэднийг буруутгах аргагүй, одоо ингээд хүн төрөлхтөн IT-гийнхны мэдэлд угаасаа шилжиж таарна.
-Хүн төрөлхтөн өнгөрсөн, одоо, ирээдүй хэмээх гурван цагийн хэлхээс дээр оршин тогтнож ирсэн. Энэ цаг үед техник технологийн өндөр хөгжлөө дагаад мэдээллийн урсгал хурдтай болсон ч хүний тархи унтаа болчихжээ. Цаашид яах бол?
-Цаашид яахав гэдгийг мэдээж би хэлж чадахгүй, зүгээр ядаж л ном, мэдлэг гэдэг зүйлээ залуу үеийнхний хэрэгцээнд нийцүүлэх, цахим болгох, өөр шинэ хувилбаруудыг бий болгох шаардлага тулгамдаж байна. Ялангуяа манай хүүхдийн уран зохиол одоо хэддүгээр зуунд ч яваад байгаа юм бэ дээ. Шууд хэлэхэд, манай хүүхдийн уран зохиол нэн шинэ үеийн хүүхдийн хэрэгцээг хангаж чадахгүй байна. Нөгөө талаас гэр бүл, сургуулийн орчинд хүүхдийг аль болох тогтвортой байдалд сургах нь чухал юм шиг л анзаарагдаж байна. Тэгээд гар утасны хэрэглээг зүй зохистой болгох хэрэгтэй байх, энэ асуудал бүр нярай, нялх балчир үеэс нь эхлэх байх, сургуульд орж байгаа зургаан настай хүүхдийн хувьд ихэнх зүйл оройтсон байх нь түгээмэл ажиглагдаж байна даа.
Г.ГАНЧИМЭГ
Мансууруулах төрлийн ургамал тариалсныг илрүүлжээ
Байгалийн ургамлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийжээ. Нийт 128 иргэн, хуулийн этгээдийг хамруулж, 61 удааги...
5 цагийн дараа
“Чингис хаан” үзэсгэлэнг Литва Улсад нээнэ
“Чингис хаан” үндэсний музейн захирал, Aкадемич С.Чулуун Балтын тэнгисийн гурван улсын нэг Литва Улсын нийслэл Вильнюс хотноо Үндэсн...
4 цагийн дараа
“Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан” гэв
Нийслэлийн хэмжээнд энэ онд нийт 204 мянган ам.метр явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнээс 60 ...
4 цагийн дараа
Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн барилдаанд Улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ
Ардчилсан хувьсгалын 35, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25, Ардчилсан холбоо байгуулагдсаны 36 жилийн ойд зориулсан улс, аймаг, ц...
4 цагийн дараа
Хотын утаа ямар байна, хүмүүс ээ
Явган хүний зам халтирах нь гайгүй болсон байна. Тэр гонзгой дөрвөлжин боржин чулуу гадаргуу нь барзгар учир цасыг нь цэвэрлэчихсэн ...
3 цагийн дараа
Сэтгэгдлүүд


