мэдээ
Хөгшрөлт бол хувь тавилан биш: 100 наслах нь шинэ, хэвийн байдал болж байна

Админ
2025 оны 12 сарын 09

Насжилтыг хувь хүн бүрийн зайлшгүй туулдаг, өөрчлөх боломжгүй биологийн үйл явц гэж олон зууны турш ойлгож ирсэн. Харин өнөөдөр шинжлэх ухаан энэ ойлголтыг үндсээр нь өөрчилж эхэллээ. Эрдэмтэд насжилтыг хэмжих, тодорхойлох , улмаар удаашруулах, бүр эсийн түвшинд хэсэгчлэн буцаах боломжтойг нээж, үүний үр дүнд “лонжевити” буюу урт наслалтын шинжлэх ухаан хүчтэй хөгжиж байна. Ингэснээр эрүүл мэндийн систем, ажил мэргэжлийн тогтолцоо, нийгмийн бүтэц, эдийн засгийн төлөвлөлт зэрэг олон салбарт шинэ сорилт, асуултууд урган гарч, хүн төрөлхтний ирээдүйг дахин төсөөлөх шаардлага үүсээд байна. Өнгөрсөн зуунд анагаах ухаан эхлээд халдварт өвчнийг, дараа нь архаг өвчнийг дарах дээр төвлөрч ажилласнаар хүний дундаж наслалт эрс өссөн. Гэвч сүүлийн жилүүдэд энэ өсөлт бараг зогсож, урт наслах нь хэвийн үзэгдэл болсон ч түүнээс цааш ахихгүй байгаа нь одоогийн эрүүл мэндийн тогтолцооны хязгаарлалтыг илчиллээ. Учир нь олон өвчний гол шалтгаан бол насжилт өөрөө байхад бид насжилтыг оношлох, удирдахаас илүү өвчний үр дагаврыг л эмчилсээр иржээ. Энэ зөрчил нь эрүүл мэндийн салбарыг шинэ чиглэл рүү хөтөлж, өвчлөхөөс өмнө насжилтыг удаашруулж, эрүүл насыг уртасгахыг зорьдог хандлага дэлхий нийтэд хүчтэй анхаарал татахад хүргэж байна. Насжилтын шинжлэх ухаан сүүлийн хорин жилд асар том дэвшил гаргасан аж. Японы эрдэмтэн Шинья Яманакагийн нээлт насанд хүрсэн эсийг тодорхой генетикийн тохиргоогоор залуу төлөвт буцаах боломжтойг нотолсон нь томоохон эргэлт болсон. Эрдэмтэд мөн насжилтын гол шалтгаан болсон 12 биологийн механизмыг нарийвчлан тодорхойлсны дунд ДНХ-ийн гэмтэл, митохондрийн доройтол, эпигенетикийн өөрчлөлт зэрэг хүний хөгшрөлтийн үндэс болсон олон үйл явцыг нэрлэжээ. 2019–2024 оны хооронд дэлхий даяар насжилтын судалгааны тоо хэдэн арван мянгаар өсч, академик хүрээнд ч, эмийн компаниудын түвшинд ч энэ чиглэлийн эрэл хайгуул эрс нэмэгдсэн байна. Шинжлэх ухааны ололтуудын зэрэгцээ лонжевити буюу урт наслалтын бизнесийн салбар ч хүчтэй өсөж байна. 2025 он гэхэд дэлхий даяар энэ чиглэлд ажилладаг 3500 гаруй компани бий болж, зөвхөн 2020 оноос хойш 25 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оржээ. “Alphabet” компанийн дэмждэг Calico, Jeff Bezos- ийн хөрөнгө оруулалттай Altos Labs, эсийн гэмтэлтэй “зомби эс”-ийг устгах эмчилгээ боловсруулж буй Unity Biotechnology, мөн хиймэл оюун ухаан ашиглан эмийн молекулын нээлт хийдэг InSilico Medicine зэрэг байгууллагууд насжилттай тэмцэх шинэ технологи хөгжүүлж, салбараа тэргүүлж байна. Хамгийн их хөрөнгө татсан компаниуд хэдэн тэрбумаар үнэлэгдэх болсноор энэ салбар зөвхөн судалгааны түвшний биш, дэлхийн эдийн засгийн томоохон чиглэл болон өргөжжээ. Шинжлэх ухааны судалгаанууд зах зээл рүү маш хурдан нэвтрэхийн хэрээр олон төрлийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гарч ирсэн байна. Хүний биологийн насыг тодорхойлох тест, NAD+ нэмэлтүүд, митохондрийн үйл ажиллагааг дэмжих хүнсний бүтээгдэхүүнүүд, глюкозын мэдрэгч, унтлагын хяналтын төхөөрөмж, генетик мэдээлэлд суурилсан хувь хүнд тохирсон хооллолтын хөтөлбөр зэрэг нь нийгэмд түгээмэл болж байна. Зарим оронд насжилтын клиникүүд үүсч, гормоны тэнцвэржүүлэлт, метаболик эрүүл мэндийг дэмжих программ, эсийн залуужуулалт зэрэг үйлчилгээг санал болгодог болсон нь урьд өмнө зөвхөн судлаачдын түвшинд ярьж байсан зүйлс бодит амьдрал руу шилжиж байгааг харуулж байна. Эдгээрээс гадна лонжевити салбарын ар талд томоохон экосистем бүрдэж байна. Биологийн маркер хэмждэг лабораториуд, туршилтын эмийн судалгааг хурдасгадаг байгууллагууд, урьдчилан сэргийлэх тусламжийг эрүүл мэндийн даатгалд хамруулах шинэ санхүүгийн механизм, AI-тэй уялдсан биологийн загварчлалын төвүүд, мөн эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд зориулсан шинэ хөтөлбөрүүд зэрэг олон салбар шинээр хөгжиж байна. Энэ бүхэн урт наслалтын шинжлэх ухаан дан ганц эрүүл мэндийн асуудал биш, өөрийн гэсэн томоохон эдийн засаг, технологийн бүтэц болж буйг харуулдаг. Харин хүн илүү удаан, эрүүл амьдрах боломжтой болох нь нийгмийн амьдралын бүхий л талд хүчтэй өөрчлөлтийг авч ирнэ. Хэрвээ хүн 100, эсвэл 110 нас хүртэл хөдөлмөрийн чадвартай байна гэж үзвэл одоогийн тэтгэврийн тогтолцоо үндсээрээ өөрчлөгдөх шаардлагатай болно. Нэг хүн амьдралынхаа туршид хоёр бус гурваас дээш мэргэжил эзэмших, ажил мэргэжлийн олон шат дамжлага туулдаг хэв маяг түгээмэл болно. Гэр бүлийн бүтэц ч өөрчлөгдөж, олон үеийнхэн зэрэг хөдөлмөрийн насанд байх нөхцөл үүснэ. Нийгмийн нөөц, байгалийн хэрэглээ, хүрээлэн буй орчны ачаалал хүртэл урт наслалтаас шууд хамааралтай болно. Харин урт наслах боломжийг зөвхөн чинээлэг хэсэг гарт байлгавал эрүүл мэндийн тэгш бус байдал эрс нэмэгдэх эрсдэлтэй. Иймээс урт наслалтын технологи хөгжихийн зэрэгцээ бодлогын түвшинд ч том хэмжээний шинэчлэл хэрэгтэй. Насжилтыг өвчин мэт ангилж эмчилгээ, төлбөрийн зохицуулалт хийх; урьдчилан сэргийлэх тусламжийг үндсэн эрүүл мэндийн үйлчилгээний хэсэг болгох; нийгэм, гэр бүл, байгаль орчны тогтолцооны өөрчлөлтөд урьдчилан бэлтгэх шаардлагатай. Энэ бүхэн зөвхөн эрдэмтэд, эмч нарын ажил биш, улс төр, бизнес, боловсрол, иргэдийн оролцоотой өргөн хүрээний шинэчлэл болно. Эцэст нь хэлэхэд, хүн төрөлхтөн илүү урт, илүү эрүүл амьдрах боломж руу бодитойгоор ойртож байна. Насжилтыг биологийн түвшинд удирдах боломжтой гэж үздэг шинэ эрин ирж байгаа бөгөөд энэ шилжилт нь эрүүл мэндийн систем, нийгмийн бүтэц, эдийн засгийн загвар, ажлын ирээдүй, хувь хүний амьдралын төлөвлөгөө гээд амьдралын бүх талд гүн нөлөө үзүүлэх нь тодорхой. Шинжлэх ухааны ахиц амжилттай зэрэгцэн улс орнууд, нийгэм, хувь хүмүүс бүгд шинэ нөхцөл байдалд бэлдэх шаардлагатай болж байна.
Энэхүү нийтлэл нь The New York Times сонинд 2025.12.04-нд нийтлэгдсэнийг албан ёсны эрхтэйгээр орчуулан хүргэв.
Нийтлэлийн зохиогч: Jennifer Borrer, Saule Serikova
Орчуулсан: М.Мядагбадам
Төгрөгийг гүйлгээнд гаргасны 100 жилийн ойд зориулан марк гаргав
Монголбанк, “Монгол шуудаaн” ХК-тай хамтран үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг гүйлгээнд гаргасны 100 жилийн ойг тохиолдуулан “Төгрөг...
6 цагийн дараа
Монгол Улсын нутаг дэвсгэрээс хулгайлагдсан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг эгүүлэн авлаа
Бүгд Найрамдах Франц Улсын хууль сахиулах байгууллагаас 2013, 2015 онд хураасан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг Монгол Улсад үнэ т...
5 цагийн дараа
Н.Дорждарь: Зөвхөн нүүрс биш, бусад ашигт малтмалын олборлолт руу шилжсэнээр эерэг нөлөөг хүртэх боломжтой
“Эрчим хүчний шилжилт ба эрдэс баялгийн салбарын ил тод байдал” сэдвээр Нээлттэй нийгмийн форум дээр Иргэний нийгмийн болон Төрийн б...
5 цагийн дараа
Цахим тоглоом тоглож 110 сая төгрөгөөр хохирчээ
Цахим орчинд мөрийтэй тоглоом тоглож алдсан мөнгөө эргүүлэн олох гэсэн шалтгаанаар мөрийтэй тоглоомын хохирогч болсон хэрэг цагдааги...
5 цагийн дараа
Хилийн боомтуудын амрах хуваарь гарчээ
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний өдөр, шинэ жилийн баярын өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарийг Хил ха...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд


