Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 09

Валютын ханш

value

мэдээ

Н.Алтанхуяг: “Монголыг алаад өгнө” гээд байсан компани өнөөдөр 12 тэрбум ам.долларын өрөнд оруулчихсан байна

trend

Админ

img

2025 оны 12 сарын 09

news-img

Оюу толгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өчигдөр эхэллээ. Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу 2025 оны арванхоёрдугаар сарын 8-12-ны хооронд гурван өдрийн турш нээлттэй зохион байгуулагдах аж.


Сонсголын эхэнд Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал: -Оюу толгой төслийн зээлийн хүүгийн хувь хэмжээг хэлэлцэх боломжтой долоон жилийн давтамжит хугацаа 2025 онд тохиож байгаа, Монгол Улсын Засгийн газрын 2025 оны дөрөвдүгээр сарын 9-ний 170 дугаар тогтоолд Жавхлант, Шивээ толгойн ордуудыг стратегийн ордод хамааруулах болсон, төсөлтэй холбоотой Арбитрын шүүхийн шийдвэр гарсан, далд уурхайн бүтээн байгуулалт дуусч, тогтвортой олборлолтын шинэ мөчлөг эхэлж буй зэрэг Оюу толгой төсөлтэй холбоотой цөөнгүй үйл явдлын давхцал таарч буй онцлог цаг үе тохиож байгаа.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан: -Оюу толгой бол Монгол Улсын эдийн засагт асар том нөлөө үзүүлэх чухал төсөл. Энэ төсөл өнгөрсөн хугацаанд эдийн засагт үзүүлсэн нөлөөлөл ч их байгаа, мөн улс төрийн хувьд хардалт агуулсан зүйл ч их байгаа. Тиймээс өнгөрсөн хугацаанд юу болов гэдэг дээр дүгнэлт хийгээд цаашдаа ямар шийдэл гаргах ёстой юм бэ гэдэг дээр мөн гарц олж явах нь чухал гэж харж байна. Оюу толгой амжилттай урагшилж байж Монголын бусад том төслүүд амжилттай явах боломж нь нээгдэнэ.

Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал: -Шинжээчийн дүгнэлтэд хайгуулын лиценз ашиглалтын лиценз рүү шилжих үйл явц, хэрэгжилт, мөн нөөцийн тайланг хүчингүй болгох гэх мэт олон үйл явдал өнгөрсөн 20 жилийн турш өрнөсөн байна.

Эрдэс баялаг эрчим хүчний сайд асан М.Зоригт: -Иймэрхүү сонсгол хийх нь УИХ-ын болоод УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн асуудал. Гэхдээ цаашид энд 300 гаруй хүнийг гэнэт дуудаад 10, 20 жилийн өмнөх асуудлыг асууж байгаа нь хүндрэлтэй байна. Бидний хувьд ямар ч материалтай танилцуулаагүй. Гэнэт дуудагдаж ирээд асуугдаж байгаа нь хүндрэлтэй байгаа юм. Угтаа гэрчээр дуудагдсан хүмүүс материалтайгаа танилцаад хариултаа бэлдээд ирдэг бол та бүхэнд ч хэрэгтэй.

Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал: -Бид дуртайдаа 2007 оны асуудлыг оруулж ирээгүй шүү, М.Зоригт сайд аа. УИХ-ын тогтоол гарсан. Энэ тогтоолоо хэрэгжүүлээд, УИХ-ын хянан шалгах түр хороо хуулийн дагуу ажиллаж байгаа шүү.

УИХ-ын гишүүн Ө.Шижир: -“Онтрэ” компанид нийтдээ татварын дөрвөн удаагийн хяналт шалгалт хийгдсэн байна. Гэтэл 2016 оноос хойш нэг ч удаа татварын хяналт шалгалт хийгдээгүй байна. 2002-2025 оны хугацаанд торгууль, татвар, тээврийн хэрэгслийн татвар, нөхөн татвар гэх мэт нийт 912 сая төгрөгийг төлсөн байна л даа. Энэ нь жилд 38 сая төгрөг гэсэн үг. Сард 3.1 сая төгрөг гэсэн үг, мөн биз. Тэгэхээр сард 3.1 сая төгрөг төлдөг татвар төлөгчийг том татварын газар луу хэн бүртгэж авсан бэ гэдэг асуудал үүсч байгаа юм. Том татвар төлөгчийнхөө шаардлага нөхцөл бололцоог хангаж чадсан байсан уу.

Татварын Ерөнхий газрын дарга Б.Цогтнаран: -2022 онд “Онтрэ” компанийг том татвар төлөгчийн газарт шилжүүлж авсан.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: -Хянан шалгах түр хорооны гишүүд мөрдөн байцаагчид биш. Нөгөө талд буюу гэрчээр оролцогчид мөн гэмт хэрэгтэн биш гэдгийг онцлон хэлье ээ. 2008 оны эдийн засгийн нөхцөл байдлыг бодох ёстой. Тухайн үед дэлхийн эдийн засгийн хямрал явагдаж байсан. Үүнээс Монгол Улс яаж гарах вэ гэдэг асуудлыг хөндөж байсан санагдаж байна. Тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдлыг надаас илүү М.Зоригт сайд тайлбарлах нь илүү дээр болов уу гэж бодож байна. Уул, уурхайн сайд асан Д.Ганхуягаас асууя. 2013 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр гаргасан Оюу толгойн бүлэг ордын хил хязгаарыг тогтоон хавсралтаар хүргүүлсэнтэй холбоотой асуудлаар 2013 оны есдүгээр сард өөрийн тушаалаар өөрчлөлт оруулсан байна.

Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг: -Ард түмний төлөөлж төрийн эрх барих УИХ-ын үйл ажиллагаанд гэрчээр оролцож байна. Энэ утгаараа төрөө барилцаж байна гэж ойлгож байна. Онтрэ гоулдын асуудал Монголын Засгийн газар Онтрэ гоулдын хоёр хайгуулын лицензийн талбайн баялгийн ашгаас буюу 100 хувиас 34 хувийг нь эзэмших үү, 80 хувиас 34 хувийг нь эзэмших үү гэдэг дэнслүүр дээр байна гэж үзэж байна.Тухайн үед 100 хувиас 34 хувийг эзэмшинэ гэж тооцоод үзэхээр 80 хувиас 34 хувийг эзэмшсэнээс 1.4 тэрбум ам.долларын илүү ашиг Монгол Улсын Засгийн газарт орохоор байсан. Гэвч өнөөдөр алтны үнэ тэр үеэс 3.3 дахин, зэсийн дундаж 40 хувиар өсчихсөн байна. УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоол, 2009 оны 57 дугаар тогтоол мөн Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд Монгол Улсын Засгийн газрын эзэмшилийг Оюу толгойн бүлэг ордын 34 хувиар тогтоосугай гээд заачихсан байдаг. Энэ Онтрэ гоулдын хоёр хайгуулын лиценз нь Оюутолгойн бүлэг ордод зүй ёсоор ордог.УИХ-аас гарсан аливаа шийдвэр хууль учраас 2009 оны Эрдэс баялаг эрчим хүчний яам, АМХЭГазар, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн зарим шийдвэрийг нь хүчингүй болгож, зарим түдгэлзүүлсэн шийдвэрийг 2013 оны өвөл Уул уурхайн яамнаас гаргаж байсан.Товчхондоо ийм байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: -Хэрэв Оюу толгойн гэрээ хийгдээгүй байсан бол дэлхийн эдийн засгийн хямралд Монгол Улс ямар хэмжээнд өртөх байсан бэ. Энэ чиглэлээр урьдчилсан тооцоолол та бүхэн тухайн үед гаргаж байсан уу.

Эрдэс баялаг эрчим хүчний сайд асан М.Зоригт: -2008 оны зунаас эхлээд дэлхийн эдийн засгийн хямрал гүнзгийрсэн. Энэ оюу толгойн гэрээг байгуулж байх үе буюу 2009 онд дэлхийн эдийн засгийн хямрал ид өрнөж байсан. 2009 онд манай улсын эдийн засгийн өсөлт хасах хувьтай гарч байсан санагдаж байна. Ерөнхийдөө ажлын байр, төсвийн орлого гээд бүх зүйл тасарч байсан үе. Тухайн үед манай улсын нэг өрхөд ноогдох мөнгөн орлого 326 ам.доллар байсан. Энэ нь эрчимтэйгээр буураад суларч байх үед уул уурхайн томоохон төслүүд хөдөлж, улмаар 2012 онд нэг өрхөд ноогдох мөнгөн орлого 627 ам.доллар болж өссөн байдаг. Нэг зүйл санахад, энэ гэрээнүүдийн хөрөнгө оруулалт орж ирж байснаас биш, төсвийн орлого нь орж ирээгүй байсан.

Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг: -Шинжээч үнэн бодит байдлыг хэлэв үү дээ гэж сонслоо. Ер нь бол “Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй” гэдэг шиг 2009 онд Х лицензийг А лиценз болгож өгч байхдаа л Онтрэ гоулдын хоёр хайгуулын талбайд илэрсэн, нөөц тогтоогдсон баялгийн 34 хувийг эзэмших эрх нь Засгийн газарт байх учиртайг баталгаажуулах учиртай байсан. Гэтэл 2009 онд А лицензийг зүгээр олгочихсон байдаг. Тиймээс 2013 онд Уул уурхайн сайдын тушаалаар А лиценз олгосон шийдвэрийг нь түдгэлзүүлсэн. Дараа нь гарсан тушаал нөөцийг нь хүлээж авч болно, харин ашиглалтын лиценз олгох үйл ажиллагааг түдгэлзүүлсэн шийдвэр хэвээр байх учиртай гэсэн шийдвэр байх учиртай. 2016 оныг хүртэлх УИХ-аас гарч байсан бүх шийдвэрт Оюу толгойн бүлэг орд дахь Онтрэ гоулдын хоёр хайгуулын талбайд илэрсэн, баялгийн нөөцийн 34 хувийг эзэмших эрх нь манай улсын Засгийн газарт хадгалагдана гэсэн ганцхан агуулгатай байсан. Тэрнээс энэ баялгийн нөөцийн 70-80 хувийг Засгийн газар эзэмшинэ гэсэн шийдвэр УИХ-аас гарч байгаагүй гэдгийг л хэлэх байна.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: -“Гуя дагаад хүзүү” гэгчээр Оюу толгойг дагуулаад Онтрэг бид үнэгүй өгөх юм уу. 2007 онд Ч.Хүрэлбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг их сайн хуулийн төсөл боловсруулсан ч 2008 онд татан авсан юм билээ. С.Баярцогт сайд та одоо ном үзүүлээд загнаад байх хэрэггүй. Энэ тантай яах аргагүй холбоотой. Энэ асуудлын улмаас хэдэн жилийн дараа хэн нэгэн хариуцлагаа хүлээх байх.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр: -Рио Тинтог шүүмжлэхээс илүүтэй бид алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөх ёстой. 2009 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болж, би ялагдаад энэ гэрээг байгуулсан. Би Ерөнхийлөгч байсан бол энэ гэрээг байгуулахгүй. Одоо нэгнээ буруутган, элдвээр хэлэхээс илүүтэй засъя. Хөрөнгө оруулалтын биш, бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах нь илүү зөв.

УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл: -Тухайн үед “Онтрэ” гэж компанийн тухай яриагүй. ҮАБЗ 6-7 удаа уг асуудлаар хэлэлцсэн. Энэ асуудал албаны л нууц. Н.Энхбаяр дарга хоёр ч удаа 51 хувьд хүргэнэ гэж ҮАБЗ-ийн гурван гишүүн гарын үсэг зурсан. 34 хувь бол Ашигт малтмалын тухай хуульд заасан тоо. Гэтэл одоо санхүүжилт хүндэрлээ хэмээн 34 хувиа шүүмжилж байгаа нь хуулийг, УИХ-ын болон ҮАБЗ-ийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа юм уу. “Онтрэ”-гийн тухай мэдээлэл бидэнд байгаагүй. 300 сая ам.доллараас дээш хөрөнгө оруулалт бол УИХ заавал хэлэлцсэн байх ёстой.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг: -Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулъя гээд манай Засгийн газарт гал ирсэн. Сая Уул уурхайн сайд байсан Д.Ганхуяг сайд маш тодорхой зөв зүйл ярилаа. Энэ асуудлын улмаас манай Засгийн газар огцорсон. Дараа нь Дубайн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Манай Засгийн газрын үед долоон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, хоёр тэрбумаар хэтрүүлсэн. Энэ асуудлыг нь сөхөнгүүт буудаж эхэлсэн. Асуудал дотор туучсан хүний хувьд хэлэхэд гадаад, дотоодтойгоо зэрэг үзэлцэнэ шүү дээ. Хаалттай сонсгол байсан бол би илүү дэлгэрэнгүй ярихаар байна. Гэтэл одоо бидний өр 12 тэрбум ам.доллар болсон шүү. Бид улсаараа нэг тал байх ёстой гэдэгтэй санал нийлнэ. Бид дотроо нэг байлдана, гадагшаа нэг байлдана. Д.Дэмбэрэл даргын хэлдгээр “Монголыг алаад өгнө” гээд байсан компани өнөөдөр 12 тэрбум ам.долларын өрөнд оруулчихсан байна. Ийм юм байж болохгүй. Манай Засгийн газар засах гэж оролдсон юм, бараагүй. Одоо харин энэ сонсголоос хойш үр дүн гарах ёстой. “Онтрэ” хэлэх үггүй болох байх, тэр чинь манай баялаг. Лиценз гэдэг цаасны цаана л баялгуудыг чинь аваад байна шүү дээ. Тэр цаасыг хэдээр зарж байна вэ. 10 сая ам.доллараар зарж болж байгаа биз дээ.

 

Э.МӨНХТҮВШИН

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Төгрөгийг гүйлгээнд гаргасны 100 жилийн ойд зориулан марк гаргав

Монголбанк, “Монгол шуудаaн” ХК-тай хамтран үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг гүйлгээнд гаргасны 100 жилийн ойг тохиолдуулан “Төгрөг...

img

6 цагийн дараа

Монгол Улсын нутаг дэвсгэрээс хулгайлагдсан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг эгүүлэн авлаа

Бүгд Найрамдах Франц Улсын хууль сахиулах байгууллагаас 2013, 2015 онд хураасан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг Монгол Улсад үнэ т...

img

5 цагийн дараа

Н.Дорждарь: Зөвхөн нүүрс биш, бусад ашигт малтмалын олборлолт руу шилжсэнээр эерэг нөлөөг хүртэх боломжтой

“Эрчим хүчний шилжилт ба эрдэс баялгийн салбарын ил тод байдал” сэдвээр Нээлттэй нийгмийн форум дээр Иргэний нийгмийн болон Төрийн б...

img

5 цагийн дараа

Цахим тоглоом тоглож 110 сая төгрөгөөр хохирчээ

Цахим орчинд мөрийтэй тоглоом тоглож алдсан мөнгөө эргүүлэн олох гэсэн шалтгаанаар мөрийтэй тоглоомын хохирогч болсон хэрэг цагдааги...

img

5 цагийн дараа

Хилийн боомтуудын амрах хуваарь гарчээ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний өдөр, шинэ жилийн баярын өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарийг Хил ха...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд