мэдээ
Дизель түлшний хомсдол нь талх, нарийн боов, сүүний түгээлт тасалдахад хүргэсэн гэв

Админ
2025 оны 12 сарын 09

Сүүлийн гурван сар улс орон даяар үе үе шатахууны хомсдол үүсч, иргэд олон цагаар колонкуудын гадаа оочерлож зогссон ч бензин олж авч чадаагүй гэх асуудал үүсдэг боллоо. Арваннэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт гэхэд ихэнх аймаг суманд шатахуун тасарсан. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт дизель түлш ховордсоноос үүдэн шахмал түлшний түгээлт доголдсон талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл өнөөдөр дизель түлшний хомсдолоос үүдэн талх, нарийн боов, сүүний түгээлт доголдсон хэмээн иргэд хэлж байна. Тиймээс бид бодит нөхцөл байдлыг “Талх чихэр” ХК, “Атар өргөө” ХК, “Сүү” ХК-ийн түгээлтийн ажилтан болон байрны дэлгүүрүүдийн худалдагч, иргэдээс тодрууллаа.
“Талх чихэр ХК”-ийн автын ажилтан: Өнгөрсөн долоо хоногт нарийн боовны нийлүүлэлт, түгээлт жаахан тасалдсан. Манай компанийн хувьд нэг колонктой гэрээтэй ажилладаг учраас бусад газартай харьцуулахад дизель түлш олдохгүй байх асуудал бага гарсан.
Гэхдээ орон нутгуудад түгээлт хийхэд нэлээн хүндрэл үүссэн шүү. Учир нь орон нутгийн замд дизель түлш тасарчихсан гэсэн. Угаасаа ихэнх аймаг, суманд шатахуун тасарсан юм билээ. Манай компани нь 500 км дотор буюу Архангай, Булган, Дархан-Уул, Эрдэнэт, Төв, Говьсүмбэр, Хэнтий аймгуудад түгээлт хийдэг. Гэрээтэй ажилладаг колонкийн түлшний нийлүүлэлт зөвхөн хотын есөн дүүрэг, 204 хорооны түгээлтийг арай ядан хангаад л дуусчихсан. Цаашдаа дахин дизель түлш тасрах эсэхийг сайн мэдэхгүй байна. Өнөөдөр нарийн боовны түгээлт хэвийн явагдаж байгаа. Гэхдээ маргааш шатахуун хомсдохгүй гэсэн баталгаа алга даа.
“Сүү ХХК”-ийн түгээлтийн ажилтан: Өмнөх долоо хоногт орон даяар дизель түлш ховордсон шүү дээ. Үүнийг дагаад манай сүү, тарагны түгээлт ч тасалдах эрсдэл үүссэн. Ялангуяа нийслэлийн захын дүүргүүдэд нийлүүлэлт хүрч чадахгүй хэд хонох тохиолдол гарсан. Сүлжээ дэлгүүрүүдийн менежер 30,30 минутын зайтай залгаж “Хаана явна” гэж асуудаг. Бид ч хаа сайгүй дизель түлш хайгаад л
явах жишээтэй. Сүүлдээ дэлгүүрүүд ч шатахуун олдохгүй байгаа асуудлыг ойлгосон. Харин өнөөдрөөс дизель түлшний нийлүүлэлт гайгүй болсон юм шиг байна. Ямар нэгэн оочер, дараалал алга. Шатахууны нөөц дууссан гэх асуудал ч үүсээгүй бололтой. Гэхдээ ямар нэгэн байдлаар түлш тасрах нь өөрөө эргээд олон асуудлыг хөлдөө чирдэг юм байна. Дизелийн тогтвортой байдлаас монгол хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ хамаарч байна. Ийм байхад шатахуун тасалдах, хомсдох эрх байхгүй биз дээ. Сүүлийн гурван сар бараг 10, 10 хоногийн зайтай шатахуун хомсодлоо.
“Атар өргөө ХК”-ийн түгээлтийн ажилтан: Одоогийн байдлаар манай түгээлт Баянзүрх дүүргийн “Шархад” орчимд явж байна. Гадуур дизель түлш тасарсан учраас сүү, талх, гурилан боов, хиам гээд хүнсний бүтээгдэхүүний түгээлт тасалдсан гэж яриад байсан. Манай компанийн хувьд одоогоор ямар нэгэн асуудал үүсээгүй. Өмнөх долоо хоногт угаасаа дизель түлш орон даяар тасарсан шүү дээ.
Гэхдээ энэ нь манай түгээлтийн ажилд нөлөөлөөгүй гэж хэлж болно. Өнөөдөр ч хэвийн явагдаж байгаа. Гэхдээ шатахуун тасарвал талх, сүү, мах гээд хүний өдөр тутмын хэрэглээ дагаад тасалдах эрсдэлтэй юм байна. Сэрэмжтэй байхад илүүдэхгүй жишээ, кейс өнгөрсөн долоо хоногт боллоо шүү дээ.
Баянзүрх дүүргийн XVI хорооны 35 дугаар байрны дэлгүүрийн худалдагч: Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагаас хойш шинэ талх, сүү, нарийн боовны түгээлт ирээгүй. Өнөөдөр нийлүүлэлт баталгаатай ирнэ гэсэн. Манай байрны оршин суугчид нэлээд бухимдалтай байгаа. Ер нь хүмүүс өдөр бүр шинэ талх, нарийн боов, сүү авах сонирхолтой байдаг. Хүмүүсийн яриаг сонсоод байхад шатахуун хомсодсоноос үүдэн хүнсний бүтээгдэхүүний түгээлт тасалдсан гэсэн. Сүүлийн гурван сар би ч шатахуун авах гээд хэд хэдэн колонкийн гадаа оочерлож зогссон. Ер нь манай улсын нөхцөл байдал хэцүүхэн болж байна шүү. Сүүлдээ иргэд зүсэм талхтайгаа ч золгох боломжгүй болох нь шүү дээ.
Баянгол дүүргийн X хорооллын 45 дугаар байрны дэлгүүрийн худалдагч: Өнгөрсөн долоо хоногоос эхлээд амралтын өдрүүд хүртэл шинэ талх, нарийн боов, сүүний бараа харсангүй. Хоёр дахь өдөр түгээлт очиж байгаа гэж хэлсэн. Дараа нь ямар ч хариу ирээгүй. Нөхөр бид хоёр үүнийг шатахууны хомсдолтой холбоотой байх гэж яриад л өнгөрсөн. Өнөөдөр өглөө талх ирээд хоёр цагийн дотор зарагдаж дууслаа. Одоо ч асууж, сурсан хүмүүс тасрахгүй байна. Анх шатахуун хомсодсон. Одоо хүнсний бүтээгдэхүүний түгээлт тасалдлаа. Маргааш юу нь тасалдаад, нөөцгүй болох бол гэхээс айх юм.
Сүхбаатар дүүргийн II хорооны 32 дугаар байрны дэлгүүрийн худалдагч: Өнгөрсөн долоо хоногоос эхлээд сүү, талхны нийлүүлэлт ирээгүй. Уг нь өнөөдөр ирнэ гэсэн. Ихэнх байрны дэлгүүрт л талх, сүүний түгээлт хийгдээгүй үлдсэн юм билээ. Түүнээс биш “Номин”, “М-Март”, “Е-Март” гээд томоохон сүлжээ дэлгүүрүүдэд хамгийн түрүүнд түгээлт хийсэн гэсэн. Тэгээд байрны, гэр хорооллын найман нэрийн дэлгүүрүүд юу ч үгүй үлдсэн гэж ойлгосон. Би өөрөө хувьдаа хүнсний дэлгүүртээ хэрнээ гэрийнхээ талхыг авах гээд “Номин” орсон гээд бод. Энэ бүх асуудлын үндэс ерөөсөө шатахууны хомсдол байгаа юм. Мэдээж түгээлтийн машинууд банкиндаа байгаа шатахууныхаа хэмжээнд тааруулж нийлүүлэлт хийнэ шүү дээ. Үүнийг буруутгах аргагүй. Хэдий болтол ингэж байх юм бэ.
Сүхбаатар дүүргийн II хорооны 32 дугаар байрны оршин суугч: Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагаас эхлээд манай байрны дэлгүүрүүдэд шинэ талх, сүү, нарийн боов огт ирээгүй. Дандаа хугацаа нь дууссан, эсвэл хоёр хоногийн өмнө ирсэн бүтээгдэхүүнүүд байсан. Уг нь талх, сүү, гурилан боов өдөр бүр шинээрээ хэрэглэгчдийн гар дээр ирж байх ёстой биз дээ. Гэтэл бараг дөрвөөс тав хоног шинэ талх, сүүний бараа олж харсангүй. Шатахуун байхгүй учраас түгээлт хийх боломжгүй байна гэж албан ёсоор зарлаагүй ч бид шалтгааныг нь мэднэ. Цаашдаа энэ асуудлаа эрх бүхий албан тушаалтнууд нь шийдээрэй. Зүсэм талх, балга сүүний ч бараа харах боломжгүй ийм амьдрал гэж юу байсан юм.
А.Даваадулам
Төгрөгийг гүйлгээнд гаргасны 100 жилийн ойд зориулан марк гаргав
Монголбанк, “Монгол шуудаaн” ХК-тай хамтран үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг гүйлгээнд гаргасны 100 жилийн ойг тохиолдуулан “Төгрөг...
5 цагийн дараа
Монгол Улсын нутаг дэвсгэрээс хулгайлагдсан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг эгүүлэн авлаа
Бүгд Найрамдах Франц Улсын хууль сахиулах байгууллагаас 2013, 2015 онд хураасан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг Монгол Улсад үнэ т...
5 цагийн дараа
Н.Дорждарь: Зөвхөн нүүрс биш, бусад ашигт малтмалын олборлолт руу шилжсэнээр эерэг нөлөөг хүртэх боломжтой
“Эрчим хүчний шилжилт ба эрдэс баялгийн салбарын ил тод байдал” сэдвээр Нээлттэй нийгмийн форум дээр Иргэний нийгмийн болон Төрийн б...
5 цагийн дараа
Цахим тоглоом тоглож 110 сая төгрөгөөр хохирчээ
Цахим орчинд мөрийтэй тоглоом тоглож алдсан мөнгөө эргүүлэн олох гэсэн шалтгаанаар мөрийтэй тоглоомын хохирогч болсон хэрэг цагдааги...
4 цагийн дараа
Хилийн боомтуудын амрах хуваарь гарчээ
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний өдөр, шинэ жилийн баярын өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарийг Хил ха...
4 цагийн дараа
Сэтгэгдлүүд


