Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 06

Валютын ханш

value

мэдээ

Б.Мөнхбаатар:Үндэсний баялгийн сангийн тухай хууль уул уурхайн салбарт том ойлголцлыг авчирна DNN.mn

trend

Админ

img

2024 оны 4 сарын 24

img

64

news-img

УИХ-аас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа. Хуулийнталаар судлаач, уул уурхайн инженер Б.Мөнхбаатартай ярилцлаа.


-УИХ-аас нэн яаралтай горимоор баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн талаар та ямар бодолтой байна вэ?

-Энэхүү хуулийг баталсан нь маш чухал цаг үеэ олсон гэж хэлмээр байна. Учир нь, Үндэсний баялгийн сангийн хууль батлах тухай сүүлийн арав гаруй жил ярьсан ч бодит ажил хэрэг бололгүй өнөөдрийг хүрсэн.Хүний хөгжлийн сангийн тухай хууль, дараа нь Ирээдүйн өв сангийн тухай хууль батлагдсан. Өнөөдрийг хүртэл Үндсэн хуульд заасан байгалийн баялаг ард түмний өмч гэсэн заалтын хэрэгжилтийг бодитоор хангах буюу уул уурхайгаас олж байгаа орлогыг ард иргэдэд бодит утгаар нь хүртээхэд учир дутагдалтай байсан.

Монгол Улс газар доорх арвин нөөц баялгаа одоо болон ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө ашиглахэдийн засгийн хөгжлийн чухал үе шатанд бид байна.Энэхүү хөгжлийн хамгийн чухал алхам бол байгалийн баялгийннөөцийн үр ашигтай менежмент, зохицуулалтын зөв тогтолцоог бий болгох явдал юм. Энэ хуулийн гол учир холбогдол нь иргэддээбайгалийн баялгаас тэгш хүртээх, хуримтлал үүсгэх.

-Үндэсний баялгийн сан байгуулагдсанаар байгалийн баялгийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх боломжтой боллоо гэлээ. Үүнийг дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?

-Монгол Улсын Үндэсний баялгийн сан нь газрын доорх баялгаас олсон ашгийг нэгтгэх, үр ашигтай хөрөнгө оруулалт хийх,тодорхой ашгийг иргэдэд тэгш хуваарилах зорилготой.Үндэсний баялгийн санд байгаа 3 сангаас иргэдэд хамгийн их хамааралтай сан нь Хуримтлалын сан юм. Иргэдэд өөрийн дансан дахь хуримтлалаа захиран зарцуулах эрх мэдлийг олгож байгаа нь хамгийн чухал зүйл. Хуримтлалын сангаас иргэд эрүүл мэнд, боловсрол,орон сууц зэрэг нэн тулгамдсан асуудлаа шийдүүлэх боломжтой болжбайна. Таны гэр бүлийн хэн нэгэнд нь эрүүл мэндийн асуудал тулгарлаа гэж бодоход ах дүү, хамаатан саднаараа нийлээд Хуримтлалын санд төвлөрсөн өөрсдийн хөрөнгөөр шийдчих боломж бүрдсэн. Үр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлчихдөг цаашлаад орон сууцны урьдчилгаагаа ч энэ сангаас бүрдүүлж болно. Хуримтлалын сан дахь өөрийн хөрөнгөө  ч хуримтлуулах сонголт бас бий. Өөрөөр хэлбэл, Монголбанкнаасзарласан бодлогынхүүгээс ихгүй хүүгээр найдвартай хадгалуулах боломжтой болж байна.

Тодруулж  хэлэхэд, Монгол Улсын иргэн бүр стратегийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн 34 хувийг шууд бусаар эзэмшиж, ногдол ашгийг нь Хуримтлалын санд авах боломж бүрдсэн. Монгол Улсын иргэн бүр тус сандаа хуримтлалын данстай болж, уул уурхайн баялгийг ашиглахад иргэдийн шууд бус оролцоог ханган, эх орныхоо баялгаас хүртэх боломжийг энэ хууль бүрдүүлсэн.

Олон улсад ч газрын хэвлийн баялгийн ашиг шимийг иргэддээ тэгш хүртээх, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зэрэг олон талт сангуудын жишээ олон байдаг. Жишээ нь, Кувейт улс 1953 онд эдийн засгаа тогтворжуулах, БНХАУханшийн зөрүүний эрсдэлээс хамгаалах Хөрөнгө оруулалтын корпорац2007 онд, Саудын Араб улсынхаа хөгжлийн зорилтуудыг шийдвэрлэх зорилгоор мөн хөрөнгө оруулалтын сангуудыг үүсгэн амжилттай авч явж байгаа. Үүнээс гадна зөвхөн иргэдийн боловсролд чиглэсэн сан ч АНУ-ын Нью-Мексико мужид байдаг.

-Иргэдийн наад захын амин хэрэгцээ болсон эрүүл мэнд, орон байр, боловсролын асуудлыг сангаас шийдэх нь бусад халамжаас юугаараа ялгаатай вэ?

-Иргэд өөрийнхөөдансанд хуримтлагдсан орлогыг захиран зарцуулах эрхээ авч байгаа нь энэ хуулийг дэмжих маш том шалтгаан гэдгийг дахин тодотгоё. Өнгөрсөн хугацаанд дарга төвтэй төлөвлөлт явж ирснийг хэн бүхэн мэдэж байгаа.Ганцхан тоо хэлэхэд гэр бүлийн аль нэг гишүүн хүндээр өвчиллөө гэхэд дундаж орлоготой тэр өрх энэ зардлаас болж орлогоо бүрэн алдаж байна.Яг ийм шалтгаанаар Монгол Улсад жилд 20 мянга гаруй хүн эрүүл мэндийн ядууралд орж байгаа статистик байна.

Хүндээ хөрөнгө оруулна гэдэг бол ирээдүйдээ оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт. Эрүүл биетэй, боловсролтой тэгээд амьдрах тухтай орон байртай Монгол хүн л хөгжил дэвшлийн тухай ярих боломжтой шүү дээ. Сангийн эцсийн зорилго нь нийт иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулахявдал.

Саяхан бид Эрдэнэс Тавантолгойгоос олсон орлогоо иргэддээ эзэмшүүлсэн 1072 хувьцааны ногдол ашгийг тараасан. Бэлэн мөнгө тараалаа, томоохон бүтээн байгуулалт хийх ёстой зэрэг шүүмжлэл гарч байсан. Хуримтлалын сан бол өнөөдрийн хувьцааны ногдол ашиг 100-200 мянган төгрөгөөс илүү иргэн бүрд тэгш, асуудлыг нь шийдэх боломж олгож байгаа гэдгээрээ давуу талтай. Мөн Хөгжлийн сангаар дамжуулаад улс орны хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэдгийг тодорхой хуульчлаад өгчихлөө.Өөрөөр хэлбэл, уул уурхайгаас олж байгаа орлогоо иргэддээ зүй зохистой хуваарилдаг, улс оронд үр ашигтай том төслүүдээ санхүүжүүлчихдэг болох нь. Ингэснээр улс төрийн, сонгууль угтсан элдэв поп амлалтууд хумигдаж, сангийн орлого, зарлагадаа тулгуурлаж төсөл, хөтөлбөрүүд дээр эрүүл мэтгэлцээн өрнүүлэх замаар зөв хөрөнгө оруулалт хийх боломж нээгдэнэ гэж харж байна.

-Хууль батлагдсанаар хөрөнгө оруулагчдад, бас эдийн засагт ямар эерэг дохио өгч байна вэ?

-Манай улсын нийт төсвийн орлогын 30 гаруй хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлдэг. Улсын төсвийг УИХ баталдаг. Тухайн тойргийн гишүүдийн саналаар тойрогт хуваарилалт хийгддэг. Иргэд уул уурхайн салбараас буюу байгалийн баялгаас асар их хэмжээний ашиг олж байна хэмээн хардаг хэдий ч уул уурхайн салбараас олж байгаа орлогын хуваарилалт нь иргэдийн амьдралд нөлөө үзүүлэхгүй, тэдний амьдралын чанарыг дээшлүүлэхгүй байгаад байна. Өөрөөр хэлбэл, гарт нь баригдаж, нүдэнд нь харагдахгүй байна. Иргэдийн хувьд төсвийн үр ашгийн талаар нийтээрээ үзэл бодлоо илэрхийлж байна. Бид байгалийн баялгаас олсон орлогыг хэрхэн зарцуулж буй талаар олон нийтэд зөв ойлгуулбал иргэдэд баялаг бүтээгчдээ зөвөөр ойлгох суурь бүрдэх юм.Үүгээрээ Үндэсний баялгийн сангийн тухайхууль уул уурхайн салбарт том ойлголцлыгавчирна гэж харж байна. Сан хөрөнгөтэй байж иргэд илүү их хувь хүртэнэ. Хүссэн хүсээгүй бид хөрөнгө оруулагчид буюусангийн хөрөнгийг бий болгох баялаг бүтээгчдээ дэмжихээс өөр аргагүй.Хөгжлийн сангаас стратегийн төслүүдэд хөрөнгө оруулалт хийх нь эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж, ажлын байрыг бий болгож, үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.Энэ нь Монгол Улсын үсрэнгүй хөгжлийн тулгуур болох аж үйлдвэржилтийн сэргэлтийн угтвар нөхцөл болно.

Хоёр дахь том эерэг дохио нь Монгол Улс Үндэсний баялгийн сангаа олон улсын жишгээр байгуулсан явдал.Хөрөнгө оруулагчдад уул уурхайн салбарын бодлого нэг алхамтодорхой болж байна.

Гурав дах нь төсвийн бодлого төлөвлөлтөд сайнаар нөлөө үзүүлнэ.Хэн нэгэн хувь улстөрч жалга довын үзлээр биш хөгжлийн бодлого төлөвлөлтийн дагуу санхүүжилтээ зөв удирдаж, зарцуулах боломжтой болж байна.

Засгийн газар энэ хуульд ихээхэн анхаарлаа хандуулж байсан. Энэ хуулийг дэмжихгүй байгаа гишүүддээ хандан хатуу үг чулуудаж байж батлууллаа. Улс төрийн хувьд бас эсэргүүцлүүд ч хэлэлцүүлгийн явцад гарч байгаа харагдсан энэ тухайд?

-Хэлэлцүүлгийн явцад бусад хуулийн адилаар зөрүүтэй санаа бодлууд байсан байх. Харин уул уурхайн салбарт 15 жил ажилласан хүний хувьд анхааралтай ажиглаж байсан. Хэдэн сарын өмнө уул уурхайн салбарын бизнес эрхлэгчид МҮХАҮТ-аас улс төрд уул уурхайн салбарыг ашиглахгүй, улстөржүүлэхгүй байхыг уриалсан байсан. Салбарынхны энэ хүсэлтийг Засгийн газар сонгуулийн өмнө хуульдаа тусгаад өгчихлөө гэж харж болохоор байна.

ДНБ-ий 25 хувь, аж үйлдвэрийн гарцын 70 хувь, нэгдсэн төсвийн татварын орлогын 30 орчимхувь, нийт экспортын 90 хувийг бүрдүүлж байгаа том салбар бол эрдэс баялаг уул уурхайн салбар. Энэ салбарын орлогыг хэрхэн хуваарилах вэгэдэг хэрүүлийн алим болсоор ирсэн. Ялангуяа томоохон ордуудыг тойрсон асуудал илүү их өртөөд байгаа харагддаг. Иргэдийн байгалийн баялгаасаа хувь хүртэж чадахгүй байна гэх байнгын гомдол үүгээр зогсох болов уу гэж харж байна. Сонгууль болгоны өмнө олон жил ярьсан Баялгийн сангаа байгуулснаар энэ сэдэв цэгцрэх шатандаа орлоо.

-УИХ-аас банк санхүүгийн салбар дахь монополыг задлахын тулд арилжааны банкнуудын хувьцааг олон нийтэд гаргасан. Энэ удаагийн Үндэсний баялгийн сангийн тухай хууль уул уурхайн салбар дахь монополыг задлах зорилготой гэж харж байна. Уул уурхайн салбарт ажиллаж байсан хүний хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Үндэсний баялгийн сангийн хуультай зэрэгцүүлэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа нэг хүн, нэгдмэл ашиг сонирхол бүхий этгээдийн стратегийн орд газар эзэмших хувийг 34 хувиар хязгаарлаж өгсөн. Одоогийн хуулийн зохицуулалтаар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина гэж заасан байдаг. Төвлөрлийг хүчээр бус олон нийтэд хувьцаа гаргах энэхүү зохицуулалт нь эдийн засгийн тулгуур болсон салбараа улс төрөөс ангид байлгах зарчмыг хуульчилж өгсөн гэж харж болно. Мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь улс төрийн үйл ажиллагаа болон намын үйл ажиллагаа санхүүжүүлэхийг хуулиар хориглосон зохицуулалтыг нэмж оруулж өглөө.Цаашлаад дан стратегийн ордыг ашиглахтай холбоотой бустүүнийг ашигласантай холбоотой үүссэн үүсмэл ордыг ашигласнаас үүссэн ашгийг иргэд хүртэх боломж бүрдсэн.

Та бидний сайн мэдэх“Рио Тинто” групп бол олон улсад нээлттэй хувьцаат компани. Энэ компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч нь компанийн хувьцааны 15 хүрэхгүй хувийг эзэмшиж байна. Энэ агуулгаар нь авч үзэхийн бол Монгол Улс стратегийн орд газруудынтусгай зөвшөөрлийг эзэмшигч компаниудыг нээлттэй хувьцаат компани болгох, хувьцааны 34 хүртэл хувийг хамаарал бүхий этгээдүүд эзэмшихээр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь бид олон улсын жишиг рүү нэг алхам ойртлоо гэж харж байна.

-Хуримтлалын сангаас гадна Ирээдүйн өв сангийн тухай асуудал яригдсан. Энэ сангийн үйл ажиллагааны зохицуулалтыг та хэрхэн харж байна вэ?

-Сангийн нэрээс нь харсан ч гэсэн энэ сан тэр чигтээ Монгол Улсын ирээдүйд чиглэсэн байх ёстой гэж харж байна. Байгалийн баялаг бол шавхагдах нөөц.Үүнийг шавхагдашгүй нөөцөөр орлуулж, энэ нөөцийг удирдах нь гол зарчим гэж би харж байгаа. Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдсан ногоон санхүүжилтийн зарчмуудыг баримтлахаас өөр аргагүй. Ирээдүйн өв сангийн хөрөнгө оруулалт уул уурхайгаас олсон орлогыг эдийн засгаа солонгоруулахад чиглүүлсэн байвал илүү үнэ цэнтэй өгөөжтэй болов уу. Эрчимжсэн мал аж ахуй, мод тарьж ургуулах,ойжуулах Тэрбум мод санаачилгыг дагасан ойн бүтэн аж үйлдвэрлэл бий болгох чиглэлд хөрөнгө оруулаасай гэж хүсэж байна.

-Үндэсний баялгийн санд төвлөрөх хөрөнгийг нэмэгдүүлэх чиглэлд төр, засаг ямар алхам хийх ёстой гэж харж байна вэ. Энэ чиглэлд хамгийн сайн туршлага аль улсынх байдаг вэ?

-Сангийн орлогыг нэмэгдүүлэх нь чухал байгаа тухай би өмнө ньмэдээллийн сайтуудаар санаа бодлоо илэрхийлсэн. Төр 34 хувийг нь аваад байх биш АМНАТ-ын татвараа харин ахиухан авч байх нь чухал гэж үздэгээ илэрхийлсэн. Цаг хугацааны явцад хуульдөөрчлөлт оруулах хүлээлттэй хэвээр байна. Баялгийн сан томрохын хэрээр стратегийн бус орд газруудаа хэрхэх вэ гэдэг дараагийн асуудал болно.Баялгийн санг баяжуулах хамгийн эхэнд хүлээгдэж байгаа Зөөвч-Овоо төслийг ч дахин авч үзэх хэрэгтэй болох байх. Стратегийн гэх ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшин санд хөрөнгө төвлөрүүлэх гол ажлыг “Эрдэнэс Монгол”ХХК дээр хийх болов уу?Стратегийн гэсэн бүх ордтой Засгийн газар хэлэлцээрийн ширээний ардсууж таарна. Одоо хэрэгжихээр бэлэн байгаа Зөөвч-Овоо төслийг 2 улсын оронд хийсэн тохиролцоонд 34 хувийн эзэмшлийн асуудлыг ашигт малтмал нөөц ашигласны тусгай төлбөрийг авах замаар орлуулж шийдвэрлэхээр эрмэлзэж байна. Энэ тохиолдолд ашигт малтмал нөөц ашигласны тусгай төлбөрийг Хуримтлалын санд бус Ирээдүйн өв сан болон бусад санд орох талтай байна. Иймд бидасуудлыг одоогоосанхаарчхуримтлалын санд АМНАТ-ын тусгай төлбөрийг оруулах нь зүйтэй болов уу.

-Та өмнө нь Уур амьсгалын өөрчлөлт ба алдагдсан боломж гэсэн нэртэй нийтлэл бичсэн байсан тэгвэл. Баялгийн сан байгуулчихсан бол гэдэг дээр алдагдсан боломжийн тооцоолол хийж үзсэн үү?

-Тухайлбал, өнгөрсөн хугацаанд нийт 2 их наяд төгрөгийг ямар нэгэн байдлаар иргэддээ тараажээ. Энэ хэмжээний мөнгөөр бид нийслэл болон аймгийн төвүүдэд 10,000 айлын орон сууцны хорооллууд барьж байгуулан,435,000 тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, илүү сайхан хотод амьдрах боломжтой байсан байх. Гэхдээ бид оройтоогүй жирийн иргэний түвшинд, улс орны хэмжээнд баялгаасаа ямар арга замаар хувь хүртэж болохыг энэ хуулиар тодорхой заагаад өгчихлөө шүү дээ.

-Иргэдийн хувьд сонгуулийн өмнө хийлээ гэж эсэргүүцдэг ч ямартай ч иргэд хувьцааны ногдол ашгаа авч бас ирээдүйд авах ашгаа хуулиар баталгаажуулж авлаа.Манай улсад ер нь уул уурхайн салбар хэр хурдацтай хөгжиж байна вэ?

-Уул уурхай гэлтгүй мал аж ахуй, газар тариалан зэрэг бүхий л салбар эерэг тал руугаа хөгжсөөр байгаа гэж би бардам хэлнэ. Би Санкт Петербург хотын Уул уурхайн сургуулийг 2008 онд төгссөн юм. Ирээд “Тавантолгой” төсөлд ажилд орж байлаа. Бид “Эрдэнэс Монгол” ХХК-ийгхоёр өрөө орон сууцанд оффисоос ажлаа эхэлж байсан. Үүнээс хойш “Тавантолгой”төсөл шинээр эхэлжөнөөдрийн том уурхай боллоо. Иргэддээ хувьцаа эзэмшүүллээ. Ногдол ашиг тараалаа.Харин одоо сан байгуулаад хөрөнгөоруулалтын том төслөө санхүүжүүлж, иргэдийнхээ амин чухал хэрэглээг шийдвэрлэх хуримтлалыг үүсгэх гэж байна. Баялгийн сан болох үйл явц алдаа оноотой явж байсан хэдий ч засаж сайжран урагшилж байгаа нь сайшаалтай.Энэ бүхэнтэй хамтдаа урагшилж яваадаа би баяртай байна. Ирээдүйд нь итгэл төгс байдаг.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ашигт малтмалын лицензийн сонсголыг энэ сарын 20-нд хийнэ DNN.mn

УИХ-ын сүүлийн чуулган хаахаас өмнө хянан шалгах хоёр сонсгол хийхээр товлоод байна. Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар,...

img

8 цагийн дараа

Хүүхдийн эрхийг зөрчсөн 100 иргэнд 30 сая төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулжээ DNN.mn

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 36.787 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс 554 хэргийг шүүхэд шилжүүлэх с...

img

7 цагийн дараа

Энэ сарын 15-наас халуун ус хязгаарлах хуваарь DNN.mn

“УБДС” ТӨХК-аас дулааны шугам, тоноглолд энэ зун засвар хийх хуваарийг баталжээ. Дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажи...

img

7 цагийн дараа

Жолоочийн зөрчлийн 10 оноог хүчингүй болголоо DNN.mn

Монгол Улсын Засгийн газраас хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулсан, давхардал, хийдэл бий болгож б...

img

6 цагийн дараа

Энэ онд нийслэлд 27 сургууль, 48 цэцэрлэг ашиглалтад орно DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн да...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд