Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 04

Валютын ханш

value

мэдээ

Э.Сүндарь: Боловсролын зээлийн сангийн зарцуулалт хөгжлийн бодлоготойгоо уялдаагүй явж ирсэн DNN.mn

trend

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

img

2024 оны 4 сарын 25

img

80

news-img

АНУ-ын Стэнфордын их сургуулийн магистр, боловсрол судлаач Э.Сүндарьтай Баялгийн сан болон Боловсролын сангийн талаар ярилцлаа.


-Сүүлийн үед Баялгийн сангуудын талаар нэлээд яригдаж байна. Хууль ч батлагдлаа. Боловсролын сангийн асуудал яаж далийс ныг хүмүүс мартаагүй. Ер нь энэ олон сан улс орны хөгжилд ямар хэрэгтэй байдаг юм бэ?

-Улс орны хувьд чухал сангууд бий ч яг зорилтдоо хүрч чадах уу, тэгж төлөвлөсөн үү гэдэг нь маш чухал. Би боловсролын салбарын хүн учраас энэ чиглэлд ярья л даа. Тухайлбал, Боловсролын зээлийн сан байна. Монголд ч гэлтгүй маш өндөр хөгжсөн улс орнуудад боловсролд хөрөнгө оруулалт хийх зориулалтаар сан үүсгэн байгуулж, энэ хөрөнгө оруулалтуудыг оюутнуудад зориулдаг жишиг бий. Энэ жишгээр олон улс орнууд сүүлийн 100-гаад жил дотоодын хүний нөөцөө бэлдсэн байдаг. Ингэж салбарынхаа хөгжлийг дэмжсэн олон жишиг байгаа. Монгол Улсад ч гэсэн, ялангуяа манайх шиг хүн ам цөөнтэй, технологи инновацийн өсөлт шууд явагдахад бэрхшээлтэй улс оронд боловсролыг дэмжих сан зайлшгүй байх ёстой гэж би хардаг.

-Сангийн зорилго чиглэл нь тодорхой байдаг ч хэн нь мэдээлэл, эрх мэдэлд ойр байна тэр нь түрүүлж ашигладаг болчихсон нь тогтолцооны гажиг уу?

-Манайд боловсролын зээлийн сантай холбоотой нэг алдаа гарсан. Боловсролын зээлийн сангаас зээл авч байгаа хүмүүс Монгол Улсын хөгжлийн ямар салбаруудад, ямар үүрэгтэйгээр оролцохыг нь анхнаасаа тусгаж өгөөгүй. Үүнийг тодорхойлж өгөөгүй учраас боловсролын зээлийг хэнд өгөх нь тодорхойгүй байсан. Сан байдаг, мөнгө нь байдаг. Сүүлдээ дэлхийн шилдэг 100 сургуульд тэнцсэн хүүхдийг тэтгэлгээр сургая гээд тэтгэлэг олгодог болсон. Гэхдээ энэ хүмүүс ямар мэргэжлээр сурах уу, эх орондоо ирээд ямар салбарт ажиллах вэ. Улс эх орныхоо хөгжилд яаж хувь нэмрээ оруулах талаар төлөвлөгөө, зорилт нь тодорхой байгаагүй. Угтаа Монголд ямар мэргэжилтнүүд хэрэгтэй байгаа, тэд суралцаж ирээд ямар бүтцүүдэд ажиллаж, ямар өөрчлөлтүүдийг хийх вэ гэдгийг төлөвлөөд хүүхдүүдээ явуулах байсан. Өөрөөр хэлбэл, боловсролын зээлийн сангийн зарцуулалт хөгжлийн бодлоготойгоо уялдаагүй гэсэн үг.

Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг дээ. Энэ бол нэг том асуудал.

-Таны харж байгаагаар өөр ямар алдаа дутагдал боловсролын санд байсан бэ?

-Дараагийн зүйл нь тодорхой хэмжээний тооцоолол хийж үзээд, нэг оюутанд хэдий хэмжээний мөнгийг зарцуулбал үр өгөөж нь өндөр байх вэ гэдийг бодох ёстой. Жишээ нь, нэг оюутныг 100.000 ам.доллараар сургах уу, эсвэл арай олон оюутныг бага өртөг, богино хугацаагаар сургах уу. Заавал маш өндөр өртөгтэй дэлхийн шилдэг гэгдэх сургуулиудад сургах уу, эсвэл боловсролын чанар сайтай ч өртөг арай багатай Азийн орнуудад сургах уу гэдгийг тооцоолох байсан. Өртөг багатайгаар илүү өгөөжтэй сургах боломжийг ашиглаж чадаагүй. Дэлхийн шилдэг 100 их сургууль бол голдуу амьдралын өртөг өндөртэй улсуудад байдаг. Тухайлбал АНУ, Канад, Англи, Азийн өртөг өндөртэй Сингапур гээд. Тэгэхээр нэг хүний зардал өндөр, үр шим багатай хөрөнгө оруулалт болсон гэж ойлгож болно.

-Та тэтгэлгээр Стэнфордын их сургуульд суралцаж ирээд удаагүй байгаа. Таныг явах үед сангийн бодлого ямар болж өөрчлөгдсөн байсан бэ?

-Би 2022 оны зургадугаар сард Боловсролын зээлийн сангаас зарласан Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг буюу дэлхийн шилдэг 50 их дээд сургуульд суралцах магистрын оюутнуудад зориулсан тэтгэлэгт хамрагдах болж, батламжаа хүлээж авсан. Тэр үед Боловсролын зээлийн сан журмын өөрчлөлт оруулаад, яг улс орны тэргүүлэх чиглэлд сонгон шалгаруулалт хийж байсан. Надтай хамт тэтгэлэг авсан хүмүүсийн дунд боловсролын чиглэлээр 3-4 хүн, анагаахын, усны чиглэлийн гээд манай улсад яг хэрэгтэй салбараар хүмүүсээ сургасан. Бакалаврын зэргээр суралцахад тэтгэлэг олгох нь өөрөө эрсдэлтэй. Төгсөөд мэргэжлээрээ ажиллах уу, ажиллахгүй юу гэдэг нь тодорхойгүй байдаг. Олон хүн бакалавраа төгсөөд мэргэжлээ сольдог. Магистрт харьцангуй карьераа төлөвлөсөн, эх орондоо юу хийх үү гэдгээ ойлгочихсон хүмүүс явдаг. Уг нь сурч мэдсэнээ эх орныхоо хөгжилд, боловсролын салбарт гаргах ёстой даалгаврыг явахад хэлж байсан, ирэхэд ямар байдлаар сурсан мэдсэнээ гаргах тал дээр эргэх холбоо байхгүй байна. Нэгэнт энэ сангийн хөрөнгөөр сургаж байгаа бол ирээд хаана, хэдэн жил ажиллах ёстойг анхнаас нь журамлах нь зөв санагдаж байгаа.

-Боловсролын салбарын өөрчлөлтийн талаар их ярьдаг. Таныхаар ямар өөрчлөлт нэн түрүүнд хэрэгтэй байгаа вэ?

-Манай улсын боловсролын систем бол харьцангуй ололттой тал ихтэй систем гэдгийг хэлмээр байна. Иргэд голдуу дутагдалтай, асуудалтай талуудыг нийгмийн сүлжээнд өргөнөөр шүүмжилдэг ч бусад оронд байхгүй зүйлс манайд бий гэдгийг өөрөө сурах хугацаандаа ойлгосон. Жишээ татаад хэлэхэд, цэцэрлэгийн тоог харахад 2018 онд 500 хувийн цэцэрлэг байсан бол одоо 400 болж, улсын цэцэрлэг 700 байснаа 1000 болсон байна. Улсын сургууль, цэцэрлэгийн хувьсах зардлыг нэмсэн зэргээр боловсролын системд бүтэц зохион байгуулалт, захиргаа, санхүүжилт талаасаа ахиц гарч байна. Үнэ төлбөргүй улсын цэцэрлэгүүд байна гэдэг нь хөгжилтэй орнуудад ч байдаггүй нийгмийн хөгжлийн үйлчилгээ юм. Үүнийг бид улам сайжруулах, цаашдаа чанар, хүртээмж тал дээр шаардлага тавьсаар байх нь чухал.

-Боловсролын шинэчлэл хийх шаардлагатай гэж хэлээд байна уу?

-Энэ жил боловс ролын шинэчлэлийг хийх жил ба бид дэлхий нийтийн чиг хандлагыг дагах нь ч зүй ёсны асуудал. Гэхдээ боловсролын шинэчлэлийг хийгээд явахад оролцож буй бүх талуудад хүндрэл, бэрхшээл тулгарах нь гарцаагүй. Багш нарын ажил үүрэг өөрчлөгдөж, эцэг эх, асран хамгаалагчид өөрчлөлтөд дургүйцэж, цаашлаад сурагчдад ч амар байхгүй. Өөрчлөлт, шинэчлэлт, ялангуяа хүн бүрийн амьдралд өдөр тутам, шууд нөлөөлдөг с албарын өөрчлөлт гэдэг үргэлж хүндрэл, бэрхшээлийг дагуулдаг гэдгийг бид санах хэрэгтэй. Харин өөрчлөгдсөний дараахь үр өгөөжийг хүртэх үед тэдгээр бэрхшээл нэгэнт ард хоцорсон байдаг.

-Манай улсын өнөөгийн боловсролын систем ямар байдлаар явагдаж байна гэж та харж байгаа вэ?

-Манай улс өргөн уудам нутагтай, хүн ам цөөтэй тул тархай бутархай буюу бусад орнуудаас их өөр бүтэцтэй. Нэг улс хэдий ч сумын, аймгийн, хотын төвийн, захын сургуулиуд хоорондоо өөр өөр нийгэм, эдийн засгийн нөхцөлтэй тул манай улсын боловсролын систем дотроо маш олон өөр төрлийн боловсролын үйлчилгээ үзүүлдэг гэж харж болно. Иймд боловсролын шинэчлэлийг хийх явцдаа уян хатан бүтэцтэй, олон өөр сонголт бүхий, тухайн суралцагчийн амьдарч буй нөхцөл, бодит байдалд нийцсэн суралцахуйн системийг бүтээх хэрэгтэй. Цаашдаа дунд, ахлах ангиас мэргэжлийн чиг баримжаа олгох, илүү цөөн хичээлийг чанартай судлах, суралцагчийн хүсэл сонирхлыг хүндэлсэн сонголттой боловсрол олгох хэрэгцээ шаардлага нэгэнт үүссэн. Боловсролын шинэчлэл гэдэг энэ том ажлыг хийхэд төрийн зүгээс хийж буй ажил, өөрчлөлтөө иргэдэд зөвөөр танин мэдүүлэх, үндэслэл бүхий судалгаа, үзэл баримтлалыг ойлгомжтой байдлаар таниулах, хүргэх ажил нэмэгдэж байгаа юм. Эс бөгөөс иргэд буруу ойлгож, өөрчлөлтийг хүлээн авахгүй байхыг үгүйсгэхгүй. Үүн дээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч чухал тоглогчийн үүрэг гүйцэтгэж, иргэдийг зөв мэдээ мэдээллээр ханган ажиллах хэрэгтэй байх.

-Боловсролын салбарт шинэчлэлт хийгдэх нь ямар ач холбогдолтой юм бэ?

-Боловсролын салбарт инноваци хийгдээд эхлэхээр бусад бүх салбарт өөрчлөлт орж байдаг. Хичээлийн цагийг нэг цагаар өөрчлөхөд л бусад ажлуудын цаг ч дагаад өөрчлөгддөг. Гарч ирэх өөрчлөлтүүдэд бэлэн бус байгаа ч хийхээс өөр аргагүй. Учир нь хорвоо ертөнц биднийг хүлээлгүй өдөр, цагаар өөрчлөгдөж байна. Манай хүүхдүүд зөвхөн Монголд төрснийхөө төлөө дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх, үнэлэгдэх ур чадвартай, хандлагатай болж чадахгүй байна. Энэ нь “PISA” шалгалтын үр дүнгээр ч батлагдсан.

-Ингэж хувирган өөрчлөлт, шилжилт хийхэд хамгийн эхэнд ирэх сорилт нь юу байх бол?

-Мэдээж багш нарт өөр арга зүй эзэмших, өөр арга барилаар ажиллах шаардлага үүснэ. Багш нар маш их бичиг цаасны ажил хийхийн оронд хүүхдүүдтэйгээ тулж ажиллах, шаардлагатай өгөгдөл цуглуулах, боловсруулах ажлыг цахимжуулах, эцэг эхчүүдэд сурагцагчдын талаар тухайлсан мэдээлэл өгч, зөвлөн чиглүүлэх үүрэгтэй болж ирнэ. Багш ангийг бүхэлд нь удирдаж, нэг хөтөлбөрөөр явдаг байсан бол илүү хүүхэд төвтэй, тухайн хүүхдийн чадамж, түвшинд тохирсон уян хатан хөтөлбөрийг заах арга зүй эзэмших шаардлагатай нүүр тулах байх. Хүүхэд нэг бүрт ганцаарчилсан хөтөлбөр гаргахгүй ч хүүхэд бүр өөрийн суралцахуйн замналыг тодорхойлж, шийдвэр гаргаж, бие даасан байдалтай суралцахуйн процесст оролцоно. Өнөөгийн байдлаар эцэг эхчүүдийн хувьд маш их гэрийн даалгавар хийлгэдэг. Хэрвээ энэ шинэчлэл зөв явбал хүүхдүүд сургууль дээрээ баяр хөөртэй сурч ирээд, гэртээ тодорхой хэмжээний даалгаврыг бие даан хийж чаддаг болно. Гэрийн даалгавар хийхэд заавал асран хамгаалагчийн дэмжлэг, оролцоо их шаарддаг нь эргээд олон сөрөг талуудтай. Асран хамгаалагч нь хичээл дав туулах боломжгүй, амьдралын хэрэгцээ шаардлагаар амждаггүй, асран хамгаалагчаасаа хол байдаг зэрэг хүүхдүүд боловсролын өгөөж бага хүртэж байдаг (олон улсад ч, Монголд ч). Харин боловсролын шинэчлэл зөв явж чадвал хүүхдүүд сургууль дээрээ үндсэн боловсролын үйл ажиллагаанд хамрагдаж, бие даан суралцах чадварт суралцаж,гэртээ ирээд өөрөө бие даагаад суралцдаг болно гэж найдаж байна.

-Боловсролын шинэчлэлт хийгээд эхлэхэд хүүхдүүдэд ч бас амар байхгүй нь ойлгомжтой болов уу. Үүнд угтаа эцэг, эхчүүдийн оролцоо чухал байх, тийм үү?

-Хүүхдүүд өөрсдөө бие даан шийдвэр гаргах, шийвэрээ эргэцүүлэх, түүндээ тулгуурлаад дараа дараагийн шийдвэрээ гаргах чадамж дутмаг байдаг. Эцэг эхчүүд хүүхдээ сургахад оролцоогүй байна гэдэг шүүмж их байдаг. Үүнийг залруулах ёстой. Аав ээж бол хүүхдэд анхаарал халамж өгөх ёстой. Сэтгэл зүйн хүмүүжилд нь анхаарах ёстой. Сурлагад нь анхаарах ёстой. Эцэг эх, асран хамгаалагчаас боловсролын чанар 100 хувь хамаардаг бол боловсролын тэгш бус байдал арилах боломжгүй гэдгийг Финланд улс эртнээс судлан тогтоож, хүүхэд сургууль дээр бүх агуулга, ур чадвараа эзэмших системийг боловсруулсан юм билээ. Сумын төвд хүүхэд нь байрлаж сурдаг эцэг эхчүүд бий. Түүнчлэн хүүхдээ дагаад явах боломжгүй  хүмүүс ч суурин газарт хүүхэдтэйгээ хамт ирэх шаардлага үүсдэг. Саяхныг хүртэл дэлхий даяар заавал төв суурин газар очоод нэг хөтөлбөрөөр сур гэдэг шаардлагыг тавьдаг байсан бол одоо хүн болгон байгаа газраа суралцъя. Ялангуяа малчдын хүүхэд есөн нас хүртлээ аав ээжийнхээ дэргэд гэрээр суралцах багийн сургуулийг байгуулах хэрэгтэй. Одоо Дорнод аймагт Лхагваа гээд хүн багийн сургууль байгуулах гээд явж байна. Энэ бол хамгийн сайн жишиг. Багийн бага сургууль цомхон бүтэц, цөөхөн суралцагч, бага төсөвтэйгөөр балчир насны хүүхдүүдийг халуун ам бүл, мал аж ахуй, нүүдэлчин соёл уламжлалаас таслахгүйгээр дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхах суурь боловсролыг олгох боломжийг өгнө. Энэ шинэчлэл бол боловсролын, цаашлаад хүн амын төвлөрлийг бууруулах потенциалтай нь харагдаж байгаа биз. Гэхдээ шинэчлэл хийх тийм амархан биш. Нарийн судалгаатай явах ёстой асуудал.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 15.62 төгрөгөөр чангарав DNN.mn

 Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны гуравдугаар сард 3376.22 төгрөг болж, өмнөх оны мө...

img

8 цагийн дараа

Богдхан уулын дархан цаазат газрын 3000 га газарт ойн хөнөөлт, хортон шавжтай тэмцэх ажил хийгдэнэ DNN.mn

Монгол улсад газраар ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэж байгаа арга технологитой газар дээр нь танилцах, гадаадын эрдэмтдээс туршлага...

img

7 цагийн дараа

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн Их дуулгаас хүрэл медаль хүртжээ DNN.mn

Тажикистан Душанбе хотод жүдо бөхийн олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээн тавдугаар сарын 3-5-нд болж байгаа билээ. Өнөөдөр т...

img

7 цагийн дараа

Хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь DNN.mn

Тавдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцуулж байна. Нийгмийн халамжийн тэтгэвэр А...

img

6 цагийн дараа

Нийслэлд цэрэг татлага эхэллээ DNN.mn

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2024 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага өнөөдөр эхэллээ. Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэ...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд